Ч.ҮЛ-ОЛДОХ
Ардын жүжигчин Ш.Шархүүхэн 19 настайдаа мэргэжлийн байгууллагад орж, Дорнод аймгийн театрын тайзнаа анх дуулжээ. Жаргалтай нэгэн жарныг дуулж туулсан тэрбээр өдгөө Хэнтий нутагт амьдарч байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-“Хэрлэнгийн Баръяа”-г олон дуучин дуулсан. Гэхдээ таныг энэ дууг үнэхээр урлаж дуулдаг гэлцдэг. Сая уртын дууны анхдугаар наадмын ерөнхий шүүгчээр та уригдаж оролцсон?
-Мэргэжлийн дуучид биш ардын авьяастнууд оролцсон. Өв соёлыг тээж яваа залуу, дунд насныхан давгүй дуулж байна. Оролцогчид хоёрхон дуу дуулсан. Хэрлэнгийн тухай өөрийн мэддэг ямар нэгэн дуу, нөгөө нь “Хэрлэнгийн Баръяа”. “Хэрлэнгийн Баръяа” бол уртын дуунууд дотроос нэлээд яггүйд ордог. Тиймээс наадамд оролцогчдод тийм ч амар байгаагүй байх. Дорнодоос олон залуу дуучин оролцсон, гайгүй ч дуулсан. Тэнд “Хэрлэнгийн Баръяа” уртын дууны дугуйлан хичээллэдэг гэж сонсоод би их баярласан.
Манай Хэнтий аймгийнхан хэзээнээсээ манай С.Дамчаа багшийн үеэс уртын дууны тэмцээнийг Дархан суманд зохион байгуулж байсан. Миний нэрэмжит улсын тэмцээнийг ч хийж байсан. Бүх сумынхаа уртын дуучдын дунд ч уралдаан явуулж байлаа. Энд эртнээс уртын дууны өв уламжлал хадгалагдаж ирсэн юм шүү дээ. Алдартай уртын дуучид зүүн аймагт байсан. Ах дүү хоёр дуучин бөх, М.Мөррэнцэн аварга, М.Жунай зааны өлгий нутаг. Уртын дууны их айзам, том хэлбэр халхын зүүн нутагт хадгалагдаж ирсэн гэж ярьж, бичдэг дээ. Улс даяар нэр алдраа дуурсгахгүй ч гэлээ уудам тал нутагтаа дуулж яваа олон сайхан ардын авьяастан, залуус байна. Хэнтий аймгаас хамгийн олон буюу 8-9 дуучин оролцсон. Цэнхэрмандлын нэг охин их сайн дуулсан. Сүхбаатарын Түмэнцогтоос оролцсон охин тун давгүй дуулсан. Зөвхөн Хэрлэнгийн урд талын сумдаас ирсэн болохоос хангай талын, баруун сумдаас дуучид ирээгүй. Дууны наадам хийсэн Сэрвэн хаалга гэдэг газар бол алдарт М.Мөррэнцэн аваргын дуулж хуурдаж, гийнгоолж явсан нутаг шүү дээ. “Хэрлэнгийн Баръя” дууг би С.Дамчаа багшаасаа сурсан. Манай багш хэцүү То вангийн нутгаас гаралтай. Одоогийн Дорнод аймгийн хүн юм даа. Нутгаасаа бага залуудаа гарч Хэнтий аймагт ирж суурьшсан. Хэцүү То вангийн ая данг сонсож өссөн гэж ярьдаг. Багшийн маань аав хүүхдүүдийг дуулуулж сургалт явуулдаг байсан гэдэг. Багадаа дуулдаг байсан авьяас дээрээ сайн багш нараар заалгаж авьяасаа нээсэн хүн юм. 1935, 1936 онд шинэ театр байгуулагдан хөдөөнөөс дуучид сонгоход багш маань очсон юм гэнэ лээ. Тэнд уригдаж очсон дуучдад Магсарын Хурцын Дугаржав, Самын Гомбо, “Чавганц багш” гэгддэг Лувсангомпил гуай гэсэн дуучид байсан гэж ярьдаг. Тэгэхээр шинэ Монголын театрын суурийг тавихад Зүүн Монголын дуучдын ач гавьяа их байсан байгаа юм. Энд зориуд хэлэхэд Сүхбаатар аймгийнхан маань Ш.Чимэдцэеэгийнхээ нэрэмжит наадмыг хийж байгаасай. Хааяа миний төрж өссөн Халзан сумынхан надтай холбогдож утсаар ярьдаг юм. Миний тэнхээ тааруу учир тэр болгонд очиж чадахгүй байна.
-Ардын авьяастан, залуу дуучдад ололттой болоод дутагдалтай зүйл юу анзаарагдав. Цаашид юун дээр анхааруулж хэлэх бол?
-Анх удаа зохион байгуулж байгаа наадам учраас би залууст урам өгч сайхан боллоо гэж хэлсэн. Хатуу ширүүн шүүмжлээгүй. Тус, тусад нь анхаарах зүйлүүдийг нь нарийн сайн хэлж өгсөн. Нийтлэг анхаарах зүйл бол цагаан аялгуу, шуранхай хоёрыг хольж дуулаад, юм л бол шуранхайлах гээд байгаа тал байна. Шуранхай гэдэг онцлох газарт дан, давхар шуранхай ганц нэг байхаас ерөнхийдөө сунагар сайхан аялгуун дээр шуранхайлах гээд байх нь буруу. Дээд, доод өнгө болон оргил өнгөө ялга. Хамаг алдаа тэнд байна гэдгийг хэлсэн. Одоо дуулж байгаа мэргэжлийн уртын дуучид ч ийм алдаа гаргадаг. 2019 онд миний нэрэмжит тэмцээн Хэнтий аймагт болсон. Тэр үед мэргэжлийн дуучдаас анзаарагдаж байсан. Гэхдээ тэр бүгдийг гаргаж дуулна гэдэг тийм ч амархан биш, цаанаасаа заяадаг юм шүү дээ. Уртын дууны гайхамшигтай зохиомж доторх ялгаврыг гаргана гэдэг өөрт заяасан юм хүрэхгүй, чадахгүй байж болно. Гэхдээ нэгэнт өөрийгөө сорьж, тэр их өвийг өвлөж байгаа бол хичээх л хэрэгтэй. Саяын тэмцээнд их төлөв залуучууд орсон. Ахмад нь 50, 60 орчим насны ганц хоёр хүн байсан. Баянхутаг сумын жирийн малчин дунд насны залуу өвөрмөц сайхан дуулна лээ. Төв аймгаас ганц эмэгтэй дуучин ирсэн. Тэр бас өөрийн гэсэн өвөрмөц дуулсан. Дуулж байгаа дууныхаа судалгаа маягийн сонсож дуулснаа ярьж, түүнээс дуундаа авсан нь сайн талтай. Дуулахдаа баянбараат, жирийн төв халх аялгуу хольсон тал бий ч өвөрмөц байдлаар аялж байгаа нь сонин санагдсан. Баянбараат сайхан аялгуу, гэхдээ залуучууд нэг их сонирхохооргүй ая дан нь “Ээ хэ хэ, өө “ гэх маягийн ламын уншлага маягтай. Би хүртэл залуудаа “Энэ ч барахгүй ээ, настнуудаар аялуулах хэрэгтэй юм байна, дэмий юм байна” гэж болож байсан удаатай. Гэхдээ тэрийг гаргаж ирэх талаар бодсон байна лээ, Төв аймгийн дуучин.
-Зохион байгуулсан газар нь Хэнтий нутаг, Хэрлэнгийн хөвөө гэдгийг бол ойлгож байна. Гэхдээ тэр олон дуунаас “Хэрлэнгийн Баръяа”- г сонгосонд ямар учир байна?
-Миний настангуудаас сонсож, дуулж байсан домог дотор Чингис хааны үед “Хэрлэнгийн бараа”, “Хэрлэнгийн боргио” гэж байсан. Их хааныг аян дайнд мордоход хэд хэдэн дуу сонсгож, тэгэхэд “Хэрлэнгийн бараа”-г аялуулъя гэхэд нь аялгуулан дуулахад Чингис хаан хайлах зүрхийг үзүүлж байсан гэнэ лээ гэсэн домгийг одоогийн Галшар сумын өндөр настан, алдарт уяач Цэгмид гуай намайг асуухад хэлж байсан юм. С.Дамчаа багш минь ч бас хэлж байсан даа. Тиймээс Чингис хаан хайлах зүрхийг үзүүлж байсан тэр дууны өмнө хэн ч томрохгүй. Харин ч түүний төлөө зүтгэх ёстой санагдана. Тэгэхээр тэр дууг сонгож наадмаа нэрлэж, оролцогчдоор заавал дуулуулж байгаа нь энэ нутгийнхны ухаалаг сонголт юм даа. “Хан Хэнтий чуулга”-ынхан, нутгийн удирдлагууд уртын дууны наадам, тэмцээн хийе гэхэд нэг ч удаа хойрго хандаж байгаагүй. Энэ бол уртын дууг хөгжүүлэхэд оруулж байгаа том хувь нэмэр юм. Засаг дарга асан Ж.Оюунбаатарын үед удирдах албаныхныг эртний түүхтэй, Чингис хааны төрийн таван дууны нэг болох “Эртний сайхан” дууг дуулж сур гээд зааж өгч байлаа.
-Таныг “Хэнтийн Шархүүхэн” гэлцдэг. Гэтэл та чинь Сүхбаатар аймгийн хүн байх аа. Уртын дууны өвийг хэнээс өвлөв. Танай удамд дуулдаг хүн олон бий юу?
-Миний төрсөн нутаг бол Сүхбаатар аймгийн Халзан сумын II бригадын нутаг, Угтуул Жаргалант гэдэг газар юм. 19 настайдаа нутгаасаа гарч Дорнодын театрын алтан тайзаар дамжиж, зээр, эмэгтэй хүн хоёр нутаггүй гэгчээр Хэнтий аймагт ирж суурьшсан. Энэ нутгийн ард түмний уртын дуугаа, өв соёлоо хүндэтгэдэг сэтгэл, дэмээр өдий хүртэл уртын дуутайгаа их, бага хэмжээгээр холбогдоод явж байна. Миний төрж өссөн нутаг ч гэсэн ахмад буурлууд нь “Жаахан шарга”, Нарийн шарга”-ыгаа, “Бударч харагдах хангай” –гаа аялж, үр хүүхдүүддээ зааж өгч л ирсэн, дуулахгүй хүн гэж байхгүй дээ. Найр наадамд энэ л дуунуудыг сонсч өссөн. Сүүлийн үеийнхэн ч дуу аялачихдаг, дуугүй байхгүй улс. өсч торниж байна. Манай удамд сүрхий дуучид байсан гэнэ лээ. Аавын талынхан найр хуримд урилга, заллагатай очиж дуулдаг Их, Бага ахай гэж эгч дүүс байсан гэдэг юм. Манайхан найр наадам болоход марзайлахгүй хүүхэд гэж үгүй, дуулахгүй хүн бараг байдаггүй улс. Ээж минь ардын богино дуунд дуртай. Уртын дуу нэг их дуулаад байдаггүй хүн байлаа Харин аав уртын дуу сайхан дуулчихна. Тэдний авьяас, гэрэлтэй саруул болгоноос холын холд үсэрсэн гэж би өөрийгөө боддог юм. Аав минь ч амьд сэрүүндээ ингэж хэлдэг байлаа. Аавын удамд нэр цуутай дуучид, жүжигчид олон бий. Сайд асан Т.Гандийн ээж Н.Эрдэнэ, дуучин Д.Оюунтүлхүүрийн эмээ Б.Дулмаа гээд Хүүхдийн театрын ахмад үеийн нэртэй жүжигчид манай аавтай эгч дүүсийн хүүхдүүд юм. Сүүлийн үед гарч ирж байгаа дэлхийд данстай дуурийн сайхан дуучдын нэг Э.Амартүвшингийн эмээ нь миний аавын төрсөн дүү Цэрэндорж гэж хүний охин юм гэнэ лээ, Лхамсүрэн гэж хөгшин одоо ч бий.
-Дуулах эрдэм заасан багш чинь С.Дамчаа багш уу?
-Онолын талаар Дорнодын театрт анхлан сонссон. Сургууль соёлд явсангүй, харин ард түмнийхээ, настан буурлуудынхаа үлдээсэн буянаас суралцсан минь их. Нэг хөгшнөөс дууны үг авчихна.Бас нэг өвөөгөөр аялуулаад сурчихна. Ахмадуудын дуулж байгааг сонордож, ямар нэгэн хэмжээгээр суралцаж явлаа. Ажил хөдөлмөрийн талбарт гарснаас хойш Хэнтий аймгийн Дархан сумын уугуул, нэрт дуучин С.Дамчаа багшаас сонсч сурсан юм бий. Яах аргагүй миний багш юм даа.
-Уртын дууг сонсч сурдаг юм уу, эсвэл?
-Хүн болгон адилгүй. Янз бүрээр сурдаг байх. Миний ойлгосноор нэлээд сайн сонсч байж л дараа нь авбал арай гоожтой юм уу гэж боддог шүү дээ.
Зүгээр нэг хүнээр аялуулаад сурчихна гэж юу байхав. Бидний үед удаан аялуулаад суух зав байдаггүй. Яаруу сандруу явж нэг бригадад тоглочихоод явна. Хүнээр дуу заалгаад байх цаг тун бага. Сонссоноо өөртөө боловсруулсаар, боловсруулсаар нэг юм болгож авна шүү дээ. Өөрийн багш бол арай өөр, тэр нь тэгнэ, энэ нь ингэнэ гээд л заана. Ихэнхдээ амар эд биш шүү гэдэг сэн. Үнэхээр ч тийм байсан даа, эхэндээ.
-Газар газрын ая дан өөр. Та анх зүүн нутгийн аялгуугаар дуулж сурсан уу?
-Тийм байлгүй яахав.Төв халхынх гээд дуулж л байна. Боржигон гэж хөнгөн жижгэвтэр, цэмцгэр аялгуу байдаг.Хардал гэж ярьцгаадаг. Баруун аймгийн хоолой шалгасан аялгуу байна. Аймаг байтугай, бригад сумд өөр өөрийн өвөрмөц ая дантай. Түүгээрээ хөгжиж, дамжиж, аль сайхан дээр нь тогтож, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл явж ирсэн уламжлал нь ард түмний гавьяа, гайхамшиг юм даа. Миний багш зүүн халхын аялгуугаар дуулдаг байсан. Би төв халхын аялгуу маягаар дуулдаг болов уу гэж боддог шүү дээ, өөрийгөө. Яг би тэгж дуулдаг гээд нэг их яриад яах билээ. Одоо уртын дуу дуулдаг хүмүүс дотроо бид настайдаа орно. Уртын дууныхаа он жилүүдтэй харьцуулбал, хариугүй шүү дээ. Сонсож авсан нь их юм гэж залбирч, түүнийгээ хаячихалгүй, гээчихэлгүй хүн тэр дууг аялаад өгөөч гэвэл аялчихдагийгаа их юм гэж боддог доо.
-Та олон шавь бэлдэв үү?
-Тэтгэвэрт гарахаасаа өмнө дугуйлан тасралтгүй ажиллуулж байсан. Гэхдээ би хүн болгон театрын, чуулгын дуучин гэхээс илүү хэн нэгэн хүүхэд ч бай, том хүн ч бай ямар нэгэн хэмжээгээр хаана ч гэсэн уртынхаа дууг аялчихдаг, мэддэг байгаасай гэж бодож, ингэж ч захиж хэлдэг байсан. Тэртэй тэргүй театр, чуулгад орохоор дуучин тэр дотроос тодроод гараад ирвэл, тийшээ явчихдаг. Үнэхээр онцгой бол хэний ч гуйлтгүй онцгойрно шүү дээ. Анхны дугуйлангийн шавь нараас Бүх ард түмний урлагийн үзлэгийн наадмаас шагнал хүртэж, намайг баярлуулж байлаа. Шархандай, Борхондой нарын маань нэг нь Хан Хэнтий чуулгад дуучин болж намайг баярлуулж байлаа. Гавьяат жүжигчин Н.Нансалмааг гуравхан настай байхад ээж нь хөтөлж ирээд шавь оруулж байсан юм. Дуурийн дуучин гавьяат жүжигчин А.Энхтайван миний анхны шавь нарын нэг. Тэдэнд миний нэг их томоор заасан юм юу байх вэ. Гэхдээ “Багш аа” гэдэг юм. 1999 онд миний нэрэмжит анхны тэмцээнийг А.Энхтайван санаачлан хотод зохиож, 50-60 дуучин оролцсон. Түүнээс Хэнтийн Баянхутаг сумын уугуул, гавьяат жүжигчин Г.Хонгорзул “Гран при” шагнал авч, Ш.Чимэдцэеэ маань түрүүлж байсан юм. Г.Хонгорзул бол миний шавь С.Нансалмаагийн шавь шүү дээ. Тиймээс миний шавь ч гэж явдаг юм. Түүнийг анх гарч ирэхэд Н.Норовбанзад гуай надад баяр хүргэж “Чи булган сүүлтэй хүн байна шүү. Чиний ажиллаж байсан газраас манай тайз багадахаар сайхан дуучин гарлаа шүү” гэж хэлж байсан юм. Тэгэхэд би 70 настай, “Хэрлэнгийн Баръяа” тоглолтоо хийж байлаа.
-Уртын дуучид, өөрийгөө сорьж яваа залууст та юу захиж хэлэх вэ?
-Уртын дууны өмнө томрох хэн ч байхгүй. Яагаад гэдгийг би түрүүнд Чингис хааны тухай домгоос жишээ авч хэллээ шүү дээ. Залхуурах хүн байж бас таарахгүй. Хөдөлмөрлөж, өв уламжлалаа тээж, хадгалахыг хүсэж өдгөө 20 гаруйхан наснаасаа дуулж байгаа, бидний үеийг залгах хүмүүс бол хөдөө орон нутгийн өв соёлыг тээгчид, ардын авьяастнууд та нар шүү. Хичээгээрэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.9.2 ПҮРЭВ № 172 (6649)