Б.ТӨГС
“Банкны IPO” сэдвээр “Голомт капитал” ҮЦК-ийн Хөрөнгө оруулалтын ахлах шинжээч М.Мөнхтуяатай ярилцлаа.
-Арилжааны банкууд нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлын талаар танд ямар мэдээлэл байна?
- Монгол Улсын санхүүгийн зах зээл нь өнөөг хүртэл банк төвтэй буюу банкнаас хэт хамааралтай үйл ажиллагаа явуулж ирсэн. УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар санхүүгийн зах зээлийн олон тулгуурт хөгжлийн үндэс тавигдсан. Тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор системийн нөлөө бүхий таван банк хөрөнгийн зах зээл дээр нийтэд хувьцааг анх удаа санал болгох замаар нээлттэй хувьцаат компани болох үүрэг хүлээсэн.
Одоогийн байдлаар “Хаан”, “Голомт”, “Төрийн банк”, “Хас” банк нээлттэй хувьцаат компани болох ажлаа эхлүүлснийг олон нийтэд мэдээллээд байна. Монголбанкнаас баталсан “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-ын хүрээнд банкууд нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөг долдугаар сарын 1-нд хүргүүлэх үүрэгтэй. Иймд системийн нөлөө бүхий таван банк нээлттэй хувьцаат компани болох ажлыг хангаж явж байгаа гэж үзэж болно.
-Банкны IPO хийгдсэнээр хөрөнгийн зах зээлд ямар нөлөөлөл үзүүлэх бол?
- Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ 3.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Системийн нөлөө таван банкны өөрийн хөрөнгө 2021 оны эхний улирлын байдлаар 3.6 их наяд төгрөг байна. Өөрөөр хэлбэл, одоогийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээтэй тэнцэхүйц хэмжээний хөрөнгөтэй компаниуд орж ирнэ гэсэн үг. Банкны IPO хийгдсэнээр түүнчлэн дараах нөлөөллүүд хөрөнгийн зах зээлд бий болно. Нэгдүгээрт, хөрөнгийн зах зээлд чанартай бүтээгдэхүүн бий болж дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, санхүүгийн хүртээмж дээшилнэ. 2021 оны эхний улирлын байдлаар банкны салбарын нийт хөрөнгө 37 их наяд төгрөг, өөрийн хөрөнгө 3.9 их наяд төгрөг байна. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар 3.7 их наяд төгрөг байна. Иймд банкууд IPO хийснээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор нэг дахин өсөх боломжтой байна. Энэ хирээр гадаадын болон дотоодын мөнгөн урсгал нэмэгдэнэ гэсэн үг юм. Хоёрдугаарт, банкны салбарын хэт төвлөрөл буурч, санхүүгийн зах зээлд олон тулгуурт хөгжил бий болно. 2021 оны эхний улирлын байдлаар санхүүгийн салбарын нийт активын 85.2 хувийг банкны сектор, 8.4 хувийг хөрөнгийн зах зээлийн үнэлгээ бүрдүүлж байна. Түүнчлэн 2020 оны эцсийн байдлаар банкны салбарын нийт хөрөнгийн хэмжээ ДНБ-ий 99.3 хувьтай тэнцэж байна. Гэвч хөгжингүй орнуудад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь банкны активыг давдаг юм. Банкны реформ хийгдсэнээр харилцагчид зөвхөн банкинд мөнгөө хадгалуулах бус хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэнэ. Ингэснээр банкнаас хэт их хамааралтай санхүүгийн зах зээлийг задалж, хөрөнгийн зах зээл хөгжих нөхцөл бүрдэнэ. Мөн Тэтгэврийн сан, Хөрөнгө оруулалтын сан зэрэг мэргэжлийн институциональ хөрөнгө оруулагчдын орон зай нэмэгдэнэ. Олон улсад топ банкуудын голлох хувьцаа эзэмшигчид нь мэргэжлийн институциональ хөрөнгө оруулагчид байдаг. Уг тоглогчид хөрөнгийн зах зээлд орж ирснээр зах зээлд үнэ цэнийн хөрөнгө оруулалт бий болж, урт хугацааны тогтвортой байдал хангагдана.
-Хөрөнгө оруулагчид аль банкны хувьцаа авахаар сонголтоо хийхдээ ямар үзүүлэлтэд тулгуурлах ёстой вэ. Энэ талаар зөвлөгөө өгвөл?
- Нэгдүгээрт, банкны салбар өрсөлдөөнтэй зах зээл тул тухайн банкны зах зээлд эзлэх байр суурь, үйл ажиллагааны онцлог, давуу болон сул талуудыг сайтар анхаарах ёстой. Хоёрдугаарт, тухайн банкны засаглал болон удирдлагын багийг судлах ёстой. Ялангуяа жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдээс хамааралтай байдаг тул тэдгээр хувьцаа эзэмшигчдийн хандлагыг анхаарах ёстой. Гуравдугаарт, банкны бизнес төлөвлөгөө болон ирээдүйн төсөөллийг харах шаардлагатай. Өнөөдөр хэчнээн том банк байлаа ч аль ч салбар хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед үүнтэй банкууд энэхүү шинэчлэлд хэрхэн хариу үзүүлж, ямар шинэчлэлийг бий болгох гэж байгаа гэдгийг харах нь зөв юм. Энэ бүхэн банкууд IPO гаргах үед үнэт цаасны танилцуулгад дэлгэрэнгүй тусгагдана. Эцэст нь, ямар ч хувьцааны хөрөнгө оруулалтыг хийхэд үнэлгээ маш чухал. Хэчнээн ашигтай, сайн банк байлаа ч хэт өндөр үнээр үнэлсэн бол ашигтай хөрөнгө оруулалт болж чадахгүй.
-Банкны IPO өгөөж нь ямар байх бол. Зарим хүмүүс магадгүй банкны хадгаламжинд байгаа мөнгөөрөө хувьцааг нь авахыг сонирхох байх. Хадгаламжийн өгөөжтэй харьцуулбал?
- Өнөөдрийн байдлаар хадгаламжийн хүү түүхэн доод түвшинд ирлээ. Системийн нөлөө бүхий банкуудын төгрөгийн хадгаламжийн хүү 7.5-8.5 хувийн түвшинд хэлбэлзэж байна. Инфляцийн түвшин өнөөдрийн байдлаар 6.2 хувьтай байна. Ингээд үзвэл төгрөгийн хадгаламж хийсэн иргэдийн гар дээр ирж буй бодит өгөөж дунджаар 1.8 хувь байна. Иймд хадгаламжаас илүү өндөр өгөөж авах хүсэлтэй хүмүүс хувьцаа болон бондын хөрөнгө оруулалт хийх нь зөв. Тэр дундаа санхүүгийн болон үйл ажиллагаатай компаниудад хөрөнгө оруулалт хийе гэвэл банкуудын хувьцаа маш том хөрөнгө оруулалтын боломж юм. Гэхдээ ямар ч хөрөнгө оруулалтад өгөөж байгаа бол нөгөө талд эрсдэл байдаг. Иймд аль банкинд хөрөнгө оруулах шийдвэрээ гаргахдаа өөрийн харилцдаг брокер, зөвлөхүүдээсээ асуун, судалгаа шинжилгээ хийх хэрэгтэй.
- Хууль эрхзүйн орчны хувьд дутуу дулимаг асуудал байгаа юу?
- Хууль, эрхзүйн орчны хувьд УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсны дараа 2021 оны гуравдугаар сард Монголбанкнаас “Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хянах түр журам”-г гаргасан. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас банкны IPO-д хамаарах “Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам”-ыг төслийн хэлэлцүүлгийн үе шатад явуулж байна. Хувьцааг анхдагч зах зээлд олон нийтэд санал болгоход баримтлах үйл ажиллагааны голлох журам болох “Үнэт цаасны бүртгэлийн журам” 2021 оны тавдугаар сард Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан зэрэг Банкны IPO хийгдэх шийдвэр гарсны дараа хууль, эрх зүйн орчин бүрэлдэж буй дүр зураг харагдаж байгаа. Энэ маань ч дийлэнхи банкуудын хувьд болон хөрөнгө оруулагчдын хувьд эрх зүйн тодорхойгүй орчныг бий болгосон асуудлууд гарсан. Гэхдээ одоо банкны IPO хүрээнд гол баримтлах журмууд маань гарсан тул харьцангуй нөхцөл байдал дээрдсэн гэж үзэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.1 ПҮРЭВ № 131 (6608)