Т.САЙХАН
Өнөөдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Төрийн дээд цол, одон медаль гардуулах бол дөнгөж сая нэр бүхий эрхмүүдэд генерал цол хүртээлээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар нарт хошууч генерал цол, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад бригадын генерал цол тус тус хүртээж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр “Эрхэм хүндэт генералууд аа! Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр цагдаа, тагнуул болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олгож байна.
Монгол Улс 1994 оноос генерал цолыг бий болгон, хууль журмын дагуу олгож ирсэн түүхэн уламжлалтай. Төрийн тусгай албад бол ард иргэд, нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалж, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэг хариуцлагатай салбар юм. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг чанд биелүүлж, улстөржилтөөс ангид байж, нийгэмдээ болон ард иргэддээ үйлчлэх тангарагтаа үнэнч байж, нэгэн үзүүрт сэтгэлээр сахин биелүүлж байдаг Та бүхэнд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, цолныхоо шаардлагад нийцсэн хүмүүс гэж үзэж байна.
Генерал цол бол нэн хүндтэй цол бөгөөд энэ цолоор дамжин үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Цолыг даган ирж байгаа хүндэтгэл, итгэл хариуцлагыг дааж, цолондоо тэнцэхүйц ёс зүйтэй, хичээл зүтгэл, эрч хүчтэй ажиллах даалгавар Та бүхний мөрөн дээр энэ мөрдөстэй хамт ирж байгааг үргэлж санаж яваарай.
Эрхэм нөхөд өө!
Эх орныхоо төлөө зүтгэж буй цэрэг эрс, цэргийн мөрдөстөн Та бүхний ард гэр бүл, үр хүүхдүүд нь байдаг. Цэргийн хүний гэр бүл бол төрийн цэргийн байгууллагын бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь болдог гэж би бодож явдаг.
Амжилт ололт, алдаа оноо бүрийн чинь ард сэтгэл догдлон байдаг цэргийн албан хаагчдын гэр бүл, эрхэм хүндэт генералууд Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.
Монгол цэргийн яруу алдар бадрах болтугай!” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn