О.Лхагвадорж: Үндсэн хуульд үзэл баримтлалынх нь эсрэг заалт олон байна

2021-10-14
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ 

Нийгмийн сэтгэл судлаач О.Лхагвадоржтой  ярилцлаа. Тэрбээр Боловсрол сэтгэл судлалын академи, Нийгмийн сэтгэлзүйн судалгааны хүрээлэн, Нэгдсэн эрдэмтдийн зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “Монголын улс төр, эдийн засагт харийн бодлогын нөлөө” сэдвээр зохион байгуулсан хэлэлцүүлэгт “Монголын Үндсэн хуульд туссан харийн бодлогын нөлөө” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. 

-Таны илтгэлд “Монгол Улсад Үндсэн хуулиар хэлбэржин улс үндэстнийг үгүй хийх харийн бодлого хэрэгжиж байна” гэсэн нь анхаарал татлаа. Ингэж үзэх үндэслэл нь юу вэ? 
-Шилжилтийн үед буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаар хэлэлцэн баталсан  Монгол Улсын Үндсэн хууль бүхэлдээ гадны заавар зөвлөмжийн хүрээнд боловсруулагдсаныг  буруутгах аргагүй ч “гоё үгсээр” халхлан, улс үндэстний оршин тогтнохыг үгүй хийх, монгол хүний сэтгэл оюуныг доройтуулан адгуус мал мэт болгон эрхшээлдээ оруулах харийн арга бодлого агуулга нь болж орсныг зөвтгөх аргагүй юм. 

Үндсэн хуульд харийн бодлого хэрхэн туссаныг, тэдгээр нь ямар арга хэлбэр, бүтцээр бий болж байна вэ гэдгийг би хэд хэдэн чиглэлээр тодорхойлсон. Нэгдүгээрт, самуун нийгмийг бий болгох зорилт байна.  Үндсэн хууль “эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир ... даяар олноо зарлан тунхаглаж байна” гэж эхэлдэг.  Уламжлалт төрт ёсны улсыг биш “Иргэний ардчилсан нийгэм” цогцлуулна гэж тов тодорхой тунхагласан. Энэ нь угтаа “төр хэрэггүй” гэдэг либериализмын тугийг сэмхэн гаргаж ирээд монголчуудын толгой дээр өргөн мандуулсан хэрэг юм. Цаашилбал Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн агуулгатай нь дүйж байгаа юм. Энэ  зорилгоо цааш улам лавшруулж “Хүний эрх, эрх чөлөө”-г тунхагласан хоёрдугаар бүлгийн  16 дугаар зүйлийн 1.10-т “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй...” гэж, 1.16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй...” гэж тус тус заасан нь “олон ургальч үзэл гэгчийг хуульчлан тунхагласан нь анзаарагдана.  Энэ агуулга нь угтаа улс үндэстний эв нэгдлийг үгүй хийхийг зааварчилсан, шуудхан хэлбэл монголчууд нь улс үндэстнийхээ хувьд “Нэгэн зорилго, нэгдмэл үзэл санаатай байж, байлгаж болохгүй” гэсэнтэй ижил утгатай юм. 

-Тэр нь юу билээ? 
-Тухайлбал, өөрсдийн ашиг сонирхлыг эрхэмлэсэн “олон ургальч” үзлээс үүдэлтэйгээр нэг талд нь төр гэх хаягтай, нөгөө талд нь иргэд гэх тодотголтой янз бүрийн үзэл санаатай бүлэглэлүүд өөр хоорондоо эсрэг тэсрэг байр суурьтайгаар тэмцэлдэх байнгын шинжтэй нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэх нөхцөл болно гэдгийг тооцож, “жагсаал цуглаан хийх, эрх чөлөө”-г сэтгэл харамгүй зөвшөөрөн хуульчилж өгчээ”  гэж үзэх үндэстэй юм. Энэ нь угтаа улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллахгүй “төр биш” төрийг, эмх замбараагүй “нийгмийг”  Үндсэн хуулиар бий болгож байгааг тунхагласан хэрэг байсан. Эмгэнэлтэй хэрэг шүү. Хүн бүр амар тайван, аз жаргалтай амьдарч, өөр өөрсдийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн хийж бүтээхийн оронд “жагсаал цуглаан хийж, уур бухимдлаа тайлж болно” гэсэн агуулгыг хуульчилж оруулаад үүнийгээ иргэдэд их том “эрх чөлөө”-г эдлүүлэхээр заасан гэж тунхаглах нь ард иргэдээ доромжлоод, тавлаад ч байгаа юм шиг. Үүнийгээ  цааш лавшруулан тодосгож өгсөн өөр  заалт ч бий. Тэр нь  Үндсэн хуулийн 30 дугаар  зүйлийн 30.1 дэх  “Монгол Улсын Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн заалт юм. Эндээс “Ерөнхийлөгчөөс бусад нь ард түмний эв нэгдлийг илэрхийлэх албагүй” гэсэн утга гарч ирнэ. Тэгэхээр Үндсэн хуулийн маань агуулга юунд чиглэж байгааг та  анзаарч байгаа байх. 

-Үндсэн хууль судлаачид энэ талаас тайлбарлаж байгаагүй санагдана.  Та үүнийг  Ерөнхийлөгчийн эрх, үүрэгтэй холбож судалж үзэв үү?    
-Та  бодоод үз дээ. Өөр хоорондоо үл нэгдэх санаа бодол, үйл, үйлдэл бүхий хэдэн тийшээ сарниж задарсан нийгмийн тэр олон үзэл бодлын зөрчил тэмцлийг эв нэгдэл болгон илэрхийлэх гэдэг нь яана гэсэн үг вэ. Дунд нь буруу зөвийг ялгахаа байсан мэт тал тал тийш толгой дохин баясгалантай царайлж суух ёстой юу.  Тодруулбал,   Төрийн тэргүүн нь бурууг “буруу байна” гэж зэмлэж болохгүй гэж хориглосон агуулга байгаа биз. Төрийн тэргүүн нь буруу, зөвийг ялгаж хэлж болохгүй болно гэдэг нь ерөөсөө төр нь буруу, зөвийг ялгах зохицуулалттай байж болохгүй гэсэн анхааруулга энд байна. Энэ агуулгыг хангах нөхцлийг бий болгохын тулд  Үндсэн хуульд Ерөнхийлөгч гэдэг шийдэх, хэрэгжүүлэх  эрх мэдэлгүй, үүрэг, ач холбогдол багатай, бэлгэдлийн чанартай институцийг зориуд  төсөвт дарамт болсон их үрлэг зарлага бүхий данхар бүтэцтэй байхаар суулгаж өгсөн байгаа юм. Өнөөдөр  ч  энэ агуулга мөрдөгдөж, хэрэв Монгол Улсын Ерөнхийлөгч хэн нэгнийг буруутгасан, зэмлэсэн санаа бодол бүхий үг, үйлдэл гаргавал “эв нэгдлийг хангах биш, эвдрэлцүүлж, Үндсэн хууль зөрчлөө гэж буруутгадаг болсныг  бүгд  харж байгаа. Төрийн тэргүүн нь буруу, зөвийг ялгаад эхэлбэл олон ургальч үзэл үгүй болно. Буруу, зөвийн талаарх нэгдмэл ойлголт бий болбол самуун нийгмийг байгуулахад саад учруулна. Уг нь монголчууд  бурууг дарж /засаж, засаглаж/, зөвийг цогцлоож байж амар амгалан амьдралыг хангадагийг, түүний тулд төр байдгийг дэлхий дахинд таниулж ирсэн төрт ёсны  уламжлалтай ард түмэн шүү дээ.  Гэтэл өнөөдөр дэлхийн хөгжилд хөл нийлнэ гээд “оршихуйн их ухаанаа” Үндсэн хуулиараа энэ мэтчилэн  үгүй хийчихээд сууцгааж байна.  Ер нь манай Үндсэн хууль “Байхгүй зүйлийг бий гэж ойлгуулдаг, өгөөгүй зүйлийг өгчихсөн гэж итгүүлдэг” хий үзэгдлийн “агаар”-аар ийнхүү монголчуудыг “тэжээн” бойжуулж ирлээ.

-“Ард түмнийг хоосон үгээр хуурах буюу орчин үеийн хэллэгээр  “тархи угаах” аргыг Монгол Улсын Үндсэн хуульд ашигласан  томоохон бүлэг заалт нь “Хүний эрх, эрх чөлөө”-г тунхагласан  хоёрдугаар бүлэг”  гэж та тодорхойлжээ. Яагаад? 
-Жишээ нь, Үндсэн хуулийн 16 дугаар  зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ  /эдлүүлнэ гээгүй/ гээд  амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй  гэхчилэн  зааж өгсөн. Гэтэл энэ бүх эрх хангагдах нөхцөл хэрэгтэй. Нөхцөл нь хангагдахгүй бол ямар ч сайхан эрх чөлөөг амлалаа ч тэр нь хоосон тунхагаас хэтрэхгүй. Тэр нөхцлийг хангах үүргийг хэн хүлээж байгаа вэ гэдэг асуулт гарч ирнэ. “Тэр чинь төрийн үүрэг шүү дээ”  гэж олон хүн хариулах байх. Тийм ээ, тэр үүргийг төр хүлээх ёстой. Түүний тулд уг нь хуулиар заасан энэ  олон “эрхийг” тунхаглах биш, харин “Иргэн бүрийнхээ аз жаргалтай амьдралыг хангах, хүн бүр ажилтай, орлоготой, хийж бүтээх урам зориг, хүсэл тэмүүлэл, ирээдүйдээ итгэх итгэл найдвар дүүрэн байх нөхцөл боломжийг ханган бүрдүүлэх үүргийг төр хүлээнэ” гээд заачихад  болох байлаа.  Харамсалтай нь ийм заалтыг Монгол Улсын Үндсэн хуулиас хайгаад олохгүй. 

-Тэгэхээр  “Монгол хүн ажилтай байна уу, ажилгүй байна уу, амьдрах, амьд явах боломж нөхцөл байна уу, үгүй юу гэдэг нь Монголын төрд хамаагүй” гэж хуульчилсан гэж  та үзэж байна уу? 
-Тиймээс л  “хүний эрхийг баталгаатай эдлүүлнэ” гэж заагаагүй, харин “баталгаатай эдэлнэ” гэж тунхагласан байна шүү дээ. Энэ чинь “өөрөө л учраа ол” гэсэн үг биз дээ. Тэгэхээр  “амьд явах эрх хаачив аа”  гэж хэн нэгэн асуувал өмнөөс чинь “Бас үхэх ч эрхтэй” гэж хариулна.  Нөгөө эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн Содномдаржаа, Чимгээ нарыг яагаад суллахгүй байгаа юм бэ  гэхэд  “Эрүүдэн шүүсэн нь үнэн ч ялаас чөлөөлөх шийдвэр гаргах үүрэг надад байхгүй” гэж хариулсантай агаар нэг. Үндсэн хуулийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний-хээ өмнө хариуцна” гэж заасны дагуу хариуцаж байгаа нь энэ. Үүрэгтэй биш үүргийг хариуцна гэхээр ямар нэг тайлбар хэлээд л болчихож байгаа юм.  “Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц” гээд байгаа юм шүү.  Иргэд ажилгүй орлогогүй байгааг өөрчлөх талаар Төр үүрэг хүлээхгүй байгаа нь иргэнд өөрт нь юу дуртайгаа хийх эрх чөлөөг олгож байгаа хэрэг гэж тайлбарлана гэсэн үг л дээ.    Манай Үндсэн хууль “Байхгүй зүйлийг бий гэж ойлгуулдаг, өгөөгүй зүйлийг өгчихсөн гэж итгүүлдэг” хий үзэгдлийн “агаар”-аар ийнхүү Монголчуудыг “тэжээн” бойжуулж ирлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.14 ЛХАГВА № 202 (6679)

Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

4 цаг 45 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

4 цаг 45 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

4 цаг 45 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

16 цаг 29 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

17 цаг 5 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20