Ч.ҮЛ-ОЛДОХ
Ароматерапист, зохиолч, сэтгүүлч Х.Эрдэнэцэцэгийг “Утга зохиолын тухай яриа” буландаа урилаа. “Зохист Дорно” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагчдын нэг тэрбээр Японд амьдарч, Осака хотноо анхилуун үнэрийн засалчаар ажилладаг. Япон хэлнээс “Ээж аавуудад илгээх ид шидийн үгс”(2005), “Бүсгүй зөн сэрэхүй”(2019), англи хэлнээс “Ангарагаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд”(2007) номыг орчуулан олны хүртээл болгосон. “Анхилуун ургамлын увидас”(2015), “Арслан” хөрөг дурдатгал (2018) номын хамтран зохиогчоор ажиллаж, 2018 онд “Тэргэл саран” номоо хэвлүүлсэн. Саяхан “Сарны хэмнэл, мэдрэхүйн анир” номоо хэвлүүлэн уншигчдын гар дээр тавьсан юм.
Багадаа уншсан зохиолын талаар
-Би Улаанбаатарт төрж, зургаан буудалд өссөн жирийн айлын охин. Ном их уншдаг даруухан охин байлаа. Аав маань тээврийн жолооч, ээж цэцэрлэгийн тогооч хийдэг. Хоёр эгчийг айлд өргүүлсэн болохоор гэртээ ахтайгаа хамт тоглоно, бас номоо уншина. Аав ээж хоёр маань намайг уран зохиолын дугуйланд оруулснаар зохион бичлэг, богино шүлэг бичдэг байсан. Ээж минь надад зориулж “Утга зохиол, урлаг” сонин, “Цог” сэтгүүл захиалж хамт уншдаг байлаа. Олон зохиолчдын бүтээл хэвлэгддэг болохоор уншихад ч маш амттай. Гэрийн номын санд “Цог” сэтгүүлийн дугаарууд өрөөстэй байдаг сан. Том болоод Бавуугийн Лхагвасүрэн ахынхаа ихэнх номыг уншсан. Төрөл садан болохоор ч биш ерөөсөө тэр хүний бүтээл шидлэг, хүсэл мөрөөдөлд дуудсан гэгээн тунгалаг санагддаг юм. Хожим сэтгүүлч болоод Б.Золбаярын номуудыг унших дуртай болсон. Ингээд яривал олон хүн бий. Эмэгтэй зохиолчдоос Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяагийн номуудыг унших дуртай. Эмэгтэйлэг, хүний сэтгэлийн дотоод ертөнцийг уудалсан, уран нарийн өгүүлсэн гайхалтай номууд байдаг юм. Түүний зэрэгцээ түүх судалгааны арвин мэдлэгтэй учраас уран зохиолд шигтгэж өгсөн нь тун сонирхолтой байдаг.
Хамгийн сайн мэддэг зохиолчийнхоо тухай яривал
-Японд амьдарч байгаа ч би Монголын зохиолчдын тухай, тэдний бүтээлүүдийг захиалж авч уншиж байдаг. Сүүлийн үед М.Уянсүх ахын бүтээлүүдийг уншиж биширч байна. Сайхан мөрөөдөлд хөтөлж, бичих туурвих сан гэсэн гэгээн санаа зорилгыг асааж өгдөг юм. “Аварга мод” ном нь гайхалтай бүтээл гэж хэлнэ. Эмэгтэй найрагчдаас Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт Б.Төгсжаргалтай их ойр. Бид хоёрын сэтгэлийн долгис яг таардаг юм. Би өөрөө шүлэг бичдэг ч Төгсөөгийнхөө шүлгийг сонсож, унших маш дуртай. Бас Б.Төгсөө маань болж өгвөл ахмад уран бүтээлчдийг дэмжье гэдэг. Би ч бас тэгж хүсдэг. Тиймээс хамтраад “Зохист Дорно” хэвлэлийн газрыг байгуулж байлаа. Мөн Д.Нямаа ахынхаа “Тэнгэрийн хаяанд” номыг дахиж хэвлүүлэхэд нь тусалж байсан. Үүгээр зогсохгүй нэлээд хэдэн хүний номыг хэвлүүлэхэд дэмжиж тусалсан. Монголынхоо зохиолчдыг, ахмад уран бүтээлчдийг хайрлах дэмжих сэтгэл бид хоёрыг нийлүүлж нэгтгэсэн юм. Зохиолч Б.Сарантуяагийн удирддаг “Хөх судар” зохиолчдын бүлгэмд бид хамтдаа байдаг. Тэднээсээ их урам зориг авдаг.
Зохиолч болно гэж эргэлтгүй шийдвэрт хүргэсэн ном гэвэл
-Би хүмүүст шинэ зүйлүүдийг таниулахыг хүсдэг. Энэ бол хүн болгоны дотор оршиж байдаг хэзээ ч унтрашгүй мөнхийн хүсэл эрмэлзэл юм. Хүмүүс шинэ сонин зүйлийг өөрөө олж мэдсэн бол түүнийгээ бусдад дуулгаж, мэдээлж байдаг нь жам юм. Тэгэхээр ганц миний ч хүсэл сонирхол биш байх. Миний хувьд эх орноосоо хол, Монголоос тэс өөр Япон оронд амьдардаг. Техник технологи, шинжлэх ухааны хөгжлөөр дэлхийн улсуудын магнайд явдаг энэ орны асар хурдацтай хөгжил дэвшил, шинэ нээлтүүдийн тухай мэдээллийг өөрийн судалж байгаа хүрээнд соргогоор тусгаж авдаг. Мөн сонсоод зүгээр өнгөрүүлэх бус монголчууддаа хүргэхсэн, мэдрүүлэх гэж хүсдэг. Энэ хүсэл маань намайг ном орчуулах, бичих, уран бүтээлийн ажилд хөтөлж ном бичих дуртай болгосон. Энэ бол миний өөртөө олгож буй ажил юм. Хамгийн анх 2005 онд “Ээж аавуудад илгээх ид шидийн үгс” гэсэн жижигхэн номыг япон хэлнээс орчуулсан. Дараа нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөр рүүгээ өнгийж, өөрийгөө ойлгож сурахад дөхөмтэй болов уу гээд “Ангарагаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд” номыг орчуулж хэвлүүлсэн. Анхилуун үнэрийн заслын тухай “Анхилуун ургамлын үндэс” номоо гаргасны дараахан “Арслан” хөрөг дурдатгалын номыг бүтээх санал ирж хамтарч бичсэн. Япон дахь тусгай сурвалжлагчийн хувьд “Өдрийн сонин”-доо хааяа мэдээ явуулдаг. Эх орондоо ирэхдээ зүгээр амарч аялах бус бүтээлч байдлаар ирэхсэн гэж боддог. Энэ удаа “Сарны хэмнэл, мэдрэхүйн анир” номоо хэвлэлтээс авч нээлтийг нь хийлээ. Ирэх сард Япон руу буцна.
Уран бүтээлийн судалгаа хэрхэн хийдэг вэ
-Судалгаа хийдэг гэвэл өөрийгөө дэндүү дөвийлгөсөн хэрэг болно. Эрдэмтэн, судлаачдын хийдэг шиг, тэдний энд хүрэх том судалгаа хийдэг юм шиг ойлгож болохгүй. Өөрийн хэмжээнд уншиж судалдаг. Япон хэлнээс олон ном зэрэгцүүлж уншина, судална. Аль нь сонирхолтой вэ, тэдгээрээс монголчуудад аль нь хэрэгтэй вэ гэдгийг харьцуулна. Жишээ нь, “Сарны хэмнэл, мэдрэхүйн анир” номоо 2015 оноос хойш бичсээр сая л хэвлүүллээ. Сарны тухай сэдэв рүү хөтлөгдсөн өөрөөр хэлбэл, миний антенн тэр зүг рүү анх чиглэснээс хойш 6-7 жил болжээ. Эрдэмтэн шиг судалсан гэвэл арай хэтрүүлсэн болно.
Зохиолын баатрууд, санаа хаанаас гарч ирдэг вэ гэж үү
Япончууд бол монгол хүмүүсээс тэс өөр. Даруухан, бүрэг ичимхий зан нь адил ч сэтгэлгээ нь асар өөр. Монголчууд налайсан, сэтгэлээ дэлгэсэн цагаан цайлган нээлттэй хүмүүс. Яончууд болохоор дотогшоо, яах гээд байгаа нь мэдэгдэггүй учир битүүлэг. Цаад хүнийхээ сэтгэлийг зовчихно гээд өөрийн зовлонгоо хэлдэггүй.
-Адилхан Азийн орон ч гэлээ, япончууд бол монгол хүмүүсээс тэс өөр. Даруухан, бүрэг ичимхий зан нь адил ч сэтгэлгээ нь асар өөр. Монголчууд налайсан, сэтгэлээ дэлгэсэн цагаан цайлган нээлттэй хүмүүс. Яончууд болохоор дотогшоо, яах гээд байгаа нь мэдэгдэггүй учир битүүлэг. Цаад хүнийхээ сэтгэлийг зовчихно гээд өөрийн зовлонгоо хэлдэггүй. Тэдний учрыг олж чин сэтгэлийг уудлах маш хэцүү. Зөн сэрэхүйн тухай, мэдрэмжийн талаарх номуудыг уншиж судалж, орчуулж мөн өөрийн туршлагад тулгуурлан бичиж байгаа маань түүнээс санаа авсан байж болох. Дээр нь цоо шинэ хэний ч хийж байгаагүй зүйлийг хийх, нээх, гаргаж ирэх эрмэлзэл хүн болгонд байдаг шүү дээ. Хэн ч хийж байгаагүй зүйлийг мэдүүлье, таниулъя гэсэн хүсэл оргилж явдаг, би тийм л хүн. Японд юу трэнд болж байна тэр бүхнийг монголчууддаа таниулъя гэж боддог. Бас түүнийг сайн судалж, Монголынхоо хөрсөнд таарах таарахгүйг нь анзаарч, хүмүүс юуг нь ойлгож, юуг ойлгохгүй байх бол гэдгийг мэдэрч байж нэвтрүүлнэ шүү дээ. Миний бүтээлүүд ийм л санааны үүднээс ургаж гарч ирээд байгаа юм. Жишээ нь, “Анхилуун ургамлын увидас” ном маань үнэрийн заслын тухай, үнэрийн заслын ухаан өөрөө маш гүн гүнзгий утга учиртай. ЮНЕСКО-гоор хүлээн зөвшөөрөгдсөн байгалийн заслын нэг хэлбэр юм. Анагаах ухааны урьдчилан сэргийлэх засалд ордог. Үнэр нь шууд хүний тархинд хүрдэг. Ингэхдээ бидний эртний тархи, хуучин тархи гэж хэлдэг тэр хэсэгт хүрнэ. Эртний тархи гэдэг нь зөн билэг мэдрэмжийг хариуцаж байдаг хүний төрөлхийн хүсэл, амьдралын хэрэгцээг холбож байдаг хэсэг юм. Бусад мэдрэхүй шууд тархинд нөлөөлдөггүй ямар нэгэн зүйлээр дамжиж очдог. Тэгвэл үнэр шууд тархинд хүрдэг. Өнөөгийн нийгэм тэр чигээрээ оюун ухааны нийгэм, тиймээс хүмүүсийн их тархийг хөгжүүлээд байдаг. Бид хүүхдүүдээ академик боловсролоор хөгжүүлээд байдаг. Энэ бол их тархийг нь хөгжүүлээд байгаа юм. Эртний тархийг илүү хөгжүүлбэл бидний мэдрэхүй хөгжиж байдаг. Үнэр тархинд шууд очдог болохоор мэдрэхүйг хөгжүүлдэг, сэтгэл санааг засдаг. Гундуу байгааг сэргээж, бачимдсан нэгнийг тайтгаруулж өгдөг. Сэтгэлийн аливаа хөдөлгөөнийг тэнцвэржүүлдэг. Сэтгэл санаа өөдрөг байх нь эрүүл байхад маш их нөлөөтэй. Улс болгонд үнэрийн засал эртнээс хөгжсөн. Монголчууд арц, агь ганга, адууны хөх хомоол уугиулж үнэрийн засал хийж ирсэн эртний уламжлалтай. Эртний Грек, Ромд анхилуун үнэрт ургамлыг үнэрийн засалд ашиглаж байсан. Сүүлийн үед үнэрт эрдэмтэд эфирийн тос гаргаж авч байна. Үнэрийн засалд ашиглахаас гадна массаж хийх, агаар цэвэршүүлэх гээд олон талын ач холбогдолтой.
Уншигч бүсгүйчүүддээ хэлэх зөвлөгөө
-Сүүлийн үед нийгэм нэг л бараан байх болжээ. Бүсгүйчүүд дотор гундуу байгаа, итгэл алдсан, цөхөрсөн эсвэл хаширсан нь олон байна. Тэдэнд итгэл өгөхсөн, гэрэл гэгээ бэлэглэхсэн гэж хүсдэг. Хүнд таалагдах гээд, эсвэл хүний сэтгэлд тааруулах гээд өөрийгөө бүрэн гаргаж илэрхийлж чадахгүй болсон бүсгүйчүүд ч тааралддаг. Тэр бүсгүйчүүд эцсийн эцэст хэнээс ч шалтгаалахгүй өөрөө өөрөөсөө баяр жаргал ундруулдаг, өөрийгөө засаад авчихдаг, өөрөөсөө сэтгэлийн хүч гаргадаг байгаасай. Тэгж чадвал огторгуйн энергийг авна. Хүн өөрийгөө хайрлаж, өөрийнхөө сэтгэлийн орчныг хямгадан засаж, дотроо бясалгаж өөрөө өөрийгөө тайвшруулж, аливаа зүйлээс хамгаалж явах тусам огторгуйн хүч, нар сарны энергийг авдаг. Түүнийг мэдрүүлэхсэн, ойлгуулахсан гэсэн зорилгоор ном бичсэн юм. Сарны хэмнэл, сар, нар од эрхэсийн нөлөө амьтай болгонд нөлөөтэй.
Тэр нөлөөллийг мэдрээсэй. Бид гар утас, компьютер, телевиз, гадаад мэдээллийн урсгал гээд асар их давалгаа, долгис дунд хөвөөд, түүндээ автаад байдаг. Зөвхөн түүнээс шалтгаалж тэр сайн, энэ сайн гэсэн болгон руу хошуурч байна. Өөрөө өөрийгөө мэдрэх, мэдрэхүйгээ хөгжүүлэх цаг гаргахгүй байна. Байгаль эхтэйгээ ойр байх, өөрийн дотоод руу өнгийх тал дутагддаг. Сарны хэмнэлийг аж гэдэг маань шинэ сар гарахад ийм, тэргэл сар гарахад тийм гээд дэг жаяг, зан үйлийг таниулах гэсэндээ биш. Тэр үед өөрийгөө ямар байлгах вэ, яавал зөв байх вэ гэсэн хандлага юм. Тэр хандлага дотоод сэтгэлтэй холбогддог. Мэдээж нар, саранд сүү өргөх нь зан үйл. Гэсэн ч тэр нь дотоод сэтгэлтэй холбогдож байдаг. Нар бол эрэгтэй хүнийг илэрхийлж байдаг, оюун ухааныг билэгддэг. Сар далд ухамсрыг илэрхийлдэг билэг шинж чанартай. Үүгээрээ бүсгүй хүнийг илэрхийлдэг. Эмэгтэй хүн бол тэр чигээрээ мэдрэхүйн бодгаль. Магадгүй сарын дөрвөн хэмнэл нь бидний сарын хирийн дөрвөн хэмнэлтэй давхцдагаас ч ингэж томъёолсон байж болох талтай. Эр хүн оюун ухааныг эрхэмлэдэг. Эмэгтэй хүн мэдрэхийг хүсдэг. Эмэгтэй хүн тэр чигээрээ соронзон долгион цацруулж байдаг бол эр хүн цахилгаан долгион ялгаруулдаг. Энэ бүхнийг өгүүлсэн “Сарны хэмнэл, мэдрэхүйн анир” номоороо би бүсгүйчүүдийг өөр рүүгээ өнгийгөөч, өөр рүүгээ орооч, өөрийгөө таниач гэсэн мессежийг өгөхийг хичээлээ. Эх орон минь хөгжиж байна. Өөрийн дотоод сэтгэл, мэдрэмжээ хөгжүүлж байгаа хүмүүс олон болсон байна. Нэг үеэ бодвол хүмүүс иог бясалгал их хийдэг болжээ. Өөр рүүгээ өнгийж, өөрөө өөрийгөө олох гэж мэрийсэн, эрүүл байхын төлөө хичээсэн хүн олон байгаад баярлаж байна. Өөрийгөө илүү их мэдэрч, дотор сэтгэлээ сонсч байгаасай. Ийм хүн илүү хөгждөг, илүү урагшилдаг, бусдаас түрүүлж алхдаг юм шүү.
Хамгийн сүүлийн шинэ бүтээлийнхээ тухай
-Уншигчдын гар дээр тавьсан сарны хэмнэлийн тухай бүтээлээс ч өмнө бэлэн болсон ном бий. “Шүүдрийн увдис” гээд. Дээр өгүүлсэн анхилуун үнэрийн засалтай адил байгалийн заслын тухай юм. Цэцгийн охины засал гэж шинэ сэдэвтэй. Энэ Монгол удахгүй нэвтрэх байх. Цэцгийн охины засал Англид анх 1930-аад оноос үүссэн. Цэцгийн энергийг цуглуулж аваад охь гэж нэрлэсэн. Үнэрээ удаан хадгалдаг, сэтгэл санааг тайвшруулах, сэргээхийн тулд брэндийн дарсанд дусааж ууж хэрэглэдэг. Хэрэв хайртай дотны хүнээ алдаж шоконд орсон хүн байвал сэтгэлийг нь засаж тэнцвэржүүлэхэд нөлөөлнө. Уурлаж бухимдсан байвал түүнийг нь саармагжуулдаг. Энэ заслыг танилцуулсан Английн эрдэмтний судруудыг орчуулсан. Би өөрөө Японд энэ заслыг хийдэг. Өөрийн туршлагад тулгуурлаж, Монголд яаж нэвтрүүлэх вэ гэдэг үүднээс ном бичсэн. Түүнийгээ анхдагч болж танилцуулах том амбиц бас бий. Арваннэгдүгээр сард хэвлүүлчих байх.
“Сарны хэмнэл мэдрэхүйн анир”-т саатан тухлаарай...
-Сарны хэмнэлээр аз жаргалтай, эрүүл энх амьдрахад туслах хөтөч, танин мэдэхүйн болоод уламжлалт зан үйлийн, түүнчлэн цаг тоолол, зурхайн ёс, био хэмнэл, үнэр засал, детокс, эмэгтэйчүүд гэсэн цогц мэдээллийг багтаасан цоо шинэ ном уншигч таны ширээн дээр, цүнхэнд, орны хажууд гэрэлтэгч сарыг төлөөлөн очиж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.20 БААСАН № 163 (6640)