Т.САЙХАН
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн 4.2-т “Банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байна” гэж заасан билээ.
Тэгвэл энэ заалтын дагуу Төрийн банк 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээл дээр олон нийтэд хувьцаагаа санал болгох үүрэгтэй. Улмаар Төрийн банкыг нээлттэй хувьцаат компани болгож, олон нийтэд хувьцаа гаргах ажлын хэсэг байгуулагдан, хэрэгжүүлэх хугацаа, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг хуулийн дагуу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлээд байгаа юм.
Төрийн банкны хувьд нийт дөрвөн их наяд төгрөгийн актив, 2.2 их наяд төгрөгийн зээл, 377.2 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө бүхий системийн хэмжээний таван банкны нэг. Нийт Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбар нэгжтэй, 2 сая орчим харилцагчтай бөгөөд нийт харилцагчдын 99хувь нь иргэд байдаг бөгөөд нийт зээлийн 70 орчим хувийг иргэдийн зээл эзэлдэг юм. Мөн хүүхдийн мөнгөний 90, тэтгэвэрийн 55, халамжийн 80хувийг Төрийн банкаар олгож байна.
Эх сурвалж:www.polit.mn