Б.Биндэръяа: Их далайд олборлолт хийх, хиймэл арал байгуулах эрх бидэнд бий

2021-09-13
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Зам, тээврийн хөгжлийн яамны  Далайн захиргааны дарга Б.Биндэръяаг урилаа.

 

Улс орон бүр их далайд тэгш эрхтэй

БЛИЦ:

 

Боловсрол:

♦ 2007-2010 онд: АНУ-ын Линдэнвууд их сургуульд Эрүүгийн эрх зүйн бакалавр

♦ 2011-2012 онд: АНУ-ын Линдэнвууд их сургуульд Олон улсын бизнесийн удирдлагын магистр

♦ 2015-2016 онд Мальта улсад НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын Олон улсын далайн эрх зүйн сургуульд Олон улсын далайн тээврийн эрх зүйн магистр, Олон улсын эрх зүйч

 

Ажлын туршлага:

♦ 2012-2013 онд: Дэлхийн банкны “Засаглалыг дэмжих төсөл”-д худалдан авах ажиллагааны зөвлөх

♦ 2013-2014 онд: Засгийн газрын тохируулагч агентлагийн Цөмийн энергийн газарт Ахлах хуулийн мэргэжилтэн

♦ 2015-2015 онд: “Оюутолгой” компанийн худалдан авах ажиллагааны хуульч

♦ 2016-2019 онд: Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргаанд Олон улсын гэрээ, эрх зүй хариуцсан мэргэжилтэн

♦ 2019-2021 онд: МХХ-ны хуульч, “Өмгөөллийн адептус” фирмийн өмгөөлөгч,

♦ 2021.04-2021.05 онд: “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хуульч

♦ 2021 оны зургадугаар сараас  ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны дарга

-Дэлхийд далайд гарцгүй 44, Төв Азид 12 улс байдгийн нэг нь Монгол Улс. Даяарчлагдаж буй нийгэм, хөгжлийг даган далайд гарцгүй улс орнуудад тэгш боломж олгох, хүн төрөлхтөнд нээлттэй их далайг ашиглах эрхийг нээж өгсөн.  НҮБ-ын гол баримтууд далайд гарцгүй улсын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай 1921 онд батлагдан гарсан Барселоны тунхаглал, “Далайд гарцгүй орны транзит худалдааны тухай” олон улсын 1965 оны конвенци,  “Их далайн тухай” 1958 оны конвенци, “Олон улсын далайн байгууллагын тухай” конвенци 1948, “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” олон улсын 1974 оны конвенцид тодорхой заасан байдаг.

Монгол Улс 1996 онд Далайн эрх зүйн  конвенцид нэгдэн орж далайн эрэг бүхий улсуудын нэгэн адил далайн тээвэрт оролцох, олон улсын худалдааны сүлжээнээс эдийн засгийн үр ашгийг хүртэх боломжтой болсон. Мөн 1999 онд Далай ашиглах тухай хуулийг батлан гаргаж хөрш улсуудаар дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх, найдвартай далайн гарцтай болох, далайд тээвэр хийх үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Далайн захиргааг байгуулсан. Иргэд манай байгууллагын үйл ажиллагааны талаар төдийлөн сайн мэддэггүй. Манайх Далайн тээврийн асуудлаар олон улсын конвенци, гэрээ, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын далбааг мандуулсан далайд тээвэр хийх хөлөг онгоцыг бүртгэхэд хяналт тавьж ажилладаг. Мөн боомт ашиглах, далайн тээвэр эрхлэх, дотоодын усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт, далайн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэхэд үйл ажиллагаа явуулдаг. Далай ашиглах тухай хуулийг 1999 оноос баталснаас хойш Монгол Улсын хөгжил ялангуяа, гадаад худалдаа, тээврийн салбарт том өөрчлөлт гарсан. Түүнчлэн олон улсын зах зээлд нэвтэрч эхлээд байгаа. Үүнтэй уялдаад олон улсын түвшинд далайн тээврийн зах зээлд эрх тэгш оролцохын тулд Монгол Улсын нэгдэн орсон далайтай холбоотой олон улсын гэрээ конвенциудаар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай. Тухайлбал, зарим нэг зайлшгүй заалтыг дотоодын хууль тогтоомждоо тусгах, эрх үүргээ хэрэгжүүлэх арга механизмыг тодорхой хуульчилж ямар нэг зөрчил, осол гарахад хариуцлага хүлээлгэх, түүнийгээ хэрэгжүүлэх тогтолцоог тодорхой болгох хэрэгтэй байна. Мөн Далай ашиглах тухай хууль нь зөвхөн Монголын далбаан дор далайн тээвэр хийх хөлөг онгоц бүртгэх ажиллагааг зохицуулсан үйл явцын хууль байж болохгүй. Далай ашиглах, далайн тээврийн салбарыг тээврийн бусад салбартай уялдуулж, нэгдмэл сүлжээнд оруулах хэрэгтэй. Ложистикийн зөв үйл ажиллагаа, эдгээрийг зохицуулах төрийн бодлого, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх зөв тогтолцоог бий болгоход дэмжлэг болж найдвартай байдлыг харуулж чадахуйц үзэл баримтлалтай, агуулгатай байх шаардлагатай.

Далайн захиргааны үйл ажиллагаанд Олон улсын далайн байгууллагаас 2016 онд аудитын шалгалт хийхдээ цөөнгүй зөвлөмж өгсөн. Тэдгээр зөвлөмжийн дагуу зохицуулалтыг тусгах хэрэгтэй байгаа. Нөхцөл байдалд үндэслэн салбарын үйл ажиллагааг хөгжлийн шинэ түвшинд гаргах, эрх зүйн зохицуулалтыг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн ижил түвшинд ажиллах үүднээс Далай ашиглах тухай хуулийг өөрчлөн шинэчлэх ажлыг хийж байна.

 

Хөлөг онгоцны маршрутыг хянах сансрын хяналтын программыг шинэчилнэ

 

-Монгол Улсын далбаатай хөлөг онгоц зөрчил, гэмт хэрэгт холбогдсон тухай сөрөг мэдээлэл гардаг. Энэ нь ч үнэн. Мэдээллийг олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Интерполоор дамжуулан Монгол Улсын цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээс авч байгаа. Олон удаагийн зөрчил, гэмт хэргийн үйлдэл гарах нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай.  Нэг жишээ дурдъя. Олон улсын далайн тээврийн эрх зүйн баримт бичиг, дүрэм журмуудад дипломат харилцааны хэм хэмжээний зарчмыг баримталж далбааны эзэн улсад бодит хариуцлагыг шууд хүлээлгэх заалт байдаггүй. Гэхдээ дэлхийн орнуудын эдийн засгийн болон бусад нийгэмлэгийн зүгээс хариуцлага хүлээлгэдэг практик бий. Тухайлбал, Камбожи улс Монгол Улсын нэгэн адил хөлөг онгоцны нээлттэй бүртгэл явуулж байсан. Гэсэн хэдий ч хөлөг онгоц бүртгэх эрхээ Өмнөд Солонгос улсад бүртгэлтэй “Камбожи улсын хөлөг онгоцны бүртгэл” гэсэн хувийн компанид 2003 онд зургаан сая ам.доллараар үнэлж эрхээ шилжүүлсэн. Үүний дараа хөлөг онгоцнууддаа далбааны эзэн улсын хяналтыг тавьж чадаагүй гэх үндэслэлээр  2015 онд бүртгэлийн үйл ажиллагааг нь зогсоосон. Шалтгаан нь Камбожи улсын далбаан дор бүртгэгдсэн онгоцнууд  хууль бус загас агнуурын үйл ажиллагааг далайд удаа дараа явуулсан зөрчил гаргасан. Тиймээс Европын холбоо 2014 онд Камбожи улсаас далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохгүй байх тухай эдийн засгийн хориг арга хэмжээг авсан байдаг. Энэ мэт хариуцлагын тогтолцоо  бий.

Мөн далайн гол эрх зүйн баримт бичиг болох 1982 оны Далайн эрх зүйн конвенцийн 94 дүгээр зүйлд  “Улс бүр өөрийн далбаан дор зорчиж яваа хөлөг онгоцонд хамаарах засаг захиргаа, техникийн болон нийгмийн асуудлаарх эрх хэмжээ, хяналтыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлнэ” гэж заасан. Үүний дагуу далбааны эзэн улс өөрийн далбаат хөлөг онгоцонд олон улсын болон дотоодын хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагааг явуулахгүй байхад хяналт тавих үүрэгтэй. Түүнчлэн тухайн конвенцийн 108 дугаар зүйлийн хоёр дахь заалт, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг” Нэгдсэн үндэстний байгууллагын 1988 оны конвенцид Монгол Улс нь  гэмт хэрэг зөрчлийг илрүүлсэн эргийн улсын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж шалгалт хийх хүсэлт гаргах, тухайн хөлөг онгоцонд нэгжлэг хийх, тавцан дээрх этгээд болон ачааны талаар арга хэмжээ авах зөвшөөрлийг олгох зэргээр хамтран ажиллах үүрэгтэй.

Тиймээс бид өөрийн далбаан дор далайн тээвэр хийж буй хөлөг онгоцонд тавих хяналтыг зохих ёсоор  хэрэгжүүлэх чадамжтай байх нь нэн тэргүүнд тавигдах асуудал болоод байна. Далайн захиргаа энэ үүргээ биелүүлж хяналт, боловсон хүчин бэлтгэсэн. Гадаадын мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан хяналт тавьж ажиллаж байгаа. Цаашид ч улам сайжруулах болно. Мөн бүртгэл хийх үе шатанд тавих хяналтыг өөрчилж байна. Тухайлбал, бүртгэлийн “агент”-ыг сонгохдоо шалгуурын дагуу үнэлж, гэрээ байгуулах, үе шатны хяналт хийж гэрээг  дүгнэх журам тогтоож байгаа. Мөн хөлөг онгоцны маршрутын хяналтыг сайжруулж зайны буюу сансрын хяналтын программаа шинэчлэх, бүртгэгчийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах олон улсын сургалтад хамруулах ажлыг хийж байгаа. Нөхцөл байдлыг сайжруулах гарц нь ерөөсөө л бүртгэлийн шалгуурыг ягштал мөрдүүлэх юм. Мөн маршрутын хяналтыг бодитой болгох. Хуульд хэрэгжүүлэх үндэслэл нь байгаа.

 

 “Транзит Монгол Улс” хөтөлбөр бол хөгжилд хүргэх “хурдны зам”

 

-Манай улсад далайн салбарыг хөгжүүлэх олон боломж бий. Бусад улстай эн зэрэгцсэн, далайн тээвэр хийгээд явах эрх бүрэн нээлттэй тул хөгжүүлэхэд оройтоогүй.  Далайн захиргаа өнгөрсөн жилд 223 сая төгрөгийн татвар төвлөрүүлсэн.Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад “Транзит Монгол Улс” болох талаар хэлсэн. Энэ том зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой, нэг салаа мөчир салбар нь далайн тээврийн салбарын хөгжил юм. “Транзит Монгол Улс” хөтөлбөр нь манай улсыг хөгжилд хүргэх “хурдны зам” гэж бодож байна. Сингапур улсын үсрэнгүй хөгжлийн чухал тулгуур нь  дэлхийн далайн тээврийн “Global lojistics hub” буюу далайн тээврийн транзит төв болсон явдал юм. Хэрэв манай улс “Төв Азийн хуурай замын тээврийн ложистик төв“ болох юм бол Монгол Улс үсрэнгүй хөгжлийн замдаа гарлаа гэсэн үг.

Далайн захиргаа 2015 онд Солонгос улстай хамтарсан “Монгол Саммок Ложистик” далайн тээврийн компани байгуулсан. Энэ оны долдугаар сард ТУЗ-ийн цахим хурал хийж компанийн ажлыг идэвхжүүлж  Ази, номхон далайн бүс нутагт далайн тээврээс бодит ашиг олох зорилтоо тодорхойлсон байгаа. Манай улс ОХУ-тай 1992 онд “Монгол Улс ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон далайд гарах тухай”,  БНХАУ-тай 1991 онд  “Монгол Улс, Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Эдгээр хэлэлцээрийн дагуу ОХУ-ын тав, БНХАУ-ын зургаан боомтыг ашиглах эрхтэй болсон. Эдгээр боомтыг идэвхжүүлж, ашигладаг болбол манай улс далайд гарцтай болох бүрэн боломжтой. Гуравдагч орнууддаа экспорт, импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, нийлүүлэх боломж бүрдэнэ. Иймд Далайн захиргаа байгаа боломжоо бүрэн ашиглахад анхаарч ажиллаж байгаа.

Манай улс далайд гарцгүй орон хэдий ч цэнгэг устай Хөвсгөл нуураа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Гагцхүү байгаль орчинд хор хөнөөлгүй байхад болон аюулгүй байдалд анхаарах ёстой. Мөн дотоодын усан замын тээврийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэхээр зорьж байна. Дотооддоо ч, олон улсад Монгол Улсын далбааг мандуулан их далайд байгаа хөлөг онгоцнуудын хяналтыг сайжруулснаар олон улстай эн зэрэгцэхүйц далайн тээврийг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Олон улсын гэрээ, конвенциор бид далайн усны бохирдлоос сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Тиймээс Хөвсгөл нуураа түшиглэсэн усны шинжилгээний төвтэй болох шаардлага бий. Олон улсын далайн байгууллагын харьяа Ямайка улсад байрладаг Далайн ёроолын байгууллага гэж байдаг. Энэ байгууллага далайд гарцгүй хөгжиж буй орнуудад усны шинжлэх ухаан талаас нь хөгжүүлэх, судлахад дэмжлэг үзүүлдэг. Далайн салбар зөвхөн тээврээр хязгаарлагдахгүй, асар том шүү дээ. Далайд гарцгүй орнуудад далайд тээвэр хийх, өөрийн улсын харьяанд хөлөг онгоц бүртгэх эрхтэй төдийгүй далайд хиймэл арал байгуулах, судалгаа шинжилгээний ажил хийх, олборлолт хийх эрхтэй. Их далай ч гэсэн Монгол Улсын өмч. Олгогдсон эрх, боломжоо бүрэн ашиглах л шаардлагатай байна. Ашиглаж чадвал эдийн засагт эерэгээр нөлөөлөх боломж бий.

 

Хуурай боомттой болбол "далайд гарцтай" болно

 

-Харвардын их сургуулийн профессор Мурто Калоптсиди өнгөрсөн зургадугаар сард хийсэн судалгаандаа “Суэцийн сувагт гацсан Эвэр Гивен хөлөг онгоцноос шалтгаалж миллиард ам.доллараар  үнэлэгдэх бараа гацаж, мөн COVID-ийн шалтгаанаас үүссэн тээврийн хэрэгслийн хомсдол нь дэлхийн худалдаанд  тээврийн салбар ямар чухал үүрэг, ач холбогдолтойг жирийн үеэс илүү бидэнд харууллаа” гэж тэмдэглэсэн. Ингэхдээ мулти-тээврийн сүлжээг өргөнөөр бий болгохын чухлыг дурдсан юм. Далайн тээвэр нь бүх ачааны 80 хувь, үнээр тооцвол 70 хувийн барааг тээвэрлэдэг. Далайн тээвэр цаашид ч дэлхийн худалдааны тээвэрт чухал үүрэгтэй хэвээр байх нь илэрхий асуудал. Тиймээс Монгол Улс далайн тээврийн салбараа хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ далайн тээвэрт холбогдох гарц замаа найдвартай болгоход Хуурай боомтыг хөгжүүлэх, транзит тээврийн зангилааг бий болгох нь тун чухал. Манай улс 2016 оноос Хуурай боомтын хэлэлцээрийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Үүний хүрээнд олон улсын чанартай хуурай боомт байгуулах зорилгоор нэгдэж орсон байдаг. Энэ хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажиллавал “далайд гарцтай” орон болно. Энэ талаар бодит жишээ бий. Этиоп улс нь хуурай боомт байгуулж далайд гарцгүй орнуудын хүндрэлийг арилгаж чадсан байдаг. Тэгэхээр далайд гарцгүй манай орны далайн салбарыг хөгжүүлэх бодит боломж нь хуурай боомтыг яаралтай хөгжүүлэх юм. Миний төсөөллөөр, 2030 он гэхэд хуурай боомт байгуулж ОХУ, БНХАУ-ын хэлэлцээрт заасан боомтуудыг ашиглаж Монгол Улс өөрсдийн боловсон хүчнээр жолоодуулсан хөлгөө их далайд гаргах боломжтой болно. Хуурай боомттой болсноор гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэр логистикийн өртөг, зардлыг бууруулах, дэлхийн далайн тээврийн компаниудтай шууд гэрээ байгуулах  боломж  бүрдэх юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.13 ДАВАА № 179 (6656)

 

“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

7 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

2 цаг 37 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

7 цаг 23 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

7 цаг 23 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

7 цаг 23 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

19 цаг 7 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

19 цаг 43 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20