С.УЯНГА
Ирэх оны төсөвтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгийн байр суурийг хүргэж байна.
-Монгол Улс ирэх оны төсвөө ид хэлэлцэж байна. Цар тахлын онцгой нөхцөлд уул уурхайн салбар орлого, зарлагаа хэрхэн тооцоолсон бэ?
-Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төсөв их цомхон. Улсын төсвийн орлогын 26-27 хувийг бүрдүүлдэг хэрнээ зарлага 30-40 тэрбумын хооронд хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, 14 яамнаас хамгийн зардалтай нь манай салбар.Харин хамгийн өндөр орлогыг бүрдүүлдэг онцлогтой. Сүүлийн үед яам Эрдэс баялгийн салбарын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Тэр ч утгаараа хоёр жилд төсвийг багагүй нэмэгдүүлж чадлаа.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба гэсэн хоёр агентлагтайгаа нийлээд урсгал зардал 12.7 тэрбумд багтаж байна. Яам, агентлагуудын хэмжээнд 350 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулж, 48 тэрбумын зарлага гаргаж байгаа. Геологи хайгуулын ажлыг энэ жил таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ чиглэлд илүү төсвөө тавьж, орлогоо нэмэгдүүлэхийг зорьж, төсөв дээр 32 тэрбум төгрөгөөр геологи хайгуулын ажил хийхээр төлөвлөөд байна.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт бараг байхгүй. Салбарын 100 жилийн ойг угтаж ил, далд уурхайн хоёр музейтэй болохоор төлөвлөсөн. Ил уурхайн музейгаа Эрдэнэт хотын уурхайчдын ордонд хийнэ. Мөн музейн сургалт судалгаа аялал жуулчлалын төвийг байгуулна.Энэ бүгдэд багахан хэсгийг төсвөөс гаргаж, үлдсэнийг гадаад, дотоодын компаниудын хандив тусламжаар бий болгох юм.
Газ түгээдэг аж ахуйн нэгжүүдэд дэлхийн зах зээлийн үнэ нөлөөлж байна. Дэлхийн эдийн засагчдын прогноз, судалгаагаар 2021-2022 оны өвөл хатуу болно. Үүнийгээ дагаад түлш, цахилгаан эрчим хүч, байгалийн хий газын үнэ өртөг нэмэгдэж байгааг хэлж байна.
-Цар тахалтай холбоотойгоор экспорт хүндэрч байна. Тэр дундаа төсвийн орлогыг голчлон бүрдүүлдэг нүүрсний экспорт таамаглах аргагүй боллоо. Үүнийг хэрхэн тооцоолж байна вэ?
-Газрын тос, ашигт малтмалын хайгуул болон тусгай зөвшөөрөл, сонгон шалгаруулалтын орлого голчилдог. Ирэх жил 36.7 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн. Зэсийн баяжмалын экспортыг нэмэгдүүлж 1.2 сая тоннд хүргэхийг зорьж байна. Төмрийн хүдэр 9.46 сая тонныг олборлохоор төсөөлсөн. Энэ жил цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нүүрсний экспортын төлөвлөгөө нэлээдгүй тасарч байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр 11.134.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.818.2 тэрбум төгрөг буюу 52.2 хувиар өссөн. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3.454.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өссөн байна. Тухайлбал, уул уурхайн салбараас 29 хувь, газрын тосны салбараас 1.5 хувь, тусгай зөвшөөрлийн төлбөр 24.5 тэрбум, бусад орлого 34.9 тэрбум төгрөг байна. Эндээс харвал Эрдэс баялгийн салбар есөн сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 31 хувийг бүрдүүлж байна.
Зэс, алт, нүүрс зэрэг дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан. Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 92.3 хувийг эзэлж байна.
-Шатахууны үнийг цаашид хэрхэн зохицуулах вэ. Үнэ нэмэгдэх, хомсдох эрсдэл бий юу?
-Шатахууныг хувийн хэвшлийнхэн бүрэн хариуцаж ирсэн. Төр, хувийн хэвшил аль аль талаасаа зохицуулж байсан ч 2021 оны нэгдүгээр сараас зургадугаар сарын хугацаанд төр импортлогч аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж үнийн зохицуулалт хийсэн. Ер нь бол төр шатахууны үнэд, ялангуяа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн бизнест оролцож гараа дүрэх нь буруу. Бизнесийн зарчимд тохирохгүй. Тиймээс үе шаттайгаар зах зээлийн зарчимд шилжих ёстой. Хоёрдугаарт, энэ үйл явцыг иргэдэд ачаалал багатай, эдийн засагт гэнэтийн шок болохгүйгээр зохицуулах бодлогыг яам боловсруулж байна. Үнэ зах зээлийн зарчим руу аажмаар шилжих ёстой. Харин төр шатахууны нөөц, чанарт онцгойлон анхаарна.
-Тавантолгой түлш компанитай холбоотой зарим шийдвэрийг Засгийн газар гаргасан. Менежментийг хэрхэх вэ?
-Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой түлш компанийн 51 хувийг Эрдэнэс Тавантолгой компанид шилжүүлсэн. Үндсэндээ Эрдэнэс Тавантолгой компани анх Тавантолгой түлш компани байгуулагдсанаас хойшхи хугацаанд 370 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Тиймээс Тавантолгой түлш компанийн цаашдын үйл ажиллагаанд онцгой анхаарч, бизнесийн зарчмаар ажиллуулах болно. Ашигтай ажиллах талаар бизнес төлөвлөгөө гаргах чиглэл өгсөн. Урьдчилсан байдлаар өөрсдийгөө санхүүжүүлэх чиглэлийн эхний төлөвлөгөөг Мэргэжлийн зөвлөлд өргөн бариад байна. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээний кокс үйлдвэрлэж, сайжруулсан түлшээр нийслэлийг хангах байдлаар бизнесийн эрүүл үйл ажиллагаа явуулах бодлого баримтална.
-Монголд газ тасарч, үнэ нэмэгдэж байна. Энэ талаар яам хэрхэн ажиллаж байна вэ?
-Газ түгээдэг аж ахуйн нэгжүүдэд дэлхийн зах зээлийн үнэ нөлөөлж байна. Дэлхийн эдийн засагчдын прогноз, судалгаагаар 2021-2022 оны өвөл хатуу болно. Үүнийгээ дагаад түлш, цахилгаан эрчим хүч, байгалийн хий гаазын үнэ өртөг нэмэгдэж байгааг хэлж байна. Манай улс шингэрүүлсэн шатдаг хийн тодорхой нөөцийг ОХУ-ын Ангарьскийн үйлдвэрээс авдаг. Жилдээ 40 мянган тонныг хэрэглэдэг. Ангарьскийн үйлдвэр нэлээн удаан хугацааны гэнэтийн засвар шинэчлэлийн дараа үйл ажиллагаа нь сэргэж байна. Ер нь бол эрчим хүчний бүх эх үүсвэрийн үнэ өсч байна. Энэ бол цар тахлын дараах эдийн засгийн бас нэгэн нөлөөлөл гэж хэлж болно.
-Аж ахуйн нэгжүүд АМНАТ-д сөхөрч байна. Олоогүй орлогоосоо татвар төлж байна гэсэн асуудлыг хөндөж байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?
-АМНАТ бол маш эмзэг асуудал байдаг. Зохистой хэмжээг олно гэдэг маш нарийн. Цаашид АМНАТ-ын асуудал дээр салбарын яам, Сангийн яам, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хамтарч зохистой, үр дүнтэй шийдвэр гаргах шаардлагатай байгаа. Ганцхан жишээ хэлэхэд, Ганц модны боомт дээр экспорт буурсантай холбоотойгоор нүүрсний үнэ хөөсөрсөн асуудал бий. Нүүрсний үнэ 1-2 дахин нэмэгдсэнээс хамаарч аж ахуйн нэгжүүдэд АМНАТ-ын үнэ хүндрэл үүсгэж байгаа тохиолдол бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.28 ПҮРЭВ № 212 (6689)