Б.Туул
Өнөөдөр зургадугаар сарын 1. Энэ өдрийг бид “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”, “Эх үрсийн баяр” хэмээн өргөн тэмдэглэдэг. Тиймээс ээж, аав, гэр бүлийн хайр хүндэтгэл гээд олон лекцийг уншиж, цахим орчинд “Лектор Чила” хэмээх нэрээрээ олны танил болсон Монголын үг урлаачдын нийгэмлэгийн хүмүүнлэгийн лектор Г.Бандицэрэнтэй ярилцлаа.
-Таныг сэтгэл судлаач, найруулагч, жүжигчин мэргэжилтэй гэж сонсож байсан. Гэхдээ цахим орчинд хүмүүс таныг летор, ээжийн тухай лекц их уншдаг илтгэгч гэдгээр нь илүүтэй таньдаг. Тиймээс ярилцлагынхаа эхэнд өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?
-Ээж минь намайг багад Чила гэж өхөөрдөж дууддаг байсан. Чи бол миний лааны гэрэл, чи лаа шүү, гэрэл гэгээ шүү гэсэн утгыг агуулдаг. Тэр утгаараа нийгэмдээ, залуустаа өөрийн зүгээс чадах чинээгээрээ гэрэл түгээхийг хүсч явдаг. Найз нөхөд минь ингэж дууддаг байснаа сүүлдээ хүмүүс бас энэ нэрээр минь дууддаг болсон.
Би нийслэлийн 57 дугаар сургуулийг дүүргээд, СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний анги төгссөн. Дараа нь хойд хөршийг зорьж, Москвад сэтгэл судлаач мэргэжил эзэмшсэн. Ерөнхийдөө амьдралынхаа ихэнх хугацааг сурахад зарцуулжээ. ОХУ-д сургуулиа төгсөөд ирэхэд ажлын байр олдоогүй. Тэр хугацаандаа ганц нэг кино хийсэн ч төдийлөн амжилт олоогүй. Тухайн үед л лектор болох эхлэлээ тавьсан.
Одоо илтгэл уншаад 19 жил болж байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монгол Улсын бараг бүх сургуулиар явж, багш, сурагчидтай уулзаж, зөв буруугийн тухай болон өөрийн үзэл бодлоо ярьж, хүнд хэрэгтэй зүйл хэлж өгөхын төлөө, бусдад нэгийг ч болов ойлгуулахын төлөө явсан. Одоо Монголын үг урлаачдын нийгэмлэгээ олонд таниулах зорилго тээгээд энэ чиглэлээр ажлаа хийгээд явж байна. Олон газар очиж, сэдэлжүүлэх сэдэвтэй лекцүүд уншсан. Намайг зөвхөн аав, ээжийн тухай лекц уншдаг гэж хүмүүс ойлгоод байдаг. Залуучуудыг илүү ёс суртахуунтай болгоход чиглэсэн лекцийг бас уншдаг.
-Таны ээжийн тухай лекц цахим орчинд их өндөр хандалттай явдаг. Олон хүнийг уйлуулж, ухаарал бэлэглэсэн гэж боддог. Тэр хаана хэзээ уншсан лекц вэ?
-Манай найз телевизийн +40 реалити шоуны продюсероор ажилласан юм. 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийг нийгэмд идэвхтэй оролцуулах, нас бол тоо гэдгийг батлах гэж энэ шоуг зохион байгуулсан. Тэгээд шоуны оролцогч нарт намайг эмэгтэйчүүдийн тэр дундаа ээжийн тухай лекц уншиж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Миний уншсан лекцийг дараа нь цахим орчинд байрлуулсан байсан. Би мөн 2018 оны гуравдугаар сарын 18-нд аавын тухай лекц уншсан. Тэр лекцийг манай байгууллага цахим орчинд нийтэлсэн. Мөн л олон хүн үзсэн байсан. Энэ хоёр лекц хүмүүст сайн хүрч байгаа нь нийгэмд хэрэгтэй сэдвүүдийг хөндсөн учир хандалт сайн байгаа гэж ойлгодог. Иргэдийн сэтгэгдлийг уншаад, хүмүүсийн утсаар хэлж буй санал хүсэлтийг сонсоод аав, ээжийн тухай сэдвээ улам лавшруулах, лекц сонсож, үзэж буй хүмүүст улам л урам зориг, итгэл найдвар хайрласан лекц бэлдэх, унших ёстой юм байна гэж бодсон. Манай байгууллага судалгаа хийж, харилцаа, хүмүүжил, ёс суртахуун, залуусыг уриалан дуудах зэрэг сэдвээр 200 гаруй лекц бэлдсэн.
-Ээжийн тухай таны лекц хүн бүрт ухаарал хайрлахын зэрэгцээ ээжийгээ санахад хүргэдэг. Магадгүй зарим хүн ээждээ очихсон гэж яардаг. Харин зарим нь ээжийгээ баярлуулсан билүү гэж боддог. Таны хувьд ээжийгээ хэрхэн баярлуулдаг вэ?
-Би ээждээ хачин их хайртай. Гэхдээ бусад айлын хүүхдүүд ээжийгээ хэрхэн баярлуулдаг, түүнтэй л адил. Манай ээжийг Бадамханд гэдэг. 11 хүүхэд төрүүлж, өсгөснөөс зургаа дахь хүүхэд нь би. Би багадаа бусдын л жишгээр ядуу зүдүү амьдралыг туулж өссөн. Би ээжийгээ баярлуулж байна гээд сүрхий их үнэтэй бэлэг авч өгөхөөсөө илүү буруу замаар будаа тээхгүй, сэтгэлийг нь зовоохгүй, үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлсэн тэр их хөдөлмөрийг нь талаар өнгөрүүлэлгүй, аль болох нэртэй төртэй амьдрах юмсан гэж хичээж явдаг. Ээж минь ч үр хүүхдүүдээ ийм байхад нь л баярладаг.
-Эхийн хайр бол ачийг нь хариулж баршгүй аугаа зүйл байдаг. Гэтэл зарим хүн хамгийн үнэтэй зүйлийнхээ үнэ цэнийг ойлгохгүй л явж байдаг. Үүнийг та ойлгуулчих юмсан гэж хичээж явдаг?
-Би ээждээ нээх олон удаа эрхэлж өсөөгүй. Багаасаа л ээжийгээ өрөвддөг байсан. Манай ээж маш хүнд, хэцүү амьдрал туулсан мөртлөө зовоогүй, өвдөөгүй, ядраагүй, ээж нь зүгээр гэж их худлаа ярьдаг байсан. Үр хүүхдээ зовоохгүй гээд л ээж болгон л тэгж хэлдэг. Ээж арван хүүхэд нь олигтой явж байсан ч нэг нь тааруухан байвал тайван амгалан байж чаддаггүй, санаа нь зовчихдог. Тэгэхээр би яах гэж ээжийн тухай лекц уншдаг вэ гэхээр залуус нэг зүйлийг ойлгохгүй байна гэж боддог. Учир нь зарим залуус бүтэлгүй хайраас болоод үхэх тухай яриад явж байна. Өөр нэг хэсэг нь амьдралд жаахан нугачаа гараад ирэхээр л сэтгэл санаагаар хямраад архи дарс уудаг. Энэ хүмүүст би хэлмээр байдаг юм. Өөрийг чинь орхиж, хаяж явж байгаа хүн таныг хайрлаж байна уу. Гэтэл өөрийг чинь төрүүлж, өсгөж, сайн сайхан явуулах гэж бүх хөдөлмөрөө зориулсан хүн хажууд тань байтал худлаа хэлж, урвасан хүний төлөө сэтгэл санаагаа хямраах нь зөв үү. Яагаад өөрийг тань хаясан, доромжилж гутаасан хүний хүслийг биелүүлж амьдрах гээд байгаа юм бэ.
Гэтэл эцэг эх тань таныг сайн сайхан амьдруулах гэж хөдөлмөрлөсөн байтал тэд нарын зорилгыг яагаад биелүүлэхгүй байгаа юм бэ. Үүнийг л залууст ойлгуулах гэж хичээдэг. Манай залуус заримдаа сэдэл авахгүй байна. Хүмүүсийн дотор хэмжээ тогтоодог ямар нэг зүйл байхгүй болчхоод байгаа юм шиг санагддаг. Учир нь хаяад явсан найз охиноо ээжээсээ илүү, орхиод явсан нөхрөө ааваасаа илүү үзэж байна. Тэр үед нь аав, ээж үү эсвэл өөрийг нь орхиод явсан хүн үү. Хэн нь өөрт нь илүү хайртайг сануулахад л сэтгэл нь эдгэдэг.
-Нийгэм цаг үе, цар тахлын хямралаас болоод эмэгтэйчүүд хүүхдүүд хүчирхийлэлд их өртөж байна. Энэ юутай холбоотой вэ, үүнийг бид яаж засаж залруулах вэ?
-Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй нийгэм тэр чигээрээ ёс суртахуунгүй болчхоод байна. Зөвхөн эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөөгүй. Эрчүүд ч мөн эмэгтэй хүнд хүчирхийлүүлж байна. Амьдралын төлөө, гэр бүлийнхээ төлөө зүтгээд явж буй эхнэртээ хайртай эрчүүд олон бий. Гэтэл нөхөртөө үнэнч биш, гэр орныхоо асуудлыг зохион байгуулаад аваад явах менежмэнт байхгүй, гоёж гоодох, наргиж цэнгэхийг илүүд үздэг, ёс суртахуунгүй эмэгтэй олон байгаа.
Ажиллаж хөдөлмөрлөхийн оронд биеэ үнэлдэг, архинд живчихсэн, өөрийгөө жолоодох чадваргүй эмэгтэйчүүд манай нийгэмд байж л байгаа. Тэгэхээр нэг талыг бариад бүх л зүйлд эрчүүдийг буруутгаж болохгүй. Нийгэм тэр чигээрээ ёс суртахуунаа гээж, алдаж байна. Тэр ёс суртахууныг бий болгохын тулд сургагч багш нар, бусдад нөлөөлдөг үлгэр дууриалал бүхий хүмүүс бүгд чадах чинээгээрээ зүтгэх ёстой.
Хүмүүсийн үздэг кино, хэрэглэж буй сошиал орчноор дамжуулж ёс суртахууныг нь зөв болгох хэрэгтэй. Үүнийг хэн хийж чадах вэ гэвэл хүн бүр хувьдаа ёс суртахуунтай байж чадвал ёс суртахуунгүй байдал удаан үргэлжлэхгүй, өөрчлөгдөж болно. Даанч энэ өөрчлөлтийг буруу мэтээр ярьдаг, ухуулдаг, сурталчилдаг тийм хэсэг хүмүүс байна. Тиймээс хүмүүсийн ёс суртахууныг өөрчлөхгүйгээр хуулиа хэчнээн чангаллаа гээд хүчирхийлэл, гэмт хэрэг алга болохгүй.
Эх сурвалж: www.polit.mn