С.САРУУЛ
Япон Улсын Засгийн газар 10 сарын дараа хилийн хязгаарлалтаа хөнгөвчлөх шийдвэрийг гаргалаа. Дээрх шийдвэрийг гаргаснаар бизнес болон ажлын богино хугацааны 90 хоног хүртэлх виз, мөн оюутны болон дадлагажигч ажилтны зэрэг бусад төрлийн урт хугацааны визийг энэ сарын 8-ний өдрөөс эхлэн шаардлага хангасан гадаадын иргэдэд олгож эхлэхээр болсон байна. Шинээр виз мэдүүлэн хилээр нэвтрэх гадаадын иргэдийг тухайн хүлээн авах байгууллага болон их дээд, сургууль нь холбогдох харьяа яамандаа хүсэлт гарган бүртгүүлж, 14 хоногийн хугацаанд тусгаарлах байраар хангах нөхцлийг хангасан тохиолдолд визийг олгох юм байна.
Мөн нэг өдөрт хилээр нэвтрэх гадны иргэдийн тоон хязгаарыг 3500-д үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Японы Цагаачлалын газрын мэдээлснээр өнөөдрийн байдлаар дэлхий даяар визний зөвшөөрлийн шар хуудсаа хүлээн авсан 370 мянган гадаадын иргэд хилийн чанадад байгаа юм байна.
Мөн зарим улс орноос ирж буй иргэдэд авч хэрэгжүүлэх тусгаарлалтын арга хэмжээнд өөрчлөлт орсон байна. Үүнд:
- Тринидад ба Тобаго, Венесуэл, Перу зэрэг улсаас ирж буй иргэдийн Япон Улсын Хилийн хорио цээрийн газраас бэлдсэн байгууламжид тусгаарлагдах 6 хоногийн хугацааг хэвээр нь үлдээж, үлдсэн 8 хоногийн тусгаарлалтыг гэрт нь тусгаарлах;
- Аргентин, Коста Рика, Колумб, Суринам, Филиппин, Бразил зэрэг улсаас ирж буй иргэдийн Япон Улсын Хилийн хорио цээрийн газраас бэлдсэн байгууламжид тусгаарлагдах 6 хоногийн хугацааг 3 хоног болгон зэрэг бууруулж, үлдсэн 11 хоногийн тусгаарлалтыг гэрт нь тусгаарлах;
- Украин, Кени, Балба, Гаити, Марокко, Монгол, ОХУ зэрэг улсаас ирж буй иргэдийг Япон Улсын Хилийн хорио цээрийн газраас бэлдсэн байгууламжид тусгаарлагдах хугацааг 3 хоног болгож, үлдсэн 11 хоногийн тусгаарлалтыг гэрт нь тусгаарлах; / Шинээр: Аргентин, Коста Рика, Колумб, Суринам, Филиппин, Бразил, Украин, Кени, Балба, Гаити, Марокко, Монгол, ОХУ Хуучин байсан: Их Британи, Эквадор, Доминикан, Турк, Пакистан, Узбекстан зэрэг нийт 19 улс орон/
- АНЭУ, Албани, БНЭУ, Индонез, Уругвай, Казахстан, Гуйнеа, Грек, Куба, Замби, Гүрж, Шри Ланка, Сэйшил, Танзани, Чили, Дани, Парагвай, Бангладеш, Бельги, Боливи, Португал, Малайз, ӨАБНУ, Мозамбик, Мальдив, Ливи, ОХУ /Хабаровск бүс нутаг/ зэрэг улсаас ирж буй иргэдийн Япон Улсын Хилийн хорио цээрийн газраас бэлдсэн байгууламжид тусгаарлагдах гурва хоногийн хугацааг цуцалж, 14 хоногийн тусгаарлалтыг гэрт нь тусгаарлах;
Япон Улсын Хилийн хорио цээрийн газраас бэлдсэн байгууламжид тусгаарлагдах зардлыг Японы тал хариуцах юм байна.
Эх сурвалж: www.polit.mn