Ч.Дугаржав: Тэрбум модны эрэлт хэрэгцээ Монголын нийгэмд үүсчихсэн байна

2021-11-09
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Монгол Улсад анхны шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн үүсэн байгуулагдсан түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байгаа бол арваннэгдүгээр сарыг бүхэлд нь Шинжлэх ухааны байгууллагын сар болгон өргөн тэмдэглэдэг уламжлалтай. Түүхт ой, тэмдэглэлт баярыг тохиолдуулан Монгол Улсад, Монголын шинжлэх ухааны системд орчин цагийн ой судлалын шинжлэх ухааны суурийг тавьсан анхны эрдэмтэн, Оросын ШУА-ийн академич, Монголын ШУА-ийн академич, профессор Ч.Дугаржавыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.

 

-Монгол оронд ойн судалгаа хэрхэн хөгжиж ирэв, одоо ямар хэмжээнд байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Зочноор урисан танд талархаж байна. Юуны түрүүнд ой модны талбай, нөөцийн талаар товч мэдээлэл өгч яриагаа эхэлье. Өнөөдөр Монгол орны ой мод 18.6 сая га газар нутгийг хамарч, түүний нийт нөөц 124 862 118 шоо метр байна. Харин ойрхог байдал нь 7.96 хувьтай байдаг. Манай улс нэг хүнд ногдох ой модоор дэлхийд бараг эхний гуравдугаарт орох нөөцтэй. Гэвч нийт талбайн хэмжээтэй харьцуулах юм бол ойрхог чанараараа бага орны тоонд ордог.

Ой судлал нь байгалийн суурь шинжлэх ухааны нэг хэсэг болдог. Энэ чиглэлд би 1970 оноос эхлэн ажиллаж ирлээ.1964 онд Сүхбаатар аймгийн Баруун-Уртын Ерөнхий боловсролын I арван жилийн сургуулийг дүүргэж, ШУА-ийн нэр дээр ЗХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуульд биологи-геоботаникч, ой судлаач мэргэжлээр суралцаж, 1970 онд төгссөн. Нийслэл хотод ирээд ШУА-ийн Биологийн хүрээлэнд лаборантаар ажлынхаа гарааг эхэлсэн. Энэ үеэс Монгол-Оросын биологийн иж бүрэн экспедиц манай оронд ажиллаж эхэлсэн. Миний бие түүнээс хойш тасралтгүй 51 жил монгол орны ой мод, говь хээрийн ургамалжилт, байгалийн нөхцөл байдлыг судлан шинжилж ирсэн. Энэ экспедицийн бүрэлдэхүүнд ойн судалгааны анги гарч ажилласан. Бүрэлдэхүүнд нь Оросын Шинжлэх ухааны академийн Красноярск хотын Ой судлалын хүрээлэнгийн 7-8 эрдэмтэн ирж Монгол орны ойг судалсан. Түүний Монголын багийн ахлагч, судлаач, орчуулагчаар миний бие анх томилогдон ажиллаж эхэлсэн юм. Түүнээс хойш дөрвөн жил аспирантурт суралцаж, 1980 онд дэд эрдэмтний, 1996 онд Красноярск хотын ой судлалын хүрээлэнд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалаад ой судлалын багтаа буцаж ирсэн. Өнгөрсөн 50 гаруй жил бид монгол орны уулсаар тархан ургадаг ой модны онцлог, байгалийн нөхөн ургалт, нөөц талбайн хэмжээ гэхчлэн зүй тогтлыг илрүүлж, бүтэц бүрэлдэхүүнийг нь хамтран тогтоогоод, монгол орны ойн онцлогийг харуулсан 30 гаруй нэг сэдэвт томоохон бүтээл, 400 гаруй өгүүллийг монгол, орос, англи, япон хэл дээр хэвлүүлсэн. Түүнээс гадна Монгол орны нийт ойн тархцыг харуулсан 1500.000 масштабтай зургийг хамтарч гаргасан. 1995, 2019 онд “Монгол орны экосистем” гэсэн атлас, 1.000.000 масштаб бүхий зургийг бид англи хэл дээр хэвлүүлсэн. Үүнд Монгол орны ойн мэдээлэл дэлгэрэнгүй орсон.

-Монгол орны ойг нөхөн сэргээхэд чиглэсэн ямар судалгаанууд явуулж байна?

-Завхан аймгийн Тосонцэнгэлд, Төв аймгийн Мөнгөнморьт, Булган аймгийн Хялганат, Орхон аймгийн Шарын голд байдаг ойн суурингуудад ажилласан. Тэнд ойн өсөлт хөгжилтийг судлахын зэрэгцээ түймэрт шатсан, мод огтолсон талбайг нөхөн сэргээх судалгааг явуулж, мод үржүүлгийн талбай байгуулан нарс, шилмүүст модны олон зуун тарьц, суулгацуудыг бид тарьж ургуулан түүгээрээ ойгүй болсон газруудыг ойжуулж, туршилтын нийлбэр дүнгээр 1000 гаруй га газрыг ой модтой болгосон Үүнд манай шавь нар их идэвх зүтгэл гаргаж оролцсон. Надаас хойш ой судлалын салбарт миний шавь нар олноор төрөн гарсан. Шинжлэх ухааны доктор, академич Ч.Доржсүрэн миний шавь, түүнээс гадна 24 хүн боловсролын докторын зэрэг хамгаалсан, бүгд л ШУА-ийн ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ойн фитоценологийн лабораториос төрсөн эрдэмтэд. Энэ лабораторийг 1984 онд ШУА, Ботаникийн хүрээлэнд миний бие санаачлан хамтарч байгуулсан.Түүнээс хойш манай баг, хамт олон тасралтгүй судалгаа хийж байна.

-Өнөөдөр монгол орны газар нутгийн 70 хувь цөлжсөн, дэлхийн нэн хурдтай цөлжиж байгаа 11 орны нэг гэсэн судалгаа гарч, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээр нэг тэрбум мод ургуулна гэсэн амлалт өгч, үндэсний хөтөлбөр эхлүүллээ. Судлаачийн хувьд та юу гэж үзэж байгаа вэ?

-Манай ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн монгол орны ой, хээрийн ургамал, нугын ургамал, цөлөрхөг хээрийн ургамал, цөлийн ургамалжилтыг судалдаг. Энэ судалгааны үр дүн, бусад байгууллагууд ялангуяа БОАЖЯ-ны Судалгаа, хөгжлийн төвийн мэдээлэл зэргээс харахад монгол орон сүүлийн 60-аад жилийн дотор цөлжих процесст нэрвэгдэж, үйл явц улам эрчимжиж байна гэсэн дүгнэлт гарсан. Нэгдүгээрт, дэлхийн дулаарлаас ихээхэн шалтгаалж байна. Монгол орны олон жилийн цаг уурын мэдээллээс үзэхэд сүүлийн 60 гаруй жилийн дотор дулаарал +2 градусаар нэмэгдсэн. Энэ нь цөлжилт эрчимжиж байгаагийн нэг илрэл юм. Ботаникийн хүрээлэнгийн ургамал судлаачдын мэдээллээс үзэхэд ургамлан нөмрөг, түүний бүтэц бүрэлдэхүүн ихээхэн өөрчлөгдөж монгол орны цөл, цөлөрхөг хээрийн хойд хил нэлээд хойшилж, 60 жилийн өмнөх цөлөрхөг хээрийн бүс Өмнөговь аймгийн хойд хэсгээр байдаг байсан бол одоо ургамлын нөмрөг бүтцийн өөрчлөлтөөр Дундговь аймгийн нутгийг хамраад зогсохгүй Сэлэнгэ аймгийн зарим хэсгээр цөлжиж эхэлсэн байна. Зарим нутгаар элс ихээр хуримтлагдсан. Говь Алтай аймгийн Хөх морьт сум болон Завхан аймгийн баруун талын зарим сумаар элс ихээхэн гарч, цөлийн ургамал их хэмжээгээр ургах болсон. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Уулбаян, Халзан сумын нутгийн ургамлан нөмрөг өөрчлөгдөж цөлийн ургамал ихээр ургах болжээ. Энэ бүхэн нь монгол оронд цөлжилт эрчимтэй явж байгааг харуулж байгаа үзүүлэлт юм. Хүний зохисгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй асуудал ч бас байна. Манай орны мал сүрэг олноор өсч, өнгөрсөн жилийн мэдээгээр 67.1сая толгой мал тоологдсон. Малын тоо толгой хэт олширсноор бэлчээрийн даац хэтэрч цөлжилт үүсч байна. Дээр нь автомашин олширч, засмал автозам олноор баригдахын сацуу хээр талаар ч шинээр зам гаргах нь ихэссэн гэдгийг судлаачид гаргаж тавьсан. Өөр нэг асуудал бол гол горхины эх, худаг усны ойролцоох газар доройтолд орж, цөлжиж байна. Газар тариалангийн бүсэд газрыг тооцоо муутай хагалснаас цөлжилт газар авч байна. Уул уурхайн салбарт ашигт малтмалыг их олборлох болсон нь ой мод, бэлчээр нутгийг сүйтгэх боллоо. Сөргөөр нөлөөлж байгаа бас нэг зүйл нь түймэр. Хортон шавьж олширсон нь цөлжих процесст нэрмээс болж байна. Ойд хортон шавьж олширсон бол хээрийн бүсэд царцааны нүүдэл идэвхжиж, үлийн цагаан оготно олширсон. Энэ бүгдээс үзэхэд хүний сөрөг нөлөө цөлжилтийг хурдасгаж байна. Ийм нөхцөлд цөлжилтөөс гарах үндсэн арга, гарц нь одоо байгаа ой модоо хамгаалах, нэмээд ойгүй болсон талбайгаа нөхөн сэргээх, цөлжсөн газруудын ургамлан нөмрөгийг сэргээж байгалийн төрхөнд нь оруулах явдал юм. Мод сөөг, ургамал тарих асуудлыг дэлхий нийтээрээ ярьж байна. Энэ бол олон улсын эрдэмтдийн хүлээн зөвшөөрсөн аргын нэг юм. Яг энэ цаг үед Монгол Улсын Төрийн тэргүүн У.Хүрэлсүх НҮБ-ын 76 дугаар чуулган дээр олон санал санаачилга дэвшүүлсний нэг нь монгол орондоо 10 жилийн хугацаанд “Нэг тэрбум мод” тарьж ургуулна гэсэн уриалга байлаа. Эрдэмтэн хүн, ялангуяа ой мод судлаачийн хувьд энэ уриалга дэлхий нийтийн, бүс нутгийн болоод үндэсний хэмжээний их ач холбогдолтой, цаг үеэ олсон түүхэн шийдвэр, томоохон үйлс боллоо гэж дүгнэж байгаа.

-Олон улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?

-Түрүүн ярьсан дээр нэмж хэлэхэд дэлхийн дулаарал, цөлжилт, дээр нь хүлэмжийн хий ялгаруулах асуудлыг зогсооход үнэлж баршгүй ач тустай. Үүнд Монгол Улс тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнөөр хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Түүнээс гадна, НҮБ-аас 2021-- 2030 оныг доройтсон экосистемийг нөхөн сэргээх 10 жилээр тунхагласан. Энэ хугацаанд доройтсон экосистемийг сэргээе гэсэн уриалгыг мөн гаргалаа. Тэгэхээр манай ерөнхийлөгчийн уриалга бол дэлхийн уриалгыг хэрэгжүүлэх салшгүй нэг хэсэг нь болох юм. Үндэсний хэмжээний ач холбогдол гэвэл байгаль дэлхийгээ хамгаалах манай улсын үндэсний бодлого, баримт бичгүүдийг хэрэгжүүлэх шинэ боломж бий болгож байгаад оршино.

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Монгол Улсын алсын хараа 20,50 бодлогын баримт бичиг, Ойн үндэсний хөтөлбөр, шинэ Засгийн газраас дэвшүүлсэн 2021-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр зэргийг  хэрэгжүүлэхэд тэрбум мод тарих энэ уриалга чухал үүрэгтэй. Би судлаач хүний хувьд үүнийг маш чухал уриалга боллоо гэж харж байгаа. Энэ бол бүрэн биелэх үндэслэлтэй. Тэрбум модыг тарихад найман настай балчраас эхлээд наян настай иргэн бүр, байгууллага болгон, хувийн секторууд оролцож байж үндэсний энэ том хөтөлбөрийг хэрэгжүүлэх бололцоотой болно. Тэрбум мод тарих хэрэгцээ байна уу гэвэл монгол оронд нэн их хэрэгтэй байна. Юуны өмнө өөрчлөлтөд орсон, түймэрт нэрвэгдсэн, хортон шавьжид идэгдсэн, мод огтолсон гэх мэт газруудыг эхний ээлжинд ойжуулах шаардлагатай байгаа юм.

-Судалгааны дүн юу гэж гарсан бол?

-Манайд ойн шатсан талбай 1650852 га, ойжуулбал зохих мод бэлтгэсэн талбай 130646 га, хортон шавжид өртсөн 36200 га талбайг тус тус ойжуулах шаардлагатай. Монгол орны нийслэл, 21 аймаг, 330 гаруй сум, үүн дээр багуудаа нэмбэл 600-700 баг, эдгээр хот суурин газарт ногоон байгууламж байгуулах асуудал хурцаар тавигдаж байна. Үүнийг байгуулахад тэрбум модны ихээхэн хэсгийг тарьж ургуулах юм. Улаанбаатар хотын 2030 он хүртэлх төлөвлөгөөний төсөлтэй би танилцсан, Өнөөдрийн байдлаар нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ найман м/кв байгаа гэнэ. Үүнийг 15-20 м/кв болгоно гэж хотын хэтийн зорилтод тусгагдсан байна лээ, зөвхөн Улаанбаатарт шүү дээ. Бусад аймгийг ингэж судалж тодорхойлох юм бол тэнд маш олон мод тарьж ургуулах шаардлага гарч ирнэ.

Гурав дахь хэрэгцээ нь сүүлийн үед авто замууд олноор тавигдсанаар гарлаа. Энэ замуудын дагуу хамгаалалтын зурвас байгуулах, мөн төмөр замын дагуу ногоон байгууламж байгуулах шаардлага гарлаа. Ялангуяа говийн бүсэд авто болон төмөр замыг шороон шуурга үргэлж дарж байдаг. Энд мөн их хэмжээний мод, бут сөөг ургамлууд тарьж ургуулах хэрэгтэй болж байгаа юм. Хөдөө аж ахуйн чиглэлд ногоон байгууламж зайлшгүй шаардлагатай. Тариалангийн талбайн хөрсийг салхинд хийсэхээс сэргийлэх Бэлчээрийг хамгаалах Агро аж ахуй гэсэн шинэ чиглэл гарч ирсэн. Доройтсон бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх, булаг шанд, нуур цөөрмийн хилийг хамгаалах ажил дэлхий нийтээр өрнөж байна. Энэ чиглэлд тэрбум модны нэг хэсэг нь таригдах учиртай. Эдгээрийг авч үзвэл тэрбум модны эрэлт хэрэгцээ манай нийгэмд хэдийнээ үүсчихсэн байна. Бас нэг асуудал нь зөвхөн мод тариад ургуулаад орхино гэсэн өнцгөөс би харахгүй байна. Мод тарьж ургуулахдаа зөвхөн мод, сөөг тарих бус тарьсан модыг харж хамгаалах, арчлах хүмүүсийн амьдралд нийцсэн арга хэмжээг авч үзэх ёстой юм.

-Тухайлбал?

-Мод тарихын сацуу тэнд жимс жимсгэнийг жижиг аж ахуйн суурийг тавиж болно. Тэнд ажиллаж байгаа хүмүүс бичил аж ахуй эрхлэх, амьдралаа дээшлүүлэх нөхцөл үүснэ. Түүнчлэн модны завсар зайгаар тэжээлийн ургамлуудыг давхар тарьж болно. Эмийн ургамлыг хослуулж ургуулах хэрэгтэй. Энэ үүднээс нь авч үзвэл тэрбум мод тарих асуудлыг зөвхөн мод тарихаар хязгаарлах бус монгол орны байгалийн үндсэн бүс бүслүүрт  тохирсон иж бүрэн экосистемийг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Монгол орны хэмжээнд 1400 гаруй булаг, шанд ширгэсэн гэсэн судалгаа гарсан байна. Мод байгаа газар ус байдаг гэхээр тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний үр дүнд гол усаа авран хамгаалах боломж бас нээгдэх нь ээ?

-Энэ үнэхээр чухал асуудал. Орос ардын зүйр үгэнд ч бас ийм үг бий “Хаана мод байна, тэнд ус байна. Ус хаана байна, тэнд ой мод байна” гэж. Практикаас харахад ч үнэхээр тийм. Монгол орны аль ой мод ихтэй газраар том мөрөн, нуур, том жижиг голууд, нуур цөөрөм байна. Тэдгээрийг байнгын урсгалтай байлгахад ой модны үүрэг их. Мөн тэр ус нь байгаа учраас ой мод ургаж хөгжиж, ийм харилцан шүтэлцээтэйгээр тэнд оршин тогтнож байна. Бидний ойн суурин судалгаагаар Завхан аймгийн, Тарвагатайн нурууны салбарт ой мод, усны ямар үүрэг гүйцэтгэж байгааг сорил туршилтаар гаргасан. Тэр судалгааны дүнгээс үзэхэд ой мод агаараас үүлийг хуралдуулах замаар ихээхэн хэмжээний хур тунадасыг ой мод өөртөө татаж /бороо, цаснаас өмнө/ түүнийгээ үүл манан, шүүдэр гэх мэт хэлбэрт оруулан өөртөө асар ихээр хуримтлуулдгийг судлаачид тогтоосон. Түүнээс гадна мод үндэсээрээ хөрсний гүний усыг шим тэжээлийн бодистой хамт уусмал хэлбэрээр татаж бусад эрхтнүүддээ хүргэдэг. Надад тохиолдсон нэг сонирхолтой тохиолдлыг сонирхуулъя. 1996 онд Монгол-Америкийн модны цагираг судалгааны төслийн баг Хэнтий аймгийн Дадал сумын нарсан ойд судалгаа хийж байв. Миний бие 300 настай нарсны бүдүүн ишнээс модны өсөлтийн өрөмөөр дээж авсны дараа өрөмний нүхээр шар өнгийн 5 л орчим ус чавхдан,ориглон урсч байгаад намдсан билээ. Мод чийгийг мөчир, шилмүүс хэсэгтээ хуримтлуулж түүнийгээ аажмаар хөрс рүү өгдөг. Зун үер, хавар шар усны үер болоход ой модод тэр их усыг хөвдөн бүрхүүл, ургамлан бүрхүүлдээ шингээж аваад түүнийгээ аажим ажмаар гол нуур руу өгдөг. Гэтэл түймэрт өртсөн, эсвэл модыг нь огтолсон талбайд орсон бороо, цас хайлахад шууд гол руу урсаад үерлээд шууд алга болчихдог, тогтох юм байхгүй. Үүнийг бас туршилтаар баталсан. Ой модны өөр нэг чухал үүрэг бол хөрсөн доор нь мөнх цэвдэгт оршиж байдаг. Мөнх цэвдэг бол гол горхийг усаар хангадаг гол эх сурвалж. Ой мод байгаа цагт мөнх цэвдгийн түвшин буурахгүй байгаад л гол учир байна. Дулааны улирал эхэлж хөрсний температур +10 градус болоод ирэхэд мөнх цэвдэг аажим аажмаар хайлж, усаа гол горхи руу өгөөд эхэлдэг.

Гэтэл ой модыг нь огтолчихлоор тэр мөнх цэвдэг огцом хайлж, төвшин нь доошоо 20-30 см-ээр бууж хайлаад байхгүй болчихдог, үүнийг бид судалгаагаар илрүүлсэн. Энэ бүхнээс харахад ой мод, ус хоорондоо хүйн холбоотой бөгөөд маш нарийн шүтэлцээтэй байдаг гэдгийг туршилт судалгаагаар монгол орны хэмжээнд гаргасан. Томоохон бүтээлээс дурдвал Монгол орны ой хөвч гэсэн таван боть номыг бид бичсэн. Түүний гуравдугаар ботид дээр өгүүлсэн энэ судалгааны үр дүнг харуулсан байгаа. Түрүүн ярьсан жишээнээс авч үзэхэд ой модоо хамаагүй огтолсон, тооцоогүй огтолсон, түймэрт их шатааснаас болж ой мод, ус хоёрын хоорондох зохистой харьцаа алдагдаж жижиг гол горхинууд ширгэж байна гэдэг дүгнэлтийг ойтой хэсэг газруудад гаргасан. Ууршилт явагддаг, дээрээс нь мал сүргийн тоо толгой нэмэгдэж, малын хөлөөр гол горхины эхийг давтчихаж байгаа нь гол шалтгаан гэж би үздэг. Үүнээс болж говь хээрт гол горхи ихээхэн ширгэж байна. Ус судлаачид үүнийг хэрхэн судалж, тогтоож байгааг би мэдэхгүй. Тэд нарийн тооцоо судалгаа хэлэх байх.

-Таныг Сүхбаатар аймгийн нутаг Шилийн Богд ууланд мод тарьж, ойн төгөл байгуулсан гэж сонсч байлаа. Усгүй газар  яаж ургуулсан нь сонирхол татсан?

-Би Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн. Манай аймаг байгалийн ялангуяа шилмүүст ой мод байхгүй. Тиймээс ой мод судлаач мэргэжил эзэмшсэн хүний хувьд орон нутагтаа жаахан ч гэсэн шилмүүст ойн төгөл байгуулчих юм сан гэсэн сэтгэлийг оюутан цагаасаа эхлэн олон жил тээж явсан. Ингээд 2001 оноос эхлэн амралтаа тааруулж гэр бүл, хүүхдүүдийн хамт нутагтаа очихдоо Шилийн Богд ууланд мод тарьж эхэлсэн юм. Шилийн Богд уулын ар талын тогоон дотор жил бүр 1000-2000 гаруй 2-3 настай, 15-20 см өндөртэй тарьц, суулгацууд тарьж ойжуулж эхэлсэн. Энэ ажлыг бид 20 жил тасралтгүй хийж ирлээ. Нэг үгээр хэлбэл, гэр бүлийн хүчин зүтгэлээр тарьж ургуулж байгаа төгөл юм. Тэнд мод тарья гэж би улсаас, орон нутгаас ямар нэгэн дэмжлэг санхүүжилт аваагүй, өөрсдийн санаачилгаар, сэтгэлээрээ зүтгэсэн. 2020 онд тэнд судалгаа хийхэд 20 мянга гаруй нарс, шилмүүс, цагаан хус, гацуур, үхрийн нүд, далан хальс, үрэл гэхчлэн 5-6 зүйлийн сөөг ургаж байна. Хамгийн олон тоогоор тарьсан нь, шинэс, нарс бөгөөд өнөөдөр бүгд 20 гаруй настай, дээд тал нь долоон метр өндөр, дунджаар 3-4 метрийн өндөртэй төгөл үүссэн. Тэнд тарьсан моднуудад усалгаа, арчилгаа, тордлого хийгээгүй, тариад л орхичихсон. Мод, сөөг байгалийн аясаараа ургасан нь тэр. Бид усалгаа, арчилгаа шаардахгүй шинэ аргыг туршсан, үүнийгээ эко-био-бүлгийн арга гэж нэрлээд байгаа. Дорнод Монголын хуурай бүсийн нам уулсад эко-био-бүлгээр мод таривал маш бага зардлаар тарьж ургуулж болдог гэдгийг туршиж, нөгөө талаар бодитоор нь харууллаа. Одоо харин Төрийн тэргүүн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн уриалгыг би маш баяртай хүлээж аваад байна. Шилийн Богдод мод тарьж ,ургуулж байгаагаа үргэлжлүүлье, доод тал нь 50 мянган мод ургуулж, өтгөн сайхан ой бий болгох зорилго тээж, түүндээ сэтгэл шулуудан орж байна. Энэ жилийн намар бид амралтаар явахдаа 250 гаруй бортоготой шинэс, хайлаас, цөөн тооны гацуур тарьчхаад ирсэн. Ирэх жилээс тоог нь нэмэгдүүлж, нэг жилд 2-5 мянган суулгац тарихаар төлөвлөж байна. Би түрүүн хэлсэн, Төрийн тэргүүний дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүн болгоны оролцоо чухал. Ард иргэд маань гэр бүлээрээ, үр хүүхдүүдтэйгээ, найз нөхөдтэйгээ хамтраад амьдарч байгаа газар орондоо, хашаандаа, зусландаа амьдардаг нь тэр хавийнхаа ойн зах, түймэрт шатсан онгорхой цонх, цоорхой газруудаар мод тарих юм бол улсдаа томоохон хөрөнгө оруулж, том ажил бүтээж байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Мэдээж энэ ажилд мэргэжлийн байгууллагууд, БОАЖЯ бодлогыг нь хариуцаж, мэргэжлийн байгууллагууд, судалгаа, шинжилгээний болон сургалтын байгууллагууд, ойн нөхөрлөл, анги хамт олон, аж ахуйнууд манлайлан оролцох байх. Үүнд тэдний үүрэг асар их бий. Бүгдээрээ хамтарч нэгдэж чадвал энэ их ажлын ард гарна гэдэгт би огт эргэлзэхгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.9 МЯГМАР № 219 (6696)

 

Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

3 цаг 5 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

3 цаг 5 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

3 цаг 5 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

14 цаг 50 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

15 цаг 26 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20