Б.ДОЛЖИНЖАВ
Япон улс энэ сарын 4-нд болсон парламентын ээлжит бус хуралдаанаараа 100 дахь ерөнхий сайдаа сонгосон. Энэ томилгоотой холбогдуулан ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Загдцэсэмтэй ярилцлаа.
-Нэг жил Ерөнхий сайдаар ажилласан Сүга Ёшихидэ албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, Япон улс дараагийн Ерөнхий сайдаа хүлээн авлаа. Сүгагийн огцрох шалтгаан нь цар тахлын тархалттай холбоотой байсан уу?
-Дэлхий нийтийг бүхэлд нь хүнд байдалд оруулсан COVID-19 цар тахал Япон улсад мөн хүнд туссан. Ерөнхий сайд Сүга Ёшихидэг өөрийн хүсэлтээр огцрох шийдвэрт цар тахлын тархалтын нөхцөл байдал ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн нь тодорхой. Гэхдээ Сүга Ёшихидэгийн ерөнхий сайдаар ажилласан нэг жилийн хугацаанд Япон улсын Засгийн газар COVID-19 халдварын эсрэг тууштай тэмцэж чадсан.
Тодруулбал, эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал хэт ихэсч хүнд, аюултай нөхцөл байдал үүсч байгааг ард иргэддээ үнэн зөв, бодитоор ойлгуулж онцгой байдлын үеэр оройн цагаар согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлахын сацуу иргэдийг чанартай вакцинд хамруулах арга хэмжээг түргэвчилснээр халдвар дамжих эрсдлийг эрс бууруулсан. Мөн цар тахлын хүнд нөхцөл байдалд "Токио-2020" зуны олимп, паралимпыг нэр төртэй өндөр хэмжээнд зохион байгуулж, хүн төрөлхтөнд урам зориг хайрлаж чадсан юм.
-Гадаад хэргийн сайд асан Кишида Фүмиог япончууд дараагийн ерөнхий сайдаараа сонголоо. Удам дамжсан улс төрч гэх тодотголтой Кишидагийн онцлог юу вэ?
-100 дахь ерөнхий сайдаар сонгогдсон Кишида Фүмио нь Японы Либерал ардчилсан намаас парламентын төлөөлөгчдийн танхимд Хирошима хотоос нэр дэвшиж есөн удаа сонгогдсон, өмнө нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч. Түүний эцэг Кишида Фүмитакэ болон өвөг эцэг Кишида Масаки нар Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд байсан. Удам дамжсан улс төрчийн гэр бүлд төрж өссөн тэрбээр Васэда их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж төгсөөд банк санхүүгийн салбарт ажиллаж байсан. Улмаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн аавынхаа нарийн бичгийн ажилтнаар ажиллаж, 1993 онд анх Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдож улс төрчийн гараагаа эхлүүлсэн түүхтэй. Шинзо Абэгийн 2007 онд шинэчлэн байгуулсан Засгийн газарт Окинава, Хойд газар нутгийн асуудал хариуцсан сайдын албыг хашиж, Засгийн газрын гишүүнээр ажиллаж эхэлсэн. Абэгийн хоёр дахь удаагийн Засгийн газарт 2012-2017 онд Гадаад хэргийн сайдын албыг хашсан нь дайнаас хойш Япон улсын Засгийн газарт хамгийн урт хугацаанд Гадаад хэргийн сайдаар ажилласан сайд болж тэмдэглэгдсэн юм.
-Японы түүхэн дэх хамгийн олон жил гадаад хэргийн сайдаар ажилласан арвин туршлагатай удирдагчийн гадаад бодлогын ерөнхий чиг ямар байх бол?
-Ерөнхий сайд Кишида энэ сарын 14-ний хэвлэлийн хуралдаан дээр Япон улсын гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудлын талаар “Японыг тойрсон олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөн хувирч буй олон улсын энэ нөхцөл байдалд Япон улс болон түүний ард түмний энх тайван, аюулгүй байдлыг хэн хамгаалж чадах, энэ улсын дипломат харилцаа, аюулгүй байдлыг хэнд даатгах вэ гэдгийг та бүхнээр сонгуулмаар байна. Үндсэн хуулийн үзэл санаа, Япон-АНУ-ын Аюулгүйн байдлын гэрээ, Өөрийгөө хамгаалах хүчний үүрэг зэрэг үндсэн үзэл баримтлалтай үзэл санаа нь нийцэхгүй сөрөг хүчний намуудад энэ улсыг даатгах боломжгүй. Хамгийн чухал нь улс орнуудын удирдагчдын хоорондын итгэлцэл харилцаа байдаг. Би Ерөнхий сайдын албан тушаалаа авсан даруйдаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас эхлээд Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нартай утсаар яриа хэлэлцээ хийж, чөлөөт, нээлттэй Энэтхэг-Номхон далайг бий болгоход нягт хамтран ажиллах болно” гэж мэдэгдсэн.
Мөн “БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нартай утсаар ярихдаа Сэнкакү арлын эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдал, Энхийн гэрээ байгуулах асуудал зэрэгт анхаарахаа онцлон тэмдэглэж, эдгээр асуудлыг шийдвэрлэх эхний алхмуудыг хийсэн” гэж мэдэгдсэн. Үүнээс үзэхэд тэрбээр Япон улсын гадаад бодлогын талаар өмнөх Засгийн газруудын баримталж байсан бодлогыг үргэлжлүүлнэ. Тухайлбал, Энэтхэг Номхон далайн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, Япон Америкийн аюулгүй байдлын гэрээг даган мөрдөх зэрэг бодлогыг хэрэгжүүлэх юм байна гэж дүгнэж болохоор байна.
Мөн тэрбээр цааш хэлсэн үгэндээ “Японыг тойрсон аюулгүй байдлын орчинд томоохон өөрчлөлтүүд гарч байгаа ийм нөхцөлд дипломат удирдагчдын туршлага, эр зориг нь үндэсний аюулгүй байдал, ард түмний амар тайван амьдралыг хамгаалахад чухал ач холбогдолтой гэж бид үзэж байна. Энэ үүргийг дайнаас хойш хамгийн удаан дөрвөн жил найман сар Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан, дэлхийн нэр бүхий удирдагчидтай яриа хэлэлцээ хийж чадах, итгэлцлийн гүн харилцааг бий болгосон Кишида Фүмиод үлдээхийг хүсч байна. Би бүх туршлага, хүч чадлаа дайчлан энэ улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахаар шийдсэн” хэмээн хэлсэн. Үүнээс үзэхэд олон улсын тавцанд явуулж ирсэн туршлагадаа тулгуурлан Япон улсын гадаад бодлогыг үргэлжлүүлэх юм байна. Мөн ирэх сард болох парламентын сонгуульд өөрийн Либерал ардчилсан намаа ялуулах нь шинэ ерөнхий сайд Кишида Фүмиогийн нэн тэргүүний чухал үүрэг гэдэг нь харагдаж байна.
-Кишида Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцууллаа. Сүгагийн Засгийн газарт ажиллаж байсан зарим сайдыг хэвээр үлдээсэн нь Японы улс төрийн уялдаатай шинж чанартай холбоотой юу?
-Кишида Фүмиогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд өмнөх Засгийн газарт байсан гурван сайд ажиллахаар болсон. Японы Либерал ардчилсан нам нь парламентад олонхын суудал авсан эрх баригч нам. Иймээс Ерөнхий сайдад нэр дэвшин ялалт байгуулсан Либерал ардчилсан намын гишүүн Кишидагийн шинэ засгийн газарт өмнөх засгийн газарт сайн ажиллаж байсан сайдуудыг дахин үүрэгт ажлыг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр томилох нь зүй ёсны хэрэг. Шинэ засгийн газарт үүрэгт ажлаа үргэлжлүүлэх болсон сайд нар бол Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Батлан хамгаалахын сайд Киши Нобүо нар юм. Мөн өмнөх ерөнхий сайд Сүга Ёшихидэгийн засгийн газарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Хагиүда Кооичиг шинэ засгийн газарт Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдаар томилсон.
-Шинэ Ерөнхий сайд залуу гишүүдээр танхимаа бүрдүүлнэ гэж амлаж байсан. Ер нь түүний Засгийн газрын бүрэлдэхүүнийг ажиглагчид хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан сайд нарын дотроос хамгийн залуу сайд нь 44 настай Дижитал хэргийн яамны сайд Макишима Карэн, хамгийн ахмад нь 77 настай Хөдөө аж ахуй, ой, усны аж ахуйн сайд Канэко Гэнжироо нар юм. Сайд нарын насыг ангилж үзвэл 40-50 насны хоёр хүн, 50-60 насны долоон хүн, 60-70 насны 12 хүн, 70-аас дээш насны хоёр хүнийг сайдаар сонгосон байна. Засгийн газрын гишүүдийн дундаж нас 60.4 гэсэн үзүүлэлттэй байна. Дундаж наслалт өндөртэй Япон улсын хувьд энэ нь тийм ч анхаарал татсан асуудал биш. Харин ч улс төрд туршлагатай ахмад үеийнхэн сайн ажилладаг гэсэн ойлголт ард иргэдийн дунд байдаг.
-Кишида цар тахлын дараах эдийн засгаа сэргээх тал дээр ямар арга хэмжээ хэрэгжүүлэх бол?
-Кишидагийн Засгийн газар зорилгоо Эдийн засгийн өсөлт ба баялгийн хуваарилалтад тулгуурласан “Япон маягийн шинэ капитализм”, “COVID-19-ийн дараах шинэ нийгмийг бүтээн байгуулах” хэмээн тодорхойлсон. Дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтийн бодлогын талаар дараах асуудлуудад чиглүүлэх зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээрт, хиймэл оюун ухаан, био технологи, ногоон эрчим хүчний технологи, нано технологи, хагас дамжуулагч үйлдвэрлэх технологи зэрэгт их хэмжээний хөрөнгө оруулж шинжлэх ухаан, инновацийн их гүрэн болно. Хоёрдугаарт, 5G, алсын зайнаас ажиллах, роботчилол, дижитал шилжилтийг бүс нутгаас эхлэн нэвтрүүлж, хот хөдөөгийн ялгааг арилгах замаар Токио хотын төвлөрлийг бууруулна.
Гуравдугаарт, эдийн засгийн аюулгүй байдалд анхаарал хандуулж банк санхүүгийн дижиталчлал, дижитал иен, стратегийн гол технологи түүнийг хөгжүүлэх, хамгаалах цогц бодлого хэрэгжүүлнэ. Дөрөвдүгээрт, ирээдүйд үүсэх нийгмийн асуудалд бэлтгэлтэй байж асуудлуудыг цогцоор шийдэх, ялангуяа коронавирусын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээ түүний дотор эмчилгээ, асаргаа сувилгааны бэлэн байдлыг дээшлүүлэх гэж тодорхойлсон.
-Баялаг хуваарилалт дээр дэвшүүлсэн зорилтууд нь их анхаарал татаж байна?
-Кишида баялгийн хуваарилалтын тал дээр нэгдүгээрт, ажилтан болон жижиг бэлтгэн нийлүүлэгч компаниудад эдийн засгийн өсөлтийн үр шимийг түлхүү хуваарилах бодлого баримтална. Хоёрдугаарт, дунд давхаргын орлогыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг дэмжих, гуравдугаарт, багш, эмч, сувилагч зэрэг нийгмийн суурийг бүрдүүлдэг нийтийн албаныхны цалинг нэмэгдүүлнэ. Дөрөвдүгээрт, улсын төсвийг жил жилээр баталдагаас болж урт хугацааны стратегийн чанартай хөрөнгө оруулалтыг орхигдуулдаг асуудлыг шийдэж шинжлэх ухаан, дэд бүтэц, эдийн засгийн аюулгүй байдалд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх боломжоор хангах гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Тэрбээр нийгмийн ялгаатай байдлыг багасгахын тулд бүтцийн шинэчлэлт хийхийг зорьж буйгаа энэ сарын 14-нд хийсэн хэвлэлийн хурлаараа мэдэгдсэн.
-Либерал ардчилсан намын даргын сунгаанд хоёр эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөн. Эмэгтэйчүүдийн улс төр дэх манлайлал, оролцоо Японд ямар байдаг вэ?
-Кишида Фүмиогийн Засгийн газарт гурван эмэгтэй сайд томилогдсон. Тэдгээр сайдуудыг дурдвал, Дижитал хэргийн яамны сайд Макишима Карэн, бүс нутаг, эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн асуудал эрхэлсэн сайд Нода Сэйко, Токиогийн олимп, паралимпын наадмыг зохион байгуулах, коронавирусын эсрэг вакцинжуулалтын асуудал хариуцсан сайд Хориүчи Норико нар юм. Эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгуульд Кишида Фүмиотой өрсөлдсөн хоёр эмэгтэй нэр дэвшигчийн нэг нь бүс нутаг, эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн асуудал эрхэлсэн сайдаар томилогдсон Нода Сэйко юм. Японд эмэгтэй улс төрч удирдах албан тушаал хашиж байсан туршлага олон бий. Японы парламентын төлөөлөгчдийн болон зөвлөхүүдийн танхимд олон эмэгтэй гишүүн ажиллаж байсан. Тухайлбал, Сүга Ёшихидэгийн Засгийн газарт хоёр эмэгтэй сайд ажиллаж байсан. Японы эмэгтэйчүүдийн улс төр дэх манлайлал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа хэдий ч бусад Европын орнуудтай харьцуулахад энэ талаараа доогуур үзүүлэлттэй байдаг. Өнөөгийн байдлаар Японы төлөөлөгчдийн танхимын 465 гишүүний 9.9 хувийг эмэгтэй гишүүд эзэлж байгаа нь Европын орнууд, Америк, Япон зэрэг 38 хөгжингүй улс орнууд гишүүнд нь багтдаг Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын дотор хамгийн бага үзүүлэлттэй нь юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.21 ПҮРЭВ № 207 (6684)