Б.ДОЛЖИНЖАВ
Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байгаатай холбогдуулан аутизмтай хүүхдээ сургуульд сургахад юуг анхаарах талаар “Autism Mom Mongolia” цахим хуудасны админ М.Одонтунгалагтай ярилцлаа.
-Аутизмын талаарх хүн бүрийн ойлголт өөр байдаг. Тиймээс аутизм гэж юу вэ гэдгийг манай уншигчдад тайлбарлавал?
-Аутизм гэдэг нь товчхондоо нийгмийн харилцааны эмгэг юм. Ихэнх аутизм хэл ярианы хоцрогдол болон хэт хөдөлгөөнжих эмгэг хавсарч явагддаг. Гэхдээ энэ нь ийм эмгэгтэй хүүхдүүд сэтгэцийн өөрчлөлттэй, эрүүл бус гэсэн үг биш. Тэд бусдын адил сурч, боловсрох, нийгэмших бүрэн боломжтой. Аутизм 2-4 настай байхад нь хамгийн их мэдэгддэг. Үндсэн шинж тэмдэг нь хэлд орохгүй байх, хэт хөдөлгөөнтэй эсвэл эсрэгээрээ хөдөлгөөн муу байх, хүний нүд рүү эгцэлж хардаггүй, олон дуудуулж байж хардаг юм. Миний хувьд хүүгээ хоёр нас гарантайд нь гадарлаад дөрвөн настайд нь оношлуулж байсан. Гэвч одоо эргээд бодоход аав ээжүүд хүүхдээ хорвоод мэндэлсэн цагаас нь ажигладаг байх хэрэгтэй юм билээ. Хөхөө тогтмол хөхөж байгаа эсэхийг, харц тогтсон эсэх, хөл гарын булчин ямар байна, өлгийндөө бааж шээгээд уйлж мэдэгдэж байна уу гэдгийг нь сайн ажиглах нь чухал. Хүүхдийн ягаан дэвтрийн ард байдаг сар болгоны хөгжлийн явцыг тулгаад явах хэрэгтэй. Хэдий чинээ хүүхдээ ажиглана, төдий чинээ эрт мэдэж, засах боломжтой.
-Шалтгаан нь юу байдаг юм бол?
-Хүүхдүүд яагаад аутизмтай төрөөд байгаа шалтгааныг шинжлэх ухаанд дэлхий нийтээрээ одоо болтол тогтоогоогүй л байна. Аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүдээс судалгаа авахад шалтгаан болгон нь өөр байдаг. Агаарын бохирдол, генийн өөрчлөлттэй хоол хүнс, эцэг эхийн амьдралын хэв маяг, антибиотикийн хяналтгүй хэрэглээ, бухимдал аль нь ч нөлөөлсөн байх магадлалтай.
-Тархины саа, аутизм, дауны синдромтой хүүхдүүдээ нийгэмшүүлэхэд эцэг эхийн арга барил маш чухал байдаг. Тэгвэл аутизмтай хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа юуг анхаарах ёстой вэ?
-Хүүхдээ сайн мэддэг байх хэрэгтэй. Хүүхдийнхээ дуртай зүйл дээр нь тулгуурлаад сонирхолтой болон тоглоомон аргаар аливаа зүйлийг ойлгуулж, заах хэрэгтэй. Эцэг эхчүүд их тэвчээртэй, яаралгүй, тууштай байх нь чухал. Аутизмтай хүүхэд бүр өөр байдаг. Тиймээс өөрийн хүүхдээ бусад хүүхэдтэй бүү харьцуул. Харин өөрийнх нь өнгөрсөнтэй харьцуул. Өмнөхөөсөө хүүхдийн тань чадвар хэрхэн нэмэгдсэнийг өнөөдөртэй нь харьцуулах хэрэгтэй.
-Тун удахгүй хичээлийн шинэ жил эхэллээ. Хүүхдээ ердийн болон тусгай сургуульд сургах уу гэдэг дээр зарим эцэг эх эргэлзэж байгаа байх. Цэцэрлэг болон сургуульд аутизмтай хүүхдээ сургахдаа юуг чухалчлах ёстой вэ?
-Хүүхэд бүрийн аутизмын түвшин өөр байдаг. Түвшингээсээ хамаараад аль сургуульд өгөхөө шийдэх нь зөв. Бусад тохиолдолд жирийн хүүхдүүдтэй хамт суралцах нь тэдэнд хэрэгтэй. Ганц аутизмтай хүүхдийн талаас ч биш жирийн хүүхдүүд ч гэсэн тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн тухай ойлгодог болж, илүү хүнлэг болж төлөвших юм. Тусгай сургуулиудад явуулж болно. Тусгай сургууль гэхээр ихэнх хүн хүндээр хүлээж авдаг. Гэвч энэ чиглэлээр мэргэшсэн багш нар тухайн хүүхдийн онцлогт тохирсон аргаар хичээл заадаг орчин юм. Тэндээсээ шилжээд жирийн сургуульд орох боломжтой.
-Сургууль, цэцэрлэгт сургахад хамгийн түгээмэл тулгардаг асуудал юу вэ. Багш нарын аутизмтай хүүхдийн талаарх ойлголт дутмаг, харилцах чадвар сул гэсэн асуудал тулгардаг уу?
-Мэдээж гаралгүй яах вэ. Багш нар аутизмын тухай үнэн зөв мэдээлэлгүй байна. Үүнээсээ болоод тухайн хүүхэдтэй яаж харилцах аргаа олохгүй, шантраад юм сургахгүй орхичихож байна. Уг нь багш хүнд энэ хүүхдэд бага ч гэсэн зүйл заагаад сургачих юмсан гэсэн сэтгэл хэрэгтэй. Гэхдээ нэг үеэ бодвол сүүлийн жилүүдэд багш нарын ойлголт дээшилсэн. Аутизмын талаар уншдаг, судалдаг болсон байна. Ер нь аутизмыг сүүлийн дөрвөн жилээс л Монголд ярьж эхэлсэн.
-Яг өнөөдрийн Монголын нийгэмд аутизмтай хүүхдүүдийг боловсролтой болгоход ямар асуудал тулгарч байна?
-Боловсон хүчин их дутагдаж байна. Энэ чиглэлээр багш нарыг бэлтгэдэг их сургууль цөөн байна. Мэргэжилтэн бэлтгэх их сургууль цөөн бага байгаа учир оюутан, сурагчид сонгон суралцахгүй байна. Энэ нь аутизмын талаарх ойлголт байхгүйтэй холбоотой болов уу. Аутизмтай хүүхдүүдийн сэтгэхүй болон бие бялдар хөгжүүлэх төв, сургалтууд ч цөөн байна. Улсын сургуулийн нэг ангид 30-40 хүүхэд суралцдаг. Үүн дээр нэг тусгай хэрэгцээт хүүхэд нэмэгдэхээр багшийн ачаалал эрс ихэснэ. Ийм үед туслах багш зайлшгүй хэрэгтэй. Хоёр жилийн өмнөөс хөнгөн хэлбэрийн аутизмтай хүүхдийг харьяа дүүргийн дагуу сургаж болно гэсэн шийдвэр гарсан. Гэтэл энэ шийдвэртээ тохирсон бусад асуудлаа шийдээгүй.
-Аутизмтай хүүхдүүдийн талаарх хүмүүсийн мэдлэг нэг үеэ бодвол дээшилсэн гэж харж байна. Цаашид эерэг хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зөв бэ?
-Бидний эргэн тойронд бусдаас өөрөөр сэтгэдэг, онцлогтой хүн болон хүүхэд байдаг гэдэг үнэн зөв мэдээлэл нийгэмд түгээх хэрэгтэй. Хүмүүс мэдлэггүй учир ач холбогдол өгөхгүй байна. Ялангуяа, үсчин, хүүхдийн тоглоомын газар, нийтийн тээвэр, банк, сүлжээ дэлгүүрүүдэд энэ талын эерэг хандлагатай самбар өлгөж, мэдээлэл байршуулж болно.
-Олон улсад аутизмтай хүмүүсийг хөгжих боломжоор хангадаг ямар туршлага байдаг вэ?
-Ганц аутизм биш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон хүүхдүүд тэдний гэр бүлийн асуудлыг шийдэхэд олон улсад улсаас сайн дэмждэг. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 2-нд дэлхий нийтээрээ аутизмыг таниулах өдөр тохиодог. Энэ өдөр хүн бүр алхалтад оролцохоос гадна аутизмтай хүүхэдтэй эцэг эхэд зориулсан сэтгэлзүйчтэй уулзалт, усан сэлэлтийн, морины, хөгжмийн, зан үйлийн, хэл ярианы засал, шилжилтийн насанд нь зориулсан сэтгэлзүйч, тусгай хүргэлтийн унаа гэх мэт улсаас хангадаг. Аутизм бол дан ганц ийм эмгэгтэй хүүхдүүдтэй эцэг эхийн анхаарах зүйл биш. Харин нийгэм даяараа ойлгож, хүлээн зөвшөөрч, дэмжиж байж хүүхдүүд ялгаварлан гадуурхагдахгүй, тайван нөхцөлд амьдрах боломж бүрдэнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.17 МЯГМАР № 160 (6637)