Л.БАТДОРЖ
“Орос зохиолчдын бүтээл Монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (Русский дом)-д нээлтээ хийнэ.
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт ойн хүрээнд Монгол Улсын Соёлын яам санаачлан “Орос зохиолчдын бүтээл монголын тайзнаа” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж буй бөгөөд хамтран зохион байгуулагчаар Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо (МГЗНХ), Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (Русский дом) ажиллажээ.
Тус үзэсгэлэнд Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Монгол Улсын Консерватори, Монголын Театрын музей зэрэг соёл урлагийн байгууллагуудын архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 350 гаруй түүхэн ховор гэрэл зургуудыг дэлгэн үзүүлэх юм.
Монгол Улсад мэргэжлийн театр үүсгэн байгуулах, уран бүтээлчдийг бэлтгэх, сурган хүмүүжүүлэх үйлсэд анхнаас нь зөвлөлтийн сургагч-мэргэжилтэн багш нар оройлон зүтгэж, Орос-Зөвлөлтийн нэрт зохиолчдын сор болсон бүтээлүүдийг Монголын тайзнаа амилуулж байсан түүхтэй.
1930 онд манай улсад уригдан ирсэн Оросын театрын мэргэжилтэн багш А.А.Ефремов нь К.Станиславскийн жүжиглэхүйн ухааны сургаалыг Монголд нэвтрүүлж, мэргэжлийн театр байгуулахад үлэмж их хувь нэмэр оруулсан бол түүний дараа уригдан ирсэн В.А.Борейшо, Г.А.Уварова нар манай жүжигчдийг жинхэнэ мэргэжлийн жүжигчин болох, өсөж бойжиход гар бие оролцон хөдөлмөрлөсөн ачтанууд билээ.
Эх сурвалж: www.zms.mn