“Аавыгаа хараагүй ч нэрийг нь сонсоод  хариуцлага үүрчихсэн”

2021-07-26
Нийтэлсэн: Админ
 13 мин унших

-Р.Чойномын охин Ч.Мөнхтэмүүлэн-

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Төрийн шагналт Ренчиний Чойномын  үргэлжлэл болсон гурван охины нь нэг Ч.Мөнхтэмүүлэнг “Амьдралын тойрог” булангийн зочноор урьсан юм. Дархан хотод ном түрээслэн уншуулах үйлчилгээ, номын худалдаа эрхлэн амьдардаг тэрээр  таван настайдаа уншиж сурснаар дунд сургуулийн хоёрдугаар ангиас  дэлхийн сонгодог  зохиолуудыг уншиж “Горькийн нэрэмжит хүүхдийн номын сан”-гийн байнгын уншигч болжээ.  Аавынхаа авьяасыг өвлөж багаасаа  зураг зурж, шүлэг бичдэг байсан тэрээр  “Би бол чи” нэртэй анхны номоо 2018 онд  хэвлүүлсэн юм байна.

 

“Чи авьяас билэгтэй, эрдэмтэй  аавын охин учраас муу явж болохгүй шүү”  гэж захидаг байжээ

 

Аавынхаа төрсөн нутагт

Нийгэм  ороо бусгаа, үзэл суртлын хайч  гээч зүйл  үл үзэгдэх атал юуг ч үл хайрлан тас хяргаж байсан  60, 70-аад  оны  “шуурга”-нд   найрагчийн өөрийнх нь шүлэглэсэнчлэн  шунхан улаан залуу насныхаа  эрхээр шувуу шиг нисэн өнгөрсөн  гал  цогтой   яруу найрагч  бол Ренчиний Чойном байсан билээ. Олон бүсгүйд зориулж шүлэг бичсэн ч  тэрээр гурван эмэгтэйг  чин сэтгэлээсээ  хайрлан  амьдрал холбож,  үрийн зулай үнэрлэжээ.   Өдгөө түүний үргэлжлэл болж сувд шиг гурван сайхан  охин  үлдсэний нэг нь манай  “Амьдралын тойрог”-ийн зочин  Чойномын Мөнхтэмүүлэн юм. Тэрээр төрсөн эцгийн  хайрыг үзэх битгий хэл барааг нь ч хараагүй. Сургуульд орохдоо ээжээрээ овоглож, заримдаа хойт эцгийн нэрээр  овоглож явсан бөгөөд 1990 оны ардчиллын  нөмөрт төрсөн эцгээрээ  овогложээ.

Ч.Мөнхтэмүүлэнгийн ээж бол  нэрт найрагчийн  зохиол бүтээлд  нэрээ үлдээгээд зогсохгүй, отгон охиныг нь төрүүлсэн   тэр үеийн хотын  сайхан бүсгүйчүүдийн нэг, орос хэлний багш  Дашдондогийн Туул агсан юм. 1966 оноос   нэрт найрагч  эсэргүү шүлэг бичиж, нийгмээ шүүмжилсэн гэх хилс хэргээр шоронд орж, 1970-аад  оны дундуур  сулагдаад удаагүй байж. Зохиол бүтээл нь хаалттай,  нийтэд уншихыг хориглосон  тул  оюутны уулзалт, үдэшлэгт нууцаар очиж шүлгээ уншина.  Ингэж явахдаа МУИС-ын оюутан, өөрөөсөө 14 насаар дүү өндөр цагаан бүсгүйтэй танилцсан нь Д.Туул байжээ.  Бүсгүй өөрөө шүлэг найрагт дуртай, урт урт найраглалыг цээжээр уран тод уншихын зэрэгцээ Оросын  мөнгөн үеийн яруу найрагчдын  зохиол бүтээлээс  ч уншина. Ийнхүү тэд яруу найргийн гэрэлд татагдаж,  залуу насны итгэл сэтгэлээр хөглөгдөн ижил дасал болсон гэдэг. Гэвч  тэдний дурлал амьдрал болж үргэлжлээгүй. Мөнхийн мөрдлөг,  хавчлага шахалт, дарамтад амьдарч явсан Р.Чойномын хувьд амьдрал зохиож, үр хүүхдээ өсгөн   налайж суух боломж байгаагүй  тул хоёр тийш   болжээ. Нэрт найрагч  өмнөх эхнэр Н.Нинагаасаа  ч мөн ийм л шалтгаанаар  холдсон гэдэг.  Хоёр бүсгүй  хэн, хэнийхээ  тавиланг давтсан өрөөсөн заяаны эзэд  юм. Охин үрс нь ч  эцэг, эхийнхээ  хүсээгүй салалтын  гунигт тавилан,  өнчрөл хагацлын гашууныг амсч  өсч торницгоожээ. Мөн тэднийг  хоорондоо  сайн  харилцаатай байсан, Д.Туулыг өвдсөн үед Н.Нина биеийг  асууж утсаар ярьдаг  байсан хэмээн   мэдэх, таних  хүмүүс дурсдаг.

 Д.Туул  шаардлага өндөртэй, зарчимч  бүсгүй  байжээ. Тэрээр охиноо бага байхад аавынх нь талаар хэлдэггүй байж.  Харин 13-14 хүрч  юмны наад цаадыг ялгаж салгаж ойлгохтой болох үед нь “Чиний аав уран бүтээлч хүн байсан.  Нэр хугарахаар яс хугар гэж үгтэй.  “Эмэгтэй хүн эрдэм боловсролтой байх ёстой. Чи авьяас билэгтэй, эрдэмтэй  аавын охин учраас муу явж болохгүй шүү”  гэж захидаг байжээ. Аавыгаа огт харж  байгаагүй, юу хийдэг ямар хүн байсныг ч мэдэхгүй бяцхан охин Мөнхтэмүүлэн  гэнэт  ийм хариуцлага үүрч,  орос сурах бичиг үзэж,  зузаан ном тэвэрч  суухдаа “Би  жирийн хэн нэг  хүний хүүхэд байхгүй яав даа”  гэж бодох үе ч байжээ.

Д.Туул бүсгүй айлын 13 хүүхдийн нэг хэдий ч эцэг эхээс дөрвүүл үлдэж, хожим  тэднээсээ хагацаж хүний ганц охин болсон.  Аав ээж нь   Октьябрийн хувсгал эхэлж  цаг төр үймэх  үеэр Оросоос  Монгол руу  ирж Сэлэнгэ аймгийн нутагт амьдарч байгаад Улаанбаатарт суурьшсан буриад хүмүүс байсан тул мөн л  нийгмийн шахалт хавчилтад  амьдарч байж. Дээр нь цаг үедээ адлагдсан яруу найрагч Р.Чойномтой ханилснаар  түүний амьдрал   мөрдлөг хавчлагад өртөж бүр ч амаргүй замыг туулжээ. Хожим цэргийн хүнтэй  гэрлэж нэг  охин   төрүүлсэн ч ой ч хүрээгүй байхад нь хадмуудын зүгээс  “Эсэргүүний эхнэртэй ханиллаа, цол тушаал ахихгүй хэцүү” гэсээр тэд  салж,  охиноо ч  хүнд өргүүлжээ. Гэхдээ тэрээр  сайн цагийг үзэж,  1990 оны эхээр Р.Чойномыг цагаатгасан Улсын Дээд шүүхийн шийдвэрийг  гардан авч,   1998 онд  охин Ч.Мөнхтэмүүлэнгээ  22 настай оюутан байхад нь   бурхан болжээ. 

Ч.Мөнхтэмүүлэн  хүнд өргөгдсөн  дүүгээ хаана явааг мэдэхгүй. Нэг өдөр  зүс мэдэх хоёр эмэгтэй ирээд  “Дэлгүүр рүү молоко аваад ир” гэж  охиныг гүйлгээд  ирэх хооронд нь авч яваад хүнд өргүүлчихсэн байж.  Хэнд өргүүлснийг нь тэр үед ээж нь ч мэдэж чадаагүй гэдэг. Өдгөө ээжийнх нь  талаас түүнд хамаатан садан байхгүй. Харин  “Өд” сангийн Д.Ганболд ахтай хааяа  утсаар ярьж аавынхаа хэвлэгдсэн номноос авахаас гадна зарим үед бага сага тусламж гуйдаг. Д.Ганболд ах ч тав арав гээд л боломжоороо тусалдаг” гэв.  Ч.Хулан \Н.Нинагаас төрсөн охин\, Эрдэмном \Лхагважаваас төрсөн охин\  гэж ээж өөртэй ч  эцэг нэгтэй хоёр эгч түүнд бий. Гэвч тэд бие биеэ сургаар мэдэж сүүлд бараа бараагаа харж эгч дүүс гэдгээ мэдэлцсэн байна.

 Ч.Мөнхтэмүүлэн ээжийгээ нас барсны дараа Н.Нина  дээр очиж,   Хулан эгчтэйгээ  уулзжээ. Ээж нь амьд сэрүүндээ түүнийг аавтайгаа адилхан гэж ярьдаг байсан бол бусад хүмүүс  Хулан, Мөнхтэмүүлэн хоёрыг  хоорондоо усны дусал шиг адилхан гэлцдэг аж.  Түүний хувьд нэлээд  хожуу   “Өд” сангаас аавынх нь  ургийн баярыг хийхэд хүүгээ дагуулан  очиж  Хулан эгчтэйгээ  уулзжээ. Харин Эрдэмном эгчтэйгээ бүр сүүлд одоогоос хоёр жилийн өмнө л анх уулзалдаж танилцжээ.  Мөн “Өд” сангийн урилгаар аавынх  бүтээлээр  нэрлэсэн  “Оюухай”   наадамд   очиход  сүрэг зээр зам хөндлөн давхиж,  хос тогоруу нисч байсан бол буцахад нь бороо орж солонго татаж   их найрагчийн нутаг  бэлгэ дэмбэрэл дүүрэн угтаж үдсэн  гэнэ. Одоо аавынхаа нутаг руу  явбал тэрээр гэр бүлээрээ очих бодолтой байдаг гэв.

 

“Зурах, сийлбэр хийх дуртай,  шүлэг бичдэг охин  байв”

Аавынхаа төрсөн гэрийн буйран дээр том охины хамт. 2014 он.

“Амьдралын тойрог”-ийн  зочин  маань  Улаанбаатарт төрж, 100 айлын  Хүнсний IX дэлгүүрийн арын гэр хороололд тоглож өсчээ. Түүнийг том болоход тэднийх  III,  IV  хороолол руу нүүсэн байна. Багаасаа  зураг зурж, шүлэг бичиж, гарт таарсан модыг  зорж  сийлбэр хийх  гэж оролддог  байв.  Дөрөвдүгээр ангид байхад нь  “Пионерийн үнэн”  сонинд анхны шүлэг нь хэвлэгдэж  байсан бол 10 жилд байхдаа бичсэн шүлгүүд нь 1990- ээд онд “Залуучуудын үнэн”  сонинд гарчээ. Харин анхны номоо 2018 онд  “Би бол чи” нэртэйгээр  хэвлүүлжээ. Номын нэрийг аав нь түүний зүүдэнд ирж хэлж өгсөн гэнэ.

Тэрээр аравдугаар ангиа төгсөөд “Цагаан шувуут”  компанийн  Монгол ёс заншлийн хувийн дээд сургуульд орсон ч  зах зээлийн үед  сургалтын төлбөрийн асуудал   хэцүү байсан тул  сургуулиасаа гарчээ. Дүрслэх урлагийн “Анима” сургуульд шалгалт өгч тэнцсэн ч мөн л  төлбөрийн асуудлаас болоод   сурч чадаагүй. Ингээд Солонгос компанид ажилд ороод байтал нэг өдөр Ардын уран зохиолч Д.Бадарч тааралдаж “Зохиолчдын хороон дээр яваад оч”  гэснээр тийш очиж Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд шалгалт өгч тэнцсэнээр элсэн оржээ. Удалгүй ээж нь нас барж, дараа жил нь айлын бэр болж  том хүүгээ төрүүлж, улмаар хүүгээ эмчлүүлэх, асрах шаардлага гарч сургуулиа орхиж  2006 оноос   Дарханд суурьшжээ.

 

Ренчиний Чойномын нэрийг өргөж, үргэлжлэлийг нь өсгөж хүмүүжүүлж явна

Гэр бүлээрээ.

Ч.Мөнхтэмүүлэнгийн  нөхрийг Д.Отгонбаатар гэдэг.  Тэд дөрвөн хүүхэдтэй өнөр бүл байсан ч өнгөрсөн жил дөнгөж 20 нас хүрээд байсан  том хүүгээ алджээ. Дараагийн охин нь ирэх намар арванхоёрдугаар ангид орох бөгөөд  зураг сайн зурдаг,  ирээдүйд үргэлжилсэн үгээр зохиол бичиж мэдэхээр  авьяаслаг  нэгэн. Дунд охин  нь энэ жил зургадугаар ангид орох бол бага охин нь зургаан настай гэнэ.

Бид Ч.Мөнхтэмүүлэнд   өнгөрсөн өвөл хоёрдугаар сард цахимаар ярилцах хүсэлт илгээсэн ч тэрээр хойшлуулсаар энэ хүрсэн  юм. Энэ тухайгаа тэрбээр  “Хүүгээ алдсанаас хойш сэтгэл санаа тавгүй байх болсон. Тэр  минь сурлага сайтай,  яруу найрагт дуртай , шүлэг бичиж, Beat зохиодог байлаа. Хүүгээ амьд сэрүүн байхад  зээл авсан юм, ном гаргах санаатай.  Гэтэл  түүний дараахан хүү минь өвдөж, эм тариа олох, эмчилгээ хийлгэх гээд  аав нь  ажлаасаа  гарч хот руу очиж сахисан. Сайн эмч нарийн ачаар хүү маань эдгэрч хичээлдээ явж эхэлсэн. Энэ дашрамд хүүг минь үргэлж тусалж дэмжиж байсан Отгонтэнгэр их сургуулийн удирдлага болон багш ангийн найз нарт нь үргэлж талархаж явдгаа хэлмээр байна. Дараа нь цар тахал хөл хорио гээд орлогогүй боломж муутай болсон. Бас хүү маань гэнэтийн ослоор бурхан болж,  хэдэн төгрөгөө юм болгож  эргэлдүүлж чадсангүй, зээлээ ч төлж чадсангүй. Хүүгийнхээ буяны ажил дээр ирсэн найз нөхөд, танил тал, сайхан сэтгэлээрээ тусалсан  хүмүүсийг хараад “Миний хүү үнэхээр бусдад хүндлэгдсэн мундаг хүн байж” гэж бахархаж омогшихийн зэрэгцээ ийм үнэтэй эрдэнээ алдчихлаа гэж бодон маш их харамсч ашуудсан. Одоо зээл нэхэгдэж, шүүхийн мэдэгдэл ирээд барьцаанд тавьсан байраа алдчих вий гэж сэтгэл зовниод байж байна.  Манай нөхөр шилэн кабелийн техникч мэргэжилтэй, Дарханд  мэргэжлийн ажил олдохгүй  бас нас, хүйс заагаад ажилд авдаггүй. Миний хувьд гар дээрээс ном зарж, солилцож, түрээсээр уншуулж  хэдэн төгрөг олж амьдралдаа нэмэрлэж ирсэн. Цар тахлын үед хүмүүс гар дээрээс ном авах, гар дамжуулж унших дургүй болж миний ажил  ч зогссон.  Зээлийн барьцаанд тавьсан байраа ч алдаж болзошгүй хүндхэн байдалд орсон  учраас ярилцлагад урихад чинь хойшлуулсаар энэ хүрлээ. Гэвч байдал сайжирсангүй, сэтгэлийн зовлонтой байна. Би бага байхаас   ямар ч сорилтыг давж  туулаад л ирсэн. Амьдрал ээдрээтэй хэцүү гэдгийг мэдэхгүй явсаар одоо л хэцүү юм уу гэдгийг олж харах гээд байна. Залуу байхад анзаардаггүй байжээ. Бүхнийг  чадах, мэдэх юм шиг тийм л цагаан цайлган, тэнэг зоригтой байж. Гэхдээ одоо  би чадна гэж бодогдохоо бас  байжээ, нас  ч явж байна хэмээн ярьсан юм. 

Цаг үеэсээ түрүүлж төрөөд хориотой хатуу нийгмийн  буулган дор нухлагдсан ч бууж өгөөгүй зохиол бүтээлээрээ тэмцэж  буцсан   Ренчиний Чойномын отгон охин  Ч.Мөнхтэмүүлэнгийн амьдралын тойргоор аялахад ийм байна.  Аавын охин болж төрснөөр надад  боломж олон таарсан ч би алдсан нь их. Тийм аавтай байна гэдэг сайхан. Зарим хүн “Чи азтай юм”  гэдэг, зарим нь чи тийм хүний охин юм чинь ийм  байх ёстой гээд амьдрал заах гээд аав шигээ авьяастай, алдартай байхыг надаас нэхээд байх нь бий. Би Ренчиний Чойномын  охин гэж нэрээр нь овоглосон ч Мөнхтэмүүлэнгээрээ л амьдарч ирсэн. Би ийм  байж ирсэн,  ийм л байна хэмээн даруухан өгүүлэх тэрээр  аавынхаа  алдраар овоглож бас  үргэлжлэлийг  нь  өсгөж хүмүүжүүлж  явна. Монгол Улс бурангуй үедээ эцгийг нь хэлмэгдүүлж хохироосон юм чинь хөгжил дэвшлийн оргил руу тэмүүлж яваа энэ үедээ алдаагаа засаад үр хойчийг нь өргөж тэтгээсэй билээ.

 

Ч.Мөнхтэмүүлэн болон түүний тэнгэрт байгаа хүү О.Энх-Амгалан нарын шүлгийг толилуулъя.

 

Намайг тэнд байхад

Намайг оргилд байхад

Нүд бүхэн намайг ширтэж

Нүсэр бүхэн надад сөгдөж

Нүцгэн үнэн хүртэл дээлээ давхарлаж

Нүгэл бүхнээ надаас нууна

Намайг нүхэнд унахад

Уруул бүхэн намайг нулимж

Хуруу бүхэн намайг чичилж

Хуучин бүхэн надаас түрүүлж

Худал хуурмаг надаар тоглоно

Намайг байхгүй байхад

Хэн ч намайг санахгүй байж болно

Хэсэг нэгэн нь алтан өнгөтэй хорон үгийг

Хэд хэдийг хойгуур минь унагаж байж ч болно

Намайг байхаа болиход

Бүгд л гаднаа уйтгар гуниг

Бүгд л гаднаа уй гашуу

Бүхний тэр нулимсан дунд

Бүдэгхэн нэг инээмсэглэл байх вий

2016 он О.Энх-Амгалан

Эх орон буюу өвгөдийн захиас

Алтан түүхийн шарласан хуудаснаас

Аньсага цавчилгүй намайг ширтэн

Аяархан санаа алдсан өвгөдийн минь сүнс

Алтнаас үнэтэй эрдэнэ эх орон минь гэж шивнэнэ

Амь шигээ хайрлаарай гэж захина

Алдахгүй хамгаалж чадвал

Амгалан тайван, нуруу цэх амьдарна

Алдаж үрэгдүүлвэл бусдын боол болж

Арчигдан устаж мөхөх болно гэж сануулна

Атар хээр талын ширхэг чулуунаас эхлээд

Алтай Хангайн ноён оргил хүртэл

 Рашаан булаг, гол нуурын дусал ус ч

Асгарсан цус, тасарсан амины үнэтэй шүү гэнэ

Өвчинд шаналбал эмчлэх эм чинь

Өвс ургамал, рашаан усанд нь бий

Өлсч ядарвал идэх хоол чинь

Өргөн тал, уул хангайд нь бий

Үлгэрийн мэт эрдэнэс баялаг хөрсөн доор нь бий

Өнчрөхгүй, сөгдөхгүй явах ухаан нялхсын цусанд бий

Өнөөдрийн эх орны хувь заяа харин чиний гарт бий

Эх орон газар нутгаа гэсэн өвгөдийн минь тэмцэл

Эрин зуунд мартагдахгүй түүх болон мөнхөрсөн юм

Элгэн чулуун хөшөө болон хээр талд үлдсэн юм

Эхийн чинь хайр болон чамд шингэсэн юм

Эцгийн чинь овог болон чамтай үлдсэн юм

Эргэн тойрноос чинь хүрээлэн түшсэн юм

Эгц бардам омголон явахад чинь тусалсан юм

Ийм учраас хойч үе минь чи

Эрээн мяраан өнгөнд бүү авт

Элэггүй харийн хүнд өврөө бүү нээ

Эх орондоо эзэн шиг нь эзэн бай

Хүүхэддээ өвлүүлэх хамгийн эрхэм өв болго!

Хүн шиг амьдрах амьдралын нь баталгаа болог!

Худал хуурмагийн салхи орчлонг бүрхэж

Хувь заяандаа гутарч суух үедээ

Хэзээ нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн дээдсээ дурсаж

Хэний үр сад гэдгээ санан омог бардам бай!

Хүж дэлхийгээр эрэн тэнүүчлээд явсан ч

Хүрч ирээд амрах эх оронтой  байлга!

Хүй орчлонгоос хальсан ч гэрэлт сүнс чинь

Хөх чонын удамт өвгөдтэйгөө нэгдэх ёстой!

Хөх толбот Монгол болж Эх орондоо төрөх ёстой!

Хүчирхэг Монголын голомтыг унтраалгүй сахих ёстой!

Энэ бол чиний  оршин тогтнох утга

Эх орон гэдэг алдашгүй ганц эрдэнэ

Чойномын Мөнхтэмүүлэн

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.26 ДАВАА № 144 (6621)

 

“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

6 цаг 56 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

6 цаг 56 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

6 цаг 56 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

18 цаг 1 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Уржигдар 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Уржигдар 14 цаг 24 мин