Монголын Томас Эдисон буюу Лувсангийн Хүрэлбаатар

2021-10-04
Нийтэлсэн: Админ
 16 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Энэ эрхэм хүний тухай миний хувьд төдийлөн сайн мэдэхгүй л юм шигээ. Уг нь 1980-аад оны сүүлч үед түүнийг ЭМЯ-ны хэвлэлийн нэгдсэн редакцид Хариуцлагатай нарийн бичгийн дарга байхад нь танилцаж байлаа. 
Нэг чигийн ажил албатай бас сэтгүүлч гэдэг талаасаа хааяа уулзалдах. Тэгэх зуур үлгэр ч шиг, зөгнөл ч аястай юмыг тэр их ярих. Над мэтэд ойлгохгүй юм голдуу даа. Тиймээс түүний ярианд төдийлөн ач холбогдол өгөхгүй шахам өнгөрөөнө. Яршигтай юм шиг санагдах үе байсныг ч нуугаад яахав. Гэтэл мань хүн тун алсын хараатай өөрт оногдсон ганцхан толгойдоо олон юмыг эргэцүүлэн явдаг нэгэн байсан нь одоо бодоход ил байна даа.
Лувсангийн Хүрэлбаатар өнөөдөр хэн болжив. Ямар алдар хүндтэй хүн байгааг хар л даа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор цолын эзэн. Уг нь жирийн нэг бизнесмен хүн л дээ. Тэгтэл тэр зүгээр бизнесээ хөөгөөд явсангүй. Хийж бүтээхийн хажуугаар эрдмийн ажилд мэдлэг оюунаа зориулж чадсанаар нүүр бардам хэлэх олон олон бүтээлтэй яваа юм билээ. 
Гучин жилийн өмнө "Монэмимпекс"-ийн орлогч дарга гэдэг том албан тушаалтай унаа машинтай, өндөр гэхээр цалин цуухтай байсан нөхөр нэг өдөр Монос хэмээх нэртэй хувийн жижигхэн үйлдвэр байгуулж хавь ойрынхондоо "толгой нь эргэсэн амьтан" хэмээн дуудуулж явсан. Ганцхан умгар өрөөнд болгоно доо гэсэн хүсэлтэй сууж байсан нэгэн өнөөдөр Монголдоо төдийгүй гадаад орнуудад нэртэй 30-аад салбар компанийг нэгтгэсэн Монос гэдэг том группийн ерөнхийлөгч болсон байх юм.
Ер нь Л.Хүрэлбаатарын бүтээлийн тухай лавхан мэдэхийн сацуу түүнийг олноос онцгой нэгэн гэж магтахаас өөрцгүй санагдав. Нэгэн баримт дурдахад монголчуудын нэг хэсэг түүнийг Монголын Томас Эдисон гэх нь бий. Яагаад гэхээр дэлхийн нэрт зохион бүтээгчдийн нэг, авьяаслаг бизнесмэн Томас Альба Эдисон 1847-1931 онд амьдарч байсан бөгөөд цахилгаан гэрэл, нүүрстөрөгчийн эсэргүүцэлтэй харилцах утас, кино болон дуу бичлэгийн техникүүд, зай зэрэг асар олон зүйл зохион бүтээсэн хүн юм. Мөн туршилт, судалгаа хийх урьд өмнө байгаагүй үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний лаборатори байгуулсан байдаг.
Тэгвэл энэ аугаа хүний хийсэн бүтээсэнтэй эрдэмтэн, бизнесмэн  Л.Хүрэлбаатарынхыг жишээд үзье. Тэр эмзүй, гоо сайхны болон биологийн идэвхт 50 гаруй бэлдмэлийг бүтээжээ. Мөн Томас Эдисон дэлхийд анхны үйлдвэрлэлд зориулалттай том лаборатори байгуулсан гэдэг. Тийм бол Л.Хүрэлбаатар шинжлэх ухаанч санаачилгаараа анхны зохион бүтээх жижигхэн тасгаа өргөжүүлээд эрдэм шинжилгээний төв, бүр хөгжүүлж эм судлалын хүрээлэнтэй болжээ. Хийсэн бүтээснийх нь гол нэг хэмжүүр нь оюуны бүтээлийн 54 патент эзэмшдэг юм. Тэгвэл Томас Эдисон гэгч 1000 гаруй нээлт, бүтээлийн эрх авсан байсан гэх. Энэ бол тоондоо биш хийсэн бүтээснийх нь агуулга, арга зүйгээрээ тун адил байгаа биз. Тиймийн учир Л.Хүрэлбаатарыг Томас Эдисон гэж нэрлэсэн нь оносон байна шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Бичигч миний хувьд дандаа шинийг эрэлхийлэгч гэдэг тодотголыг Л.Хүрэлбаатар гэдэг хүний нэрийн өмнө таарна гэж бодов. Урьд нь зөндөө л олон сайхан бүтээлтэй хүний тухай бичиж сурвалжлахдаа тийм тодотголыг зүрхэлж хэрэглээгүй ээ. Ер нь цагаан магтаал урсгаснаас ганц, хоёр оновчтой үг, тохирсон зүйрлэл хэлчих юм бол тэр хүний хөрөг аяндаа болоод ирдэг шиг санагддагийм.
           *        *        *
Л.Хүрэлбаатар бол Монос группийг үндэслэгч нь аргагүй л мөн. Монгол оронд нийгмийн шинэ тогтолцоо бий болж, олон түмэн ямар ч бэлтгэлгүйгээр зах зээлд хөл тавиад дасаж ядаж байсан 1990-ээд онд улс орны эдийн засаг хямарсан, бүхний амьдрал тааруу цаг байлаа. Тэр үед Сайд нарын зөвлөлийн тогтоолоор хувийн жижиг 13 үйлдвэр хаалгаа нээсэн гэдэг. Түүний нэг нь Монос байв. Өнөөдөр харахад ч тэднээс ганцхан Монос л үлдэж дээ. Үлдэх үлдэхдээ 20 гаруй салбар компанийг нэгтгэсэн том групп болж томорчээ. 
Эм, гоо сайхны бүтээгдэхүүн хийж эхэлсэн тэр үйлдвэрээ Монос гэж нэрлэж. Монос гэхээр хэн хүнгүй голын эрэг дагаж ургадаг өнгө бүрийн навч нахиатай нэг модны тухай бодолд ордог. Тэгвэл тийм биш. "Мон" гэдэг нь Монгол, "О" нь оюун, "С" нь санаа. Нийлүүлээд хэлэхээр Монголын оюун санаа гэсэн өргөн утга агуулгатай нэр юм билээ шүү дээ. Л.Хүрэлбаатар өөрийгөө бүтээлч хийгээд анхдагч байхыг эрмэлздэг гэж хэлдэг хүн. Тэрнийгээ амьдралд хэрэгжүүлэхийн тулд шинийг байнга эрэлхийлэх сэтгэн бодоход хамаг цаг, заваа бардаг байсан. Одоо ч тийм. Анх үйлдвэрийнхээ эх суурийг тавьсан тухай ярих нь бараг л үлгэр мэт санагддаг. 
-Ер нь би чинь тухайн үедээ боломжийн алба ажилтай бас дарганцар нөхөр байлаа. Монэмимпекс гэдэг том байгууллагын орлогч дарга 800 гаруй хүн удирдаж явлаа. Гэтэл хувийн үйлдвэр байгуулахаар болж ажлаасаа гарсан. Тухайн үед зах зээл гэдэг юмны талаар хүмүүс огт буруу ойлголттой. Хөрөнгөтөн орны л эдийн засгийн арга хэрэгсэл гэж. Иймээс хувийн үйлдвэрт ажиллах хүн олдохгүй хэцүү байв. Ойлгосон нэгэн байлаа ч айдаг. Ийм л цагт би 65 настай тэтгэврийн нэг эмэгтэй, аравдугаар анги төгсгөөд ажил сургуульгүй байсан хоёр охин олж авсан. Тэд миний анхны ажилчид. Гэтэл бас мөнгө дутмаг. Өөртөө байгаа арай үнэ хүрэх өнгөт зурагтаа зарж тэр мөнгөө үйлдвэрээ авч явах "амь тариа" болгосон гэж дурсдаг. 
Тэгээд үйлдвэрлэлээ юунаас эхэлсэн бэ гэвэл эмийн ургамал түүсэн. Гэтэл ямар ч багаж техникгүй учир түүнийгээ шуудайд хийж үүрээд эмийн ургамал бэлтгэх контор руу очно. Бас хөгжилтэй ч гэмээр юм уу шил архитай очоод машины техникчтэй нь хувааж уугаад 2-3 шуудай ургамлаа нунтаглуулна. Түүнийгээ 10-20 граммаар цаасан уутанд савлаж хэрэглэх аргыг нь бичиж хийгээд л зарна. Эрүүл мэндэд тустай гэхээр хүмүүс гайгүй авна. Ийм дүр зургаар ажиллаж эхэлсэн юм билээ Монос-ынхон.
Гоо сайхны бүтээгдэхүүний анхных нь "Булга" гэдэг тос. Л.Хүрэлбаатарын анхны бүтээл гэж ч болно. Бас долоогоны ханд гаргах аппаратыг мөн л өөрөө бүтээжээ. Тухайн үед Төрхурахын сангийн аж ахуйд булга үржүүлдэг. Булгыг арьсыг нь аваад махыг хаядаг байв. Тэгэхээр тэр махнаас нь өөхийг нь ялган авч хайлуулаад нүүрний "Булга" гэдэг тос хийсэн нь тун бүтэлтэй болсон гэдэг. Эртний ном сударт булга гэдэг амьтны тосоор монгол хатад нүүрээ цэвэрлэдэг байсан тухай бичигдснийг олж мэдээд тиймийг сэдсэн байгаа юм. 
Л.Хүрэлбаатар ажил мэргэжлийн хувьд эмзүйч. Харин эрхэлдэг алба гэхээр бизнесмэн гэдэг ангилалд багтдаг.  Гэтэл санасан сэдсэнээ ажил болгохдоо шинжлэх ухааны талыг голчилдог. Тиймдээ бизнесмэн, эрдэмтэн гэдэг тэс өөр ажил үүргийг нягт холбож чадсанаар амжилтад хүрсэн гэж болно.  Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэж монголчууд хэлцдэг. Тэгвэл Л.Хүрэлбаатар гэдэг хүнд тэр чанар бий. Бас хүчтэй хүсэл тэмүүлэл ч байдаг. Энэ эрхэмд алдар хүнд, албан үүрэг алхам тутамд нь нэмэгдээд байдаг аж. Хөндлөнгөөс харахад тэр бүхэн яасан их чөдөр тушаа болдог байх гэмээр л. Гэхдээ тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь нь тэгж тэлснээр хийх бүтээх хүсэл эрмэлзлэлийг нь улам нэмдэг бололтой. Аяндаа олдсон хийсвэр бодлоос үнэнийг олж мэдэхээр зүтгэх хүч болно ч гэж хэлэм. 
Энэ хүний нэрийн өмнө Монос группийн ерөнхийлөгч гэдэг албан тушаалын ардаас эмзүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич, эмзүйн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч, Эмзүйн шинжлэх ухааны их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга гээд л тохоон томилсон болон сонгуульт ажлынх нь нэр хөвөрдөг. 
Түүний бүтээлийн жагсаалт ч тоочоод барамгүй. Дээр хэлснээр гоо сайхны зориулалттай бүтээгдэхүүний анхных нь "Булга" тос бол удаад нь Марал. Эм гэвэл "Таван салаа" анхдагч нь. Өнөөдөр олон мянган хүний хэрэглээ болж байгаа Салимон, Дентамон, Нефромон, Читамон, Эквалкор, Тонзилмон зэрэг эм болон Биомон, Биоген гэсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг мэдэхгүй хүн ховор л доо. Эдгээр бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн гэж түүнд төрийн шагнал олгосон юм шүү дээ. Басхүү тэдгээрээс улам илүү ихийг бүтээсний төлөө энэ онд Л.Хүрэлбаатарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гэдэг дээд цол хүртээсэн нь оносон шагнал гэж олон хүн хэлдэг. 
Монголчуудаа өвчин зовлонгүй, эрүүл саруул байлгая гэсэн буянтай үйлс бүтээж байгаа болохоор Монос эмийн санг зоригсод, тэндээс эм тан залсан хүн бүхний сэтгэлд заавал нэг бүлээн дулаан юм бодогддог болж. Мөнхүү Монос-ийнхны эрхэм зорилго гэж бий. Монгол оюун санааг дэлхийд таниулж, монголчуудаа эрүүл, жаргалтай амьдруулах нь бидний зорилт гэсэн үгс компани бүрийнх нь байранд байдаг юм билээ. Л.Хүрэлбаатараас "Та юунаас их урам зориг авдаг вэ?" гэхэд:
-Зорьсон ажлынхаа цаана гарах, хүссэнээ ажил болгоход их урамтай байдаг. Бас миний болоод манай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглээд эдгэрлээ, бие сайн болсон гэж хүн хэлэх том шагнал шүү дээ гэж байсан.
Эрдэмтэй, мэдлэгтэй байхын хажуугаар аливааг сонирхох сониуч зан түүнд бий. Сониуч гэдэг нь зүгээр өнгөц хандлага гэсэн үг биш. Хаа нэгтэй ном судраас олж мэдсэнээ ажил бүтээл болгохын үүднээс түүнийгээ шинжлэх ухаан талаас нь судалж баталгаажуулах олон талын шат бүхий ажлын эхлэл юм л даа. Монголын уламжлалт анагаах ухааны олон зуун жилийн түүхээс шүүж авсан бүгдийг ажил болгох гэж мэрийдэг нь Л.Хүрэлбаатарын эрдмийн ажлын нэг онцлог нь юм. Нэг эмийг 18 жил оролдоод төгс төгөлдөр болгож чадаагүй байх нь бий. Гэтэл зарим эмийг 5-6-хан жилийн дараа хэрэглээнд гаргачих тохиолдол бас байдаг гэнэ. Мөн нэг эмийг 30 мянга хүргэж үйлдвэрлэж байхад нөгөөг нь тавхан мянга хийх нь бий. Тэгэхээр эмийн компани ашиг олно гэдэг хэцүү. Энэ тухай тэр ярихдаа:
-Олныхоо эрүүл мэндийн төлөөх буянтай ажлаа тасалдуулахгүй гэж бусад компанийнхаа ашгийг эмийн судалгаа, үйлдвэрлэлдээ нэмэрлэдэг гэж байсан. Ерөөс хуулиар бол 10 сая хүнтэй бол зах зээл байна гэж үздэг гэдэг. Тэгвэл Монголын маань хүн ам хэд билээ. Үүнд л зохицуулж үйлдвэрлэлээ явуулдаг байх юм. Хүн гэдэг цаг хугацааны хүлээлтэд амьдардаг болохоор Л.Хүрэлбаатарын нэг том мөрөөдөл он дамжин явсаар 2016 онд л биеллээ олсон нь Смарт эмийн үйлдвэрийн цогцолбор. Ийм үйлдвэртэй болсноор гаргаж байгаа бүтээгдэхүүн бүхэн нь орчин үеийн дэвшилтэт технологийн дүнд дэлхийн стандартад нийцсэн чанар чансаатай болж байгаа юм. 
ОХУ-д үйлдвэрлүүлж байсан Нефромон гэдэг эмээ одоо Монголдоо үйлдвэрлэж байна. Биомон гэдэг бүтээгдэхүүнээ Японд гаргаж байгаа. Хойд, урд хөршөөс гадна АНУ, Япон гээд олон оронд МОНОС-ын бүтээгдэхүүн танил болсон. Бас Л.Хүрэлбаатарын нэг зорилго нь хувьцаат компанийг сонгодог утгаар нь байгуулах гэсэн санаа биеллээ олов. Тэр нь "Монос хүнс" компани. Монголын уламжлалт анагаах ухааны өвд өөр өөрийн онолтой олон мянган жор бий. Түүнийг тэжээхүйн ухаан гэж ном сударт тэмдэглэжээ. Уг жоруудаас сонгож аваад шинжлэх ухааны талаас нь баталгаажуулж хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хийх зорилго бас бий. Үүний нэг нь түмний хэрэгцээнд саявтархан очоод байгаа "Шүлтлэг ус"-ыг нэрлэж болно.


*        *        *
Их хүний тухай богинохон намтар хэлье. Л.Хүрэлбаатар дунд сургуульд байхдаа "Пионерийн үнэн", "Залуучуудын үнэн" сонинд мэдээ, фото зураг нийтлүүлдэг сэтгүүлч болох сонирхолтой авьяаслаг нэгэн байж. Тэгээд 10 дугаар ангиа онц дүнтэй төгсгөөд ЗХУ-ын тухайн үеийн Пятигорск хотод эм зүйн дээд сургуульд элссэн байдаг. Сургуулиа төгсгөөд ирмэгц нь Эмийн сангуудыг удирдах конторын дарга болгочихож. Тийнхүү 22-хон настайгаасаа эмзүйн салбарт хүчин зүтгэжээ. Тэр цагаас эхлээд бас бус алба хашсан ч эрдмийн ажилд хамаг бүхнээ зориулж яваа. Эзэн нь тийм учраас МОНОС-ын бүтээгдэхүүн бүрээс шинжлэх ухаан ханхалдаг гэж болно. 
2004 онд Европын холбооны мэдээллийн академид "Уламжлалт анагаах ухааны эмнэлзүй, эмзүйн зарим асуудлууд" гэсэн сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Эрдэмтэн, судлаач хүний хувьд тэр гоо сайхны бэлдмэл, эмийн болон биологийн идэвхт 50 гаруй бүтээгдэхүүний зохион бүтээгч нь. 
Эхнэр Эрдэнэхишиг нь физикийн багш хүн болохоор их тусалж дэмжинэ. Тэр ч байтугай Биомон гэдэг бүтээгдэхүүнийг эхнэрийнхээ бүтээл гэж хэлэхийг нь мэднэ. Дээр нь зарим эмийн ургамлыг тарималжуулах туршилтыг хамжин хийж үр дүнд хүрчээ. Тиймдээ оюуны бүтээлийн 54 патентийг эзэмшдэг. Ингээд бодохоор эрдэм оюуныхаа ачаар бий болгосон тийм олон брэнд бүтээгдэхүүний эцэг гэхээр Лувсангийн Хүрэлбаатар гэдэг хүн өөрөө Монголын брэнд юм даа гэсэн бодол төрнө. "Би баян хүн биш харин шинэ санаагаар арвин хүн" гэж хэлдэг нь үүний баталгаа юм. 
Түүнийг бичигч миний хувьд аз нь алгандаа багтсан хүн гэж хэлмээр байгаа юм. Гэхдээ аз гэдэг аяндаа ирдэг юм биш ухаан хийгээд сэтгэл дагаж ирдэг. Нэг үгээр хэлбэл бурханы хишиг гэлтэй. Л.Хүрэлбаатар нэгэн жаран илүүгийн амьдралыг элээхдээ нэгэн биед ахадмаар их ачаа үүрч явааг хэлэхгүй өнгөрвөл алдас болох биз. Юуны өмнө түүнийг Монголын зохиолч, яруу найрагчдын жагсаалд багтах учиртай хүн гэдгийг онцлоё. Яруу найргийн түүвэр "Шаргал навчис" номоо уншигчдад хүргээд амжсан бол цаанаа өгүүллэг тууж зөндөөнийг бичсэн байдаг юм. Бас ямар завандаа ч юм гэмээр залуудаа спортод дуртай явж. Сагсанбөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, хоккейн төрлөөр хичээллэж үзсэн. Үзэх төдий биш шатар, ширээний теннисээр зэрэгтэй тамирчин явсан юм билээ. Энэ бол намтар юунд нь чимэг болсон үнэн баримт. Басхүү чөлөө цагаараа сонгодог хөгжим сонсдог. Достоевский, Марк Твейн нарын зохиолыг алдалгүй уншина. Англи, орос хэлээр гарсан номуудыг эргүүлж суухаа жаргал гэж боддог. Ийм л нэгэн. 
Англи, орос, герман, монгол хэлээр 200 гаруй эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлснээрээ дэлхийд данстай болсон хүн гэж бас болно. Түүнд баячуудын нэг болохсон гэсэн санаа байдаггүй. Харин монгол ухааныг дэлхийд таниулах юмсан, эх орноо хөгжүүлэхсэн, ард олноо эрүүл энх байлгахсан гэсэн чин санаа, хүсэл тэмүүлэл бий. 
Ингэхээр энэ Л.Хүрэлбаатарыг дэндүү магтлаа гэж хэлэх хүн байж мэднэ л дээ. Би энэ удаа алдааг нь олж харах гэж мэрийгээгүй ээ. Удам угсаань ямар юм бол гэхийг ч урьдал болгоогүй. Харин түүнийг жаахан гаж зөрүүд зантай гэж хэлэх хүн бол тааралдаж л байсан. Тэгвэл үү их юм уншсан мэдсэн хүнд нэг содондуу зан байж болдог доо. Тэр өөрийнхөө санаа бодлыг ойлгосон хэнтэй ч хэдэн цаг ярьж магадгүй л. Тэр нь өөрт нь зохьсон мэт ажиглагддаг. Хэтийдсэн гэмээр гүн сэтгэлгээтэй, туждаан ухаарал илэрхийлсэн эргэцүүлэлтэй байж түүнийгээ шинжлэх ухаанчаар баталгаажуулж чаддаг болохоор бүтээлүүдээс нь мөнхийн гэж хэлэм зүйлүүд зөндөө бий.
Гуч гаруй жилийн өмнө Монголд бий болсон 10 гаруй хувийн жижиг үйлдвэрээс зах зээлийн хатуухан сорилтыг давж туулсан нь МОНОС гэж дээр хэлсэн.
Тэгвэл МОНОС яагаад ганцаараа тэсч үлдсэн. Одоо жишихийн аргагүй том групп болсон юм бэ. Тэгвэл нэгдүгээрт эхэн үеэсээ багаа зөв бүрдүүлсэн, хоёрдугаарт хүний оюун санаагаар бүтсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ маргашгүйгээр шинжлэх ухаанд суурилсан явдал юм.
*        *        *
-Хүн зорилготой явах учиртай юм шүү. Авьяас чадвар гэж ямар хэмжээтэйг би мэдэхгүй. Тиймээс том зорилго, түүндээ хүрэх тэмүүлэлтэй байсан хүн амжилтад хүрнэ. Зорилго том байж болно. Тэрнийгээ шаталж хуваавал бүтэх нь амархан. Басхүү хугацаагүй, цаасан дээр буугаагүй зорилго бол зорилго биш. 
Энэ бол Л.Хүрэлбаатарын бусдад өгөх сануулга үг. Түмэн олныхоо төлөө буянтай ажил үйлээ улам арвижуулж цаашлаад уламжлалт анагаах ухаанд түшиглээд эмчилж, эдгэрүүлж чадахгүй байгаа зарим өвчнийг анагаах арга ухааныг олж Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үйл хийхийг хүсч яваа нь бизнесмэн, эрдэмтэн Л.Хүрэлбаатарын хамгийн нандин хүсэл мөрөөдөл ажээ. Энэ тухайгаа ярихдаа "Би олон юмыг хийж бүтээхийг мөрөөдөж байна. Хийнэ ч гэж боддог. Боломж ч бий. Туршлага байна. Харин мэдлэг дутаж байна гэж өөрийгөө голонгуйхан хэлдэг юм билээ. Наад зах нь түвд хэлний мэдлэгээ сайжруулж эртний судруудыг уншиж судлахыг урьтал болгож байгаа гэнэ. Басхүү түүний сэтгэл санааг эмзэглүүлж байдаг зүйл олон. Эндээс тэмцэгч чанар нь харагддаг. Монголчууд оюун, сэтгэлгээний хувьд хямарчихсан явна. Дийлэнх хэсэг нь бие даах чадвараа алдчихаж. Энэ бол социалист нийгмээс үлдсэн зүйл.  Зарим хүмүүс улс өгөх ёстой, би авах ёстой гэж бэлэнчилж тэнгэрээс хур гуйх адил суух нь элбэгшиж. Бусдаасаа илүү явааг хөрөнгөтөн, олигархи гэж адлах янзтай. Ядуу зүдүү амьдарч буйгаа төр, засгийн буруу гэж эндүүрэх явдал ч байгаа гэсэн үг түүний санаа.
Л.Хүрэлбаатарын албан тасалгаанд ороход ард талд нь Эзэн Чингис хааны залуу үеийнх болов уу гэмээр хөрөг, жижиг ширээн дээр нь их зохиолч Д.Нацагдоржийн бодлогошронгуй зураг, хажуу хананд авьяасын тэнгэр гэгдэх зохиолч Р.Чойномын бас есөн өрлөгийн нэг Шихихутагийн том хөрөг байх юм. Үүнийг хараад бас уламжлал гэж их ярьдгийг бодохоор сүрхий үндсэрхэг үзэлтэн юм уу гэмээр. Гэтэл тэрэндээ биш их ухааныг, авьяас чадварыг, гүн бат мэдлэгийг шүтдэгтээ л алдартнуудын хөрөг дунд амьдардаг юмсан билээ. Ингээд эрдэмтэн, судлаач бизнесмэн Лувсангийн Хүрэлбаатарын дотоод ертөнцийг тэмтэрч түүний бүтээлүүдийн нандин хийгээд түмэнд тустайг, биширч чадах ядахаараа энэ бяцхан хөргийг тэрлэвэй. 
Энэ хүний түүхэн цаг хугацааны нүүдэл үргэлжилж байна. Түүн лүгээ монголчуудын оюун ухааны их нүүдлийн хөтчийн нэг нь Л.Хүрэлбаатар гэдэг эрхэм билээ гэсэн үгийг нэмж хэлмүү.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.4 № 194 (6671)

чи мэддэггүй юмуу мэдэн будилаад байна уу? амбага гэдэг агуу хүний бие оюун ухааныг нь гуч шахам жил ашиглаад өнөөдрийн байдалдаа хүрснийг учир мэдэх хүмүүс ярьдаг юмшүү!!!???
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

12 цаг 8 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

15 цаг 43 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

22 цаг 41 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

22 цаг 41 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

22 цаг 41 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

Уржигдар 18 цаг 55 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Уржигдар 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Уржигдар 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Уржигдар 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

2024-12-25