Б.ДОЛЖИНЖАВ
“Зууны мэдээ” сонин дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс “Миний Монгол” буланг санаачлан, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай хамтран цуврал ярилцлагуудыг хүргэдэг. Энэ удаа "Дамо" олон улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын байгууллагын тэргүүн Л.Иратай холбогдлоо. Тэрбээр Солонгосын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон анхны гадаад хүн болсон юм.
-Солонгосын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон анхны гадаад хүн болсон түүхээс ярилцлагаа эхэлье?
-Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. “Миний Монгол” буландаа урьсан “Зууны мэдээ” сонины хамт олонд баярлалаа.
Солонгост 2003 оноос хойш гэр бүлээрээ ажиллаж, амьдарч байна. Энэ хугацаанд бакалавр, магистр, докторантын зэрэг хамгаалж, хувийн болон улсын байгууллагуудад ажиллахаас гадна ТББ-уудад сайн дурын ажил хийж ирсэн. Хувийн хэвшлийн байгуулагад 2009 оноос ажиллаж Солонгос дахь ажлын гараагаа эхэлж байлаа. Солонгосын улс төрийн түүхэнд нь гадаад гаралтай хүн анх удаа орон нутгийн сонгуульт албыг 2010-2014 онд хаасан. Анх тухайн үеийн олонхийн намаас санал аваад холбогдох шат дамжлагаар нь явж пропорционал хэлбэрээр нэг гэсэн дугаарт нэр дэвшиж Гёнгги мужийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн болж байсан. Солонгосын төрийн албанд ажилладаг монголчууд байдаг. Төрийн албанд нь гадаад иргэн ажиллах, намын үүрэгт ажил хийх боломжтой. Харин хуулиндаа сонгох эрхийг байнгын оршин суух визтэй, гурван жилээс дээш болсон гадаад иргэн орон нутгийн сонгууль өгөх эрхтэй байдаг. Сонгогдох эрх бол солонгос улсын иргэн байх ёстой. Тухайн үед Солонгосын иргэд нэлээн дуулиантайгаар хүлээж авсан. Мөн 2012 онд Филиппин гаралтай эмэгтэй их хурлын гишүүнээр сонгогдсон нь гадаад иргэдийн улс төрийн оролцоог бий болгох томоохон өөрчлөлт болсон.
-Та монгол соёл, уламжлалаа хадгалах зорилготой олон ТББ-т ажилладаг. Үүний заримаас нь манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Төрийн албаны ажлаа 2010 онд анх эхлэхдээ Солонгос дахь монгол эмэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулж, монгол иргэдтэй холбоотой олон нийтийн сайн дурын ажлаа эхэлж байлаа. Одоо Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн зөвлөлийн Нийгмийн бодлогын хорооны ажлыг хүлээж аваад хэдхэн хонож байна. Цаашид хорооныхоо үйл ажиллагаагаар дамжуулан хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа төлөө ажиллахаар гишүүдийнхээ хамт олон ажлыг хийхээр төлөвлөөд байна. Мөн би эрүүл мэндийхээ төлөө гүйхийг хичээдэг. Гүйж эхлээд хоёр жил болж байгаа шинэхэн гүйгч. Хилийн чанадад оршин сууж байгаа гүйх дуртай монголчуудтай хамт мэдээлэл солилцож бие биенээ дэмжих зорилготой Монгол гүйлтийн сувгийн (MGL Running Channel) Солонгос дахь төлөөлөгч. Энэ сарын 10-16-нд "Монгол тодотгол" ТББ болон Монгол гүйлтийн суваг хамтран “Монгол нэрээ эрхэмлэе, Монгол соёлоо түгээе” хандивын гүйлтийг зохион байгууллаа. Анх 2019 оноос эхлэн гүйлтээр дамжуулаад таван тивд оршин суугаа гүйх дуртай олон найз нөхөдтэй болж, COVID-19-ийн үед дэлхийд нэртэй томоохон марафонуудад цахимаар оролцох боломж гарсанд маш их талархдаг. Мөн 2020 онд 40 дэх удаагийн Лондон марафон хамгийн олон хүн оролцсон цахим марафон гэдгээрээ Геннист бүртгэгдэж, бүх оролцогч нэр дээрээ гэрчилгээ авах боломж олдсон нь тун дурсгалтай үйл явдал байсан. Саяхан өнгөрсөн нэгдүгээр сард 27 хоногийн турш 430 км замыг туулсан цахим хэт холын зайн гүйлтэд оролцож үзлээ. Мундаг мэргэжлийн гүйгч нараасаа туршлага судлах, бусад анхлан гүйж эхэлж байгаа хүмүүсээ дэмжих гээд сонирхолтой бас тэвчээр шаардсан гүйлтийг хэвшил болгохын төлөө мэрийж байна.
-Энэ олон ажлыг хэрхэн зэрэг амжуулдаг юм бэ. Таны ажил, амьдралын онцлох арга барил, зарчим юу байдаг вэ?
-Онцгой арга барил гэх зүйл байхгүй. Харин ямар нэг ажлыг баг, хамт олонтойгоо хамтарч хийхийг хичээдэг. Зорилго хүсэл нэгтэй хүмүүстэйгээ хамтарч хийхэд ажлын бүтээмж өндөр, бие биеэсээ суралцах, дутуу зүйлээ нөхөх, янз бүрийн хүнтэй харилцаж сурах гэсэн олон давуу талтай байдаг.
-Монгол Улсаа хөгжүүлэхэд бид ямар байдлаар хувь нэмрээ оруулах нь зөв гэж та боддог вэ. Солонгосын туршлагаас хуваалцвал?
-Хувь хүний ухамсар, нийгмийн оролцоо тун чухал гэж үздэг. Хүн бүрийн зүтгэл оролцооноос том хөгжлийг бий болгож чаддаг гэдгийг Солонгосын ард түмний хөдөлмөрч, нийгэм улс төрийн идэвхтэй оролцоо, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээ зэрэг олон зүйлээс харж, мэдэрч байдаг. Газрын баялаг гэх зүйлгүй нутаг дэвсгэр нь Монголоос ес дахин жижиг, 50 сая хүн амтай Солонгос улс 1990 онд үйлдвэрлэлээрээ дэлхийд 17-д орж байсан. Цар тахлын улмаас өнгөрсөн жил хүнд байдалд орсон ч НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын үзүүлэлтээр 152 улсаас Герман, Хятадын дараа гуравт орсон тухай ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Үүнээс гадна оршин суугаа орон нутаг, орчин тойрны аюулгүй цэвэр байдал, тохижилт зэрэг энгийн жижиг зүйлсийг ч гэсэн иргэд өөрсдөө идэвхтэй оролцсоны үр дүнд бий болгож байгааг ойроос харж болно. Хэдий бид хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа ч боломжтой чадах зүйлсээрээ өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээж байдаг нь тэр бүр мэдэгддэггүй. Гэвч бид ч олон сайхан ажлыг хийж, эх орныхоо хөгжилд бага ч гэсэн дэм тус хүргэхийн төлөө зүтгэж байдаг шүү гэдгээ хэлмээр байна. Энгийн жишээ гэвэл цар тахлын хүнд үед хилийн чанадаас олон иргэн маск, холбогдох эмнэлгийн хэрэгсэл зэрэг багагүй зүйлийг эх орондоо илгээж нэн шаардлагатай газарт нь түгээхэд гар бие оролцож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.6.3 ПҮРЭВ № 111 (6588)