Ч.ҮЛ-ОЛДОХ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцдаг билээ. Олон улсын Иогийн өдрийг тохиолдуулан Namaste YOGA Mongolia төвийг үүсгэн байгуулагч, эгч дүү Ж.Даваажаргал, Ж.Нямсүрэн нарыг урилаа.
ИОГ БИЕИЙГ ЭРҮҮЛ, ОЮУНЫГ САРУУЛ, СЭТГЭЛИЙГ ТОГТУУН БАЙЛГАНА
Иог эртний Вед \МЭӨ XV зууны Энэтхэгийн уугуул иргэд\-ээс үүсэлтэй бөгөөд 1900-гаад оноос орчин үеийн чиг хандлагаа олсон.
Виняаса иог, Аштанга иог, халуун иог, Аеэнгар иог, Кундалини иог гэхчлэн төрлүүд бий. Үүнээс Виняаса иог нь 1900 онд Энэтхэгийн өмнөд хэсэгт үүсч бий болсон гэж үздэг. Орчин үед үүнээс салбарлаж, шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд суурилан хөгжүүлсэн маш олон төрлийн иог бий болсон. Хатха иог нь удаан, тайван бөгөөд гол анхаарлаа зөв амьсгалах бясалгахад хандуулдаг бол виняаса иог \ Vinyasa Flow Yoga\ нь түүнтэй адил боловч хөдөлгөөн бүрийг амьсгалтайгаа уялдуулан зогсолтгүйгээр үргэлжлүүлэн хийдэг. Сунгалтаа сайжруулах, гэдэсний булчингаа сайжруулах, зүрх судасны өвчин, даралт өндөрсөх өвчин болон чихрийн шижин өвчний үед эерэг нөлөөг үзүүлдэг онцлогтой. Аштанга иог \Ashtanga yoga\ нь хатха болон виняаса иогтай ижил төстэй боловч биеийн хүч илүү шаардсан, эрчимжүүлсэн маягтай байдаг. Халуун иог нь ойролцоогоор 30 гаруй жилийн өмнө үүссэн иогийн харьцангуй залуу урсгал (стиль) юм. Халуун иогийн хичээллэх ангийг 35-40 хэмийн дулаантай болгон халаадаг бөгөөд 26 төрлийн поз буюу асанаг эхнээс нь дуустал нэгэн ижил дарааллаар хийдэг.
Namaste YOGA Mongolia олон улсын сургуулийг үүсгэн байгуулагч бидний хувь АНУ-д оюутан байхдаа Аштанга Виняаса Иогийн их гүрү Патаба Жоисийн шавь нар болох Чак Миллер, Мати Эзрати нарын сургалтад хамрагдан иогоор хичээллэх болсон. Ж.Даваажаргал хот төлөвлөлтийн инженер, Ж.Нямсүрэн бизнесийн удирдлагаар сурсан. Хичээлийн ачаалал, цагийн ажил амьдралынхаа ачааллыг зохицуулах, эрүүл мэнддээ анхаарахын тулд анх иогоор хичээллэх болсон. Ингээд мэргэжлээрээ сургуулиа төгсөхийн зэрэгцээ иог сурч багшлах эрх авсан. Эх орондоо ирээд мэргэжлээрээ бус хоббигоороо ажиллах болсон. Тухайн үед Монголд иог дөнгөж хөгжиж эхэлж байв.
ИОГ ОРЧИН ҮЕИЙН ХҮНИЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
-Бид виняаса иогт суралцсан. Барууны орнуудад бол уламжлалд суурилж орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан гурван төрлийн иогийг хослуулж хөгжүүлсэн байдаг. Монголд иог үүсэх эхлэл нь Ц.Саран багш анх “Амьдрах ухааны урлаг” төвийг байгуулан хүмүүст зааж эхэлснээр бий болсон. Ингэхдээ Энэтхэгийн уламжлалт аргаар заадаг. Бид эх орондоо ирээд виняаса иогийг хөгжүүлэхийг зорьсон. Өөрөөр хэлбэл, өөрсдийн АНУ-д сурсан хөдөлгөөнт бясалгалын виняаса аргыг нэвтрүүлэхийг зорьсон. Америк багш нар маань Энэтхэгт удаан хугацаанд амьдарч, уламжлалт Аштанга Виняаса иогийн багш Паттаби Жойсын шавь болж суралцсан хүмүүс. Улмаар АНУ -даа буцахдаа гурван төрлийн иогийг хослуулан виняасагийн аргаар Аштанга Виняаса иог заах зөвшөөрөл авсан байдаг. Тэд АНУ-даа ирээд өөрсдийн заах аргаар сургалтаа явуулж эхэлсэн. Аштанга Виняаса иогийг заах шинэ аргыг гаргах амаргүй. Одоо хүртэл дэлхий дээр Аштанга Виняаса иогийг уламжлалт аргаар зааж байгааг хоёр багш маань 1990-ээд онд шинэчилсэн. Барууны оронд уламжлалт иогийг шууд заахад хүмүүс шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаа, нотолгоо шаарддаг байв. Энэ дасгалыг хийснээр ямар үр дүнд хүрэх вэ, хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ. Бясалгал хийлээ гэхэд тархи тайвширч байгаа нь юугаар батлагдах вэ гэдгийг заавал баталгаа, нотолгоонд суурилж дүгнэдэг. Дэлхий даяар виняаса иог хүртэл дотроо ялгаатай заагддаг. Бидний зааж буй виняаса иогийн арга нь хөдөлгөөнт бясалгал болон аштанга виняаса иог, аенгар, вини иогийг хослуулан заах арга юм. Виняаса иог нь хөдлөнгөө амьсгалаа, биеэ, сэтгэлээ тухайн хором мөчдөө ажих арга юм. Бид яагаад барууны аргыг нэвтрүүлэхийг зорив гэвэл, виняаса иог хүний биеийн анатомийн бүтцийг эвдэхгүйгээр , төрөлхийн байдалд нь оруулж байдаг. Тухайлбал, хүний гар хэдэн градуст хөдөлгөөн хийвэл зохистой байх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцож гаргаад лабораторид тестлэж үздэг. Хөдөлгөөн засал, сэтгэл засал, гэмтэл бэртэл гээд бүх талаас нь тооцож арга техникийг нь боловсруулсан. Хүмүүс иог хийж сурах гэж байна гээд биеэ өвтгөөд байж болохгүй шүү дээ. Монголчууд том биетэй, эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг, хүнсэндээ мах их хэрэглэдэг. Цагаан хоолтон, халуун орны хүмүүсээс хоол хүнс, амьдрах хэв маяг, бие махбодийн онцлог нь өөр. Тиймээс хүний биеийн анатомийг судалж, тухайн хүний биеийн онцлогт тохирсон хөдөлгөөнийг хийлгэдэг виняаса иог нь бусад иогийн төрлөөс орчин үеийн хүнд хамгийн тохиромжтой. Бүх насныхан хичээллэх боломжтой. Нэг ангид 18 настай залуус, түүнээс дээш насны ахмадууд бүртгүүлээд хичээллэхэд тухайн хүн бүрт нь тохирсон хувилбаруудыг зааж өгдөг. Namaste YOGA Mongolia зөвхөн иогийн хичээл явуулаад зогсохгүй иогийн багш нарыг бэлтгэдэг. Монгол Улсаас анх удаа олон улсад бүртгэгдсэн Иогийн багшийн сургуулийг үүсгэн байгуулсан. Одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа иогийн ихэнх төвд манайхыг төгссөн багш нар хичээл заадаг. Монголоос гадна бусад орныхон, Франц, Канад, АНУ, Австрали, Шинэ Зеландын иргэд иогийн багшаар суралцаж төгссөн. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа монголчууд Цагаан сар болон зуны амралтаараа эх орондоо ирж манай сургалтад хамрагдаж багшлах эрх аваад буцдаг. Тэндээ очоод иогийн төв нээж ажиллуулсан хүн олон бий. Бид өөрсдөө багш болсон цагаас эхлэн улирал бүр гадагшаа явж сургалтад хамрагддаг байсан. Цар тахлын хөл хорионы үед сургалт онлайн хэлбэрээр явагдаж байна. Иогийн анхан, дунд шатны багш 200 цагийн хичээл сурч төгссөн байх ёстой. Үүнд иогийн философи, иогийн судар, хүний биеийн анатоми, энергин биеийн анатоми, аюурведа, жирэмсний иог, хүүхэд гэр бүлийн иог зэрэг гүнзгий судалж үзнэ. Судар мэдэхгүй багш ямар ч утга учиргүй газар хагалж сэндийчиж байгаагаас ялгаагүй биеэ эвддэг. Гол нь судрыг судалж, түүний дагуу иогийг хийнэ. Одоогоор дэлхийд иогийн хамгийн дээд шат нь 500 цагийн хичээл үзсэн байхыг шаарддаг. Олон нийтэд яригдаагүй ч багш нарын дунд ярьдгаар сайн багш 1000 цагийн хичээл үзсэн байх ёстой гэсэн шалгуур байдаг. Сурах өөр, заах бас өөр. Хамгийн гол зүйл бол заах арга юм. Иогийн хэчнээн төрөл байх нь заах аргаараа ялгарна. Заах арга сайн байлаа ч орчин үеийн хүмүүсийн амьдрах хэв маяг, бие махбодь бас өөрчлөгдсөн. Байнга машин унаж, оффист ширээн дээр ихэнх цагаа өнгөрүүлж, гэртээ буйдан дээр хэвтээд гар утсаа оролдох болсон. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хөдөлгөөн багассан. Хийдэг хөдөлгөөн ч цөөрсөн.
Ж.Даваажаргал: ЭРҮҮЛЖИХЭЭС ГАДНА АМЖИЛТАД НӨЛӨӨЛДӨГ
Блиц
Ж.Даваажаргал
Намастэ иогийн үүсгэн байгуулагч.
Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй. Англи, Орос хэлтэй.
• Vinyasa yoga багш-Лос Анжелос хот ( 200 цаг)
• Ashtanga Vinyasa yoga багш-Mysore India ( 500 цаг) 2014
• Yinyoga teacher- Bali Indonesia 2015
• Acro Yoga tecaher-Marc Bauchet 2017
• Ashtanga Intensive-Chuck Miller 2018
• Prenatal Vinyasa yoga багш 2020
• Yoga Anatomy-Jason Crandell San Francisco
-Хүний дархлаа тайван амгалан байдлаас, сэтгэл хангалуун, бүрэн дүүрэн байдлаас шууд хамааралтай. Хоёрдугаарт, хөдөлгөөн чухал нөлөөтэй. Стресс ихтэй бие чилээрхүү байвал булчин чангарч блок үүснэ. Хүний сэтгэл хөдөлгөөнтэй хамааралтай. Сэтгэл гэмтэхэд хийж буй хөдөлгөөнтэй холбоотойгоор бие сэтгэл тайвширч амарч байдаг. Тиймээс нэгдүгээрт, иогийн дасгалыг хийх нь чухал. Ингэж байж биед байгаа бүх блокийг арилгаж нөхөн сэргээнэ. Бие тайвширч байж сэтгэл уужирна. Түүнийг дагаад дархлаа сэргэнэ. Сэтгэл амьсгалтай холбоотой. Тэгэхээр иогийн цогц нэгдэл нь сэтгэл, бие, амьсгал, оюун санааг холбож өгдөг. Спортын олон төрөл байхад иог моданд орж, бүх нийтээрээ сонирхож, өнөөдөр дэлхийг хамарсан цар тахлын үед Иог хамгийн чухалд тооцогдож байгаа учир нь сэтгэлд, биед зэрэг хүрч чадаж байгаатай холбоотой.
Covid-ийн үед хүмүүс сэтгэлзүйн хувьд ихээхэн дарамтанд орсон. Бие нь хөдөлгөөнгүй болчихсон. Тиймээс хэчнээн дулаан гэртээ байгаа ч гэсэн тухайн хүн тавгүй, юу болох нь тодорхойгүй учраас айдас түгшүүр, зовнил үүссэн. Тэр бүхэн хөдөлгөөнөөр, амьсгалаар засагддаг. Нөгөөтэйгүүр, covid нэг зүйлийг хүмүүст сайн ойлгуулж өгсөн. Тэр нь юу вэ гэвэл хүн жирийн үед ч гэсэн хөдөлгөөнт бясалгал буюу иог хийж, эрүүл хооллодог байх юм бол илүү их амжилт гаргана гэдгийг нотолж өгсөн. Бясалгал, хөдөлгөөн хоёрыг хослуулснаар тухайн хүн хийж байгаа ажилдаа ч гэсэн амжилт гаргана. Гаргаж байгаа шийдвэр, өдөр тутмын хүмүүс хоорондын харилцаандаа илүү амжилттай, бүтээлч байна. Иогийн давуу талыг энэ мэтчилэн дурдвал дуусашгүй. Өмнө нь хүмүүс шүдээ сайн угаа, амны хөндийн эрүүл ахуйг сахи гэдэг байсан. Энэ үнэн. Одоо үүн дээр иог хийж сэтгэлээ цэвэр байлгах дасгалаа хэвшүүлэх нь чухал. Тэгж байж бидний бие, сэтгэл эрүүлжиж эрүүл байна. Иог сайн юм байна, бясалгал сайн нөлөөтэй гэдгийг мэддэг байх хангалтгүй. Түүнийг тууштай тогтмол хийдэг, хэрэгжүүлдэг байх ёстой. Ингэснээр үр дүнг нь мэдэрч, амжилтад хүрэх, өөрийн энерги нэмэгдэж байгааг, бие сэтгэлийнхээ өөрчлөлтийг ажиглаж сурах хэрэгтэй. Хором, мөч бүрийг анзаарч чаддаг болох чадвар суулгах нь чухал. Орчин үеийн хүмүүст өөрийгөө ажиглах чадвар байхгүй байна. Сэтгэл нь нэг бол ирээдүй рүү явж хий зовниод, эсвэл өнгөрсөн рүү явж харуусаад, эсвэл бусдыг харж харьцуулж шаналаад одоо цаг дээр байж чаддаггүй. Одоо цаг дээрээ байж, хором, мөч бүрийг ажиглах чадвар гэдэг гантель өргөхөд гарын булчин хөгжиж байдагтай адил тархины булчин байнга ажиллаж дасгал хийж байх ёстой юм. Ингэснээр хүн тухайн нийгэмдээ урлагтайгаар амьдарч сурч байдаг. Энэ нь өөрөө аз жаргал юм. Ингэж чадвал хүн аз жаргалтайгаар амьдарна. Нэг ёсондоо иог тухайн хүнд уг нь та аз жаргалтай юм байна шүү дээ гэдгийг харуулж өгдөг, өөрөөр нь өөрт нь тэгж харуулдаг. Бусад хүмүүсийг харж өөрийгөө харьцуулж ирээдүйд санаа зовох, эсвэл өнгөрсөнд харуусах ямар ч шаардлагагүй гэдгийг ойлгуулдаг. Өөрийгөө бусадтай харьцуулж байна гэдэг юунаас үүсэв гэвэл өглөө бүр сэтгэлээ угааж, хөдөлгөөн хийж, өөрийгөө ажиглах дадал дутаж буйнх. Орчин тойрон бохир байвал хүн тавгүй байдагтай адил сэтгэл бохир байгааг илтгэж байгаа юм. Ямар нэг юманд гомдоллоод сэтгэл дундуур байгаад байна гэдэг бидэнд дадлага, сахилга бат дутаж байна гэсэн үг.
Өөрийн сэтгэл дээр ажиллах дадлага маш чухал. Энэ бол бид үсээ угаалгүй олон хоног явж чадахгүйтэй адил зүйл. Сэтгэлээ угаахгүй яваад байвал гомдол, шаналал туйлдаа хүрнэ. Хүн байгалийн амьтан учраас зовох, шаналах, гомдох баярлах байна. Өвөл болоход даарч хөрнө, зун болж бороо орж цэцэг ургахад баярлана. Заримдаа хүн өөрийн мэдэлгүй сэтгэлдээ элдэв зүйлийг хураачихдаг. Ингэхдээ их төлөв сөрөг зүйлүүдийг сэтгэлдээ далд хийчихдэг. Түүнийгээ гаргаж мэддэггүй. Жаахан хүүхдүүд бол уйлах, инээх, дэвхэрч үсрэх зэргээр тэр бүхнээ гадагш гаргадаг, илэрхийлдэг. Насанд хүрсэн хүмүүс тэгж чаддаггүй, биеэ барьчихдаг. Гэтэл хүний бие, сэтгэл урсамтгай чанартай байх ёстой, орлоо, гарлаа. Түүнээс биш оронгуут нь барьж аваад нэг тийш нь хийчихдэг байж таарахгүй. Нэг тийш хадгалчихаар тэр нь блок үүсгэж хөшүүн байдал бий болгоно, тэр нь өвчин үүсгэдэг. Сэтгэлээ ариун болгочихвол биеийн блок арилж хөшүүн байдал өвчин арилна. Хувь хүн бүр ингэж сэтгэлээ угааж сурвал нийгэм ч өөр болно. Хүн байх, хүмүүнлэг байхыг иогоос сурна.
Ж.Нямсүрэн: ИОГ БҮХ ХҮНД АМИН ДЭМ БОЛНО
Блиц
Ж.Нямсүрэн
•Монголын Мэргэжлийн иогийн спортын холбооны үүсгэн байгуулагч.
Намастэ иогийн олон улсын сургуулийг үүсгэн байгуулагч.
•Улаанбаатар дахь ОУ-ын дунд сургууль, Шангри-Ла зочид буудал, Намастэ Иогийн олон улсын сургуульд Философи, иогийн багш.
•Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Англи, Герман хэлтэй.
•2019 онд Хөдөлгөөнт бясалгал Виняаса иогийн багш-500 цагийн сургал ( Power Precision Mindfulness yoga teacher-500Hour - with Jason Crandell-San Francisco, HK, London)
•Sound healing therapy-2019
• Ashtanga Intensive- 2018
• Acro yoga teacher - 2017
• Kids Yoga teacher training course-2020
• Mindfulness meditation for stress management- 2021
• Ayurveda- 2014
* Jyotish-2014
-Сүүлийн үед хүмүүс аюурведа буюу амьдралын шинжлэх ухааны тухай их ярих болсон. Жингээ барихын тулд эрүүл хоололт, дэглэм, мацаг барихыг чухал гэж боддог. Гэтэл ямар ч хөдөлгөөн хийхгүйгээр жин барих боломж хомс. Хөдөлгөөн хийж байгаа хүн эрүүл хоолыг сонгоно. Ядаж л өөрийнхөө ядарч уу, өлсч үү гэдгийг ялгана. Мэдрэмж бүдүүн бараг байгаа тохиолдолд өлсч байна уу, ядарч байна уу, стресстэй байна уу гэдгээ ялгахгүй. Гэтэл тэр хүнд хайр халамж, эсвэл нойр хэрэгтэй байсан байж болно шүү дээ. Тэгэхээр Виняаса иог хэмээх хөдөлгөөнт бясалгалыг хийснээр нойр хүрсэн ч нойргүйтээд байгааг, ядарсан ч амарч тайвширч чадахгүй байгаагаа анзаарч, дасгалаараа өөрийнхөө сэтгэл биеэ тэнцүүлж чадах чадварт суралцдаг. Бид бас намастэ иогд түшиглэн Мэргэжлийн иогийн спортын холбоог байгуулсан. Олон улсын Иогийн спортын холбоонд бид 2017 онд гишүүнээр элссэн. Иог анх бүх төрлийн спорт, бүх мэргэжлийн хүмүүст давуу талыг бий болгохын тулд үүсч хөгжсөн түүхтэй. Жишээ нь, судлаач хүн тухайн зүйлийнхээ голыг олж харах, тухайн зүйлд төвлөрч судлахад иог чухал нөлөөтэй. Яг үүн шиг өнөөдөр олимпийн бүх тамирчин иог хийдэг. Иог бол амин дэм шиг тухайн төрөл мэргэжлийн хүнд ач тустай. Иогийн спортын холбооноос Иогийг спорт болгон хөгжүүлж 2028 оны олимпийн нэг төрөлд оруулахаар зорилт тавиад ажиллаж байна. Хоёр жилд нэг удаа, улсын болон дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулдаг. Бид Монгол Улсын хэмжээнд хоёр удаа улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Мөн Монгол Улсаас 2018 онд Иогийн спортын дэлхийн аваргад Монголын тамирчид амжилттай оролцсон. 2021 онд Монгол Улсаас анх удаа олон улсын иогийн спортын шүүгч төрсөн. Тэмцээн, уралдаанд зарим хүн шүүмжлэлтэй ханддаг. Иог уралдаан биш, үйлийн үрийг ургуулаад үзсэн ч хүн дахин давтагдахгүй, уралдуулж болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ уралдаан тэмцээн гэхээс илүү тухайн хүний иогийн туршлага ямар байгааг харуулж, иогийг сурталчлан таниулж байгаа нэг хэлбэр юм. Түүнд оролцож байгаа хүмүүс би ямар түвшинд иогийг хийгээд явж байна вэ гэдгээ л харуулах юм. Тайзан дээр гараад амар амгалан байж чадаж байна уу гэдгийг шүүгчид харна гэсэн үг. Жишээ нь уран гимнастикч тайзанд гараад хэдэн төрлийн үзүүлбэрийг чадвараар хийж үзүүлж болно. Тэгвэл сэтгэлийнхээ тэгш амгалангаа хадгалангаа түүнийг уран чадварлагаар хийж байна уу гэдгийг харна. Чадвар нь байсан ч сэтгэлийн хүч, бясалгалын төлөв байхгүй бол тэр үзүүлбэр ямар болох вэ. Үүнийг л шүүгчид хардаг.
Хүний амьдрал бол өнгөрсөн, ирээдүй, одоо гэсэн гурван цагийн хэлхээс. Тухайн хүний ирээдүй бол үр хүүхэд, хойч үе. тэдэнд эрдэм мэдлэг, эд баялгаас илүү амьдралын зөв хэв маяг чухал. Нөгөө талаас өнгөрсөн амьдралаас одоо амьдарч байгаа амьдрал урган гарч буй. Хураасан муу үр байвал яаж засах вэ, зөв үр байвал яаж дэлгэрүүлж буяныг нь эдлэх вэ гэдэгт яах аргагүй урлаг шаардана. Иог бол шашин биш, хүн орчлон дээр амьдарч байгаа бол амьдрах урлагийг эзэмшсэнээр үр шимийг нь хүртэх эрхтэй. Тэр эрхээ эдлээсэй, түүний түлхүүр нь иог юм. Хүн байх, энэрэнгүй байх гэдэг бол чадвар. Хүн рүү хараад сайхан инээдэг, сайхан харилцдаг байх, ёс зүйтэй байх гэдэг чадвар. Бусдаас алдаагаа хайх биш өөрийгөө ажиглах нь зөв амьдрах урлаг. Иог энэ бүхнийг өгнө.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.21 ДАВАА № 123 (6600)