Оройн чимэг болсон цолны эзэн

2021-07-07
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Дурсамж нийтлэл бичсэн: 
Роломсүрэн овогтой Оюунбадам
Монгол улсын гавъяат хуульч, Монголын анхны эмэгтэй хурандаа, Хууль зүйн ухааны доктор (Ph.D). Шихихутуг их сургуулийн багш. 

 

Байлдагчийн цээжинд 
Баатар ч багтана.
Генерал ч багтана.


2018 оны Нохойн жилийн хаврын дунд сарын билэгт сайн өдөр 25 дугаар телевизийн сувгаар хошууч генерал Жамцын Содном (манай генерал) “Би” нэвтрүүлгээр гарч байхыг хараад хийж байсан ажлаа шууд орхин нэвтрүүлгийг үзэхээр тухлан суув. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Цагаанхөтөл хэмээх газар төрсөн Содном хүүгийн ирээдүйн зам нь 14 настайдаа шуудангийн машинаар энхэл донхолтой замыг туулан улсын нийслэл Улаанбаатарыг зорьсноор эхэлсэн гэнэ. Ээж аавынхаа хажуунаас хонин сүргийнхээ дэргэдээс холдож үзээгүй хүүг нутгийн ах дүүс нь хол газар эрдэм сурах гэж явахад нь “энэ хүү ч хол явна даа хол явна” гэж аман амандаа билэг дэмбэрэлтэй үг хэлэлцэж үдэн мордуулав.  Жаал хүү улсын нийслэлд ирэн нэлээд хэд хонож хэрдээ л юм үзэж нүд тайлсан  байна. Харин сургуульд орох хүсэл мөрөөдөл нь нэг л сайн биелэгдэхгүй байсаар багагүй хугацаа өнгөрөв. “Ер нь буцъя даа” гэж бодон өглөө хотын нэг гудамжны дэлгүүр хавиар эргэлдэж явтал шуудан гэсэн бичигтэй бүхээгтэй машин зогсож байх юм гэнэ. Том хүмүүсийн ярианаас сонсвол “Дундговь явна, Дэлгэрцогт сум орно” гэх нь сонсогдов. “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд гардаг шиг л зүйл болсон бололтой. Содном хүү нутгийнхаа нэг үеийн хүүгийн хамт хоёул бүхээгтэй ачааны машинд ороод суучихсан байна. Тэрхүү машин өдөржин давхисаар үдшийн бүрийд Дэлгэрцогт сумын төвд иржээ. Жолооч “за хүүхдүүдээ! бид сумын төвд ч ирлээ. Сургуулийн гадаа ч ирлээ” гэв. Тэд бууж хартал гэрэл гэгээ цацруулсан орд харшийн гадаа ирэв үү гэмээр  л санагдсан байна. Өнөөх машин нь тэднийг сумын сургуулийн гадаа орхиод үдшийн бүрийд бүдэг улаан гэрэл анивчуулан давхин одов. Маргааш нь сумын сургууль хоёр хүүг бүртгэн авч тэд сурагч болсон түүхтэй. Энэ бол 1950 он юм. Ингээд Дэлгэрцогт сумын 5-р ангид орж 3 жилийн дараа 7 жилийн боловсролтой болцгоож Содном хүү төрсөн сум Гурвансайханы багийн даргаар томилогджээ. Содном генерал нэвтрүүлэгт цааш ярихдаа: Би 1950-1953 он хүртэл 3 жил сумандаа багийн даргын туслахаар ёстой нэг ажиллахыг үзүүлсэндээ. Ямар ч зай завгүй ажилласан минь надад хүмүүний амьдралын утга учрыг мэдрүүлсэн” гэж ярьж байв. Ж.Содном 1953 онд цэрэг татлагын комиссоор орж тэнцээд аймгийн тусгай хэлтсийн мэдэлд очсон байна. Тусгай хэлтсээс харьяа хорих ангийн хянагчаар томилогдож байлдагчийн мөрдөстэй дүрэмт хувцсаар гоёсон аж. Хянагч байлдагч Содном цааш улам ихийг мэдэж сурах,  илүү ихийг  бүтээх зориг эрмэлзлээр дүүрэн он жилүүдийг ардаа орхиж тусгай хэлтсийн ахлах мэргэжилтэн, аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн дарга зэрэг албан тушаалын шатаар өгссөөр 1976 онд НАХЯ-ны засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын даргаар томилогдсон байна. Ингээд л хянагч байлдагчаас эхэлсэн цэргийн цол нь генерал  болох замыг нь тавьжээ.

Их ой, эрхэм цол
1981 он бол Ардын хувьсгалын 60 жилийн ой, орчин цагийн засан хүмүүжүүлэх байгууллагын (Ардын засгийн анхны шүүх яамны харъяанд гяндан салаа байгуулагдсан) 60 жилийн ой тохиосон жил байлаа. Энэ их ойг тохиолдуулан АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Ж.Содномд хошууч генерал цол хүртээснээр Содном дарга маань цэргийн удирдах бүрэлдэхүүний оройн чимэг болсон генерал цолтон болж үе үеийн удирдах бүрэлдэхүүн цэргийн цолтнуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн билээ. Их ойгоор манай системийн олон арван ажилтнууд цэргийн цол, одон медалиар шагнагдсан бөгөөд хамгийн бахархалтай зүйл нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллага анх удаагаа генерал цолтонтой болсон явдал юм. 
Анхны генерал Ж.Содном дарга маань асар майхны голын багана шиг л засан хүмүүжүүлэх байгууллагыг өөд нь татан өргөн босгох шиг л санагдаж байлаа. Үнэхээр ч түүнээс хойш манай байгууллагын нэр хүнд өсөж, үнэнийг хэлэхэд хэзээний жаахан зэнзийрхүү байдаг байгууллага хүмүүсийн харьцаа хандлага нааштайгаар эргэн өөрчлөгдөж байсныг тус газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан надад мэдрэгдэж байсныг хэлэхгүй орхих боломжгүй.

Хүний төлөө хүн
“Би” нэвтрүүлэг үзэн генералын яриаг сонсож суухад надад тэртээх 1976-1989 оны хоорондох үйл явдлууд киноны кадр шиг нүдний минь өмнүүр хөврөв. “Цаг хугацаа өөрөө их амьд” учраас хүн эргээд хүүхэд нас, залуу насандаа очих шиг үе алийг тэр гэхэв. Залуу ажилтан байхдаа гаргаж байсан амжилт бүтээл алдаа оноогоо ч шүүн тунгааж үзнэ. 1981 онд түүхэн ойнууд угтсан их бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа. Бид өөр өөрийн хариуцсан ажилдаа амжилт бүтээл гаргах гэж зүтгэцгээж байв. Их бүтээн байгуулалтын нэгээхэн хэсгийг засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газарт тухай үед хэлтэс тасгийн даргаар ажиллаж байсан хэсэг залуучуудаар төлөөлүүлэн авч үзэхийг зорьлоо. Үүнд: Хорих ангийн дарга Д.Цээсэд, барилгын хэлтсийн дарга С.Санжаажамц, санхүү үйлдвэрийн хэлтсийн дарга С.Жанцандорж, О.Шагдарсүрэн, Хөдөлмөр цалин хөлсний хэлтсийн дарга Р.Оюунбадам, тасгийн дарга Ж.Чойндон, өчил сонины эрхлэгч П..Дуламханд, сэтгүүлч С.Цагаанчулуун, зэрэг хэсэг залуус өөр өөрийн хариуцсан албан үүргээ биелүүлэхийн төлөө хүн бүр л чармайн ажилладаг байлаа.
Ж.Содном дарга биднийг сайн ажилтан болгох гэж тал бүрээр сургаж чадвар суулгана. Бид ажилтайгаа холбоотой бичиг баримтыг өөрсдөө л төлөвлөнө. Би дарга дээр нэг бичиг төлөвлөөд аваад орлоо. Дарга авч үзэх гэснээ буцаагаад над руу түлхэж орхив. Юу буруу бичсэнээ олох гээд харж зогстол мал эмнэхийг /малын чихэнд номер зүүх/ үзсэн болохоос цаас эмнэхийг үзээгүй гэв. Учир нь би төлөвлөсөн бичгээ үдэж хавчихын оронд толгойн хэсэгт нь жижиг ураад нугалчихсан байсан хэрэг.  
Нэг өдөр дарга намайг дуудаж намын хороонд “байгууллагын ойтой холбоотой илтгэл бэлд” гэсэн үүрэг өгөв. Би ч илтгэлийг бичиж чадна гэсэн итгэлтэйгээр ажилдаа орлоо. Эхний ээлжинд баримт материал цуглуулах ажил байв. Хамгийн их хайж олох ёстой баримт бол Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт /тагнуултай холбоотой бус/ хувьсгалын өмнөх үеийн баримт сэлтээс шоронгуудын тухай материал олж үзэх шаардлагатай байлаа. Гэвч төдийлөн сайн баримт олдсонгүй. Тухайн үед чинь архивийн баримтууд нууцын зэрэглэлтэй байлаа шүү дээ. Жамсранжав генерал Содном дарга хоёр тагнуулын сургуулийн багш хурандаа Цанлиг, архив судлаач багш Алтанхуяг нарт давхар үүрэг өгсөн гэдгийг олж мэдээд тэдгээр хүмүүсээс бага сага баримт материал ч олж авлаа.
Би хэд хоног л өглөөнөөс үдшийн бүрий болтол суув. Хэд хэд дахин бичлээ. Тэр бүхнийгээ зохион засварлах тасгийн даргад үзүүлнэ. Болоогүй байна л гэнэ. Энэ мэтээр хэд хэдэн удаа буцав. Ёстой уйлах багадаад байж байтал Ж.Содном дарга хөдөөнөөс хүрээд ирэх нь тэр. Хэрэг ч мандав. Тэр илтгэлийг би сайн бичье гэж хэчнээн хичээсэн ч үнэхээр бичиж чадаагүй юм. Содном дарга “энэ Оюунбадамыг чинь хоёр ч  дээд сургууль төгссөн овоо чадвартай юм болов уу гэсэн чинь юу ч чаддаггүй муу шааран байна. Алив Дамдинсүрэн дэд хурандаа та бичнэ үү дээ! цаг хугацаагүй болчихлоо” гэлээ. Би маш их айснаас гадна өөртөө ч их гомдлоо. Хэзээ ямар арга хэмжээ надад авах бол гэж хэд хоног айж явав. Одоо бодохнээ миний бие тэр үед тийм том илтгэлийг бичих мэдлэг, чадвар, туршлага үнэхээр хүрэхгүй байснаас болсон байна лээ. Хүн хэчнээн зүтгэлтэй байлаа ч мэдлэг, чадваргүй бол хийж чадахгүй шүү дээ.   

Баялаг бүтээх гээд хөглөсөн нь...
Удирдах газраас (ЗХБУГ) хорих ангийн барилгын материалын үйлдвэрийн явц байдалтай газар дээр нь танилцаж шалган туслах ажлын хэсэг томилогдов. Тэр комиссын бүрэлдэхүүнд миний бие багтсан юм. Өмнө нь тоосго үйлдвэрлэх тооцоог Барилгын хэлтсийн дарга хошууч С.Санжаажамц, хоригдол ажилчдын хөдөлмөр зохион байгуулалт, санхүүгийн тооцоог хэлтсийн дарга С.Жанцандорж, Р.Оюунбадам, О.Шагдарсүрэн нараар хийлгэсэн байсан тул бид бага зэрэг мэдэж байлаа. Чойрын хорих анги үүрэг даалгавар авсан байсан тул ажлаа эхэлж, инженер техникийн ажилтан бэлдэх сургах, тоног төхөөрөмж суурилуулах, цех тасаг нээх, хоригдол ажилчдыг сургах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах нөхцөл байдлыг бүрдүүлэх гээд их ажил хийгдсэн байв. Дорноговь аймгийн Чойрын хорих ангиас 10 гаруй км-ийн зайд байдаг тоосгоны  шаврын ордыг түшиглэн тус хорих анги сайн чанарын тоосго хийх байлаа. Тэрхүү тоосгоор Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1986 оны зун, намар нь хэд хэдэн барилга барих төлөвлөгөөтэй байсан хэрэг. Бид Чойрын хорих руу явлаа. Ангийн дарга хошууч С.Рагчаасүрэн угтаж авав. Тэрбээр барилгын техникийн мэргэжилтэйгээс гадна ЗХУ-ын Москва хотын ДЯЯ-ны дээд сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн маш дайчин бас ажилсаг залуу байсан юм. Хорих анги биднийг очихоос өмнө нэлээд олон мянган тоосго үйлдвэрлэсэн байв. Гэсэн ч биднийг угтаж аван ажлаа танилцуулахдаа ажил маань жаахан тааруухан явцтай байгаа гэж ярив. Хамгийн муу зүйл бол тоосго сайн болохгүй байна. Хагараад байна. Удахгүй барилгын ажил эхлэх гээд байдаг. Харин хоригдлууд дотор тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан хэд хэдэн сайн чадварлаг хүн бий. Болдогсон бол тэднийг бусад үйлдвэр лүү явуулж юу нь болохгүй байгааг олж мэдмээр байдаг. Даанч эд нар маань эрхээ хасуулсан хүмүүс болохоор хууль  дүрэм журамд таарахгүй юм. Юу ч гэсэн та нарыг ирэхээр нэг арга олдох болов уу гэж бодлоо гэж учирлав. Бид ч саналыг нь сонсоод хэдүүлээ ухаанаа уралдуулж хүчээ нэгтгэж  байгаад сайн тоосго гаргая гээд ажилдаа орцгоолоо. Бид ном сурах бичиг, технологи орц найрлагын тооцоо хийх зэрэг ажил эхний ээлжинд хийх талаар ярилцаад шөнө дөл болов. Өглөө нь босоод нэгэн зэрэг ажилдаа орж нэлээд тоосго хэвлэж хатаагчинд хийж хатаалаа. Хатаад ирэхээрээ хагараад болдоггүй. Тэгэхээр нь хэвлэсэн тоосгоо гар аргаар хатаахаар шийдсэн юм. Тавдугаар сар байсан болохоор нар салхинд тоосго дорхноо эвэрч байсан ч мөн л хагараад байв. Миний санаа ч байсан байж магад хэвнээс гарсан тоосгоо нойтон (мараль) самбайгаар бүтээж байгаад наранд хатааж үзэв. Бас л болсонгүй. Тэгэж байтал хотоос удирдах газрын дарга нар гарлаа гэсэн мэдээ ирэв. Уул нь бид үүрэг даалгавраа сайн биелүүлээд үзүүлэх гэж хичээсэн нь тэр. Дарга нар ч ирлээ тоосгоны гарц чанарыг шалгалаа.
Ж.Содном дарга ажил, амьдралын өргөн туршлагатай, гярхай хүн учраас тоосго огт болоогүй байгааг хараад л мэдчихлээ. Та нарын нөгөө сайн тоосго гаргаад байгаа чинь энэ үү. Ажил сайн явж байна гээд байсан чинь алив. Муусайн шаарангууд бас хажуугаар нь худлаа ярьж хүн хуурах санаа байна уу. Ийм байж та нар яаж хоригдлыг хүмүүжүүлэх гэсэн юм гэж нэлээд загнаснаар тэрхүү бүтэл муутайхан ажил төгссөн юм. Эргээд бодоход барилгын материал үйлдвэрлэнэ гэдэг чинь технологийг нь мэддэг мэргэжлийн инженер техникчидийн бүтээл юм билээ. Улаанбаатар хотын тоосгоны I үйлдвэрээс нарийн мэргэжлийн хүн урьж авчирч эхлээд өөрсдөө хичээл заалгаад дараа нь ажилчидаа сургаснаар сайн чанарын тоосго үйлдвэрлэж тэр зун намартаа тоосго гаднаас авалгүй өөрсдөө үйлдвэрлэж Дундговь аймгийн сумуудад хэд хэдэн барилга барьж ашиглалтанд өгсөн билээ. Энэ баримт өнөөгийн залууст шүүмжлэлтэй хандах зүйл олон байж болох юм. Төрийн албан хаагч хүн албандаа хайртай, чин сэтгэлээсээ ханддаг, хичээл чармайлттай, хариуцлагатай байх чанар нь нэн чухал бөгөөд үнэт зүйл юм. Ийм чанар өнөө үед ч нэн чухал юм. 
Ж.Содном дарга залуучуудад ажил сурах аргыг нь зааж өгдөг хүн. Маш өндөр шаардлага тавина. Өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг заавал шалгаж үзнэ. Хэрэв дутуу хийсэн бол гүйцээж хийлгэнэ. Чанар муутай хийсэн ажлыг нь чанартай болтол хийлгэдэг хүн. Ер нь жинхэнэ удирдагч хүн бөгөөд хүн чанар, мөн чанарыг өөртөө шингээсэн хүн гэж боддог. Хамгийн гол нь үгээр сургахаас гадна өөрийнхөө биеэр үйл хөдлөлөөрөө л биднийг үлгэрлэн манлайлдаг байлаа. Бид нар дандаа бүтэлгүй байж даргад загнуулаад байдаггүй бас хааяа магтуулах үе олон байсан. Өгсөн үүрэг даалгаврыг нь сайн биелүүлсэн байвал Ж.Содном дарга бүр цаанаасаа баярлаж “Манайхаан” гээд ярина. Ийнхүү бидний үеийн залуучууд төрийн жинхэнэ албан хаагчид болохын тулд дарга шиг даргаар удирдуулж хариуцлага гэдгийг хууль гэж ойлгож байсан юм. Удирдах даргаас үүрэг аваад “мэдлээ гүйцэтгэе” гээд ёслоод гарсан бол заавал гүйцэтгэнэ гэж ойлгоно. “Мэдлээ гүйцэтгэе” гэх үгэнд маш их утга оршиж байдаг. Энэ үгийн язгуурын утга нь монголчууд “За”-гийн тангараг тавьдаг уламжлалаас үүдэлтэй юм билээ. Ийнхүү алба, ажилдаа хариуцлагатай байхын тулд хичээл зүтгэл, мэдлэг оюунаа дайчлан ажилладаг байснаа дурсан санахад үнэхээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. 

 Тээр жил хагас хугас олж мэдсэн түүхэн эх сурвалжаа ч орхисонгүй. 
1994 онд гарсан “Монголын улс төрийн төв” хэмээх номоор нь түүхийн ухааны доктор О.Пүрэв гуайг мэддэг болсон юм. О.Пүрэв гуайн дээр дурдсан бүтээлд Ардын хувьсгалын өмнөх үеийн баруун зүүн хүрээний гяндангуудын тухай бичигдсэн байдаг. 2003 онд О.Пүрэв болон Даваажав гуай нартай уулзав. О.Пүрэв гуайн 19 дүгээр хороололд байдаг гэрт нь очлоо. Буурал эрдэмтний надад ярьсан ховор баримт бол “Ховдын Манжийн амбаны төлөөний түшмэлийн газрын ялтан хадгалах гяндангийн тухай байлаа.  Ховдын Манжийн амбаны төлөөний түшмэлийн ялтан хадгалах гянданг манжууд 1912 онд барьсан, эрэг рүү түрж нүх ухаад, модоор доторлоод наана нь хаалгыг нь цоожлоод, хуяг харгалздаг гяндан байсан гэнэ. 1960-аад онд манжийн амбаны байрлаж байсан шавар хэрмийн тоосго, шаврыг ашиглахаар барилгын байгууллага хайгуул хийж байх явцад шавар хэрэмний дотроос нэгэн хачирхалтай зүйл гарч ирсэн нь хэвтээгээр хэдэн давхраар нь хурааж хийсэн хүмүүсийн араг яс олсон тухай юм.  О.Пүрэв гуай энэ бодит баримтын талаар цааш ярихдаа Ховдын Манжийн амбаны сүүлчийн харгис яргаллын илэрхийлэл болсон шорон гяндангийн нүүр царай ийм л байсан юм. Ховд хотыг чөлөөлөх манай эх оронч хувьсгалчдын ширүүн эсэргүүцэлд манжийн амбаныхан ялагдаж баасаа хавчин зугтахдаа нөгөө эрэг нүхэнд хорьсон цоожтой хоригдлуудыг хаяад явсны улмаас энэ эмгэнэлт баримт үлдсэн гэж билээ. Төр, эрх зүйн түүхэн эх сурвалжуудаас үзэхэд манжууд 300 шахам жил монгол орон, ард түмнийг нь эрхшээлдээ байлгаж манай эх оронч цогтой тэмцэгчдийн эсэргүүцлийг тогтоон барьж байхын тулд харийн гүрний харгис технологитой шорон гяндангуудыг монголын нутаг дэвсгэрийн хаа сайгүй барьж байгуулсан байдаг. Дээр дурдсан баримт бол тэдний л нэг. 
Монголын төр, эрх зүйн түүхийн талаар өндөр мэдлэгтэй түүхч доктор, хууль зүйн эрдэмтэд болон түүхэн хүмүүстэй уулзаж тэдний үгийг сонсож явсан минь тэртээх 1981 онд Ж.Содном даргынхаа өгсөн даалгаврын хүрээнд илтгэл бичих гээд олж чадаагүй баримтуудаас хожим нь ийнхүү бага сага материалыг олсон нь эрдэм судалгааны ажилд маань үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Монголын хорих байгууллага бол хүн хүмүүжүүлэх, хоригдлын хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулж тэдэнд цалин олгох хөдөлмөрийн дадлагатай, мэргэжилтэй болгон улмаар тэднийг нийгмийн амьдралд эргэж нэгдэхэд нь бүхий л талаар туслах үүрэгтэй. Энэ хүрээнд хоригдлыг сургах, тэдний эрхийг хангах, харж хамгаалах, эрүүл мэнд амь насыг нь хамгаалах зэрэг олон талт үүрэг хүлээдэг тул ажилтнуудаас нь олон талын мэдлэг боловсрол онол арга зүй шаардана. Дадлага туршлагатай байх нь хорих байгууллагын ажилтан хүнд байх ёстой шалгуур үзүүлэлт. Хорих байгууллагын ажилтан хүн, хүн чанартай, мөн чанартай, хүний мөстэй хүн байх ёстой. Учир нь хүний мөс чанар гэдэг нь хүний дотоод мөн чанар бөгөөд хүний сэтгэлд орших мөсийг хайлуулах чадалтай байх ёстой гэсэн язгуур утгыг агуулдаг. Хүнд байх ёстой энэ язгуур чанар хорих байгууллагын ажилтан хүнд байснаар алдаж эндсэн олон аавын хүү, ээжийн охидыг хийсэн гэмт хэрэгт нь чин сэтгэлээс нь гэмшүүлж сурган гэгээрүүлж чадна. Мөн хорих байгууллагын ажилтан хүнд: авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужил, албаны өндөр мэдлэг хэрэгтэй. Энэ бүхнийг тухайн үеийн залуучууд бид Ж.Содном даргаас сурсан гээд хэлчихэд үнэнээс төдийлөн зөрөхгүй гэж бодож байна. Олон арван жил өнгөрөх тусам олон түмний дунд хорихын Р.Оюунбадам гэж дуудуулахад хүргэж, гавъяа шагналтан болох замыг нээж өгсөн ачтан бол Ж.Содном дарга маань гэж бодож байнга хүндэлж биширч, генералийн бидэнд өвлүүлсэн мэдлэг, чадвар, ажлын туршлагыг өнөө хэр нь ажил амьдралдаа мөрдлөг болгосоор явна.
Булган сүүлтэй буурал генерал маань 100 жилийн түүхтэй энэ байгууллагын нэгэн үеийг (магадгүй хамгийн их ачаалалтай ажил өрнөсөн) нуруун дээрээ үүрч явсан бөгөөд   тэр ч чанараараа тэнгэр бурхны ивээлд багтаж насыг насалж, ная хол гарчихаад намбайж суугаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.7 ЛХАГВА № 136 (6613)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

18 цаг 41 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

20 цаг 20 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин