Б.Мөнхбат: Аюулгүйн шошго аялагчдад итгэл төрүүлнэ

2021-09-14
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Р.ОЮУН 

Энэ удаагийн “Бизнес, хөгжил” булангийн зочноор “Jamo Grand” аялал жуулчлалын компанийн менежер Б.Мөнхбатыг урилаа. 

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлал зогсонги байлаа. Танайх энэ үеийг хэрхэн давж гарав?
-Манай “Jamo Grand” компани аялал жуулчлалын цогц үйлчилгээ үзүүлдэг. Гадаадаас жуулчдад монгол аяллын бүтээгдэхүүн борлуулдаг гэсэн үг. Мөн дотоодын жуулчдыг хүлээж авдаг гурван өөр жуулчны баазтай. Энэ нь Өмнөговь, Хөвсгөл аймаг болон Тэрэлж юм. Цар тахлаас болж тэг зогсолт хийснээс гадаад жуулчдын урсгал байхгүй болсон учраас бизнес маань зогссон. Аялал жуулчлалын цогц үйлчилгээ үзүүлдэг гурван баазын нэг буюу Тэрэлж дөрвөн улирал зогсолтгүй үргэлжилдэг болохоор дотоодын үйлчлүүлэгчид рүү анхаарч, тэдэнд тохирсон үйлчилгээ үзүүлсэн. Гадаад, дотоодын жуулчдад үзүүлэх үйлчилгээ, хүлээлт өөр байдаг. Бид зөвхөн гадаадын жуулчдын хамааралгүйгээр бизнесээ яаж өргөжүүлж болох вэ гэсэн чиглэлээр ажиллаж байна. 

 

-Цар тахлын дараах аялал жуулчлалыг хэрхэн харж байна вэ?
-Цар тахлын дараа жуулчдыг шууд ирэхийг хүлээж болохгүй. Хүмүүс аялахыг хүсээд хоёр жил болж байгаа ч гэсэн айдас бий. Үүнээсээ болж аялж эхлэх тэр бүс нутаг нь дотооддоо байх юм шиг байна. Бидний голлон авдаг зах зээл АНУ. Монголыг зорьдог өндөр настнуудыг ажиглаж байхад эхлээд АНУ-д аялаж байна. Эрүүл мэндийн систем хөгжсөн, аюулгүй үйл ажиллагаа явуулах стандарт нь хөгжсөн тэр бүс нутаг руу буюу Европ руу аялж байна. Тэгээд эцсийн бүлэгт Төв Ази буюу Монголыг зорьдог. Бид аялал жуулчлалаа хурдасгахын тулд аялал жуулчлалын байгууллагаас зөвлөж байгаа зөвлөмжүүдийг дагана. Үүний нэг нь аюулгүйн шошго авах. 

 

-Хөл хорионы үеэр дотоодын жуулчдын тоо хэр нэмэгдсэн бэ?
-Компанийн орлого, ашгийн хувьд болохоор зах зээл юм байна гэж харсан. Түүнээс шууд эерэг нөлөө одоогоор харагдахгүй байна. Том зургаар нь харахад COVID-19 дотооддоо аялах соёлыг бий болгож байгаа нь харагдсан. Зуны тодорхой саруудад жуулчны бааз дүүрсэн. Зөв сайн үйлчилгээтэй, бүтээгдэхүүн байхад мөнгө төлөх чадамж монголчуудад байна. Бид монголчуудаа дутуу үнэлдэг байж. Тохирсон үйлчилгээг нь гаргаад өгчихвөл төлөх чадвар байна. Өмнө нь гадаадын жуулчдыг бааздаа буулгахдаа монголчуудаа авдаггүй байсан. Ирэх жилүүдэд монголчуудаа авна. Монголчууддаа зориулсан үйлчилгээг хийж болох юм байна гэдгийг харсан. 

 

-Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас аюулгүй аялах шошгыг олгож эхэлсэн. Танай компани авсан юм билээ. Ямар шалгуураар энэ шошгийг авдаг юм бэ?
-Дэлхийн аялал жуулчлалын байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэл гарсан үед гарсан тохиолдолд ямар арга хэмжээг сандралгүй авах вэ гэдгийг үйлчилгээнд нэвтрүүлэх гэж энэ шошгийг гаргасан юм билээ. Аюулгүй аяллын шошгыг Монголын аялал жуулчлалын хөгжлийн төв олгож эхлэхэд нь манай компани өнгөрсөн сарын 16-нд авсан. Мэдээж цар тахалтай үед бид үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгээ байгууллагын хэмжээнд ярина. Нөгөө талдаа үйлчлүүлэгчдээ яаж хамгаалах вэ гэсэн үндсэн хоёр зүйл байгаа юм. Үүнийг авсны дараа үйлчүүлэгчдэд итгэл төрнө. Энэ байгууллагаар үйлчлүүлэхэд эрсдэл гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах юм бэ гэдгээ мэддэг юм байна. Байгууллагын үйл ажиллагааны түвшинд ч олон шинэчлэл хийж байгаа юм. Шошгыг авахын тулд бид ямар стандарт, дүрэм журам боловсруулах, гараагүй байхад нь ямар урьдчилан сэргийлэх журам байх юм. Гарсных нь дараа ямар журмаар энэ бүхнийг хийх юм бэ гэдгийг байгууллагынхаа хэмжээнд ажилчдаа сургах ёстой. 

 

-Аюулгүй аялал гэж юуг хэлээд байна?
-Аюулгүй аялал гэдэг нь цар тахалтай ч ямар арга хэмжээ авахыг мэдэж байгаа тэр газраараа үйлчлүүлэхийг хэлэх байх. Өвчин хаана ч байгаа юм чинь миний үйлчүүлж байгаа байгууллага үүнээс яаж урьдчилан сэргийлж чадах вэ гэдгийг аялагч өөрөө мэдэж байгаа. Манайх байнга сургалт зохион байгуулж байгаа болохоор одоогоор үйл ажиллагаа эрхэлж байгаа дөрвөн улирлын баазын ажилчид, амрагчдаас эерэг тохиолдол гараагүй. Бид аль болох гаргахгүй байх талаас нь ажиллаж байна. Анх ирж байгаа үйлчлүүлэгчид болон ээлж солигдоод буцаад ирж байгаа ажилчиддаа ямар шаардлага тавих юм. Шинжилгээгээр сөрөг гарсан бол манайх вакум орчин болно. Гаднаас ирж байгаа үйлчлүүлэгчид стандартын дагуу зөвлөмжийн дагуу шалгаж авна.

 

-Аюулгүй аяллын шошгын ач холбогдол юу вэ?
-Харахад шошго юм шиг хэрнээ цаад талдаа Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын стандартын дагуу үйлчилгээгээ хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэсэн үг. Ажилчид, үйлчлүүлэгч эрсдэлтэй нүүр туллаа гэхэд компанидаа мэдэгдэнэ. Цааш нь эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэний дараа тусгаарлана, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгсний дараа ариутгал халдваргүйтгэлээ хийж хэвийн ажиллагаандаа орно гэсэн гинжин хэлхээ эргэлдэж байгаа юм. Энэ шошгыг авснаар энэ байгууллага Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын журмыг мөрдөж байгаа байгууллага юм байна гэдгийг мэдэх боломжтой. Манайхан энэ шошгын талаар одоохондоо сайн мэдэхгүй байх шиг байна.       

 

-Монгол Улсын хөгжлийн нэг салбар нь аялал жуулчлал. Энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд юуг анхаарах ёстой вэ?
-Аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхэлж байгаа байгууллагууд энэ бизнес ямар байдгийг мөн ямар эмзэг гэдгийг нь ч сайн мэдэж байгаа. Тиймээс бид өөрсдөө энэ бизнесээр орлогоо олж байгаа капиталаа сайн сургах ёстой юм байна. Шийдвэр гаргах байгууллагуудаас гадаадын жуулчиндаа илүү тодорхой журмуудыг бий болгочихвол жуулчдаа хүлээгээд авчихна. Олон жилийн туршлага, сургалт, бүтээгдэхүүнээ мэдэж байгаа гэдэг утгаараа хүлээж авахад бэлэн байгаа. 

 

-Гадаадын жуулчид Тэрэлжид очих сонирхолтой байх шиг санагддаг?
-Өрөөсгөл ойлгож болохгүй. Азийн жуулчин болохоор тэр бүс нутгийг сонирхоод байна. Эсвэл Европын бүс нутгийн хүн болохоор сонирхоод байна гэж буруу ойлгодог. Бид юуг онцгойлон хүргэж чадах вэ гэдэг компаниудын онцлог байна. Улс, үндэстний, үйлчилгээний онцлог ч байна. Аялал жуулчлал цэвэр үйлчилгээ юм шүү дээ. Үйлчилгээ гэдэг нь нөгөө талдаа хүнээ мэдрэх ёстой болдог. Гарт баригддаггүй бүтээгдэхүүн хэрнээ тэр хүн юуг хүлээгээд байгаа, Монголыг яагаад зорьж ирэв, хэд хонох юм гэдгийг ямар ч улсын жуулчнаас үл хамааран бүтээгдэхүүнийг сэтгэлд нь хүртэл үйлчлэхийг хэлнэ. 

 

-Үйлчилгээ сайн байвал дахин ирэх хүслийг нь төрүүлнэ биз?
-Бид дараа ирэх гэсэн ойлголтыг ярих дуртай. Гэтэл очиж үзэх улс олон бий. Тэгэхээр бид дараа ирж магадгүй гэдэг ойлголт байгаад байгаа. Монголд нэг ирсэн хүн дахин ирэх сонирхол бага. Мэдээж үзүүлсэн үйлчилгээ, хүмүүсийнх нь сэтгэл татам байдал хүнийг дахин татах онцлогтой. Гэхдээ нэг ирэхэд тултал нь үйлчлэх хэрэгтэй гэж үздэг. Бид үйлчилгээ үзүүлснээр шууд үзүүлэх үр дүн юу вэ гэхээр тэр жуулчин буцаж ирэхдээ гол нь биш. Өөр хүмүүс ирэх сэдлийг төрүүлэх суваг нь болдог. Бид аялал жуулчлалын бизнес эрхлээд явуулж байгаа сурталчилгааны том суваг амнаас ам дамжуулж ярих юм билээ. АНУ-д Монгол хаана байдгийг мэдэхгүй хүмүүс ч бий. Гэхдээ нэг найз нь Монголд ирлээ гэхэд юу ярих нь вэ гээд хүлээж байдаг. 

 

-Танай компани аяллын бүтээгдэхүүн борлуулдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үйлчилгээ гэж ойлгох хэрэгтэй. Гадаад руу явахдаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн авч байгаа гэсэн үг. Энэ нь хийсвэр ойлголт, гарт баригддаггүй ч таашаал авч болдог үйлчилгээ юм. Гадаадын жуулчдад бид ямар аялал жуулчлалын бүтээгдэхүүн борлуулж байна гэхээр Хөвсгөл, говийг, Тэрэлжийг зарж байна. Энэ нь өөрөө бүтээгдэхүүн. Бүтээгдэхүүнийг илүү баяжуулахын тулд дотор нь юуг багтаах вэ гэдэг нь тухайн хүний хүлээлтээс бий болно. Тухайлбал, би Монголд очоод морь унахыг, Хөвсгөл нууранд сэлэхийг эсвэл ард түмний амьдралыг харахыг хүсэж байна. Энэ бүгдийг цогцлоогоод Улаанбаатарт ирэхэд нь тосож аваад машин, зочид буудал, хоолоор, Хөвсгөлд аваачих, Улаанбаатараас, Монголоос буцаах гэсэн энэ бүх үйл ажиллагаа нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн. Үүн шиг дотоодын жуулчиддаа үндсэн баазууддаа суурилаад аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Аялал жуулчлал зөвхөн байгаль биш. Аялал жуулчлалын цогц үйлчилгээ байдаг. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, зочлох байр, жолооч, орчуулагч гээд олон хүний үр дүнд бий болдог. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2021.9.14 МЯГМАР № 180 (6657)

“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

37 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

3 цаг 6 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

7 цаг 52 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

7 цаг 52 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

7 цаг 52 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

19 цаг 36 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

20 цаг 12 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20