С.УЯНГА
Монголын Олон Улсын Арбитрын Нарийн бичгийн дарга Н.Батдоржтой ярилцлаа.
-Иргэд ямар тохиолдолд арбитрт хандаж болох вэ. Шүүхээс ялгагдах онцлогийг тэр бүр мэддэггүй?
- Арбитр бол эдийн засаг, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг эдийн болон эдийн бус баялагтай холбоотой гэрээнээс үүссэн маргааныг талууд тохиролцсоны үндсэн дээр хөндлөнгийн этгээдээр хянан шийдвэрлэдэг арга юм. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг нийтийн эрхзүйн субьект гэж хэлж болно. Арбитрын маргааны хувьд нэхэмжлэлийг хариуцагчид гардуулснаар ажиллагаа эхэлдэг.
Шүүх, арбитр ялгаатай. Шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас нэхэмжлэл буцаах, эрэн сурвалжлах ажиллагаа явагдах, шүүгч, шүүгчийн туслах амралтаа авах, анхан, давж заалдах, хяналтын шат гээд нэлээн хугацаа, зардал шаарддаг.
Зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэх дундаж хугацаа 6.2 жил байна. Хамгийн ихдээ 16.6 жил зарцуулсан хэрэг ч байгаа юм. Банк бус байгууллагаас зээл авсан зээлийн маргааныг шүүхээр шийдвэрлэсэн хугацаа 1.6 жил, арбитраар шийдвэрлэсэн нь зургаан сар гэсэн тооцоолол гарсан.
Харин арбитр нэхэмжлэлийг хариуцагчийн хамгийн сүүлд оршин суугаа бүртгэлтэй хаягт баталгаат шуудангаар илгээснээр ажиллагаа эхэлсэнд тооцно. Таван сая хүртэлх дүнтэй маргааныг түргэвчилсэн хэлбэрээр явуулах, давж заалдах, хяналтын шат гэж байхгүй зэргээр илүү ач холбогдолтой.
Арбитрын бүрэлдэхүүнд хууль, эдийн засаг, санхүү, уул уурхайн мэргэжлийн мэргэшсэн дотоодын 72, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Хонг-Конг, Польш зэрэг гадаадын 32, нийт 104 арбитрчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх боломжтой төдийгүй манай улс 1994 онд “Гадаад улсын арбитрын шийдвэрийг биелүүлэх тухай” НҮБ-ын конвенцод нэгдэн орсноор Арбитрын шийдвэр нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн бусад улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөх болсон. Манай байгууллага Монгол Улсад арбитрын үйл ажиллагааг хөгжүүлэх, дэлгэрүүлэх, арбитрын ажиллагааны талаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулах, давтан сургах мэргэшүүлэх, дотоод гадаадын байгууллагуудтай хамтын ажиллагаа явуулах, гадаад улс оронд төлөөлөх зэрэг бүхий л үйл ажиллагааг явуулж байгаа цорын ганц байнгын арбитр юм.
Арбитр бизнесийн харилцаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэхээс гадна захиргааны албан тушаалтны гаргасан шийдвэр арилжааны шинжтэй бол арбитраар шийдвэрлүүлж болно. Тухайлбал, ашигт малтмал газрын тос олборлоход төрийн байгууллагаас хөрөнгө оруулалт, худалдах, худалдан авалттай холбоотой үйл ажиллагааг арбитраар шийдвэрлэх боломжтой. Төрийн мөнгөөр хувийн компани бараа материал нийлүүлэх, бүтээгдэхүүн хуваах гэрээ гэсэн үг. Гэхдээ манай улсын Засгийн газар ихэнх загвар гэрээнүүдээ шүүх гэж тодотгодог. Гэтэл шүүх бол төрийн институци учраас хараат бус, шударгаар шийдвэрлэх нь эргэлзээтэй. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байгаа арилжааны гэрээг аль болох арбитр буюу хөндлөнгийн гуравдагч этгээдээр хянан шийдвэрлүүлэх нь ач холбогдолтой. Бид ЗГХЭГ-руу загвар гэрээнд арбитрын заалтыг оруулж өгөөч гэдэг хүсэлтүүдийг тавьсан. Яам, агентлагууд арбитрын загвар гэрээг ашиглаж эхэлж байна. Ер нь шүүхийн бус журмаар маргааныг хянан шийдвэрлэх талаар нэлээдгүй ярилцаж байна л даа. Арбитрын хэлэлцээрийг тогтмол хэрэглээд хэвшчихсэн томоохон аж ахуйн нэгжүүд ч бий.
-Цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жилд аж ахуйн нэгж, хувь хүн импортоор бараа оруулж ирэх байсан ч чадаагүй. Үүнтэй холбоотойгоор гадны компанитай маргаан үүссэн тохиолдол цөөнгүй байна. Энэ тохиолдолд яах вэ?
-Арбитраар шийдвэрлүүлэх загвар заалт оруулаагүй бол харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ. Хуульд заасны дагуу маргаан гарсны дараа талууд хэлэлцээр хийгээд арбитраар шийдвэрлүүлж болно. Талууд харилцан тохиролцсон байх ёстой гэсэн үндсэн шалгуур тавьдаг учраас хэдийгээр хэлэлцээрт тусгагдаагүй ч нөхөж хийж болно. Аль нэг нь тал нь санал гаргаад нөгөө тал нь зөвшөөрснөө бичгээр мэдэгдсэнээр арбитрын хэлэлцээр байгуулсанд тооцно.
-Арбитр, шүүхийн шийдвэрийг харьцуулбал цаг хугацаа, зардлын хувьд хэр зөрүүтэй вэ?
-Монгол Улс 2020 онд 15.6 сая төгрөгийн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхэд 374 хоног зарцуулсан. Үүний 22.9 хувь нь зардал байсан гэсэн судалгаа бий. Ингэхдээ 10 сая төгрөг хүртэл буюу бага үнийн дүнтэй иргэний хэргийг авч үзвэл зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэх дундаж хугацаа 6.2 жил байна. Хамгийн ихдээ 16.6 жил зарцуулсан хэрэг ч байгаа юм. Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэл энэ оны наймдугаар сарын байдлаар 1.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэх хуудаснаас 1.5 тэрбумын гүйцэтгэл биелэгдээгүй байх жишээтэй.
Банк бус байгууллагаас зээл авсан хоёр хэргийн шүүх болон арбитраар шийдвэрлэсэн хугацааг судлахад зээлийн маргааныг шүүхээр шийдвэрлэсэн хугацаа 1.6 жил, арбитраар шийдвэрлэсэн нь зургаан сар гэсэн тооцоолол гарсан. Тухайлбал, банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээлтэй холбоотой маргааныг анхан шатны шүүх 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд шийдвэрлэсэн бол хяналтын шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 27-нд хянасан байна. Арбитрын хувьд 2019 оны арванхоёрдугаар сарын 25-нд хүлээж аваад тухайн оныхоо тавдугаар сарын 26-нд шийдвэрлэсэн.
Арбитрын байгууллагын гурав, дөрөв, долдугаар сард авсан банк бус байгууллагатай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Наймдугаар сард гаргасан маргааныг шийдвэрлэсэн тохиолдол ч бий. Эдийн засгийн үр өгөөжийн хувьд улсын тэмдэгтийн хураамжаас эхлээд ач холбогдолтой. Арбитрын маргааны хувьд зардлыг нэг удаа төлдөг учраас дахин зардал гардаггүй нь үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд давуу талтай.
Арбитр гурван шатны шүүхийн зардлаас хамаагүй хямд тусдаг. Улсын тэмдэгтийн хураамжид 80 мянган төгрөгийг анхан, давах гээд хэдэн ч удаа төлж болно. Харин арбитрын шийдвэр эцсийнх байдаг учраас нэг л удаа төлбөр төлж байна гэсэн үг. Ер нь зээлийн гэрээний маргаан дээр аль болох шүүхийн бус аргыг хэрэглэх нь зохимжтой. Мөн эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх боломжтой. Шүүхийн гурван шат дамжаад явахад зээлдүүлэгчийн зээлийн хүү зогсохоос эхлээд хохирол их амсдаг.
-Шүүх шийдвэрлэх хугацаагаа багасгах ч юм уу гарц шийдлийг хэрхэн харж байна вэ?
-Арилжааны хэргийн тусгайлсан шүүх, танхим байгаа эсэх. Бага үнийн дүнтэй хэргийн шүүх, шуурхай шийдвэрлэх процесс байгаа эсэх, гомдол хүсэлтийг цахимаар гаргах, Улсын тэмдэгтийн хураамжийг цахимаар төлөх, шүүхийн үйл ажиллагааг цахимжуулсан болон урьдчилсан хэлэлцүүлэг хийх, маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхийг урамшуулах зэргээр хөндөх асуудал бий.
-Арбитр давж заалддаггүй. Гэтэл аль нэг талыг хохироосон шийдвэр гарвал яах вэ?
-160 гаруй орон нэгдсэн Нью-Йоркийн конвенцийн дагуу олон улсад нэг хэлээр ярина гэж үздэг. Маргаан гарвал нэг загвар хуулиар шийдвэрлэх ёстой. Арбитрын энэ тогтолцоог шүүхээс илүүд үзэж, нэхэмжлэгч, хариуцагч талууд хэргээ шударга, хараат бусаар шийдвэрлүүлж чадна гэсэн мэргэшсэн арбитарчдыг сонгодог. Сонгогдсон арбитарчид даргалагчаа томилдог нь загвар хуулийн шүүхээс ялгагдах зарчим. Талууд давж заалдахгүй, нэг л шатаар шийдвэрлүүлнэ гэдгээ тохирох ёстой. Хуульд арбитрын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүд байдаг. Талуудын эрх тэгш, чөлөөт байдлыг хангаагүй, эрхийг нь зөрчсөн, тухайн улс орны нийтийн дэг журамд харшилсан гэж үзвэл хүчингүй болгож эхнээс нь хянадаг.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.20 ЛХАГВА № 206 (6683)