С.УЯНГА
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг салбарын сайд нар танилцуулав. Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 16 эх үүсвэрийг барьж байгуулахаар тусгасан. Дээрх 16 эх үүсвэрээс төр өөрөө Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн барих 450 мВт-ын хүчин чадалтай Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлах бэлтгэл ажил хангагдсан. Ингээд Засгийн газрын шийдвэрээр энэ долоо хоногт багтаан тендерийг зарлахаар боллоо. Шинээр барих гэж буй Тавантолгой дулааны цахилгаан станц нь говийн бүсийн цахилгааны хэрэглээг бүрэн хангах, импортоор цахилгаан хэрэглээгээ хангаж байгаа томоохон уурхайн төсөл хөтөлбөрүүдийн цахилгааныг хангах, шаардлагатай тохиолдолд төв эрчим хүчний нэгдсэн системд цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжит хүчин чадалтай эх үүсвэр юм.Энэ цахилгаан станц нь Оюутолгойг цахилгаан эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлэх учиртай. Өнөөдрийн байдлаар Оюутолгой 110-120 сая ам.долларын өртөгтэй цахилгаан эрчим хүчийг БНХАУ-аас импортлон авч байгаа. Тиймээс Тавантолгой цахилгаан эрчим хүчний станц нь дор хаяж энэ хэмжээний орлогыг олох боломжтой гэж ойлгож болно. ТЭЗҮ-ээр тус станцыг байгуулахад нийт 808 сая ам.доллар шаардлагатай гэсэн төсөв тооцоо гарсан” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn