С.УЯНГА
Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021”-ийг зохион байгуулсан бол соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж байна. Тус үзэсгэлэнд нийт 100 орчим жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 200 орчим бүтээлийг дэлгэжээ.
Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар ирж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлтэй танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонслоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголбанкны төлбөрийн тэнцэлд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн экспорт гэх дүн орж иртэл нь дэмжих хэрэгтэй. Эдгээр үнэ цэнтэй бүтээлүүдийг худалдан борлуулах тал дээр төр бодлогоор дэмжин, зохицуулалт хийх ёстой” хэмээн тодотголоо.
Соёлын сайд Ч.Номин “Дэлхий даяараа цар тахлын дараах хэвийн амьдралд шилжиж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ цаг үетэй хөл нийлүүлэн Монгол Улсын Засгийн газар ч гэсэн эдийн засгаа сэргээх бодлого баримталж, салбар бүрийн үйл ажиллагааг үе шаттай сэргээж байгаа. Соёлын яам мөн улсын хэмжээнд соёлын үйлчилгээг нээж, салбараа сэргээх, бүтээлч эдийн засгийг хөгжүүлэх нэн тэргүүний бодлого баримталж байна. Соёлын бүтээлч сар аяны хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогыг Монгол Улсын урт, дунд хугацааны бодлогод шингээх, иргэдэд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын ойлголтыг нэгтгэх, салбар дундын зохицуулалтыг бий болгох тал дээр түлхүү анхаарч байна. Соёлын өв, нөөцийг судалж буй эрдэмтэн, судлаачдын судалгаа, шинжилгээг соёлын бүтээл үйлдвэрлэгчдийн бүтээл, үйлдвэрлэлтэй хэрхэн нэгтгэх ёстой талаар ч мөн судалж байгаа. Оюун санааны томоохон хүчийг техник технологийн давуу талтай нийлүүлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бүтээн, дэлхийд өрсөлдөх нь бидний хамгийн том зорилго болоод байна” хэмээлээ. Энэ үеэр Баянгол дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч У.Ганцэцэг “Нийт 11 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч дундаас 100 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг сонгон, өнөөдрийн үзэсгэлэнд орох боломжийг нээж өгсөн. Тус 100 аж ахуй нэгжийн нэг болоод өнөөдрийн үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Цаашид ажиллах хүч, ажлын байр, урлан, техник хэрэгсэл гээд бусад тулгамдаж буй асуудлыг бодлого тодорхойлогчид шийдвэрлээсэй” хэмээн саналаа хэлэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.8 ДАВАА № 218 (6695)