Г.Галтайхүү: Улс орнууд хүүхдэд ээлтэй аяллын газар байгуулж, бодлогоор дэмждэг

2021-06-14
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Г.Галтайхүүг урилаа.

 

ХҮМҮҮС АЯЛАХ НЬ БИТГИЙ ХЭЛ ВАКЦИНААС ТАТГАЛЗАЖ БАЙНА

 

БЛИЦ

Боловсрол:

-1992-1994 онд: МУИС-ийн Ардын урлаг судлал

-1995-1998 онд: ХБНГУ-ын Хердер институт

-1999-2005 онд: ХБНГУ-ын Хайделберг хотын их сургуулийн магистр

Ажлын туршлага:

-2006-2007 онд: Монгол-Германы гүүр зохицуулагч

-2007 онд: “Чинагийн Галсан сан” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга

-2008-2016 онд: Улаанбаатар Герман радио захирал

-2010-2012 онд: Монгол-Германы гүүр хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, ХЭҮК-ын ОТБЗГ

-2016 онд: “Нар хур трейд” аялал жуулчлалын компанийн ерөнхий захирал

-Дэлхий даяар аялал жуулчлалын салбар жил хагас тэг зогсолт хийлээ. Хэдийгээр тодорхой хугацаа өнгөрсөн ч гэсэн хүн төрөлхтний айдас арилаагүй байна. Ялангуяа, ахимаг насны хүмүүс халдвар авахаас айж, болгоомжилсон хэвээр байна.

Тухайлбал, Европын орнуудад маш олон хүн коронавирусын эсрэг вакцины богино хугацааны судалгаанд эргэлзэж, вакцин хийлгэхээс болгоомжилж байгаа нь харагдаж байна. Ийм олон мянган хүн аялах талаар бодох ч сөхөөгүй байна гэсэн үг. Хүмүүс вакцин хийлгэлээ гээд аялал жуулчлалын салбар сэргэнэ гэдэг бол эндүүрэл. Энэ янзаараа аялал жуулчлалын салбарын уналт хэдэн жилээр ч үргэлжилж мэдэхээр байгаа юм.

Монгол Улс хилээ нээж болно. Гэвч жуулчин ирэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, аялагчид ирэхгүй бол баазууд хэчнээн бэлтгэлээ хангаад нэмэргүйтэй л адил.

80 сая хүнтэй Герман улсын 20 хүрэхгүй хувь нь вакцинд хамрагдсан байна. Швейцарь зэрэг орнуудад бол вакцинд хамрагдсан хүний тоо илүү бага байгаа.  Вакцинд хамрагдах эсэх нь сайн дурын үндсэн дээрх хүний эрхийн асуудал учраас хүчилж болохгүй шүү дээ. Дэлхий даяар улс орнууд хилээ нээж  аялал жуулчлалыг сэргэнэ гэж ярьж байгаа боловч аялагчид вакцинаа хийлгэхгүй байгаа нь аялах хүсэл сонирхолгүй байгааг харуулж байж ч мэдэх. Гэтэл манай улсаас эхлээд ихэнх орнууд вакцины паспорт шаардаж байгаа.  

Бусад улс орнуудын вакцинжуулалтаас харахад Монгол Улс хилээ нээгээд 100 жуулчин ирэх гэж байлаа гэхэд 50 нь вакцинд хамрагдаагүй байж мэдэхээр байгаа юм. Тэгэхээр жуулчид ирэх хугацаа улам л уртасч байна гэсэн үг.

Жил гаруй хугацаанд буюу 500-600 хоног гэртээ хоригдсон хүмүүс аялах хүлээлт, сонирхолтой байгаа нь үнэн. Гэтэл бодит байдал дээр дээх хэлсэнчлэн вакцины паспорт дээр л гацах магадлалтай. Коронавирусын мутациас болоод дэлхий нийтэд болоод Монголд халдварын нөхцөл байдал цаашид ямар байхыг хэлж мэдэхгүй. Монголд л гэхэд халдварын тохиолдол өдөрт 2000 давж, нас барсан хүний тоо 300 хүрлээ. Энэ байдал Монгол руу ирэх гэж байгаа хүмүүст ямар мессеж өгөх вэ гэдгээс эхлээд бодолцох асуудал бий. Түүнээс биш хилээ нээгээд жуулчид гэнэт цутгаад орох юм шиг бодож, хүлээж болохгүй.

 Дэлхий даяар 50-аас дээш насныхны вакцинд хамрагдах хувь маш бага байгаа юм билээ. Гэтэл Монголыг сонирхож ирдэг жуулчдын насны ангиллыг харвал дийлэнх нь ахимаг насныхан байдаг. Ялангуяа, европоос манай улсыг зорьж ирдэг жуулчид ахимаг насныхан байгаа нь вакцинд хамрагдалттай нь харьцуулахад урвуу хамааралтай болоод байна л даа. Тиймээс дэлхий даяар цар тахлын халдвар буурахаас гадна Монгол Улс халдвараас бүрэн ангижирсан үед аялал жуулчлал сэргэнэ гэж ярих боломжтой.

 

ЦАР ТАХАЛ ДОТООДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛАА ХӨГЖҮҮЛЭХ  БОЛОМЖ

 

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас улс орнуудыг Аюулгүй аяллын шошго олгох ажиллагаанд нэгдэхийг уриалж байна. Манай улс ч гэсэн нэгдэж аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд Аюулгүй аяллын шошго олгож эхэллээ. Энэ бол цар тахлын дараах Монгол Улс аялагчдад аюулгүй шүү гэдгийг дэлхий нийтэд зарлаж, аялагчдад найрсгаар хандаж байна гэсэн үг. 

Аюулгүй аяллын шошгоор дамжуулж цар тахлын дараа аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг дахин эхлүүлэх, хурдан сэргээхэд чиглэсэн аюулгүй аяллын удирдамжийг шинээр боловсруулсан. Олон улсын энэхүү удирдамж нь аялагч, жуулчдын болон салбарын итгэлийг сэргээх, хязгаарлалтыг бууруулсны дараа аюулгүй аяллыг дахин эхлүүлэхэд туслах зорилготой юм. Эдгээр удирдамж нь улс орнуудын эрх бүхий байгууллагуудыг нэгдсэн удирдамжаар хангахын зэрэгцээ COVID-19-ийн дараах дэлхийн эрүүл мэнд, эрүүл ахуйн шинэ хандлагын талаар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч, тур оператор, аялагчдад зориулсан зааварчилгаа болох юм. Өөрөөр хэлбэл, улс орнууд аялагчдад танигдах нийтлэг дүрэм журамтай байхыг чухалчилж Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, хувийн хэвшил, аялагчдын хүсэл шаардлагад нийцүүлж хамтарсан шийдэл, удирдамж боловсруулсан гэж ойлгож болно. Аюулгүй аяллын шошго олгохдоо үйл ажиллагааны болон ажилтнуудын бэлэн байдлыг хангасан байх, хариуцлагатай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх, зорчигчдын итгэлийг сэргээх, урамшууллын бодлого хэрэгжүүлэх шалгуурыг тавьж байна.

Нөгөө талаас цар тахлын нөлөө буурахгүй байгаа учраас бид аль болох дотоод нөөц боломжоо харж, дайчлах ёстой. Нийслэлд Монголчуудын тэн хагас нь амьдарч байна. Тиймээс дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх бас нэг боломж гэж харж байна. Өнгөрсөн жил хил хаалттай ч гэсэн монголчууд баруун хязгаар, томоохон нуурууд руу маш их аялалаа.

Нэг үеийг бодоход зам харилцаа ч сайжирсан учраас дотоодынхоо үзэсгэлэнт газруудаар аялаж соёл уламжлалтай танилцах өргөн боломжийг цар тахал олгож байна. Энэ жил ч мөн адил аж ахуйн нэгжүүд дотоодын аялагчдад 50 хувийн хямдралтайгаар аялах боломжийг бий болгож байна. Нэг талаас аялал жуулчлалын салбарыг сэргээхээр хичээж байгаа ч нөгөө талдаа дотооддоо аялах боломжийг олгож байгаа хэрэг. Ер нь  дэлхий даяар цар тахлын үеэр дотооддоо аялах нь эрчимжиж “Эх орондоо” аялаж, улс орноо таних аян газар авч байна.

 

ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ГЭСЭН СЭДВИЙГ ХӨНДӨЖ ГАРГАЖ ИРНЭ ГЭДЭГ ХАМГИЙН АНХНЫ ЗӨВ АЛХАМ, ХОЖИЛ ЮМ

 

-Манай улс 1989 онд хүүхдийн аюулгүй байдлыг хангах конвенцид нэгдэж анхаарч ирсэн нь хүний эрх талаасаа Ази дотроо нэлээн дээгүүрт бичигддэг. Олон улсын байгууллагуудаас ч үнэлж ирсэн. Юуны өмнө хүүхдэд ээлтэй аялал жуулчлал гэсэн сэдвийг хөндөж гаргаж ирнэ гэдэг хамгийн анхны зөв алхам, хожил юм. Олон жуулчин авч эдийн засгаа сайжруулах хэрэгтэй ч хүүхдэд ээлтэй, аюулгүй байх зарчим  нэн чухал  юм.

Хүүхдэд ээлтэй аялал жуулчлалын асуудлыг ярихын тулд хамгийн эхэнд хүүхдийн хүчирхийллийг бодож үзэх ёстой. Монголд аялахад хүүхдийн хүчирхийлэл гардаг уу, түүнийг нь таслан зогсоодог уу гэдэгт аялагчид маш их анхаарал хандуулдаг. Аялал жуулчлалын салбарт хүүхдийн эрхийг хамгаалахад манай улс харьцангуй нэр хүнд сайтай гэж хэлж болно. Зүүн азийн орнуудтай харьцуулахад хүүхдийн эрх зөрчих явдал бага гэдгийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын статистикаас харж болно.

Хүүхдэд ээлтэй аялал жуулчлал гэхээр зөвхөн хүчирхийлэл биш энэ салбарт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг анхаарах ёстой. Ялангуяа, орон нутагт морь унуулах зэргээр аялал жуулчлалын салбарт хүүхдүүдийг аюулгүй ажиллуулж байгааг судлах шаардлагатай. Мөн хүүхдэд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамгийн наад зах нь зориулалтын суудалтай зорчуулахаас гадна хүүхдийн бие махбодид хэрэгтэй хоол хүнсээр үйлчлэх зэргээр олон асуудал хөндөгдөнө.

Бид олон орноос үлгэр дуурайлал авах хэрэгтэй. Гадаадад бол хүүхдэд ээлтэй аялал жуулчлалыг тусгайлан хөгжүүлдэг. Баруун европт хотуудад суурилсан газрууд бий. Өөрөөр хэлбэл, хүүхэд залуучуудад зориулсан хямд үнэтэй, олуулаа том зааланд байрлаж болох, хоол унд, аюулгүй байдалд нь хүүхдэд ээлтэй байдлаар анхаарсан аялалын газрууд байдаг. Энэ үйлчилгээг улсаас нь байгуулж бодлогоор дэмжиж өгдөг. Мөн хүүхдэд зориулсан гадаад, дотоодын орц, гарцыг нээж өгч болно. Дунд сургуулийн сурагчид болон төгсөх ангийнхан нь хүүхдэд ээлтэй аялал жуулчлалын бодлогод тулгуурлаж гадаад руу нэг жилээр ч юм уу аялуулж, амьдруулдаг. Тэр нэг жилийн хугацаанд хүүхэд маш их зүйл сурч, мэдэж, биеэ дааж төлөвшдөг. Дэлхийд юу болж байгааг биеэрээ мэдэрч, туулж ойлгоод ирсэн учраас маш том ирээдүй хүлээж байдаг. Үр хүүхдэдээ дэлхийг таних боломжийг нээж өгөх байдлаар хүүхдэд ээлтэй аялал жуулчлал хөгжих эхний гарц нь энэ жишгээр яваасай гэж хүсч байна.

Хүн хаана ч аяласан гэсэн гэртээ, хамгийн дотно газраа байгаа мэт аялаж чадна гэдэг ухамсар юм. Энэ ухамсарыг хүнд суулгана гэдэг амаргүй. Тиймээс ирээдүйд байгальд ээлтэй зөв аялагчдыг бэлтгэхэд хүүхдэд ээлтэй аялал жуулчлал хамгийн чухал. Манай улс хүүхдэд ээлтэй, аюулгүй аялал жуулчлалыг хөгжүүлдэг байгууллагуудыг бий болгоход төр бодлогоор дэмжих хэрэгтэй. Хүүхэд гэдэг буцаад гэр бүлийн аялал учраас зөвхөв аав, ээжид анхаарах биш гэр бүлийн нэг гишүүн болсон хүүхэд дуртай зүйлээ хийх, хөгжих, таатай аюулгүй орчин байгаа эсэхийг аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа хүмүүс анхаарах хамгийн чухал. Аяллалын явцад хүүхдэдээ анхаарал хандуулж байнга дагаж явахгүй байх л эцэг эхчүүдэд чухал.

Наад зах нь Туул голын эрэг дээр хүүхдүүд аюулгүй тоглох орчныг хангахад төр анхаарах хэрэгтэй. Тодорхой хязгаарлалтуудыг хийж өгч болно. Эцэг эхчүүд ч үүрэг, хариуцлагаа биелүүлэх ёстой.  Улс орнууд хүүхдүүдэд вакцин хийгээд эхэллээ. Тэгэхээр мөн л вакцины гэрчилгээ шаардах болов уу гэсэн хүлээлттэй байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.14 ДАВАА № 118 (6595)

 

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

1 цаг 12 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 37 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

3 цаг 9 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

3 цаг 32 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

4 цаг 47 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

7 цаг 16 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

12 цаг 2 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

12 цаг 2 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

12 цаг 2 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

23 цаг 46 мин