Б.Наранцэцэг: Зарим шийдвэр хүний эрх зөрчиж байгааг олон нийт мэддэггүй

2021-08-12
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

 “Өмгөөллийн Фиделитас Партнерс” ХХН-ийн Гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй COVID-19 халдвар ба хүний эрхийн зөрчил сэдвээр ярилцлаа.

 

-COVID-19 цар тахлын үед Монгол Улсад хүний эрх хэрхэн зөрчигдсөнийг хуулийн хүрээнд тайлбарлавал?

-COVID-19  цар тахалтай тэмцэх, хүн ам, эрүүл мэнд, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргасан олон шийдвэр, үйл ажиллагааг хуулийн үндэслэлгүй, зорилгодоо нийцээгүй, цаг үеэ олоогүй, уялдаа холбоогүй байгааг олон нийтийн тодорхой хэсэг шүүмжилж, нийтийн сүлжээнд маргаан өрнүүлж ирсэн. Гэхдээ зөвхөн шүүх тэдгээр шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, хүний эрхийг зөрчсөн эсэхийг эцэслэн тогтооно.Харин Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх, тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулж УИХ-д хүргүүлэх чиг үүрэгтэй.

Энэ хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын “COVID-19  цар тахал ба хүний эрх” сэдвийн хүрээнд хийсэн хяналт шалгалт, ажиглалт, мониторинг, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг багтаан бэлтгэсэн 20 дахь илтгэлд Монгол Улс дахь COVID-19  цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийн тохиолдлуудыг дэлгэрэнгүй тайлбартай оруулсан байдаг.

Тухайлбал, COVID-19  цар тахлын үед иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх, сурч боловсрох эрхэд нөлөөлж буй нөлөөлөл, төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дагаврыг тодорхойлж, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах чиглэлээр санал дэвшүүлсэн байсан. Тохиолдлуудаас дурдвал БЗД-ийн 26 дугаар хороонд дүүргийн Засаг даргын шийдвэрээр гэнэтийн хөл хорио тогтоосон. Би өөрөө тус хорооны оршин суугч тул үйл баримтыг сайн санаж байна. Өглөө эрт шүүх хуралтай байтал хорооллоосоо гарч чадахааргүй хоригдсон. Ийм гэнэтийн шийдвэрийн улмаас олон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн болон төрийн байгууллагын үйл ажиллагаа тасалдсан. Оршин суугчид эсэргүүцэж жагссанаар хөл хориог цуцалсан. Гэхдээ ямар үндэслэл, шалтгаанаар хэсэгчлэн хорьсон талаар судалгаа, тоо баримт  нийтэд ил болоогүй өнгөрсөн.

-Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг 21 хоног тусгаарласан нь хүний эрхийг зөрчсөн гэж та бүхэн үзжээ. ЭМЯ-ны зүгээс халдвар 27, 28 дахь хоног дээрээ илэрч байгаа учир 21 хоног тусгаарлах ч багадна гэж тайлбарлаж байсан. Тэгвэл 21 хоног тусгаарласныг хүний эрх зөрчсөн гэж үзэх үндэслэл нь юу вэ?

-Монгол Улсын иргэн бүр улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаад руу явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Үндсэн хуулиар баталгаажуулсан тус үндсэн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах, хязгаарлалт нь зайлшгүй байх шаардлагатай. Манай Улсад COVID-19  халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гадаадаас ирж буй иргэдийг эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамаарч 14+14 буюу тусгаарлах байранд 14 хоног, гэрийн тусгаарлалтад 14 нийт 28 хоног тусгаарлаж байсан. Дотоодын бүртгэгдсэн тохиолдол 11 болсон 2020 оны гуравдугаар сарын 26-ны өдөр тусгаарлалтын хугацааг 21+14 нийт 35 хоног болгож нэмэгдүүлсэн бол дотоодын тохиолдолд 893 болсон 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр 14+14 нийт 28 хоног болгож бууруулсан. Тодруулбал, Улсын онцгой комисс гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах хугацааг 2020 оны гуравдугаар сараас хойш нийт зургаан удаа өөрчлөн тогтоосон. Үүнийг Хүний эрхийн үндэсний комиссын 20 дахь илтгэлийн 26 дахь талд тусгаарлан ажиглах хугацааг харилцан адилгүй тогтоож байгаа шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлах шаардлагатайг комиссын зүгээс Улсын онцгой комисс болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд удаа дараа мэдэгдсэн боловч өнөөг хүртэл албан ёсоор тайлбарлаж, олон нийтэд мэдээлээгүй гэж дурдсан байна.

Улс орнуудыг харьцуулж үзвэл ДЭМБ-аас гаргасан 7-14 хоног байх удирдамжийн хүрээнд Австри, Швейцар, Бельги, Герман, Норвеги, Литва, Словак болон Словени улсуудын хувьд гадаад улсаас ирж буй иргэдийг тусгаарлан ажиглах хугацааг 10 хоног, Франц, Болгар, Итали, Латви, Нидерланд, Турк улсын хувьд тусгаарлан ажиглах хугацааг 14 хоног байхаар тус тус тогтоож байсан. Өнөөдрийн байдлаар 7+4 хоног тусгаарлан ажиглаж байна. Эдгээр тоонд шинжлэх ухааны үндэслэл, шийдвэр гаргаж байгаа Улсын онцгой комисст хууль зүйн үндэслэл байх ёстой. Үгүй ядаж логик, харилцан хамаарал байх ёстой. Халдварын байдал  болон шинж тэмдэг өөрчлөгдөөгүй байна. Тэгвэл 7+4 хоног тусгаарлан ажиглах боломжтой байсан юм бол яагаад 21+14 хоног тусгаарлаж байсан юм бэ. Эдгээр асуултад хэн ч хариулахгүй байгаа тул шүүхийн журмаар асуухаар COVID-19  цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах нийтийн эрх ашгийн өмгөөллийн төслийг санаачилсан юм.

-Танай хуулийн фирмээс санаачлан цар тахлын үеийн хүний эрхийн зөрчлийн эсрэг “Эрхээ эдэлье” аяныг эхлүүлжээ. Аяныг хэрэгжүүлэх болсон шалтгаан юу байв?

-Төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хязгаарлалтгүй эдлэх эрхийг хязгаарлаж, зөрчиж байгааг олон нийт мэддэггүй. Мэдсэн ч эрхээ сэргээх арга замыг мэддэггүй тул энгийн, ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй хэлбэрээр мэдүүлэх хэрэгцээ байгаа нь “Эрхээ эдэлье” аяныг өрнүүлэх шалтгаан болсон юм. Манай хуулийн фирм мэдээллийн технологийн компанид зөвлөгөө өгөхийн зэрэгцээ “хууль зүйн судалгаа хийх” үндсэн чиглэлтэй ажилладаг. Энэ чиглэлийн хүрээнд хууль зүйн салбарын судалгааны ажлыг дэмжиж, судалгаанд суурилсан бодлогын үр нөлөөтэй, олон талын оролцоог хангах өргөн хүрээний стратеги хэрэгжүүлдэг “Нээлттэй нийгэм форум” НҮТББ-ын төсөл, хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцдог.

Өнгөрсөн хугацаанд манай баг “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зарласан бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрт “Иргэний хэрэг үүсгэх ажиллагаан дахь шүүхэд мэдүүлэх эрхийн хэрэгжилт” сэдвээр шалгарч, нийслэлийн зургаан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байгаа захирамж дээр ажилласан. Судалгаа хэвлэлтэд шилжсэн байгаа. Харин “Эрхээ эдэлье аян”-ы хувьд “Нээлттэй нийгэм форум” НҮТББ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард “Төрийн ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах” зорилгын хүрээнд нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэг зарласан. Тодруулбал, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангуулах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах төслийг COVID-19–ийн үеийн хандив, тусламжийн шилэн данс хөтлөлтийн жишээн дээр хэрэгжүүлэх, тавдугаар сард Хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, бэхжүүлэх зорилгын хүрээнд нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэг зарлахад COVID-19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах төсөл бичиж тус тус шалгарсан.

Ийн манай хуулийн фирмийн санаачлагаар хэрэгжүүлэх нийтийн эрх ашгийн өмгөөллийн дурдсан  хоёр төслийн зорилго нь COVID-19 цар тахлын үед зөрчигдсөн хүний эрхийг сэргээх, хуулийн боломжийг мэдүүлэхэд чиглэх учир “Эрхээ эдэлье” аяныг нөлөөллийн ажлын нэг хэсэг байхаар эхлүүлж байгаа. Нийтийн эрх ашгийн өмгөөлөл нь нийтлэг эрх, ашиг сонирхлыг зөрчсөн асуудлыг шүүхээр шийдүүлэх замаар жишиг тогтоох, тус өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнд хууль тогтоомж, төрийн үйл ажиллагаа болон олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гаргах, хүний эрхийн ужиг зөрчлийг арилгахад дэмжлэг үзүүлэх үр дүнд чиглэдэг. Тиймээс олон нийтийн дэмжлэгийг авах нөлөөллийн ажил нь шүүх дээр явах өмгөөллийн үйл ажиллагааны адил чухал байдаг.

-Цар тахлыг даван туулахад туслах зорилгоор олон сая ам.долларын тусламж удаа дараа манай улсад ирсэн. Улсын онцгой комиссоос хэрхэн зарцуулсан хүснэгтээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй. Энэ нь мөн хүний эрхийн зөрчлийн хэлбэр үү?

-Монгол Улсын иргэн бүр төр, түүний байгууллагын нууцад хамаарахгүй асуудлаар  мэдээлэл хайх, хүлээн авах үндсэн эрхтэй. Иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах замаар төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлагыг сайжруулах боломжтой. Тухайлбал, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар төрийн байгууллага цахим хуудас дахь мэдээллийг тогтмол буюу 14 хоног тутамд шинэчлэх, мэдээлэлд өөрчлөлт орсноос хойш  гурав хоногийн дотор шинэчлэх, ойлгомжтой байдлаар байрлуулах үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл сүүлийн 1-2 жил шинэ мэдээлэл оруулаагүй, хэрэгцээт мэдээлэл олддоггүй. Зугаалга, баяр ёслолын зураг хийсэн цахим хуудас цөөнгүй таардаг.

Төрийн байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйд хяналт тавьж, хэрэгжилтийг нэхдэггүйгээс олон нийтийн нийтлэг эрх, ашиг сонирхол зөрчигддөг. Тиймээс иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах хүрээнд батлагдсан Мэдээллийн  ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль /2011 он/, Шилэн дансны тухай  хууль /2014 он/-ийн хэрэгжилтийг шаардах, тодорхой кейс дээр хуулиудын хэрэгжилтийг шаардах зорилгоор COVID-19 цар тахлын үед олон Улсын байгууллагаас гадна иргэд, аж ахуйн нэгжүүдээс өгсөн мөнгөн болон мөнгөн бус хандив, тусламжийн шилэн дансны хөтлөлтийг шалгасан юм.Учир нь төрийн байгууллагын хүлээн авсан хандив, тусламж нь Төсвийн тухай хуулийн 6.3.4-т зааснаар төсвийн бүрэлдэхүүн хэсэг юм. Тиймээс хандив хүлээн авсан төрийн байгууллага төсөв, санхүүгийн ил тод байдлын хүрээнд хандив, тусламжийн болон зарцуулалтын хэмжээг албан ёсны цахим хуудастаа нээлттэй мэдээлэх үүрэгтэй. COVID-19 цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, НОБГ-т мөнгөн болон мөнгөн бус хандив  их хэмжээгээр өгсөн тул шилэн дансны хөтлөлтийг тухайлан шалгасан. Ийн хуулийн хэрэгжилтийг шаардах замаар мэдэх эрхээ хэрэгжүүлэх боломж хүн бүрт нээлттэй бөгөөд зөвхөн COVID-19 үе гэж хязгаарлахгүй хэрэгжүүлэх учиртай.

-Олон улсын хандив тусламжийг зориулалтаар нь зарцуулаагүй тохиолдолд хаана хандаж, хэрхэн шийдвэрлүүлэх боломжтой вэ. Олон улсын байгууллагуудад хандах боломж байдаг уу. Монголд шийдвэрлэх боломж нь хомс гэж харж байгаа?

-Олон улсын гэлтгүй төрийн байгууллага хүлээн авсан бүх хандив, тусламжаа шилэн дансаараа тайлагнаж байх ёстой. Тухайлбал, Гамшгаас хамгаалах дотоодын хандив, тусламжийн тайлан нийтэд ил тод, нээлттэй байх ёстой. Тухайн оны хандив, тусламжийн тайланг хандив хаяглагдсан төрийн байгууллага болон Онцгой байдлын газрууд дараа оны дөрөвдүгээр  сарын 15-ны дотор өөрийн албан ёсны цахим хуудсаар нийтэд мэдээлэх ёстой байдаг. Ийн нийтлэхдээ хандивын орлого, орлогын зарцуулалт, хандивын орлогын зарцуулаагүй үлдэгдэл, тусламжийн орлого, тусламжийн орлогын зарцуулалт, тусламжийн орлогын зарцуулаагүй үлдэгдлийг мөнгөн дүнгээр харуулна. Хандив, тусламжийг хүлээн авсан төрийн байгууллага зориулалтаар нь ашиглаагүй гэх үндэслэл бүхий гомдол байвал тухайн захиргааны байгууллагад өөрт нь эсвэл дээд шатны захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх ёстой. Гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дараагийн шатанд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандана. Гэхдээ нийтлэг эрх ашгийн төлөө хүн бүр нэхэмжлэл гаргах боломжгүй тул стратегийн буюу нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийх хэрэгцээ үүсдэг. Тиймээс залуу өмгөөлөгчдийн баг төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг өөрсдийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд засаж залруулах хуулийн боломжийг эрэлхийлж байна.

-Манай улсын иргэдийн тухайд хүний эрхийн талаарх ойлголт дутмаг байв уу гэж харлаа. Цөөн хүн нь эрхээ зөрчүүллээ гэж дуугарсан?

-Хөл хорио тэр чигтээ хүний эрхийн зөрчил болсон уу гэвэл бас өрөөсгөл. Энэ нь нийтийн эрүүл мэндийн төлөө авч буй арга хэмжээ. Харин тэдгээр арга хэмжээ нь хууль зүйн болоод шинжлэх ухааны үндэслэлтэй, үүссэн нөхцөл байдалдаа тохирсон, зорилгодоо нийцсэн байсан эсэхийг бол эргэж харах ёстой. Манай хоёр төсөл бол зөвхөн хоёр тохиолдлыг хөндөж байгаа. Жагсаал, цуглаан, суулт хийх бүх оролдлого, олон нийтийн сүлжээн дэх эсэргүүцлийн давалгаа нь хүний эрхийн мэдрэмж, мэдлэгийн илэрхийлэл мөн.

-Танай санаачлан өрнүүлж буй аян  нийтийн эрх ашгийн өмгөөлөлтэй холбоотой юм байна. Мөн та нийтийн эрх ашгийн өмгөөлөл нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг гэж ярилаа. Ер нь нийтийн эрх ашгийн өмгөөлөл гэж юу юм бэ?

-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүрээлэн буй орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах гэсэн  дөрвөн асуудлаар ТББ нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Нийгэмд хамгийн сайн мэдэх жишээ бол 2017 онд өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэсэн үндэслэлээр нэр бүхий долоон ТББ Засгийн газрыг хариуцагчаар татан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар гурван шатны шүүхэд ялалт байгуулсан. Үүний үр дүнд ганцхан хүний субьектив эрх бус олон хүүхдийн эрхийг хамгаалах, дахин ийм зөрчил бий болохоос урьдчилан сэргийлсэн гэсэн үг. Бидний хувьд ТББ биш тул өмгөөлөгчид өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж нийтийн эрх ашгийн өмгөөллийн шинэ туршлагыг бий болгох гэж зорьж байна.

Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгч нь нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өөрийн нэрийн өмнөөс төрийн байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байдаг. Өмгөөллийн тухай хууль 2019 онд батлагдсанаас хойш одоогоор өмгөөлөгч өөрийн нэрийн өмнөөс нийтийн эрх ашгийн өмгөөлөл хийсэн тохиолдол гараагүй байна. Нийтийн эрх ашгийн өмгөөлөл нь нийтлэг эрх, ашиг сонирхлыг зөрчсөн асуудлыг шүүхээр шийдүүлэх замаар жишиг тогтоох буюу ижил төрлийн хэргийн улмаас хохирсон иргэдийн шүүхээр эрхээ хамгаалуулах боломжийг нь нээж өгдөг чухал ач холбогдолтой. Тус өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнд хууль тогтоомж, төрийн үйл ажиллагаа болон олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гаргах, хүний эрхийн ужиг зөрчлийг арилгахад дэмжлэг үзүүлэх үр дүнд чиглэдэг. Нийтийн эрх ашгийн өмгөөлөл нь тэр бүр тухайлан яригдаад байдаггүй асуудлыг хөнддөг тул олон нийтэд тайлбарлаж, сурталчлах улмаар олон нийтийн дэмжлэгийг авах,  нөлөөллийн ажил нь шүүх дээр явах өмгөөллийн үйл ажиллагааны адил чухал. Бидний хувьд олон нийтийн дэмжлэгийг авахын тулд “Эрхээ эдэлье” аяныг мэргэжлийн сэтгүүлчдийн болон маркетингийн багтай хамтран хэрэгжүүлж байгаа. Аяныг маань хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс дэмжин ажиллаж байна.

Бид аяныхаа хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэг өгөхөөс гадна цар тахлын үед захиргааны алдаатай шийдвэрийн улмаас бий болсон хүний эрхийн зөрчлийн тухай ярилцлага, видеог бэлтгэн хуулийн фирмийн “Fidelitas Partners“ фэйсбүүк хуудсаар нийтэд хүргэж байна. Энэ нөлөөллийн ажилд маань  дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хувь нэмэр маш чухал. Тиймээс иргэдэд эрхийг мэдүүлэх, нөлөөллийн өмгөөллөөр дамжуулан хамгаалах боломжуудыг таниулах аяныг маань дэмжиж ажиллах хувь хүн, байгууллага манай хуулийн фирмийн фэйсбүүк хуудсаар холбогдоход нээлттэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.12 ПҮРЭВ № 157 (6634)

 

Мэдэгдэл

Мэдэгдэл

2 цаг 28 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

7 цаг 15 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

7 цаг 15 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

7 цаг 15 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

18 цаг 59 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

19 цаг 35 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20