Б.ДОЛЖИНЖАВ
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа хэл шинжлэлийн доктор (Ph.D), МУБИС-ийн багш Л.Долгоржавыг урьж, үндэсний хувцасны нэршил болоод хэрэглээний талаар ярилцлаа.
Монголчууд хувцасны тухай хуультай байжээ
Блиц
Боловсрол
1996 он- Завхан аймгийн Нөмрөг сумын ЕБС
2000 он- 2000 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш
2005 он- "Отгон тэнгэр" их сургуулийг Хэл шинжлэлийн ухааны магистр
2019 он- МУИС-ийг хэл шинжлэлийн ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2001-2015 он- "Отгон тэнгэр" их сургуулийн Монгол хэлний тэнхимд багш
2016 оноос- МУБИС-ийн НХУС-д багшилж байна.
-Хүн төрөлхтөн анх бий болж байгальтай дасан зохицож амьдрах, байгалийн элдэв хүчин зүйлээс биеэ хамгаалах хэрэгцээ шаардлагаас хувцас үүсэн бий болсон.
Монгол үндэсний хувцас нь монгол орны байгаль цаг уур, эрс тэс уур амьсгал, дөрвөн улирлын онцлог, хүн ардын эрхлэн буй аж ахуй, амьдралын хэв шинж, өдөр тутмын дадал хэвшил, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой байдаг учраас арвин баялаг төрөл зүйлтэй. Өөрөөр хэлбэл, дөрвөн улирлын онцлогт тохирсон, өдөр тутмын үндэсний хувцасны цогц хэв маягтай улс үндэстэн дэлхийд монгол үндэстнээс өөр байхгүй юм. Мөн Монгол үндэстнийг бүрдүүлэгч 20 гаруй угсаатан бүлгүүд бүгд өөр өөрийн ястны онцлогийг, соёлын айг бүрдүүлдэг. Хувцас нь тухайн ард түмний ахуй, соёлын нэг хэсэг болохоос гадна эрт дээр үеэс эдэлж хэрэглэж ирсэн уламжлалт хувцасны төрөл зүйл түүнийг нэрлэсэн нэршил нь тухайн ард түмний амьдралын хэв маяг, эрхэлж ирсэн аж ахуй зэрэг бодит ертөнцийн аль нэг хэсэгтэй ойр шүтэлцээтэй оршиж ирсний гэрч гэж үзэж болно. Хүннү гүрний үеийн хувцас нь монгол үндэсний хувцасны ерөнхий загвартай төстэй байсан гэж түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Тухайн үед үндэсний дээл нь зүүн тийшээ дарсан энгэртэй, захгүй, товч шилбэтэй,орчин үед өмсөөд байгаа хүннү дээлтэй төстэй байсан. Мөн ээтэн хоншоортой гутал, тоногтой ширэн маягийн бүс бүсэлдэг байжээ. Энэ нь Монгол үндэсний хувцасны анхны хувилбар гэсэн таамгийг судлаачид дэвшүүлсэн байдаг. Үүнээс хойш эртний Киданчуудын хувцсыг мөн Монгол үндэсний хувцастай адилхан байсан гэж үздэг. Монголын эзэнт гүрний үед Мөнх хаан 1252 онд, Хубилай хаан 1275 онд тус тус Хувцасны тухай хууль гаргаж, хувцасны хэв маягийг тогтоож байв. Мөнх хааны үед гарсан Хувцасны хуульд аливаа зан үйлийн хувцасны үүрэг, хэрэглээ, хэлбэр загвар ямар байх талаар нарийн тодорхой заасан байдаг бол, Хубилай хааны үед ихэс дээдэс, язгууртан, ноёд түшмэд, хөгжимчид, энгийн ард гэсэн олон төрөлд ангилж, хэв загвараар нь хэрхэн ялгах, хэрхэн өмсөж хэрэглэх талаар нарийн тодорхой заасан байдаг. Тухайлбал, “Юань улсын судар”-ын VII дэвтэрт эзэн хаан, аливаа сайд, түшмэд болон хөгжимч, бүжигчид, хамгаалагчийн албаны болон ёслолын үед өмсөх хувцас хэрэглэл, малгай, чимэглэлийн тухай маш нарийн өгүүлж, тус бүрийг өмсөх сайд, ноёд, түшмэдийн тоог хүртэл дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг нь дээрх Хувцасны хуулиудыг хэрхэн дагаж мөрдөж байсныг гэрчилнэ. Богд хаант улсын үед гаргасан “Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг”-т ван, гүн, ноёд түшмэд, лам нарын жинс, дээл, дэвсгэр, лам нарын өмсгөл хувцасны өнгө, хэлбэрийг мөн л тодорхой өгүүлсэн байдаг. Тухайлбал, аливаа ван гүн, түшмэд, хэргэмтэн лам нарын ёслолын өдөр өмсөх дээлийн нударга ба малгай, хүрмийг цаг улирлыг дагаж хэрэглэх хууль, мөн өвлийн дунд сарын шинийн 1-нээс цагаан сарын арван таван хүртэл ёслолын өдөр өмсөх хувцасны хууль гаргаж малгай тэргүүтэй хувцасны өнгө хийцийг хүртэл нарийн жагсаасан байдаг. Эдгээрээс үзвэл, хувцас бол ерөөс үндэстэн оршин тогтнохын нэгэн илэрхийлэл, төрт ёсны уламжлалын нэгэн өвөрмөц онцлог шинжийг хадгалан уламжилсан гэж үзэж болно. Мөн XIII зууны үеийн монголчуудын хувцас өмсгөл ямар байсан талаар монгол нутгаар аялж байсан жуулчдын тэмдэглэлд тодорхой дурдагдсан зүйлс бас бий. Манжийн ноёрхлын үед монгол хувцсанд ихээхэн өөрчлөлт орж, босоо захтай, дөрвөлжин энгэртэй дээлийг өмсөх болсон гэдэг ч XIII зууны эхэн үеийн монголчуудын хоол хүнс, хувцас, унаа хөсөг, ахуй амьдрал, оюуны соёлын зарим төрөл зүйл, уламжлалт зан үйл, ёс заншлын талаар дэлгэрэнгүй тэмдэглэсэн “Монгол татаарын бүрэн тэмдэглэл” (Мэнда бэйлү), “Хар татаарын хэргийн товч” (Хэйда шилюэ) сурвалжид монголчуудын хувцасны талаар “тэдний гадуур хувцас зүүнээсээ баруун тийшээ энгэр нь зөрдөг бөгөөд энгэр нь дөрвөлжин, дээлийн өнгө нь улаан, ягаан бас ногоон байдаг ба бөс даавуун дээр нар, сар, луу, хангарьдын дүрстэй” гэсэн байгаагаас үзвэл одоо бидний өмсөж байгаа босоо захтай, дөрвөлжин энгэртэй дээл бол манжаас өмнөх үед ч хамаарч болох талтай юм.
Монгол үндэсний хувцасны талаарх судалгаа дутмаг
-Монгол үндэсний хувцасны тухай түүхэн сурвалжууд, хууль цаазын бичгүүд, аялагчдын тэмдэглэлд тодорхой зүйлийг тэмдэглэсэн байгаа ч тэдгээрийг нэгтгэсэн, орчин үед монгол хувцасны түүхийн талаарх цогц мэдээллийг өгөхүйц судалгаа ховор байна. Угсаатны зүйч, эрдэмтэн Х.Нямбуу гуайн 2002 онд хэвлүүлсэн “Монгол хувцасны түүх” бүтээлээс өөр дорвитой судалгаа байхгүй. Угсаатны онцлог, загвар дизайн, түүхэн олдворын талаас нь судалсан судалгаанууд байдаг. Гэхдээ арвин баялаг төрөл зүйлтэй, утга илэрхийлэлтэй, уламжлалтай, маш өргөн хүрээтэй судлагдахууны хувьд тийм их биш байна. Зөвхөн судалгааны нэг чиглэлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдэх, хуралд хэлэлцүүлэхээс илүүтэй нийтийн хүртээл болж чадахгүй байна.
Сүүлийн 10-аад жилд Монгол хувцсаа өмсөх хэрэглээ, үндэсний үйлдвэрлэл дахин сэргэж байна. Үндэсний ухамсар сэргэж байгаа нь сайшаалтай хэдий ч, хувцсаа өмсөж, эдлэх уламжлалт дэг жаяг, зан үйл, түүгээр илэрхийлэх утга бэлгэдлийн талаар мэддэг байх, тэдгээрийг тодорхой хэмжээнд дагадаг байх шаардлагатай юм. Энэ уламжлалт зүйлсийг бид хувцсаар илэрхийлэгдэх үндэсний соёл гэж ойлгож болно. Товчхондоо бол үндэсний хувцсаа өмсөж эдлэхдээ хүндэтгэлтэй ханддаг байх хэрэгтэй. Ер нь монголчуудын уламжлалт сэтгэлгээнд байдаг нэг зүйл бол тухайн хүнийг дээл хувцсаа хэрхэн өмссөн байгаагаар нь ямар бодол санаа өвөрлөж байгааг нь мөн ямар үйл хэрэг болсныг шууд мэдэж болдог, нэг ёсны дээл хувцас бол ямар нэгэн зүйлийн дохио тэмдэг болдог онцлогтой. Энэ нь монголчуудын аливааг бэлгэшээх сэтгэлгээтэй холбоотой. Иймээс ялангуяа үндэсний үйлдвэрлэгчид энэ талаас нь маш сайн шүүн тунгааж байж орчин үеийн онцлог, хэв маягийг илэрхийлсэн үндэсний хувцсаа үйлдвэрлэх хэрэгтэй юм. Тэдэнд монгол хувцасны талаар цогц мэдээлэл өгөхүйц судалгаа хэрэгтэй байна гэсэн үг. Нэршлийн талаасаа ч мөн ялгаагүй. Орчин үед хэрэглэхээ больсон Монгол хувцасны төрөл зүйлийн олон үг хэллэг байдаг. Янз бүрийн гадаад үгээр өөрсдийн үйлдвэрлэсэн үндэсний хувцсаа нэрлэхээс илүү бэлэн үгийн сандаа байгаа үгээ сэргээн хэрэглэх нь олон талын ач холбогдолтой санагддаг.
Дээлийн ханцуйн дунд хэсэгт болон бүсэлхий хэсгээрээ өнгө өнгийн оруулга чимэглэлтэй дээлийг сүүлийн үед урлаж өмсөх нь түгээмэл болсон. Үүний ханцуйн хэсэгтээ оруулгатайг нь булуувчтай дээл буюу шигшигтэй дээл гэж нэрлэдэг байсан. Мөн орчин үед түгээмэл өмсөх болсон бүсэлхий орчмоороо хуниастай дээлийг дэнхэвтэй дээл гэдэг. Энэ мэтээр дээл хувцасны бие биеэс ялгаатай загвар бүхэн хэрэглээний үүрэгтэй байж, тэдгээрийг тус бүр өөр өөрөөр нэрлэдэг байсан. Орчин үед бүгдийг нь дээл гэсэн ганцхан ерөнхий нэрээр нь л нэрлэж мэддэг. Үстэй дээл гэхэд л хурган дээл, сэгсүүргэн дээл, азарган дээл, нэхий дээл, зувцаа дээл, нарийн хурган дээл, хазаар арьсан дээл, үзүүрсгэн дээл гэсэн олон янз. Өнөөгийн хэрэглээнд эдгээрийг бүгдийг нь “үстэй дээл” л гэж ерөнхий нэрлэхээс биш бусад нэршлүүдийг тэр бүр мэддэггүй нь судалгааны үзүүлэлтээс тодорхой харагдсан.
Монгол малгай 200 гаруй нэр төрөлтэй
-Монгол хүний хувьд олон зуун жилийн турш эрхэлж ирсэн нүүдлийн мал аж ахуй нь эдийн болон оюуны соёлын үндсэн суурь болж, үүгээрээ бусад улс үндэстнээс ялгарах соёл, сэтгэлгээг бий болгосны нэг илрэл нь хувцасны холбогдолтой хэлний баримтаар тодорхой илэрдэг. Миний судалгааны гол чиглэл нь хувцсыг нэршил талаас судалсан. Ингэхдээ яагаад ингэж нэрлэх болсныг тодруулан үзэж, тэдгээр нэрийн зүйлүүд орсон хэлний тогтвортой нэгжүүдийн утгыг онцлог, түүгээр илрэх угсаатны соёл, сэтгэлгээний онцлогийг тодруулахыг зорьсон. Нэрийн талаас нь бүртгээд үзвэл, монголчуудын хамгийн олон нэр төрөлтэй хувцас өмсгөлийн зүйл нь малгай байдаг. Малгай нь 200 гаруй нэр төрөлтэй. Дээл ч мөн ялгаагүй ойролцоо нэр төрөл байна. Ер нь бид малгай, бүсээ их дээдэлдэг ард түмэн. Хийсэн эд, үүрэг, аливаа зан үйлийн зориулалтаар нь, зэрэг дэв илэрхийлэхээр нь, чимэг зүүсгэлээр нь гэх мэтээр олон талаас нь ялган нэрлэдэг байсан. Энэ утгаараа малгай бол нийгмийн анги давхарга, зэрэг дэв, ял шийтгэл гээд бүхий л зүйлийг илэрхийлэх чимэг зүүсгэлтэй, дэг жаягтай, зан үйлтэй. Энэ онцлог нь хэлний баримтуудаар тодорхой илэрдэг. Тухайлбал, монголчуудын эртний уламжлалт заншлаар бол ямар ч хүн аливаа хүндэтгэлийн ёс журамд малгай өмсч аливаа ёс журмыг гүйцэтгэдэг байсан нь одоо ч уламжилсан гэж болно. Юань улсын сударт “Цагаан хэмээх хүмүүн багадаа хөдөө хонь хариулахуйд модыг газар зогсоож малгайг авч модны үзүүр талбин сөгдөн мөргөж, дуулан бүжиглэхийг Тайзу авч гарахуй дор үзээд асуусанд Цагаан өчсөн нь: Гагцаар явбаас малгай дээр бүхийн тул эрхин хоёр хүмүүн явбаас нас ах нь эрхэм хэмээдэг. Би гагцаар явах тул ийнхүү малгай дор хичээнгүйлмүй хэмээн хаанд айлтгав” хэмээн гардаг. Энэ нь ахас дээдсээ хүндлэхтэйгээ адил малгайгаа дээдэлж байгаагаас гадна малгайтайгаа яваа нь ямар үед ядарч зүдэрч, зовж туйлдаагүйн илэрхийлэл болдогтой холбоотой. Иймээс “Ганцаар явахад малгай нь, хоёул явахад ахмад нь” гэж хэлэлцдэг. Мөн “Мандаж буурах малгайнаасаа” гэх юм уу “Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс” гэх мэтээр малгайн ёс дүрэм, хүндлэн дээдлэх ёс журмыг сануулсан сургаалын чанартай үг хэллэг олон байдаг. Мөн монголчууд дөнгөж хөлд орж байгаа хүүхдийг малгайгаараа цохиж унагадаг зан үйл бий. Энэ нь үр хүүхдээ амьдралдаа хэзээ ч дахин алдахгүй, унахгүй байх гэсэн бэлгэдлийн агуулсан зан үйл юм. Монгол хүний ялангуяа эр хүний сүлд хийморийн бэлгэдэл хэмээн хүндэтгэн үздэг малгайг өндөр дээр газар, хувцасныхаа дээр тавихаас хамаагүй тавьдаггүй, гэдрэг буруу харуулж өмсдөггүй гэх мэт эрхэмлэн дээдлэх утга агуулгыг шингээсэн олон зан үйл байдаг. Эсрэгээрээ хээр хөдөө малгай таарвал доошоо харсан амтай сав, хөх хүний хөлстэй малгай гэх мэтчилэн цээрлэн авдаггүй ёсон бас бий. Энэ мэтээр зөвхөн малгай гэдэг үгэнд гэхэд л төр ёсны болон шашин шүтлэг, зан үйлийг илэрхийлэх үндэсний соёлын маш олон бүрдүүлбэр байна гэж үзэж болно. Монгол малчид хувцсаа хийхдээ нэгд, өнгө үзэмж, чанар чансаа, гоо зүй, оюуны таашаал, хүний бие бялдар, сэтгэл зүй зэрэг монгол хүний хэрэгцээг хангасан, хоёрт, халуун хүйтэн, салхи шуурга, цас бороо гэх мэт цаг улирлын байдал, хүрээлэн буй орчны байдлыг бодолцсон, гуравт, мал сүргээ адуулан маллах, унаж эдлэх арга барил, нүүдэл суудал зэрэг нүүдлийн уламжлалтай нягт уялдсан байдаг онцлог нь нэрийн зүйлээсээ тодорхой харагддаг.Тиймээс монгол үндэсний хувцсыг эдийн соёл, зан үйл, төрөл зүйл, хэв маяг талаас нь хэлний баримттай нь холбон өргөжүүлэн судалж байна.
Бусад улс орны хувьд, ялангуяа Азийн зарим улсад үндэснийхээ хувцсыг маш дэлгэрэнгүй судалсан байдгаас гадна Соёлын тухай хуульдаа хэрхэн хадгалж, хамгаалах, өвлүүлэн уламжлах, түгээн дэлгэрүүлэх талаар маш нарийн заалтуудыг тусгаж, СӨБ болон ЕБС-ийнхаа хөтөлбөрт үндэсний хувцсаа хэрхэн өмсөх, хэзээ өмсөх, юу гэж нэрлэдэг, ямар дэг жаг, ёс уламжлал байдаг талаарх агуулгыг тусгаж өгсөн байдаг. Мэдээж эдгээр нь өөрийн гэсэн арга зүйгээр хэрэгждэг.Манайхан үүнээс санаа авч, даяарчлагдаж байгаа өнөөгийн нийгэмд ирээдүй хойч үедээ хувцасны соёлоо өвлүүлэн уламжлуулахын тулд сургууль, цэцэрлэгийн насанд нь зөв таниулж, зөв хэрэглээг дадлагажуулах хэрэгтэй юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.28 ДАВАА № 128 (6605)