Г.Сайханбаяр: Халдвар аваад эдгэрсэн цэргүүдийн ачааллыг багасгана

2021-11-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Батлах хамгаалах салбарын ирэх оны төсөв болон цаг үеийн асуудлаар Батлан хамгаалахын сайд, бригадын генерал  Г.Сайханбаяртай ярилцлаа.

 

-Улс орныг батлан хамгаалах салбарт ирэх онд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх вэ. Бусад улс оронтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байгаа бол?

- Ирэх оны батлан хамгаалах салбарын төсөв 295 тэрбум төгрөг. Нийт төсвийн 83 хувийг үйл ажиллагааны зардал буюу цалин хөлс гэх мэт зүйлд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсвийн ДНБ-д эзлэх хувийн жин  0.6 хувьтай  гэсэн үг.  Мөн манай улс батлан хамгаалах салбартаа зарцуулдаг төсвийн үзүүлэлтээр 145 орноос 115 дугаарт ордог. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл батлан хамгаалахын төсөв хөгжлийн төсвийн хэмжээнд явж чадаагүй. Гэлээ ч  салбар бүтээгч үйлдвэрлэгч байх зорилт тавьсан.

Энэ Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд цөөнгүй бодлогын шинжтэй бүтээлч ажлуудыг эхлүүлээд байна. Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудаас дурдвал, бага бууны сумны үйлдвэр байгуулах ажлыг ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтад тусгасан.

Улсын агаарын хилийн хяналтын системийн чадавхыг нэмэгдүүлэх, зэвсэгт хүчний удирдлагын төвийн барилгыг шинээр барих, кибер аюулгүй байдлын зэвсэгт хүчний дата төвийг байгуулна. Мөн агаарын цэргийн дунд оврын тээврийг нисдэг тэргээр хангах, Налайхын аэдромын үндсэн зурвасыг сэргээн засварлах, Газрын тоног төхөөрөмжийг шинэчлэх, зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбарыг туулах чадвар сайтай тусгай зориулалтын хөнгөн хуягласан болон цэргийн тээврийн техник хэрэгслээр хангах, дотооддоо үйлдвэрлэх ажлуудыг төлөвлөлөө.

Батлан хамгаалах салбарын онцгой анхаарал хандуулж буй нэг ажил бол хоёр жил тасралтгүй явсан барилга инженерийн цэргийн ангийн бүтээн байгуулалт юм.

-Батлан хамгаалах салбар  бүтээгч үйлдвэрлэгч болно гэлээ. Ойрын хугацаанд хэрэгжих ямар төлөвлөгөө байгаа вэ?

-100 жилийн түүхтэй зэвсэгт хүчин өнөөдрийг хүртэл нэг ширхэг ч буу, сум, галт хэрэгсэл үйлдвэрлэж байгаагүй. Харин 2020 онд зэвсэгт хүчин 25 техникийг цэргийн инженер техникийн мэргэжилтнүүдийн хүчээр үйлдвэрлэсэн. Тухайлбал, гурван төрлийн тагнуул, байлдааны болон хөнгөн оврын техник үйлдвэрлэснээс гадна 3-30 км-т өөрийн тэжээлээр явах, тагнуул хийх, зураг авах, мэдээлэл дамжуулах, хянах үүрэгтэй дрон бүтээсэн.  Мөн 1000 км-т холбоо барьдаг Монрадио станцыг үйлдвэрлэж, аналоги системтэй станцыг дижитал болгон шинэчиллээ. Эдгээрийг хийхэд нийт хоёр тэрбум орчим төгрөг зарцуулсан нь улсын төсвийн хөрөнгө харахгүйгээр бүтээн байгуулж байгаа нэг хэлбэр. Энэ мэтээр зэвсэгт хүчний техникийг аажмаар шинэчлэх боломжтой гэж харж байгаа.

Ирэх жил дотооддоо сумны үйлдвэр байгуулах эхлэлээ тавьж, 2023 онд дотооддоо бүх төрлийн буудлагын сум үйлдвэрлэх хүчин чадалтай болно гэсэн зорилт тавьсан. Түүнчлэн 2030 он гэхэд дэлхийн жишигт хүрсэн өндөр чадамжтай мэргэшсэн чадварлаг зэвсэгт хүчинтэй болох зорилт дэвшүүлсэн.

 -Цэргийн ангид очсон цэргүүдээс халдварын тохиолдол цөөнгүй илэрсэн гэсэн. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Цэрэг татлагын үеэр COVID-19-ийн шинжилгээ авсан. Гэвч ангид очсон цэргүүдээс  халдвар багагүй илэрсэн. 200 гаруй цэргийн шинжилгээний хариу эерэг гарсан. Халдвар илэрсэн алба хаагчдыг  ангийнх нь эмнэлэгт тусгаарлаж, шинжилгээ авч ажиглаж байгаа. Халуурах, уушгинд нь ямар нэг асуудал гарсан бол эмчилгээ хийж дууссаны дараа тангараг өргөхөөс нь өмнө цэргийн албанаас чөлөөлнө.

Цар тахлын улмаас “Оюутан цэрэг” хөтөлбөр хоёр жил хойшилсон. Тиймээс ирэх оны гуравдугаар сарын 1-нээс оюутан цэргийн бүртгэл эхэлнэ. Мөн энэ жил хугацаат цэргийн татлагын нэгдүгээр ээлжийг зохион байгуулаагүй, өнгөрсөн аравдугаар сард хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгууллаа.

-Халдвар аваад удаагүй цэрэгт татагдсан залуус бий. Гэтэл цар тахлын хор уршиг хурдан арилахгүй. Үүнтэй холбоотойгоор цэргүүдийн ачааллыг тэнцвэржүүлэх, дархлааг дэмжих үү?

-Залуус амаргүй цаг үед эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэхээр цэргийн албанд татагдлаа. Нэгдүгээрт, халдвар аваад эдгэрсэн залуус цэрэгт ирж байна. Хоёрдугаарт, цэрэг татлагын товчоогоор орохдоо сөрөг гарчихаад анги дээр очоод халдвартай нь батлагдаж байгаа тохиолдол байна. Энэ хоёр өнцгөөс харж ажиллаж байна. Эхний тохиолдолд уушгины сэвээс гадна биеийн өөрчлөлтийг маш сайн шалгасан. Дархлаа сульдах, биеийн эсэргүүцэл сулрах, ядрах, мартаж санахаас эхлээд өөрчлөлт их гарч байна. Цэргийн ачааллыг даах, давах хэмжээнд байна гэж үзвэл ямар ачаалал өгөх вэ гэдгээ тооцно. Энэ чиглэлээр маш тодорхой үүрэг өгсөн. Хүүхдүүд дархлаа суларсан, ямар хэмжээний ачаалал даахыгаа мэдэхгүй яваа. Тиймээс онцгой анхаарч байна. 

-Цэргийн албанд татагдсан оюутнууд хоёр жилийн хугацаа алддаг. Энэ тал дээр бодлогын арга хэмжээ авах уу?

-Энэ талаар оюутнуудаас санал, хүсэлт тавьж байсан. Тиймээс цахимаар сурах боломжийг олгох нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа. Цэргийн ангид интернет танхим бий болгох чиглэлийг анги салбаруудад өгсөн. Энэ жилийн цэрэг татлагын 20 орчим хувийг оюутнууд эзэлж байгаа. Албаа сайн хааж, үлгэр жишээ байж чадвал нэг сарын өмнө халах боломжтой.

Цэргийн албаны хугацааг, цаг улирлаас шалтгаалан судалж байна. Цэргийн албатай холбоотой бодлогын шинэчлэлийг хийх ёстой. Тиймээс ажлын хэсгийг ахлаад ажиллаж байгаа.

-Цэргийн дэглэмээс болоод хүний амь эрсэдсэн цөөнгүй тохиолдол гарсан. Дарамт шахалтыг бүрэн халж чадсан уу?

-Цэргийн албанд явж байгаа залуус айдастай байж болохгүй. Айдастай цэргийн анги байж болохгүй. Цэргийн ангид нэг нэгнээ зодож, дарамтална гэдэг зохисгүй зүйл. Тиймээс үүнийг арилгахын тулд хатуу тэмцэж байна. Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхний хоёр сард гарсан үйл явдалтай холбогдуулаад хатуу арга хэмжээ авсан. Үр дүн нь гарч байна.

Одоогийн байдлаар анги салбар дээр оны ялгаа гэж байхгүй. Нэг жил цэрэгт татаж байгаа. Тиймээс дараа оны цэрэг, дээд, доод оны ялгаа байхгүй. Хуучин, шинэ цэргийн ялгаа, дарга цэргүүдтэйгээ хууль бусаар ханддаг зүйл үүсгэхгүй байх талаас нь арга хэмжээ авч байгаа. Энэ оны хоёрдугаар сараас хойш энэ төрлийн зөрчил цэргийн ангиудад гараагүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.4 ПҮРЭВ № 217 (6694)

 

Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

2 цаг 16 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

2 цаг 16 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

2 цаг 16 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

14 цаг 1 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

14 цаг 37 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20