Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна. Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Уулзалтын завсарлагаар Уур амьсгалын ногоон санг /УАНС/-ийн гүйцэтгэх захирал Янник Глемарек манай улсын Ерөнхийлөгчид бараалхсан байна. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, техник, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий УАНС-тай Монгол Улс 2010 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ ноён Янник Глемарек энэ үеэр илэрхийлжээ.
Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Азийн хөгжлийн банк /АХБ/-ны ерөнхийлөгч Масагүцү Асакаватай мөн уулзсан. Монгол Улс, АХБ-ны 2024 он хүртэлх хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, ногоон хөгжилд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид бусад орны сайн туршлагыг нэвтрүүлэх, ялангуяа ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр АХБ-тай нягт хамтран хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Төрийн тэргүүн илэрхийлжээ.
Эх сурвалж: www.polit.mn