С.УЯНГА
Германыг 16 жил удирдсан канцлер Ангела Меркель суудлаасаа бууж, дараагийн Засгийн газар байгуулагдаж байна. Дэлхий нийтийн анхаарлын төвд буй онцлог үйл явдалтай холбоотойгоор ШУА, Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач З.Батчимэгтэй ярилцлаа.
-Ангела Меркелийн баримталсан бодлого, идилоги, улс төрд хэвшүүлсэн соёл гээд түүний төр барьсан 16 жилийг бүхэлд нь хэрхэн дүгнэж байна вэ?
-А.Меркелийн засаг барьсан жилүүдэд Христосын Ардчилсан Холбоо буюу “Union” нь илүү Социал демократ намын бодлогыг баримталж ирсэн. Энэ А.Меркелийн хэрэгжүүлж ирсэн нийгмийн бодлого, тэр дотроо халамж, улс төрийн шийдвэрүүдээс тодорхой харагдах болов уу. Эдгээр нь Зүүний нам болон Социал демократ намаас 2017-2019 оны хооронд Хөдөлмөр-нийгмийн яамны сайдаар ажиллаж байсан Андреа Налесд таалагдаж, тэр байтугай Зүүний үзэл баримтлалд нийцлээ хэмээн маргаан дэгдээж байлаа.2005 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Меркель неолиберал консерватив байр суурьтай байсан бол өнөөдөр Христосын ардчилсан холбооны гишүүнчлэлтэй “социал демократ канцлер” болсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих болсон. Иймээс энэ олон жилийн турш А.Меркель Христосын ардчилсан холбоог ихээхэн өөрчилж, Германы Социал демократ намын байр суурийг эзэлж, энэ намыг олон нийтийн өмнө бараг л илүүц болгож харагдуулаад байна. Тиймээс Армин Лашетын оронд Маркус Зөдер Канцлер Кандидатаар гарсан бол эерэг тусах байсан болов уу хэмээн шинжээчид харж буй юм. Учир нь Маркус Зөдер бол А.Меркель болон А.Лашет нараас огт өөр. Сонгодог утгаараа Христосын ардчилсан холбооны үзэл баримтлал шингэсэн бодлого явуулах байсан. Энэ нь сонгогч нарт Социал демократ нам болон Христосын ардчилсан холбооны үнэт зүйл, бодлогыг ялгаж салгаж ойлгоход дөхөм тусах байсан юм. А.Меркель буулт сайн хийж, эвсэл, бусад намын бодлогыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж чаддаг. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхгүй гэж олон жил зүтгэсэн. Мөн эмэгтэйчүүдийн квотыг олон жилийн дараа зөвшөөрсөн явдал гэдэг. Гэхдээ зарим судлаач А.Меркелийг бөөрөнхий улстөрч гэж дүгнэдэг. Миний хувьд А.Меркелийн үед Германы эдийн засаг өсөлттэй, хамгийн гол нь тогтвортой байсан гэж хардаг. Анхнаасаа гадаад бодлогоо гадаад харилцааны сайдад даатгахаас илүүтэйгээр өөрөө тодорхойлж ирсэн. Герман А.Меркелийн үед Европын холбооны хамгийн хүчирхэг эдийн засагтай гишүүн улсын нэг болсон. Герман улс еврогийн хямралыг даван туулах бүх ажлыг дааж гарсан гэж хэлж болно. Европын нэгдлийн хамгийн хүчирхэг бэлгэдлийн нэг евро мөнгөн тэмдэгт дарамтанд орж "Хэрэв евро унавал Европ дампуурна" гэж Меркель анхааруулж байсан. Германы Засгийн газар ялангуяа өртэй орнуудад хатуу хэмнэлт, шинэчлэлийн арга хэмжээг авч чадсан. Тэрбээр "хязгаарлах соёл" -ыг "хариуцлагын соёл" -той хослуулдаг улстөрч байсан гэж дүгнэж болно.
Хэдийгээр Германд ногоон хөгжлийн бодлого 1970 оноос эрчимтэй яригдаж, хөгжиж ирсэн боловч А.Меркель энэхүү бодлогыг өөрийн болгож чадсан гэж үзэж болно.Тэрбээр “ногоон технологийг хэн хурдан сайн эзэмшинэ тэр цаашдаа дэлхийн хөгжлийг, дэлхийн бодлогыг тодорхойлох болно” гэж хэлсэн удаатай. Энэхүү ХБНГУ-ын “ногоон хөгжлийн” бодлого Германы дотоодод бүрэн дүүрэн хэрэгжээд ирмэгц бүс нутгийн хэмжээнд, эхний ээлжинд Европын холбооны улс, түүний гишүүн орнуудад түүнчлэн дэлхийн түвшинд тодорхой нөлөөг үзүүлж, дэлхийн бодлогод өөрчлөлтийг авчрах төлөвтэй байна.
-Түүний гаргасан санаанд оромгүй зоригтой эрсдэлтэй шийдвэрүүдийг нэрлэвэл, та алийг нь онцлох вэ?
-2011 оны Фукушимагийн цөмийн станцын ослын дараа туршилтын байдлаар 17 цөмийн цахилгаан станцаас наймд нь бүтэн гурван сарын зогсолт хийсэн. Цөмийн эрчим хүчийг 2022 он хүртэл хэрэглээнээс үе шаттай халах шийдвэрийг гаргасан. Мөн Сийменс Концерн Оросын РосАтом концернтай хамтран цөмийн станц барих төлөвлөгөө, Францын Арева цөмийн эрчим хүчний корпорацын 34 хувийг эзэмшиж байсныг цуцалсан. Үүний төлбөрт 649 сая еврог нөхөн төлсөн. Эхний ээлжинд дөрвөн цөмийн станцыг унтраах төлөвлөгөөтэй ажиллаж үүнд 18 тэрбум евро зарцуулахаар тооцоо гаргасан. 17 цөмийн станцыг унтраахад ойролцоогоор 19-20 жил зарцуулах тооцоо хийжээ. Тэглээ гээд Герман цөмийн эрчим хүч хэрэглэхээ хараахан болиогүй байна. Ямар ч байсан дотооддоо өөрийн газар нутагт эхний ээлжинд үйлдвэрлэхээ болиод байна. Эрчим хүчийг ногоон технологоор бүрэн дүүрэн шийдвэрлэх хүртэл, жишээлбэл Францаас л гэхэд 14 тэрбум киловат цөмийн эрчим хүч импортолдог. Ер бол Герман жилд 612 тэрбум киловат эрчим хүч хэрэглэдэг. Үүнээс 135 тэрбум киловат салхин цахилгаан станц, 91 нүүрс, 92 байгалийн хий, 64 цөмийн гэх жишээтэй. Эдгээрт тулгуурлан 2019 оны намар “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх тухай багц хууль”-ийг Холбооны улсын Бундестаг баталсан. Энэ хууль нь таван бүлэг, 15 зүйлээс бүрдсэн, газрын тос, байгалийн хийн хангамжийн хамаарлыг ямар ч тохиолдолд бууруулна хэмээн зорилго тавиад буй баримт бичиг юм. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилт 2050 төлөвлөгөөнд эрчим хүч, аж үйлдвэр, тээвэр, барилга байгууламж, хөдөө аж ахуй, хог хаягдлын менежментийн салбарууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зардлыг хуваалцах, үүнийг жилийн төсөвтөө суулгасан байх үүргийг заажээ.
-Дараагийн канцлерыг тодруулах сонгуулийг түүхэн ялалт, ялагдал гэсэн байр суурь шүүмжлэл өрнөж байна. Энэ удаагийн сонгуулийн онцлогийг юу гэж харж байна вэ?
-Бундестагийн сонгуульд намууд оролцохдоо Холбооны канцлерт нэр дэвшигчийг нам дотроосоо тодруулж түүний манлайллын дор оролцдог. 2021 онд Ногоон намын хувьд анх удаа Холбооны канцлерт нэр дэвшигчээ тодруулах асуудал яригдаж, дэвшүүлсэн. Санал асуулгад тэд 2020 оны эхэнд ГСДН-аас тогтмол дээгүүр санал авч байгаа ч ХАХ/ХНХ-ээс нэлээн хоцорч байлаа. Ерөнхийдөө бол хоёр том нам өөрсдийн нэр дэвшигчийн нэрийг тодруулдаг бол энэ удаагийн сонгуулийн өмнөх санал асуулгаар Ногоон намын рейтинг өндөр байсан учраас Холбооны канцлерт өөрийн намаас нэр дэвшигчээ дэвшүүлэхээр Удирдах зөвлөл шийдсэн. Энэ бол их онцгой зүйл болсон гэж үзэж байна.
Холбооны канцлерт өрсөлдүүлэхээр тус намын дарга 45 настай, засаг барьсан туршлагагүй хатагтай Анналена Бэйрбокийг, эсвэл намын даргын албыг хамтран хашиж буй Роберт Хабэкийг нэр дэвшүүлэх асуудал Ногоон нам дотор өрнөж эцсийн байдлаар хатагтай А.Бэйрбокийг баталсан юм.
-Германы Бундестагт болсон сонгуулийн дүн онцгой гэнэтийн зүйл байсангүй. Санал хураалт нь Ангела Меркелийн 16 жил засаг барьсан ХАХ-ны рейтинг их унасныг баталж байна гэх нь ч байна?
-Уг нь бол намын нэр хүнд 2020 оны эхэнд ч санал асуулгаар тэргүүнд байсан л даа. Миний харж буйгаар намын дотоод хагарал, мөн А.Меркелийн бодлогыг үргэлжлүүлэн авч явах өөрийн талын хүнийг канцлер кандидатаар зүтгүүлэх асуудлаас болж намын нэр хүнд унасан болов уу. Тэрбээр эхлээд Аннегрет Крамп-Карренбауэр (тухайн үед ХАХ -ийн Ерөнхий нарийн бичгийн дарга) –д намын даргын суудлыг өгүүлсэн. Ингэснээр түүнийг нэр дэвшүүлж өөрийнхөө залгамжлагчаар тодруулах алсын бодолтой байсан Канцлер Ангела Меркелийн бодол талаар болж байсан.
Бундестагийн 2017 оны сонгуулиар хамгийн олон суудал авсан хоёр нам эвсэж байгуулсан “Гроко” буюу Их эвсэл нь нэг талаас Христосын ардчилсан холбоо намуудын “Эвлэл”, нөгөө талаас Германы Социал демократ нам гэсэн хоёр том нам, эвслээс бүрдсэн Засгийн газар байсан юм. Харин 2020 оны хавар гэхэд энэхүү “Гроко” Их эвслийн Засгийн газар унасан тохиолдолд А.К.Карренбауэрт сайнаар эргэж улмаар намын зүгээс канцлерт нэр дэвших магадлал өндөр байх болно гэсэн шинжээчдийн таамаг байсныг энд дурдъя. Энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр болсон ХАХ–ын хурлаас 60 настай Армин Лашетийг намын даргаар сонгосон. А.Лашет нь А.Меркелийн бодлогыг үргэлжлүүлэх нь гарцаагүй төдийгүй ХАХ-ын дарга болсон нь санамсаргүй хэрэг биш юм. Тэрбээр Фридрих Мерцтэй бараг бүх талаар эсрэг байр суурьтай. Ф.Мерц бол А.Меркелийн хатуу шүүжлэгч гэгддэг нэгэн. Цагтаа ХАХ-ны Бундестаг дахь бүлгийн дарга явсан.
-Шинэ канцлер ирэх дөрвөн жилийн турш Европын хамгийн том эдийн засгийг удирдан чиглүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд онцгой анхаарал хандуулан шаргуу ажиллах амаргүй даалгавар биелүүлнэ гэж үзэж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнийг сонирхвол?
-Засгийн газар байгуулах асуудал ид явагдаж байна. Одоогийн байдлаар ГСДН, Ногоон нам, ГЧАН гэсэн гурван нам хамтарсан Засгийн газар байгуулахаар яриа хэлцэл хийж байна. Гэрлэн дохионы буюу Ампел Засгийн газар байгуулагдах магадлалтай ч намуудын байр суурь хэрхэн ямар тохиролцоонд хүрэхээс шалтгаална. Мөн бүтэлгүйтэх ч тохиолдол бий. Жишээлбэл, 2017 оны Бундестагийн сонгуульд 20 хувийн санал авч хоёрдугаарт жагсан ялалт байгуулж байсан Социал Демократ нам (ГСДН) ХАХ/ХНХ-тэй “Их Эвсэл” байгуулах боломжгүй, харин сөрөг хүчин болж Бундестагт суухаа мэдэгдэж байсан. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан цорын ганц “Эвслийн” хувилбар бол ХАХ, ХНХ, ГЧАН, Ногоон нам гэсэн дөрвөн намаас бүрдсэн “Ямайкийн Эвсэл” байсан. Гэвч Ямайкийн Эвслийг байгуулахаар хэлэлцээр эхэлснээс хойш дөрвөн долоо хоногийн дараа ГЧАН-ын дарга Кристиан Линднер бүтэлгүйтсэн гэж мэдэгдэж байв. Уг асуудлаас улбаалан Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер (ГСДН) намуудын удирдлагуудтай уулзаж, Бундестагт сонгогдсон гишүүдэд нийтийн эрх ашгийн өмнө хүлээх үүргээ биелүүлэн, Засгийн газраа байгуулахыг хатуу сануулсан байдаг бөгөөд эцсийн дүнд ХАХ/ХНХ нь ГСДН –намууд “Их Эвслийн” Засгийн газрыг байгуулсан байдаг. Засгийн газар мэдээж уур амьсгалын өөрчлөлтөд онцгой анхаарахаа мэдэгдээд байгаа.
Германы Засгийн газар Киотогийн протоколд заасан үүргийн дагуу 2012 он хүртэл хүлэмжийн хийн тархалтыг 21 хувиар бууруулах байсан ч, 23 хувиар бууруулсан. Мөн Их эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар Бертелсманны сангаас гаргасан судалгаанд 2020 оны эхний улиралд мөрийн хөтөлбөрийнхөө гуравны хоёрыг биелүүлсэн гэжээ. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагаатай харьцуулбал энэ нь хавьгүй сайн үр дүн юм. “Гроко”–ийн баталсан мөрийн хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээний багц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хийсэн гэсэн дүгнэлт бий.
Аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид, цаашилбал иргэд төр, хувийн хэвшил гээд нийгмийн бүх салбаруудыг уур амьгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулахад татан оролцуулж, үүнийг хуульчилж байгаа нь хэрэгжих магадлалыг нэмэгдүүлж байна. Германы Засгийн газрын зүгээс тодорхой санхүүжилтийг хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал цөмийн аюулгүй байдлын яамны төсөвт суулгаж өгөх, мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх тусгай сан байгуулж шийдвэрлээд байна. Европын түвшинд уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр бүс нутгийн буюу бүтцийн бодлого гэж нэрлэдэг Европын бүтцийн санхүүжилтийг хэрэгжүүлдэг. Уг санхүүжилтийн бодлогын хүрээнд, Европын бүс нутгийн хөгжлийн сан, нийгмийн сан, нэгдлийн сан гэсэг нийт гурван санг хэдийнэ байгуулсан. Бүтцийн санхүүжилтийн ихээхэн хэсгийг буюу Европын холбооны хэмжээнд 137 тэрбум еврогийн санхүүжилтийг уур амьсгалын өөрчлөлтийг таслан зогсоох, байгаль орчин хамгаалах ажилд төсөвлөөд байна. Хэрэв энэхүү төсөв хэтэрсэн тохиолдолд Герман алдагдлыг нөхөх саналыг оруулж баталсан.
-Нэг зүйлийг онцгойлон асууя. Германы намууд эрэгтэй, эмэгтэй хоёр даргатай болсон нь анхаарал татаж байгаа?
-Германд намууд хоёр буюу хосолсон удирдлагатай байдаг тогтолцоо, уламжлал бий. Олон хүнтэй том намуудыг ганц хүн удирдах хүнд биз дээ. Эрэгтэй, эмэгтэй удирдлагын хувьд энэ бол тохиолдол биш бодлого гэж харж болно. Тухайлбал, 2020 онд Их эвслийн Засгийн газрын зөвшилцөлд хүрсэн өөр чухал нэг зүйл бол “Сонгуулийн хууль”-д өөрчлөлт оруулсан явдал юм. Уг зөвшилцлийн нэг нь эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэх гэсэн зүйлийг Их эвслийн хорооны тогтоолын баримт бичигт оруулсан байдаг. Хуулийн нэмэлт өөрчлөлт нь хоёр үе шаттайгаар хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2021 оны Бундестагийн сонгуулийн журамд бага зэргийн өөрчлөлт орсон байгаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.12 МЯГМАР № 200 (6677)