Б.СОЛОНГО
“Зууны мэдээ” сонин салбар салбарын төлөөллийг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ирэх есдүгээр сард НҮБ-аас “Хүнсний тогтолцоо” сэдэвт дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Тиймээс энэ удаагийн дугаарт “Монгол Улсын хүнсний тогтвортой байдлын тогтолцоо” сэдвээр Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Сюзаннатай ярилцлаа.
- “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан хүнсний тогтолцоог хөгжүүлэхтэй холбоотой зорилго, зорилтыг цар тахал болон нийгэм, эдийн засаг, экологийн бусад хүчин зүйлстэй уялдуулан тогтвортой байдлыг хангах асуудлыг цогцоор нь авч үзэж, шийдвэрлэх шаардлага үүсч байна.
Дэлхий дахинаа гурван тэрбум орчим хүн эрүүл хоол, хүнсний дутагдалтай аж төрж байгаа нь эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс нь шим тэжээл багатай ч илчлэг өндөртэй хүнснээс тав дахин их үнэтэй байдагтай холбоотой. Энэхүү үзүүлэлт нь Монгол Улсын хувьд ч иргэдийн худалдан авах чадвар, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, дотоодын хүнсний үйлдвэрлэлийн хангамж, түүний зохистой хэрэглээ болон хүн амын дунд зонхилж байгаа элэг, ходоодны хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлтүүдээс харагдаж байна. Хүнсний тогтолцоо нь уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн хэт ашиглалт, биологийн олон янз байдлын хорогдол болон агаар, ус, хөрсний бохирдолд голлох нөлөө үзүүлж байна. Эдгээрийн үр нөлөөгөөр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж буурч, шинэ өвчин эмгэг үүсч, уур амьсгалын сөрөг нөлөөний давтамж нэмэгдэж, гамшигт үзэгдэл, мөргөлдөөн үүсэх болсны улмаас хүн амын шилжилт хөдөлгөөнд нөлөөлөх болжээ. Манай улсын эдийн засгийн төдийгүй нийгэм, соёлын түүхэн уламжлалыг агуулсан хөгжлийн тэргүүлэх чиглэл болох хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлоготой уялдуулан эрчимжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна.
“Монгол Улсын хүнсний тогтвортой байдлын тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Ерөнхий сайдын ивээл дор Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ажлын албаны дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран үе шаттайгаар хоёр сарын хугацаанд зохион байгууллаа. Тухайлбал, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран үндэсний хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэлт, нэмүү өртгийн сүлжээ болон экспортыг дэмжихэд тулгамдаж буй асуудлыг хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан хэлэлцсэн. Энэхүү арга хэмжээ нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэх “Арван жилийн үйл ажиллагаа”-ны (Decade of Action) хүрээнд Хүнсний тогтолцооны асуудлаарх дээд хэмжээний чуулга уулзалтыг 2021 оны есдүгээр сард зохион байгуулахаар санаачилсан дэлхийн хэмжээний хүнсний тогтвортой байдлын чуулга уулзалтын нэг хэсэг юм. Хүнсний тогтолцоог тогтвортойгоор хөгжүүлэх нь шинэ зуунд зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд хөгжлийн нэн тэргүүний асуудалд тооцон анхаарал хандуулж байна.
“Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлгүүдийг үндсэн гурван дэд сэдвээр ангилан авч үзсэн бөгөөд нэгдүгээрт, Монгол хүнийг аюулгүй, тэжээллэг хоол хүнсээр хүртээмжтэй хангах, тогтвортой хэрэглээг дэмжих, хоёрдугаарт, амьжиргааны түвшинг дээшлүүлэх, баялгийг тэгш хуваарилах, гуравдугаарт, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрсдэлийг даван туулах чадварыг бий болгох чиглэлээр хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үр дүнг дэлхийн хэмжээний хүнсний тогтвортой байдлын чуулга уулзалтын үеэр танилцуулах, Монгол Улсын дунд болон богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөөр дамжуулан хэрэгжүүлэх нь үр дүнтэй.
МОНГОЛ ХҮНИЙ ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭНД ШИМ ТЭЖЭЭЛ БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЗОНХИЛЖ БАЙНА
- НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр Монгол Улсын хүн амын 22 хувь буюу 700 мянга орчим хүн эрүүл амьдрахад шаардлагатай хоол тэжээл тухай бүр авч чадахгүй байгаагаас гадна дөрвөн хүн тутмын нэг нь дунд ба хүнд хэлбэрийн хүнсний аюулгүй байдлын алдагдалд байна. Нэг хүнд ногдох хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ тогтвортой байгаа хэдий ч сүүлийн арван жил бууралттай байсан хоол тэжээлийн дутагдалтай байдал 2015 оноос өсөх хандлагатай байна. Бусад улс орнуудын адил Монгол Улсад шим тэжээлийн болон бичил элементийн дутагдал, таргалалтын асуудал ноцтой тулгарч байна.
Коронавируст цар тахлын үед хүнсний бүтээгдэхүүний үнийн инфляцын түвшин найман хувь хүртэл өссөн нь хүнсний аюулгүй байдлын нөхцөлийг улам дордуулж, ялангуяа ядуу өрхүүдийн хэрэглээ танагдсан байна. Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ буурсны үндсэн шалтгаан нь эдийн засгийн боломж хомсдож байгаатай холбоотой бөгөөд хүн амын нэлээдгүй хувьд нь хоол хүнсний хэрэгцээгээ хангах нийгэм, эдийн засгийн бодит боломж хязгаарлагдмал байна. Дэлхийн банкны судалгааны дүнгээр орлого багатай ядуу өрхүүдийн бараг тэн хагас нь хангалттай хэмжээний тэжээллэг хоол хүнсээр хангагдах боломж сул гэсэн дүн гарчээ.
Орлогын түвшин доогуур өрхийн хүнсний хэрэглээний гол нэр төрөлд үр тариа, мах, сүүн бүтээгдэхүүн голлож байгаа бол орлогын төвшин дээгүүр өрхийн хувьд жимс, хүнсний ногоо, ус, ундааны хэрэглээ илүү өндөр байх хандлагатай байна. Энгийнээр авч үзвэл тавган дахь хоолны найрлага бүтцэд гурил гурилан бүтээгдэхүүн, мах давамгайлж байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан судалгааны дүнгээс үзэхэд хүн амын эрүүл мэнд, дархлааг дэмждэг, өвчнөөс сэргийлдэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох төрөл бүрийн ногоо, жимс жимсгэний хүрэлцээ, хэрэглээ маш бага хэмжээтэй байгаа нь эдийн засаг, хүн амын орлогын төвшин, газар зүйн байршлын онцлог ялгаатай байдлаас хамаарч эдийн засгийн хөгжлийн бодлоготой салшгүй холбоотой нь ажиглагдаж байна.
Дээрх асуудлуудын хүрээнд хүнсний тогтолцооны хууль эрх зүй болон бодлогын зохицуулалтуудыг уялдуулах, хил дамнасан эрсдэлийг бууруулах, аюулгүй байдал чанарын стандартыг уялдуулж, экспортын зардлыг бууруулах, олон нийтэд хооллолтоос үүдэлтэй өвчин эмгэг, эрүүл хооллолтын ач тус хүнсний хаягдлын талаар мэдлэг олгох соён гэгээрүүлэх зэрэг одоо хийгдэж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх нь чухал.
ЗАЛУУЧУУД ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРААС ДАЙЖИЖ БАЙНА
- Хүнсний тогтвортой тогтолцоо гэдэг нь хоол, хүнсийг стандартын дагуу тариалах, хураах, үйлдвэрлэх, түгээх, тээвэрлэх, хадгалах, худалдах, сурталчлах, хэрэглэх, хаягдлыг шийдэхтэй холбоотой цогц асуудлыг ойлгоно.
Хөдөө аж ахуйн салбарын ажилчдын эзлэх хувь хэмжээ тогтмол буурч ирсэн (1991 онд 42.6 хувь, 2017 онд 28.8 хувь) хэдий ч тус салбар нь нийт ажиллах хүчний 30 хувийг бүрдүүлж байдаг. Сүүлийн 30 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн нийт ажиллах хүч, бүтээмж буурч байгаа нь нийгэм, эдийг засаг, байгаль цаг уурын эрсдлийг даван туулах чадавх сул байгаатай холбоотой байна. Судалгааны зарим үзүүлэлтээс харахад хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа ажилчдын сарын дундаж цалин улсын дундаж цалингаас бага байгаа нь монгол орны хүнсний тогтолцооны асуудлыг голлон нуруундаа үүрч буй одоогийн болон ирээдүйн ажиллах хүч болох залуучууд хөдөө аж ахуйн салбараас дайжих хандлага ажиглагдаж байна. 2009-2019 оны хооронд 15-34 насны залуучуудын ажиллах хувь 48-аас 30 хувь болж буурсан нь хот суурин газарт амьдрах, хөдөө аж ахуйн салбараас худалдаа үйлчилгээний салбарт шилжин ажиллах сонирхол давамгайлж байгаатай холбоотой байна.
Энэ нөхцөлд эдийн засгийн бүтцэд хүнс, хөдөө аж ахуйн салбарын оролцоог нэмэгдүүлэх төр-хувийн хэвшлийн бодлогын арга хэмжээнүүд ач холбогдолтой юм. Үүнд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хүнсний нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, залуусын оролцоог хангах, гарааны бизнес, зах зээлийг нь тэлэх, инновацид суурилсан байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл бизнес төлөвлөлтийн чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлууд хамаарна.
ШИМ ТЭЖЭЭЛТЭЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИД ИМПОРТ ЗОНХИЛЖ БАЙНА
-Хэдийгээр Монгол Улс голлох нэр төрлийн бүтээгдэхүүнээ дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа ч хүн амын хүнсний хэрэгцээнд шаардлагатай шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн импортоос хамааралтай байна. Тогтвортой, тэнцвэртэй, тэсвэртэй өсөлтийн үзэл баримтлалын үүднээс хандвал илүү олон салбараар төрөлжсөн эдийн засгийн суурь бүтцэд чиглэгдсэн бүтцийн шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай байна. Үүний тулд дэд бүтэц, зах зээлд нэвтрэх боломжийг сайжруулах болон бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ нь нэмүү өртгийн сүлжээн дэх малчид, жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, технологийн инновацыг сайжруулах, тооноос чанарт шилжих, хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүнийг брэнджүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт мал аж ахуй давамгай байр суурь эзэлж байгааг харгалзан хүн ам, мал амьтан, ургамлын эрүүл мэндийн харилцан үйлчлэл, тэдгээрийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс үүдэлтэйгээр ирээдүйд тулгарч болзошгүй эрсдэлд оновчтой хариу арга хэмжээ авахад ач холбогдолтой юм. Эдгээр шийдэлд анхаарал хандуулснаар Монгол Улс байгаль цаг уурын эрс тэс байдал, уур амьсгал, эдийн засгийн сөрөг нөлөөллөөс үүдэлтэй хүнсний хомсдол, хорогдол ба үнийн тогтворгүй байдлын дарамт, цочролыг даван туулах боломжтой.
Хүн, малын зам жим, малын хэт өсөлт, уул уурхайн үйл ажиллагаа өсөн нэмэгдсээр байгаа нь газрын доройтол, цөлжилт, биологийн олон янз байдлыг алдагдуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулж, ойн түймэр гарахад хүргэж, усны чанар, хангамжийг их хэмжээгээр бууруулж байна. Бэлчээрийн байгалийн унаган төлөв байдлын 75 хувь нь ямар нэг хэмжээгээр өөрчлөгдөж, үүнээс 25 орчим хувь нь ихээр доройтож, байгалийн жамаар нөхөн сэргээгдэхэд урт хугацаа шаардагдах болоод байна.
Ийнхүү, мал аж ахуйн бүтээмжийг дээшлүүлэх, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн тулд малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, чанарын баталгааны тоон системийг нэвтрүүлэх, түүнчлэн орон нутгийн нэгдсэн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн боловсон хүчний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, технологийн шийдлийг нэвтрүүлэх нь чухал болох нь чухал болох нь олон улсын туршлагаас харагдаж байна.
БЛИЦ:
СУМХҮҮГИЙН СЮЗАННА
Боловсрол:
2010 онд АНУ-ын “Loyola High School” ахлах сургууль,
2014 онд АНУ-ын Линфийлд их сургуулийг Олон улсын харилцаа мэргэжлээр бакалавр, 2013 онд Франц Улс дахь American University Center of Provence төвд Араб хэл, Ойрхи дорнодын улс төр судлалын хөтөлбөр,
2016 онд МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын их сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр Магистр,
2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.
Ажилласан байдал:
2014-2016 онд Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт судлаач,
2016 онд АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн байгууллагын дэмжлэгтэй LEAD Mongolia хөтөлбөрийн сургалт хариуцсан ажилтан,
2017 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг болох Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, өдгөө Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.19 ДАВАА № 139 (6616)