Ч.ОЛДОХ
Монгол Улсын Эрдмийн их сургуулийн доктрант, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэнтэй ярилцлаа. Монгол Улсын боксын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан тэрээр доктрантурт суралцахаар ажлаа хүлээлгэн өгсөн юм. АНУ-ын Сиэтл хотод байгаа түүнтэй Олимпийн наадам эхлэхээс гурав хоногийн өмнө цахимаар холбогдогдсон юм.
-Токио-2020 олимпийн наадам эхэллээ. Олимпийн эрх авах тэмцээн, шийдвэрлэх тулааны торгон мөчүүдэд ерөнхий дасгалжуулагч байсан хүний хувьд танд юу бодогдож байна вэ?
-Яг одоогоор дүүгийнхээ урилгаар АНУ-д гэр бүлээрээ ирээд найзуудын хамт аялж байна. Ардын хувьсгалын 100 жилийн ой, олимп болж байгаа үетэй бидний аялал давхцлаа. Бас Н.Төгцогтынхоо тулааныг үзэж таарлаа. Төгсөө маань сая дээд жиндээ өрсөлдсөн. Удахгүй өөрийнхөө жинд аварга болно. Олон жил хурдан морь уясан уяачид наадам дөхөхөөр сэтгэл гэгэлздэгтэй адил Монголын боксчид Токиог зорьсныг сонссоод би ч бас догдолж байна. Ерөөс Монголын боксчид, спортын мэргэжилтнүүд, бокст дуртай, элэгтэй бүхэн сэтгэл зүрхээрээ бүгд Токиод оччихоод байна шүү дээ. Түрүү жил Иорданд болсон Олимпийн эрх олгох тэмцээнээс Б.Чинзориг маань олимпийн эрхээ авсан. Э.Цэндбаатар, М.Мягмаржаргал хоёр маань өмнө оролцож байсан тэмцээнүүдийн амжилтын рейтенгээр эрх авснаар манайхаас гурван боксчин Токиогийн олимпт оролцож байна. Үүний өмнө Ази тивд болсон олимпт, тодруулбал Бээжин-2008 зуны олимпийн наадамд манайхаас дөрвөн боксчин оролцож алт, мөнгөн медалийг ихэрлүүлэн авчирсан түүхтэй. Тэр үед Д.Банди багш маань Монгол Улсын боксын шигшээ багийн ахлах, миний бие туслах дасгалжуулагчаар оролцож байлаа. Токио-2020 наадамд манай тамирчид амжилттай оролцох байх гэж бодож байна. Миний бие докторантурт сурахаар дараагийн багш нарт ажлаа хүлээлгэн өгсөн байгаа. Олимпийн наадам эхэлж буй торгон мөчид алс холын Америкаас Монголынхоо боксчдод амжилт хүсч догдолж сууна.
-Таны хувьд анхны оролцсон олимп нь Бээжин-2008 байсан уу?
-Тийм ээ, зуны олимпийн тэр наадамд Д.Банди багш маань ахлах, би туслах дасгалжуулагчаар оролцсон юм. Тухайн үед манай улсаас дөрвөн боксчин, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг, У.Мөнх-Эрдэнэ нар олимпт хүч үзэж, шүүгчээр Сандагийн Баясгалан ах ажилласан. Афины олимпт бас албан ёсны шүүгчээр ажилласныг нь монголчууд мэдэх байх. Тухайн үед Монголын боксын холбооны ерөнхийлөгч байсан Доржийн Цогбаатар дасгалжуулагч, тамирчидтайгаа яг тулж ажиллаж, шат шатанд нь үүрэг даалгавар өгч байсан нь үр дүнгээ өгсөн.
-Боксын мэргэжилтнүүд, энэ спортын хүрээнийхэн Токио-2020 олимпийн зуны наадмыг ажиглаж, анализ хийж байгаа байх. Тэр тусмаа Монгол Улсын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан хүний хувьд та ямар дүгнэлт хийж байна. Олон улсын ажиглагч, спортын тоймчид бол “Монгол Улс боксын төрөлд нэг хүрэл медаль авна” гэж урьдчилсан таамаг дэвшүүлсэн байна лээ?
-Уяачид уясан морь болгоноо сайн давхина гэж үздэг шүү дээ. Түүнтэй л адил манай боксчид Олимпийн наадмаас авдаг медалийн буухиагаа таслахгүй гэдэгт итгэж байгаа. Түүнээс наана нь ингэнэ, тэгнэ гэж хамаагүй юм ярьж болдоггүйг та ч бас мэдэх байх. Уяачид наадмын өмнө “миний морь ингэнэ, тэгнэ” гэж огт ярьдаггүй шүү дээ. Тэгэхээр өнгөтэй байгаа тамирчид бол тодорхой шүү дээ. Ямар ч байсан медалийн буухиаг таслахгүй гэдэгт итгэлтэй байна.
-Гэхдээ энэ удаа гуравхан боксчин олимпийн дэвжээнд “зодоглолоо”. Өмнөх олимпийн наадмуудад олон ширэн бээлийтэн хүч үзэж амжилт гаргаж байсан шүү дээ?
-Сүүлийн хоёр жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөө бүх салбарт байлаа. Уралдаан, тэмцээн цөөхөн болсон. Олимпийн эрх авах зарим тэмцээн цуцлагдсан. Өмнөх олимпийн наадам, тамирчдын амжилтыг дурдахад Рио-2016 зуны олимпийн наадамд манайхаас зургаан боксчин оролцож, Д.Отгондалай маань хүрэл медаль хүртэж байлаа. Тэр олимпод ОУХМ Эрдэнэбаяр, Н.Мөнхсайхан нарын олон багш, дасгалжуулагч ажиллаж, шүүгчээр Б.Хас-Эрдэнэ оролцсон. Д.Отгондалай маш хүнд тулаануудыг хийж хүрэл медаль хүртсэн шүү дээ. Дараа нь медалиа ихэрлүүлж амжилтаа бататгасан. Түүний өмнө Лондоны олимпод манайхаас дөрвөн боксчин оролцож, Н.Төгсцогт мөнгөн медаль хүртэж байсныг монголчууд санаж байгаа байх. Дөнгөж 17-хон насандаа Дэлхийн аваргаас хүрэл, Лондоны олимпоос мөнгөн медаль хүртэнэ гэдэг том амжилт. У.Мөнх-Эрдэнэ маань 30 насандаа олимпийн хүрэл медаль хүртсэн. Риогийн олимпод зургаан тамирчин эрхээ авч оролцоно гэдэг том амжилт. Тэр олимпийн өмнө ер нь дэлхийн А зэрэглэлийн тэмцээнүүдэд манайхан багаараа амжилттай оролцож байсан. Унгарт болсон олон улсын тэмцээний 48 кг-ийн жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ мөнгө, 52 кг-ийн жинд спортын мастер А.Нурлан хүрэл, 56 кг-ийн жинд ОУХМ Э.Идэрхүү алт, 64 кг-ийн жинд ОУХМ Б.Чинзориг алт,
69 кг-ийн жинд ОУХМ Б.Түвшинбат алт, 81 кг-ийн жинд ОУХМ С.Эрдэнэбаяр хүрэл медаль хүртэж ирсэн. Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд багаараа түрүүлж, Германы химийн цомын аварга шалгаруулах тэмцээнд багаараа II байрт орж, олимпт өндөр амжилт гаргасан Узбекийн багийн дараа орж байлаа. Энэ эрчээрээ явсаар 2015 оны Тайландад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Д.Отгондалай маань алтан медаль хүртсэн. Тэр жилээ Катарын Дохад болсон ДАШТ-нд мөн медалийн төлөө өмнө нь ялж байсан Узбекийн тамирчинд мөргүүлж хөмсгөө задалж харамсалтайгаар дэлхийн аваргын алтан медалиа алдаж байсан. Г.Ган-Эрдэнэ Оросын боксчинд ялагдаж, Э.Идэрхүү маань Италийн шилдэг боксчинг ялсан ч Азейрбайжаны боксчинд ялагдаж байсан. Ер нь тэр жилийн дэлхин аваргаас эхлээд олимпод оролцохын тулд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхээ авдаг хатуу шалгууртай болсон.Өмнө нь шигшээ багийнхан багаараа очиж эрх авах тэмцээнд оролцдог байсан бол Ази тивээс эхний зургаан байрыг эзэлсэн тамирчин дэлхийн АШТ-нд оролцоно гэснээр дөрвөн тамирчин Катарын Дохад болсон ДАШТ-нд оролцож байсан. Харамсалтай нь медальгүй ирсэн. Гэхдээ энэ алдаан дээрээ дүгнэлт хийж ажилласнаар бид Рио-гийн олимпт зургаан тамирчин оролцуулж чадсан. Энэ тэмцээнээс Д.Отгондалай маань дэлхийн аваргын хүрэл медалиа олимпийн аваргын хүрэл медальтай ихэрлүүлсэн юм. 60 кг-ын энэ жинг залгамжилж гарч ирсэн боксчин бол Дэлхийн аваргын хүрэл медальт, "Рио-2016" олимпийн V байрын шагналт, Ази тивийн хошой аварга, Азийн XVIII наадмын аварга , Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар юм.
-Япон улс уур амьсгалын хувьд ойр, бас монголчуудад ээлтэй гэж ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Манай тамирчид 1964 оны Токиогийн олимпоос хойш олон тэмцээн уралдаанд оролцсон. Боксынхны хувьд 1974 онд Тегераны Азийн наадмын 60 кг-ын жинд Х.Алтанхуяг багш Ази тивийн хошой аварга болж, Содномын Гомбо мөнгөн медаль хүртсэн. 2001 онд Японы Осакад болсон Зүүн Азийн наадмаас У.Мөнх-Эрдэнэ алтан медаль авч байсан түүхтэй. Арлын орон Японд манай сүмочид алдар нэрээ дуурсгасаар ирсэн. Тэгэхээр манай тамирчид амжилттай оролцох байх гэж бодож байгаа. Японы Шимада хотын захиргаа Монголын боксын тамирчдыг олимп дуустал дэмжиж, байраар хангаж, бэлтгэл сургуулилт хийлгэх юм. Ер нь бол жил бүр хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэж, байрлах байрыг нь даахаар гэрээ байгуулсан юм. Сая очиход нь мөн Шимада хотдоо манай багийг хүлээж авсан байна лээ. Японы Шизүока муж, Шимада хотынхон тэр аяараа монголчуудыг олимпт амжилттай оролцоосой гэж хүсч буйгаа илэрхийлж байгаа. Спортын газрууд, боксын холбооны удирдлагууд, Шимада хотын захиргаа хамтарсан гэрээ хийж, Токиогийн олимпийн цикльд байнга дэмжиж, хоёр орны тамирчдын хамтарсан бэлтгэлийг хийлгэж ирсэн. Энэ удаагийнх бол сүүлийн жил, манай тамирчид тэнд очиж байрлан бэлтгэлдээ гарчихсан байгаа гэсэн.
-Боксын 60 кг-ийн жинд монголчууд зоолттой амжилт гаргадаг “Лидер жин” байсан гэлцдэг. Одоо энэ жин олимпод байхгүй ч Азийн наадмын 60 кг-ын жинд аварга болсон Э.Цэндбаатар маань 57 кг жинд тулалдана. Ер нь тамирчдын жингийн тухайд та ямар дүгнэлт хийж байна?
-Монголын боксын түүхэнд 57, 60 кг-ын жинд өндөр амжилт гаргасан байдаг. Өмнөхийг нь авч үзвэл Азийн наадмын алтан медальт Д.Отгондалай, Бээжингийн олимпын V байрын шагналт. ДАШТ-ий хүрэл медальт (2009), Дэлхийн цомын мөнгөн медальт (2008), Осакад болсон 2001 оны Зүүн Азийн наадмын аварга, Дохад болсон Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт, Чехийн Усти-над-Лабе хотод болсон олон улсын тэмцээний аварга. У.Мөнх-Эрдэнэ, Ази тивийн аварга, Азийн шилдэг боксчин З.Энхзориг агсан, ОУХМ Ж.Наранцогт, Б.Батбаяр түүнээс урагшилбал Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг, Азийн аварга Г.Батбилэг, ДАШТ-ний мөнгөн медальт, Азийн аварга Р.Отгонбаяр агсан, Азийн аваргын мөнгөн медальт Р.Жамган, Сөүл-1988 олимпийн хүрэл медальт Н.Энхбат, “Барселона-1992” олимпийн хүрэл медальт Н.Баярсайхан, Азийн аварга, ДАШТ-ний мөнгөн медальт Т.Үйтүмэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Ц.Амаржаргал, Д.Лхагваа нарын үед дандаа 60 кг-ын жинд өндөр амжилт гаргаж ирсэн уламжлалтай. Тэр жишгээр 60 кг гэдэг жин байсан бол манай боксчид зоолттой медаль авахаар. Гэвч одоо энэ жин олимпод байхгүй. Эрэгтэйчүүдийн хувьд хамгийн бага нь 52 кг, тэгээд 57, 63, 69, 75, дээшээ 81, нэмэх, хасах 91-ын жин бий. Эмэгтэй тамирчдыг жендерийн ялгаа гаргахгүй гээд таван жин, эрэгтэйчүүдийг найман жинтэй болгосон. Тэр дунд манайхны өндөр амжилт үзүүлдэг 60 кг-ын жин хасагдчихаад байгаа. Энэ нь жин их хасдаг хүмүүст хүндрэлтэй байдаг. Гэхдээ 2019 оны ДАШТ-ний 57 кг-ын жинд Э.Цэндбаатар маань хүрэл медаль авсан. Ази тивийн аваргын 60 кг-ийн жинд түрүүлж хошой аварга болсон. Мөн Азийн наадмын аварга болсон гэхээр үндсэндээ гурван удаа тивийн аварга болсон гэсэн үг л дээ. Ази тивийн аваргад 60 кг-д түрүүлсэн бол одоо олимпт 57 кг-ийн жинд орж байна. Түрүү жил Иорданы олимпийн эрх олгох тэмцээнд мөн 57 кг-ын жинд орсон. Жин нэлээд хасч Өмнөд Солонгосын тамирчинд ялагдсан. Багш нар нь дүгнэлт хийж, өрсөлдөгч тамирчдыг нь судалж зөвлөж байгаа байх. Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөрийн хувьд өөрөө сайн тамирчин байсан, өмнө нь Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Сая Ж.Энхтөр багш өөрийнхөө залуудаа түрүүлж байсан Чехийн Усти –Над-Лабегийн Олон улсын тэмцээнд багаараа түрүүлсэн. Тэндээсээ Дубайд болсон Азийн аваргын тэмцээнд очиж, гурван аваргатай ирсэн. Туслах дасгалжуулагчаар нь ОУХМ О.Батхүү, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат А.Гантулга нар ажиллаж байгаа. Энэ жилийн бас нэг онцлог бол манай улсаас эрэгтэй, эмэгтэй хоёр шүүгч оролцож байна. Монгол Улсын гавьяат тамирчин О.Отгонбаярын хүү О.Мандахбаяр, Ц.Цогтгэрэл гэж хоёр шүүгч уригдан оролцож байгаа. Бокст шүүгчид маш чухал байдаг. Дасгалжуулагч, тамирчин, шүүгч гурав тулгын гурван чулуу шүү дээ. Аль аль нь байж л багийн амжилт гарна.
-Олимпод хүч үзэх гурван боксчны нэг нь эмэгтэй тамирчин байгаа. М.Мягмаржаргалын тухай, нэг жинд хүч үзэх тамирчдын талаар судалгаа байна уу?
-Эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд манай боксчин М.Мягмаржаргал улсынхаа шилдэг тамирчдын нэг юм. Олимпийн их наадам гэдэг шилдэг тамирчид ч хүртэл орж чадахгүй маш хэцүү шалгууртай гэдгийг манайхан харж байгаа байх. Бас тухайн тамирчны аз хийморь гэж байдаг шиг ээ. Тухайлбал, М.Мягмаржаргалын хувьд оноо нь дутуу байсан, Монголын боксын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батнасан хөөцөлдөж, Олимпийн хороотой ярилцаж, Ази тивийн боксын холбоо руу албан бичиг явуулж байж хаягдчихсан байсан 20 оноог нь нэмж оруулж Олимпийн эрхийг нь авсан. Гэтэл дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандинцэцэг, Ази тивийн аварга Х.Болортуул, М.Намуун гээд шилдэг эмэгтэй боксчид маань олимпт орж чадаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр манай М.Мягмаржаргал азтай байна. Олимпийн их наадамд Монголын эмэгтэй боксчдыг төлөөлж “Ширэн бээлий” клубын дасгалжуулагч, ОУХМ Д.Төрбат багшийн унган шавь, шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, М.Буянжаргал нарын удирдлагад бэлтгэл, сургуулилт хийж буй М.Мягмаржаргал оролцож байгаа нь боксын түүхэнд бас нэг шинэ хуудсыг нэмж байна. Олимпод оролцох эрхээ авсан нь бас нэг том амжилт юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Олимпийн өмнөх торгон мөчид монголчууддаа, ширэн бээлийтнүүддээ хандаж юу хэлэх бол?
-Монголын боксын холбооны шинэхэн ерөнхийлөгч Т.Мөнхбаяр найз маань эрч хүчтэй залуу удирдагч. Саяхан Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Шинэ оны эхээр нэгдүгээр сарын 28-нд МБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Боксын спортод эртнээс маш их сэтгэл зүтгэл гарган ажиллаж ирсэн. Одоо МБХ-г удирдаж байгаад нь амжилт хүсьзе. Манай ширэн бээлийтнүүд Токиогийн олимпод өнгөтэй жавхаатай сайн оролцох байх. Америкийн тэнгэр дороос та бүхэндээ амжилт хүсэн залбирч байна. Тулааны урлагийн домог Брюс Ли-гийн хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, монгол хүний ёсоор уул хайханд нь сүү өргөлөө. Үнэхээр догдолж байна, та бүхэнтэйгээ сэтгэл зүрхээрээ хамт шүү. Монголын бокс мандутгай.
Эх сурвалж.Polit.mn