С.УЯНГА
Нийслэлчүүд 27 жилийн дараа хуулиа шинэчлэн батлах гэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Дагватай ярилцлаа.
-Нийслэлийн 1.5 сая иргэнд хамаатай хууль батлагдах гэж байна. Хуулийн төсөлд хот ямар амбицтай хандаж, энэ хууль иргэдэд ямар боломж авчрах вэ?
-Он солигдохын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулж миний бие ахалж ажиллалаа. Үндсэн хуульд нийслэл Улаанбаатар хот хуультай байна. Нийслэлийн эрхзүйн байдлыг хуулиар зохицуулна гэж тусгасан. Энэ дагуу 1994 онд Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг боловсруулж батлуулснаас хойш бараг 30-аад жил ажил амьдралдаа хэрэглэж ирлээ.
1994 оны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөгийнхтэй харьцуулахад хүн амын тоо, эдийн засгийн өсөлт, иргэдийн ажил амьдралын хэв маягаас эхлээд огт өөр болсон. Мөн 2019 оны төгсгөлд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ үзэл санаа батлагдсан бол оны өмнөхөн шинэчилсэн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд орон нутгийн ажил амьдралтай холбоотой шинэ суурь зарчмуудыг тусгаж өгсөн. Үүнтэй холбоотойгоор 140-150 хуульд өөрчлөлт орох байх. Эдгээрийн манлайд нь Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчилж байна. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль бол нийслэлчүүдийн хувьд Үндсэн хууль гэсэн үг. Энэ хуулиар олгосон нийгэм, эдийн засгийн боломжийг тултал ашиглаж чаддаг байх юмсан гэж хүсч байгаа. Шинэ хуулиар Засгийн газраас нийслэлд хуваарилж өгдөг төсвийн хэмжээг нэмэгдүүлэх гэж зүтгээд байгаа юм биш. Жишиж хэлбэл, төсвөөс 100 төгрөг авдаг байсан бол 110 төгрөг болгох гээд байгаа зүйл огт байхгүй. Ерөөсөө л Улаанбаатар хотын ажиллаж, амьдрах арга ухааныг эрхзүйн хүрээнд шинэчлэх юм. Өнөөгийн эдэлж хэрэглэж байгаа бүхнийг 27 жилийн өмнөхтэй харьцуулж уялдуулах зэргээр нийслэлийн эрхзүйн байдлын хуулийг шинэчлэх олон шалтгаант нөхцөл байсан л даа. Мөн төдийлөн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тухайлан зохицуулж чадаагүй, зарим нэг заалтууд бусад хууль тогтоомжуудтай давхардсан зэргээр хуулийг шинэчлэх нийгэм эдийн засгийн гарцаагүй нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд эдийн засгийн шинэчлэл хийнэ. Мөн засаглалыг шинэчлэх бүрэн боломжтой. Хүн болгонд амьдрах арга ухаан бий. Үүнтэй нэг адил ирэх 30 жил Улаанбаатарын амьдрах арга ухаан ямар байх вэ гэдгийг эрхзүйн үндсэн дээр тодорхойлж өгөх нь хуулийн гол зорилго.
Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль бол нийслэлчүүдийн хувьд Үндсэн хууль гэсэн үг. Энэ хуулиар олгосон нийгэм, эдийн засгийн боломжийг тултал ашиглаж чаддаг байх юмсан гэж хүсч байгаа.
-Хотын эрх мэдэл нэмэгдэх үү, төсвийг нийслэл рүү татах уу гэсэн хардлага байна?
-Эрх мэдэл гэхээс илүү боломж нээхийг зорьж байна. Засгийн газар бол нийслэлийн сайн найз. Гэхдээ цаашид Улаанбаатарын хамгийн сайн түнш нь хувийн хэвшил. Тиймдээ ч хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төсөөлөх боломжгүйг хүлээн зөвшөөрөх цаг болсон. Шулуухан хэлэхэд, төсвийн мөнгөөр хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, хөгжлийн шинэ түвшинд хүргэх боломжгүй. Тиймээс шинэ амьдрах арга ухаан хэрэгтэй. Үүний шинэ түнш нь гадаад дотоодын хөрөнгө оруулагч, хувийн хэвшил юм. Төр хувийн хэвшлийн түншлэл гэж удаан ярьсан ч ямар түвшинд хэр үр дүнтэй нь тодорхой бус. Төсвийн мөнгөөр тендер зарласан ажлыг хийхээс хэтрэхгүй байгаа. Бүгдийг төсвийн мөнгөөр хийж чадахгүйгээс хойш хотын тулгамдсан асуудал болгоныг бизнес төсөл болгох шаардлага үүссэн. Харин нийгмийн шинж чанартай, төрийн үйлчилгээг төсвийн мөнгөөр хийхээс аргагүй. Жишээлбэл, бага тойрогт 16 мянган зогсоол байгаагийн 6000 нь хуучны орон сууц, хувийн хэвшлийн барьсан худалдаа үйлчилгээний гадна. 10 мянга нь нийтийн эзэмшлийн талбай дээр байгаа юм. Тэр зогсоолд Дорж өглөө 7:00 цагт машинаа тавиад 20:00 цагт гардаг. Энэ хооронд дараагийн хүн үйлчлүүлэх ямар ч эргэлтгүй. Тэгэхээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн эргэлтэд оруулж нийгмийн өгөөжөө хүртэнэ. Дунд нь зогсоолын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, ажлын байр нэмэгдэх давуу талтай. Өөрөөр хэлбэл, оролцогч талууд бүгд өгөөж хүртэх хамтын ажиллагаа юм. Нийслэлийн эрхзүйн байдлын хуулийн бас нэг гол зорилго бол Улаанбаатар хот хувийн хэвшилд хаалгаа нээж, хуулийн хүрээнд хамтарч ажиллах боломж олгох юм. Мөн нийслэлийн өмчийн газарт бүртгэлтэй 4.6 их наяд төгрөгийн өмч хөрөнгө бий. Нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр бий болсон энэ өмч хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин шаардлагатай байгаа. Мэдээж шат шатны байгууллагуудын хяналтад илүү нээлттэй ажиллах боломж бүрдүүлэхийг зорьж байна.
-Нийслэлчүүдийн төлсөн татварын хэдэн хувь нь хотдоо үлдэх вэ?
-Хотын төсөв тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Нэгжийн хуультай нийцүүлж чиг үүргийг нэлээн сайн тодорхойлж өгч байна. Нийслэл Улаанбаатарыг нэг талаас харахад засаг захиргааны нэгж, нөгөө талаасаа нийслэл хот болчихоод байдаг. Нэр нь Улаанбаатар хэрнээ нийслэл хот суурин болчихоод байдаг. Энэ уялдаа холбооноос эхлээд зохицуулах асуудал бий. Тусгай чиг үүрэг гэдэг нь өөр ямар ч засаг захиргааны нэгж, улсын болоод орон нутгийн зэрэглэлтэй хотууд хэрэгжүүлдэггүй төрийн гүйцэтгэх чиг үүргийг төрийн нэрийн өмнөөс нийслэл хотын хувьд хэрэгжүүлдэг чиг үүрэг байна. Жишээлбэл, Монгол төрийн наадмыг зохион байгуулах зэргээр төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүргийг төсвөөс өгдөг байх ёстой. Бусад хот нийтийн аж ахуйн хүрээнд хэрэгжүүлдэг нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зардлаа нийслэлийн төсвөөс хийдэг байх. Нэгжийн тухай хуулиар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг үлдээж байгаа. Гэхдээ сул мөнгө биш, чиг үүргийг төрөөс давхар өгч таарах байх. Ер нь бол нийслэлийн татвар төлөгчдийн мөнгөөр бий болсон орлогыг хотын иргэдийн амьдрах орчин нөхцлийг тав тухтай болгоход зарцуулах нь шударга зүйл гэж ойлгож байна.
-Шинэ хуулиар Хотын даргын эрх мэдэл нэмэгдэх үү?
-Дурьдагдаж байгаа. Одоо бол Засгийн газрын хуралдаанд Нийслэлийн Засаг дарга орж суудаг. Гэхдээ хотын 1.5 сая иргэний асуудал яригдахад тайлбар хийх төдий. Харин нийслэлчүүдийн асуудлыг аль нэг яамны сайд танилцуулж, хариулдаг. Нэмэлт тайлбар гарвал Хотын дарга үг хэлэх жишигтэй. Хотын удирдлагад байсан олон хүн хуулийн төсөлд санал хэлсний нэг нь Нийслэлийн Засаг дарга болж өгвөл Засгийн газрын гишүүн байх. Үгүй юм аа гэхэд хотын ажил амьдралтай холбоотой асуудлыг өөрөө танилцуулж, хэлэлцүүлдэг байх боломжийг нээж өгөх нь чухал гэсэн. Засгийн газрын гишүүн байна гэвэл Үндсэн хуулийн зөрчил болчих гээд байгаа учраас ямар ч байсан Засгийн газрын хуралдаанд Хотын дарга нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой асуудлаа өөрөө оруулж танилцуулж, хэлэлцүүлдэг байх хэрэгтэй гэж тусгасан. Таслах эрхтэй гэхээр Засгийн газрын хагас гишүүн болчих гээд байгаа учраас зовлонтой. Мөн хотын дарга хууль санаачлахаас бусад асуудлаар тогтоолын төсөл бэлтгэж оруулдаг байхаар бичээд явж байна. Гэхдээ кабинетын гишүүн байх шаардлага байгааг Их хурлын гишүүдэд хэлсэн. Хотын асуудлыг танилцуулах реакци, үгийн сонголтоос эхлээд хариуцсан хүн нь зовлон, жаргалаа тайлбарлах нь арай л илүү наалдацтай байж, итгэл үнэмшил төрүүлэх байх л даа.
Ирэх 30 жил Улаанбаатарын амьдрах арга ухаан ямар байх вэ гэдгийг эрхзүйн үндсэн дээр тодорхойлж өгөх нь хуулийн гол зорилго.
-Иргэдийн амьдрах ухааныг өөрчлөх, сайжруулах хамгийн гол зүйл болох ажлын байрыг нэмэгдүүлэх шийдлийг хэрхэн харж байна вэ?
-Хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийг тэлэхийн шалтгаант нөхцөл нь залуучуудыг ажилтай, залуу гэр бүлийг орлоготой болгох юм. Үүний нэг нөхцөл нь залуу гэр бүлийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангаж чадахуйц цалинтай ажлын байрыг олноор бий болгох шаардлагатай. Тэгвэл тэр ажлын байрыг хэн болгох юм бэ. Засгийн газар мөн үү гэвэл би “Үгүй” гэж хариулна. Хотын захиргаа юу гэвэл бүр ч биш гэнэ. Харин хувийн хэвшлийн ажил олгогч нар байх юм. Ажлын байрыг олноор бий болгох бүх боломжийг хайж, хүрэлцэхүйц цалин өгч чадахгүй байгааг тэмтэрч үзэх хэрэгтэй. Хувийн хэвшилд юу нь таалагдахгүй, саад болоод байгааг шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс хүссэн орчин нөхцлөөр нь хангаж өгөх ёстой. Нийслэлийн эрхзүйн байдлын хуульд нийслэл дагуул хоттой байна. Дагуул хот нь эдийн засаг, бизнесийн тусгай бүстэй. Дагуул хот, тусгай бүс нь Улаанбаатарын эдийн засгийн үндсийг бүрдүүлэх бас нэг шалтгаант нөхцөл гэж харж байгаа. Мэдээж, тусгай бүсэд татварын болоод татварын бус дэмжлэгтэй. Гадна, дотны хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулах, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр дэмжлэгүүд яригдана. Улаанбаатарын эдийн засгийг өнгөрсөн 30-аад жил харьцангуй бага ярьсан байдаг. Монгол Улсын ДНБ-ий 67 хувийг, мөнгөний бодлогын 85 хувийг төвлөрүүлж байгаа хотын эдийн засаг бол нэг төрлийн Оюутолгой. Тиймээс хотын эдийн засгийн ойлголтыг хуулиар нэлээн сайн тодруулж өгөхийг хичээж байна.Нийслэлийн эрхзүйн байдлын хуулийг батлах бас нэг шалтгаант нөхцөл нь эдийн засгийн эерэг дам нөлөө юм.
-Нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж, хамгийн их бухимдуулдаг зүйл бол жил бүрийн намар хийдэг зам засварын ажил. Үүнийг хуулийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой юу?
-Зохицуулах боломжийг хайж хуулийн төсөлд бичсэн. Их хурал дээр очоод ямар түвшинд батлагдахыг мэдэхгүй байна. Зам засварын ажлыг төсвийн мөнгөөр хийнэ. Төсвийн мөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу 30 хоног тендер зарладаг. Тендерийн сонгон шалгаруулалтад ялагдсан нөхдүүд маргаан үүсгэнэ. Заримдаа дахин зарлана гээд маш хугацаа маш их шаарддаг. Үүнээс салахын тулд хотын өмчийн оролцоотой компаниар зам засварын ажлуудыг шууд гэрээ байгуулж төсвийг нь баталья гэтэл эрхзүйн орчин байхгүй. Тиймээс заавал хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжгүй хотын харъяа мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломжтой ажлуудыг гэрээгээр хийлгэхээр тусгасан.
-Нийслэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулна гэдэг заалт сонирхолтой санагдлаа?
-Хотын хөгжилд иргэдийн оролцоо, хандлагыг өөрчлөхөөр зорьсон. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг нийслэл, дүүрэг, хорооны иргэд, хувийн хэвшлийнхний дунд олон удаа хийсэн. Тэр үед иргэдийн гаргасан санал л даа. Одоо ч гэсэн нийслэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан иргэн, хуулийн этгээдийг урамшуулдаг тогтолоо бий. Үүнийг улам боловсронгуй болгож хотын гол гудамжуудын нэгдүгээр эгнээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд үлгэр жишээ тохижуулсан бол дэмжиж, урамшуулах зэргээр илүү өргөн хүрээтэй авч үзэх санаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.6 МЯГМАР № 135 (6612)