Б.БЯМБАЖАРГАЛ
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай ярилцлаа.
-Дархан-Уул аймагт коронавирусын халдвар анх бүртгэгдэхэд үлгэр жишээ ажиллаж “ногоон бүс” болсон. Тухайн үед ямар арга хэмжээ авч тактик төлөвлөгөө боловсруулан ажилласан бэ?
-Дархан-Уул аймагт коронавирусын халдварын тархалт гурван үе шаттай явагдсан гэж үзэж болно. Эхнийх нь арваннэгдүгээр сарын 11-нээс нэгдүгээр сарын 1-ныг хүртэлх хугацаа. Энэ үед Онцгой байдлын газраас зохион байгуулж байсан “Команд штаб”-ын сургалтууд хамгийн чухал гарын авлага болсон. Өөрөөр хэлбэл, хүндрэлтэй асуудал үүсэхээс үл шалтгаалж орон нутгийн удирдлагууд ямар команд, зохион байгуулалтаар ажиллахыг мэргэжлийн байгууллагууд өнгөрсөн цаг хугацаанд сайн бэлтгэсэн. Мэргэжлийн байгууллагуудын удаа дараа бэлтгэн хийж байсан ажил бодит үр дүнгээ өгсөн.
Нэгдмэл зохион байгуулалтаар шийдвэрээ тодорхой танилцуулж ард иргэддээ ойлгуулж байсан нь үр дүн гарахад хамгийн чухал. Эхний үед 45 тохиолдолтойгоор нэгдүгээр сарын 1-н гэхэд Дархан хотоо “ногоон бүс” болгож чадсан. Нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 21 хүртэл 81 хоног “ногоон бүс” байсан ч гуравдугаар сарын 21-нээс хот хоорондын хөдөлгөөн нээгдсэнтэй холбогдуулан өвчлөл нэмэгдсэн.
Хоёрдугаар шатны өвчлөл нь гуравдугаар сарын 21-нээс тавдугаар 21-ныг хүртэл хоёр сарын хугацаанд орон нутаг бие дааж бодлого шийдвэрээ гаргаж, нэгдсэн зохион байгуулалтаар уялдаа холбоотой ажилласны үр дүнд 669 тохиолдлыг бүрэн эмчилж дахин “ногоон бүс” болж чадсан. Хоёр дахь үе шатанд бид тодорхой дадлага, туршлагатай болсон учраас төрийн байгууллагуудаа дайчилж ажилласан. Гуравдугаар шатны өвчлөл нь тавдугаар сарын 28-наас хот хоорондын хөдөлгөөн нээгдсэний улмаас дахин гарсан юм. Тухайн үед УОК-ийн шийдвэрээр аймаг, орон нутаг тусдаа шийдвэр гаргаж, хөл хорио тогтоохыг хориглосон. Энэ шийдвэр зарим тохиолдолд зөв байхыг үгүйсгэхгүй. Одоо Дарханы иргэдийн зүгээс хоёр удаа “ногоон бүс” болж чадсан юм чинь дахиад хөл хориод “ногоон бүс” болъё гэсэн саналыг хэлдэг. Гэвч цар тахлын үеийн бодлого шийдвэр нь цаг үетэйгээ тохирсон байх шаардлагатай. Тухайн үед бүх батлагдсан тохиолдлыг эмнэлэгт хэвтүүлж маршрутыг нь тогтоож байсан бол одоо улс нийтийн өвчин болсон учраас өмнөх зохион байгуулалт үр дүнгүй. Одоо хөл хорьж эдийн засгаа унагах нь энэ өвчинд нэрвэгдсэнээсээ илүү олон хүндрэлийг үүсгэнэ.
-Дархан хотод тэг зогсолтыг жинхэнэ утгаар нь хийж чадсан. Хатуу хөл хорио тогтооход хүнс, бараа, усны хүргэлт зэрэг олон асуудал тулгардаг. Хэрхэн шийдэв?
-Шийдвэр, мэдээлэл тодорхой байхад иргэд илүү их хүлээн авч төр засагтайгаа хамтарч энэ өвчнийг давж гарах ёстойгоо ойлгож байсан. Тухайн үед ойролцоогоор сарын хугацаанд нутгийн удирдлагын ордондоо байрлаж гэртээ хариагүй. Дархан хотод 110 мянга гаруй оршин суугч бий. Хөл хорио тогтооход хотын зөв төлөвлөлт хамгийн чухал байсан. Дархан хот нь блокын системд оруулаад хязгаарлалт хийх боломжтой байдаг. Энэ системээр хөл хорьсон. Хүнс, усны хангамж, эмнэлэг, шатахууны асуудлыг бүрэн шийдвэл иргэд хатуу хөл хорионы журмыг мөрдөх боломжтойг хамгийн түрүүнд тогтоож өглөө нь хүнсний хангамжаа тарааж эхэлсэн. Аймгийн төрийн албан хаагч бүр энэ үйл ажиллагаанд оролцож хүчээ дайчилсан юм. Дархан хотын тэг зогсолтын үеэр төрийн байгууллагын 300-500 гаруй хүн л иргэдэд нэн шаардлагатай дөрвөн төрлийн үйлчилгээг хүргэхээр явж байсан гэхээр жинхэнэ утгаараа үр дүнтэй тэг зогсолт хатуу хөл хорио байж чадсан. Үүнээс харахад цаашид хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд ашиглахуйц бүрэн кэйстэй болж авлаа гэж харж байна.
-Сонгуулийн дөрвөн жилийн циклээр төрийн албан тушаалтан солигдож мерит зарчим алдагдлаа гэсэн шүүмж их байдаг. Та багаа хэрхэн бүрдүүлсэн бэ?
-Иргэд шинэ засаг дарга томилогдохоор шинэ баг бүрдэж, халаа сэлгээ хийгддэг гэж хардаг. Төрийн албаны тасралтгүй бодлого гэж бий. Гэхдээ төрийн албаны шинэ хуулийг орон нутагт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа. Тухайлбал, мэргэшсэн мерит зарчмыг хангах зорилгоор ажлын туршлагатай, тодорхой шалгуур хангасан иргэд төрийн албанд ажиллахыг заасан. Энэ боломж нь орон нутагт хомс. Шинээр байгуулагдсан соёлын хэлтэс байна. Үүнд соёлын байгууллагад найман жил ажилласан, үүний дөрвөн жил нь тасралтгүй удирдах албан тушаал хашсан хүн байх ёстой гэж заасан. Гэсэн хэдий Дархан-Уул аймагт энэ шалгуурыг хангах хүн олдохгүй байх жишээтэй. Тэгэхээр төрийн албаны шинэ хуулийн зарим зүйл, заалтыг өөрчлөх шаардлагатай гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хууль нь боловсролтой, мэдлэгтэй залуусын хүчийг сорьж үзэх боломжийг багасгаж байгаа юм.
-Дархан хотын 60 жилийн ой тохиож байна. Ойрын жилүүдийн онцлох төлөвлөгөөнөөс дурдвал?
-Дархан хотыг мэдээлэл, технологи, инновацид тулгуурласан аж үйлдвэрийн хот болгох том зорилгыг дэвшүүлсэн. Тухайлбал, ойрын 12 жилийн дараах Дархан хотын хөгжлийг нарийн төлөвлөөд байна. Үүнд боловсролын тогтолцоог сайжруулах зорилгоор “Боловсрол-2032” төлөвлөгөөг баталсан. Мөн экологи, байгаль орчны тогтвортой байдлыг хангах “Ногоон дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд ирээдүйн Дархан хот бусад орон нутгаас эко ногоон хот гэдгээрээ ялгарна. Түүнчлэн Дархан хотын иргэдийн дундаж наслалт улсын хэмжээнд сүүлээсээ гуравт ордог учраас “Эрүүл Дархан-2032” хөтөлбөрийг батлахаар ажиллаж байгаа. Мөн “Ажлын байр-Амьдралын баталгаа” хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд ганцхан зүйлийг бүрэн амлаж байна. Төрийн байгууллагын ямар нэгэн үйл ажиллагаанаас үүдэж хувийг хэвшлийн, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа зогсох учиргүй гэсэн хатуу шаардлагыг тавьж байгаа. Сүүлийн хамгийн чухал бодлого нь үйлдвэр технологийн паркийг хөгжүүлэх ажил. Үүний хүрээнд Дархан-Уул аймагт хоёр мега төсөл хэрэгжинэ. Нэг нь арьс ширний үндэсний цогцолбор. Нөгөө нь хойд бүсийн төмөрлөгийн ордуудыг түшиглэсэн төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд гангийн цогц үйлдвэр байгуулах ажил эхэлнэ. Томоохон аж үйлдвэрийн цогцолборууд ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэж, шинэ боловсон хүчин, шинэ бизнесийн орчин бий болно гэж харж байгаа. Аж үйлдвэрүүдийн томоохон цогцолборууд ирээдүйн Дархан хотын хөгжлийн тулгуур болно.
-Аж үйлдвэрийн цогцолборуудыг дагаад төвлөрөл бий болно гэлээ. Дархан хотод нөөц, боломж нь бий юу?
-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хамгийн боломжтой хот бол Дархан. Одоо оршин сууж буй 110 мянган оршин суугчдыг хоёр дахин нэмэгдүүлэх нөөц бий. Дархан хот дэд бүтэц, инженерийн байгууламжийн 40-60 хувийг ашигладаг. Тухайлбал, дулаан, эрчим хчний хоёр магистрал төв шугамтай ч нэгийг нь ашиглаж нөгөө нь нөөцөнд байдаг. Мөн цэвэрлэх байгууламж, цэвэр усны 50 хувь, эрчим хүчний 70 орчим хувийг ашигладаг. Үүнээс харахад Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулж дараагийн том хот байгуулахад бэлэн. Ирээдүйн хот төлөвлөлтийг хэд хэдэн газарт төлөвлөөд гаргасан. Энэ ажлын хүрээнд “Залуус 2” хотхоныг Дархан хотод байгуулах саналыг ерөнхий сайдад тавьсан. Ирэх онд дэд бүтцийг нь шинээр хийхээр төлөвлөөд байгаа. Мөн Улаанбаатар хотоос томоохон аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг Дархан хотод ирж ажиллах уриалгыг гаргасан. Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор цанын бааз, амралт зугаалгын хүрээлэн байгуулах сонирхолтой ААН, иргэдэд нээлттэй. Гурван газар төлөвлөөд хүссэн газарт нь дэд бүтцийг нь шийдэж өгөөд хүлээлгэж өгөхөд бэлэн. Дархан-Улаанбаатар чиглэлийн зам төлөвлөгдсөн хугацаандаа ирэх онд ашиглалтад орвол энэ хооронд хоёр цаг яваад орох боломжтой болно. Тэгэхээр Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах том боломж нээгдэнэ.
-Тэгэхээр ажлын байр бий болсон ч мэргэжлийн ажиллах хүчин чухал. Энэ тал дээр яаж ажиллах вэ?
-Дархан хотын хувьд хамгийн том тулгамддаг асуудал бол ажлын байр, цалин хөлсний хэмжээ. Цалингийн хувьд зэргэлдээ орон нутаг, Улаанбаатар хоттой харьцуулахад доогуур үзүүлэлттэй. Арьс ширний цогцолбор ашиглалтад орсноор 2500 шууд ажлын байр, 7000 гаруй дам ажлын байр бий болно гэж тооцоолж байна. Тэгэхээр 2500 мэргэжлийн ажилчдыг бүрдүүлэх судалгааг Арьс ширний цогцолборын удирдлагуудтай хийж байгаа. Мөн Хөдөө аж ахуйн сургуулийн тодорхой хөтөлбөрүүдийг Дархан руу шилжүүлж байна. Ингэснээр хөтөлбөрийн хүрээнд тухайн сургуулиудад арьс ширний цогцолборт шаардлагатай мэргэжлээр мэргэжилтнээ бэлтгээд явна. Төр ажлын байрыг бий болгодоггүй, бизнес эрхлэгчид бий болгодог. Тиймээс бий болсон ажлын байрыг төр ямар нэг байдлаар хааж боохгүй байх шаардлагыг тавьж байгаа. Тухайлбал, бид худалдааны гудамж байгуулж бизнес эрхлэх боломжийг нээж өгнө. Мөн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор төрөөс олгодог бүх төрлийн тусгай зөвшөөрлийг 2023 оны нэгдүгээр сар хүртэл сунгахгүйгээр чөлөөтэй олгох боломжийг олгож байгаа. Ингэснээр иргэн, ААН нь тусгай зөвшөөрлөө сунгуулахын тулд тэмдэгтийн хураамж болох нэг сая орчим төгрөгийг авахгүй. Цаашлаад бизнес эрхлэгчдийн дэмжиж ажиллана.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.26 ДАВАА № 210 (6687)