УИХ-ын дарга Г.Занданшатар “ТV9” телевизийн “Мэдээллийн шууд хөтөлбөр”-т оролцож ярилцлага өгснийг хүргэе.
-2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ үйл ажиллагаагаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиудаас ямар хуулийг онцолж хэлэх вэ?
-Юуны өмнө нийт хүүхэд багачууд, сурагчид, багш, сурган хүмүүжүүлэгчид, оуютан залуучууддаа хичээлийн шинэ жил, эрдмийн баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Өнгөрсөн хоёр жилийн сурлагын хоцрогдлоо нөхөж хүн бүр хичээн ажиллаж, суралцаж өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе. УИХ-ын хаврын чуулганаар 111 хуулийг хэлэлцэж баталсан. Дэлхийн парламентууд цар тахлын үед танхимаар болон хуралдахгүй цөөхөн хууль хэлэлцэж байгаа бол манайх цаг үеийн байдлаас шалтгаалж цар тахалтай холбоотой хуулиудыг хэлэлцэж баталсан. 111 хуулийг төрүүлсэн хүүхдээ голдоггүй шиг бүгд чухал хуулиуд. Гэхдээ энэ дотор Хөдөлмөрийн хууль хөдөлмөрийн харилцааг зохицуулсан. Нэлээн удаан хэлэлцсэн хуулиуд бий.
Дотор нь засаж залруулах ёстой хууль. Цар тахлын үед хүнсний бараа хангамжийг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн импортыг шинжилгээ өгдөг тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх гэх мэтчилэн 111 хуулийг баталсан. Мөн Кино урлагийн хуулийг дэмжих тухай хууль, Соёлын тухай хууль, өнгөрсөн чуулганаар хэлэлцэж баталсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Шүүхийн тухай хууль байна. Шүүхийн реформыг хийж хэрэгжүүлсэн. Нэлээн олон чухал хуулийг хэлэлцэж баталлаа.
-Монгол Улсад шударга ёсны тогтолцоо хэзээ, яаж бий болох вэ. Шүүхийн тухай хуулийг баталснаар асуудлыг шийдэх үү эсвэл шүүгчдийн мэргэжил мэдлэг, ёс зүйг дээшлүүлснээр асуудлыг шийднэ гэж харж байгаа юу?
-Шүүхийн шинэчлэл бол шударга ёсны төлөөх тэмцэл. Ард түмний хүсэл эрмэлзлэл бүх судалгаагаар шүүхийн шинэчлэлийг хүсэж хүлээж байсан гэж хэлж болно. Шударга ёсны төлөө шударга ёсыг эрмэлзэж байгаа иргэдийн хүсэл эрмэлзлэл бол иргэдийн зөвлөлдөх санал асуулга, судалгаагаар 90-ээс дээш хувьтай гарч байсан. Нийт хүний дөрөвний гурав нь, зарим тохиолдолд 90 орчим хувь нь нийгэм шударга бус байна гэж үзсэн. Энэ шударга бус байх асуудал ерөөсөө шударга ёсны эцэг нь шүүх юм гэж үздэг. Шүүх хараат бусаар улс төр, бизнесээс, хөрөнгө мөнгө, танил талаас хараат бусаар төрийн хуулийг хэрэгжүүлдэг, буруутныг гэсгээдэг, гэмгүйг өршөөдөг, үнэн худлын дэнс байх ёстой. Энэ зорилгоор Шүүхийн шинэчлэлийн тухай багц хууль батлагдсан. Мэдээж хууль хэрэгжүүлэх нь хамгийн чухал асуудал. Харамсалтай нь өнөөдөр Шүүхийн шинэчлэлийн хууль гацчихаад байна. Уг нь аравдугаар сарын 1-нээс хэрэгжээд явж байх ёстой. Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүссэнээс шалтгаалаад Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах асуудал саатсан байна. Шүүхийн сахилгын хороо шүүгчийг ёс зүйтэй байлгах, мэргэжлийн алдаа гаргахаас сэргийлэх, шүүгч танил тал, арын хаалга, шударга ёсны дэнсээсээ хазайвал Сахилгын хороо шийдэх ёстой. Тиймээс Сахилгын хороог хараат бусаар, сонгон шалгаруулалтаар шилж олж томилох ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн ёс зүйн байдал, хамгийн шилдэг, шударга шүүгчийг шилж олж сонгон шалгаруулж, томилдог байх ажлыг гүйцэтгэнэ. Энэ хоёр дээр шүүхийн үйл явцын хамаг гол ажил байгаа. Тиймээс Шүүхийн багц хуулийн шинэчлэл зөвхөн органик тогтолцоог шинэчлээд зогсоогүй үйл явцын хуулийг зааж өгсөн. Яаж сонгон шалгаруулах вэ, яаж шударга ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх вэ, яаж улс төр, бизнес, мөнгөнөөс хараат бусаар хуулийг нэг мөр мөрдүүлэх вэ. Энэ тогтолцоог тогтолцооноос нь эхлээд үйл явцыг нь хүртэл зааж өгсөн нарийвчилсан хууль болсон учраас хэрэгжүүлэх ажил удаашралтай ч алхам алхмаар урагшилж байна.
-Намрын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэх үү. Хэлэлцсэн ч энэ хуулийн хамгийн гол амин сүнс нь юундаа байх юм бэ. Багш нарын боловсрол цаг үетэйгээ нийлсэн, сурагчиддаа боловсрол олгодог хэмжээний байхад юун дээр анхаарах ёстой вэ?
-Боловсролын хууль боловсролын салбарын нэлээн том реформ болохоор чиглэсэн учраас бүх асуудал нь их чухал. Энэ хууль нь СӨБ болон Ерөнхий боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Судалгааны их сургуулийн тухай хууль гэсэн таван багц хуулиас бүрдэж байгаа. Мөн Хүмүүнлэгийн боловсролын тухай хууль. Хүн сайн математикч болох албагүй, хүн болох ёстой гэсэн сурган хүмүүжүүлэх филисофи чухал. Хүнлэг чанар, хайр энэрэл хязгааргүй учир бага наснаасаа хүмүүнлэг боловсролыг чин сэтгэлээсээ өөртөө бий болгох хэрэгтэй. Хүмүүнлэг боловсрол бол насан туршийн хамгийн чухал боловсрол юм. Тиймээс Япон болон дэлхийн улс орнууд хүүхдийг багаас нь буюу нэгдүгээр ангиас нь эхэлж ёс зүйг заадаг. Тухайлбал, өөрийгөө авч явах ёс зүй, дунд ангидаа бусадтай харилцах ёс зүй, ахлах анги, дээд сургуульд мэргэжлийн ёс зүй гэж байж нийгэм эрүүл байх суурь нь бүрддэг учраас зөвхөн Хүмүүнлэгийн боловсролын хууль гэхэд боловсролын тогтолцооны нэг том реформ хийнэ.
СӨБ гэхэд яслийн насыг хоёр, гурван нас болгох уу гэдэг асуудал маргаан дагуулж байна. ЕБС дээр зургаа, долоон нас, танин мэдэхүй, шинжлэх ухааныг яаж танин мэдэхтэй холбоотой багц асуудал өрнөж байна. Их, дээд сургуулиудын хувьд судалгааны их сургууль яаж болох вэ. Мөн л улс төр ч юм уу ямар нэг хамааралтай биш профессоруудын удирдах зөвлөлтэй жинхэнэ их, дээд сургууль эрдмийн өргөө байх суурь нөхцөлийг бүрдүүлэх цогц өөрчлөлтийг хийх учраас олон хэлэлцүүлэг явна. Эрдэмтэд, судлаачид, эцэг эхчүүд болон оролцож байгаа бүх хүний саналыг авахыг зорьж байна. Тиймээс намрын чуулганаар ч багтахгүй байж магадгүй гэж бодож байгаа. Боловсролыг нэг өдөр яриад шийдэх асуудал биш. Үр дүн нь 10-20 жилээр гарна. Сайн хууль гарвал тухайн хүүхэд 10 жилийн дараа төгсөхдөө дэлхийн хэмжээний өрсөлдөх чадвартай монгол хүнийг бэлтгэхэд хууль чиглэж байгаа болохоор том өөрчлөлт хийнэ.
-Манай боловсролын тогтолцоонд бага ангийн сурагчдаас шалгалт авдаг систем олон жил үргэлжилж байгаа. Энэ багц хуульд эрдэмтэд, хөндлөнгийн судлаачдыг оролцуулна гэлээ?
-Бид чамбай хууль гаргахыг зорьж байна. Ер нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид сайн оролцсон. Одоо ч гэсэн энэ хэлэлцүүлгийн ажил үргэлжилж байгаа. 30 гаруй гишүүнтэй, таван том Ажлын хэсэг ажиллаж байна. Энэ Ажлын хэсгүүд нь салбар салбарынхаа төлөөллүүдтэй уулзаж нарийвчилж ажиллана. Энэ хууль олон хэлэлцүүлгийн дараа шүүгдэж гарах ёстой.
-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дотор Виртуал хууль гэж байгаа. Бид Виртуал хуулийн асуудлаа шийдээгүй байтал хэд хоногийн өмнөөс Виртуал хөрөнгийг Монголын зах зээл дээр арилжиж байна. Энэ талаар Та юу хэлэх вэ?
-Виртуал хөрөнгийн тухай хуулийг дэлхийд баталсан, зохицуулж байгаа улс цөөхөн байна. Технологийн шинэ дэвшил, технологийн дөрөвдүгээр хувьсгалын үед давуу талыг ашиглаад ийм шинэ хэрэгслийг бий болголоо. Бид энэ хуулийг гаргахдаа ФАТФ буюу саарал жагсаалтад манайх орохдоо Виртуал хөрөнгөөр дамжуулж мөнгө угаагдах нөхцөл байгаа учраас энэ төлбөрийн хэрэгслийг зохицуулах шаардлагын дагуу энэ хуулийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн заалтыг боловсронгуй болгох замаар Виртуал хөрөнгийн орчинг зохицуулах шаардлагатай болсон. Санхүүгийн зохицуулах хороо 13 удаа сэрэмжлүүлэг гаргасан. Мөн Монголбанкнаас ч мэдэгдэл гаргасан.
-Цар тахлын үед эдийн засгаа яаж аварч үлдэх вэ. Иргэдээ ажилтай, орлоготой болгох ямар хууль, тогтоомжийг УИХ батлахаар төлөвлөж байна вэ?
-Эдийн засгийг сэргээж, эрчимжүүлж, иргэдээ ажилтай, орлоготой байлгах асуудлыг хамгийн чухал зорилтоо гэж УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч санал нэгтэй үзэж, хамтран ажиллаж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн ивээл дор энэ сарын 13-ны өдөр төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг Эдийн засгаа эрчимжүүлэх асуудлаар зохион байгуулна. Засгийн газар, УИХ хамтраад эдийн засгийг дахин сэргээж, эрчимжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх төсөл дээр ажиллаж байна. Намрын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байна. Эдийн засгийн дахин сэргэлтийн шинэ хөтөлбөрийг төр, хувийн хэвшил хамтраад коронавирусыг ялж үүний дараагаар эдийн засгаа яаж сэргээх вэ гэсэн том бодлого, зорилтыг дэвшүүлж байгаа. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Хувийн хэвшлээ дарамт багатайгаар аль болох боломжийг нь тэгш олгож ажлын байр бий болгох, экспортоо дэмжих, импортыг орлох, эдийн засгийн хамаарлыг багасгах, хамгийн гол нь иргэдээ ажилтай, орлоготой байлгахад чиглэсэн багц өөрчлөлтийг хэрэгжүүлнэ. Биднээс шалтгаалахгүй зүйл байна. Коронавирусаас болж хил, гааль, боомт хаагдаж экспорт саатаж байгаа асуудал бий. Мөн УИХ, Засгийн газар хамтарч ажилласны үр дүнд хил, гаалийн нөхцөл байдал сайжирч байгаа.
-УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдгийн хувьд хэрэгжихгүй байгаа хуулиудад хэрхэн хяналт тавьж байна вэ. Гарсан хуулиудыг иргэдэд сурталчилах ажилд хяналт тавьж чаддаг уу?
-Хууль сурталчилах, биелүүлэх, хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар хариуцдаг. Засгийн газарт хяналт тавьж ажиллахыг Үндсэн хуулиар хуульчилсан байдаг. Хуулийн хэрэгжилтийн хяналтыг тавихад хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө Засгийн газар, харьяа байгууллагууд, яам, агентлагууд хариуцаж хэрэгжүүлэх ёстой. Тэдний үйл ажиллагаанд хяналт тавих Үндсэн хуулийн зохицуулалт. Түүнээс хууль болгоныг хянах бололцоо хязгаарлагдмал. УИХ дээр парламентын сурталчилгаа, хууль хэлэлцүүлэх шинэ нэгж байгуулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүдээс тодорхой хуулиудын хэрэгжилтийг хянах Ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Байнгын хороод болон УИХ-ын даргын захирамжаар 15 Ажлын хэсэг гаргаж хуулийн хэрэгжүүлэлтийг хянаж шалгахаар ажиллаж байна. Энэ удаагийн хаврын чуулганы гол зорилт Хүний эрхийг хамгаалах эрх зүйн хуулийг баталсан. Хүний эрхэд үнэлгээ хийж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.9.2 ПҮРЭВ № 172 (6649)