Б.Баярцэнгэл: Цар тахал улс орнуудад “Хэн бэ” гэдгийг нь таниуллаа

2021-05-27
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.УЯНГА

 

"COVID-19" улс орнуудын харилцаа, хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, судлаач  Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.

 

-Орос, Америкийн ерөнхийлөгч нарын анхны уулзалт нэлээн удаан яригдаж байна. Их гүрнүүдийн харилцаанаас гадна Путин, Байден нар ерөнхийлөгчийн хувиар уулзах гэж байгаа нь сонирхол татаж байна л даа?

-Жой Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш олон улсын томоохон уулзалтуудад төдийлөн идэвхтэй оролцож чадаагүй. Цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтад илүү анхаарч ирлээ. Харин их гүрэн ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзах гэж байгаа үйл явдал өндөр ач холбогдолтойг олон улсад тэмдэглэж байна. Байдены хувьд олон зүйл дээр Трампын үзэл баримтлалтай зөрчилддөг, заримыг нь өөрчилдөг ч гэсэн АНУ-ын олон улс дахь байр суурь, тэр дундаа дэлхийн тэргүүлэгч гүрэн байх асуудал дээр Трамптай ижил бодлого баримталдаг. Энэ хүрээндээ ч ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзах уулзалтад ач холбогдол өгч байна.

Нэр нөлөөтэй агентлагуудын мэдээлж байгаагаар хоёр Ерөнхийлөгчийн уулзалт Швейцарын Женевт болно. Уулзалтын товыг эцэслээгүй ч өчигдрийн мэдээллээр бол Вашингтонтой тохиролцсоны дагуу ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зургадугаар сарын 16-ны өдөр Женев хотод АНУ-ын ерөнхийлөгч Жой Байдентай уулзахаар боллоо гэдгийг хойд хөршийн хэвлэл онцолж байна. Анхаарал татаж байгаа нэг зүйл бол хоёр улсын ерөнхийлөгч хоорондын харилцаа ямар байх вэ гэдгийг тодорхойлсон уулзалт байх болов уу гэсэн хүлээлттэй байна. Аль аль нь туршлагатай улстөрчийн хувьд олон улсын харилцаагаа аль болох өргөжүүлэх, идэвхитэй гадаад бодлого явуулахыг чухалчилдаг. Харин хэр олон асуудалд санал нийлэх, зөрөлдөх вэ гэдэг нь уулзалтаас харагдана.

-Судлаачийн хувиар үр дүнг хэрхэн харж байна вэ?

- Олон улсын харилцаа, цэрэг-улс төрийн эвслийн үйл ажиллагаанаас илүү цар тахлын нөхцөл байдалд хамтран ажиллах, даван туулах яриа хэлцэл дэвсгэр болж цааш өрнөх байх. Судлаачийн хувьд хоёр ерөнхийлөгчийн уулзалтаас хүлээж байгаа үр дүн бол хоёр талаас санал тавьж, хэлэлцээ хийх нь ямар хэмжээнд хүрч  буулт хийх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Уулзалтын үйл явцаас яах аргагүй харагдана л даа.

-Байдены баримтлах бодлого Монголд хэрхэн нөлөөлөх бол. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Ерөнхий дүр зургаараа бол олон нийт Байден гарч ирээд Трампын бодлогыг бүгдийг өөрчилсөн мэт хараад байдаг. Байден олон зүйлийг сольж байгаа ч хэвээр үлдэж байгаа нь цөөнгүй бий. Тэр дундаа гадаад харилцаан дээр Трампын баримталж байсан бодлого жанжин шугам хэвээрээ. Үүний нэг илрэл нь зөвхөн Трамп Хятадтай дайсагнасан мэт байр суурийг огт илэрхийлэхгүй байгаа биз. Дотоод, гадаад бодлогын хувьд ч ялгаатай зүйлс бий.

Монгол Улсын хувьд АНУ-ын  Ерөнхийлөгч хэн болохоос үл хамаараад хоёр орны харилцаа идэвхтэй үргэлжилнэ. Харин Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд соёл, боловсролын салбарын харилцаа өргөжих хандлагатай байна. Байдены нэг онцлог нь эдийн засгаа идэвхижүүлэхэд өөрийн бодлогоос гадна цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн шахалтад ч орж байна. Манай улсын хувьд  худалдааг хөнгөвчлөх асуудал нааштай яригдаж байна.

Трамп дэмжигчдийнхээ хувьд үнэ цэнэтэй байгаа ч улс төрийн хүрээнд нэр хүндээ алдчихаад байгаа. Трамп ерөнхийлөгчөөсөө буусан ч албан ажил эрхэлдэг Ажлын албатай хэвээр байгаа юм билээ. Түүнийх нь бэлэг тэмдэг, лого АНУ-ын ерөнхийлөгчийнхтэй ойролцоо байгаа нь улс төрийн зангараг, нэр нөлөөгөө хадгалах сонирхолтой байгаа юм болов уу гэж ойлгогдож байна.

-Цар тахлын нөхцөл байдал улс орнуудын харилцаанд хэрхэн нөлөөлөв. Ялангуяа, вакцинжуулалт бол улс орнуудын хамтын ажиллагааг багагүй шалгах шиг боллоо? 

-Улс орнуудын дүр зураг, кейс ялгаатай байна. Цар тахлын нөхцөл байдал, үзүүлж байгаа нөлөөлөл улс орон бүрт харилцан адилгүй. Энэтхэгт нөхцөл байдал маш хүнд байгаа хэрнээ Европт намжих шатандаа орлоо. АНУ нөхцөл байдлыг тогтворжуулах эдийн засгаа сэргээх, Япон улс Токиогийн олимп хийх гэж байгаа учраас шуурхай вакцинжуулах бодлоготой. Аргентин, Бразил, Уругвай зэрэг Латин Америкт нөхцөл байдал хүндэрч байна. Зарим улс эдийн засгаа дэмжиж, аялал жуулчлалаа сэргээх асуудлыг ярьж байгаа бол Аргентин зэрэг улсад эргээд хатуу хөл хорио тогтоож эхэлж байна. Ер нь бол өвчний нөхцөл байдал тогтворжсон ч мутаци яаж ч хувьсч магадгүй учраас эргээд дэлхий нийтээрээ хөл хоринд орохыг  үгүйсгэхгүй.

Вакцин олон улсын харилцааны чухал “хэрэгсэл” болж байна. Технологийн компаниудын өрсөлдөөн, улс орнуудын нэр хүндээ хамгаалах, зөөлөн хүчний бодлого ч байна. Түүнийгээ дагаад найрсаг хамтын ажиллагаа бий болгох олон боломж бий болсон. Дэлхий дээр цар тахлын мутацилагдсан хувилбарууд гарч ирснээс  хоруу чанар, халдварын тархалт хөнөөлтэй байна. Коронавирусын эсрэг вакцины үр дүнтэй холбоотой  эерэг, сөрөг ойлголтууд гарсан хэвээр. Тухайлбал, астразенака вакцинтай холбоотойгоор Европын 17 сая хүнээс 37 удаагийн бүлэгнэл үүссэнийг хурцаар шүүмжилж байна. Мөн Хонконг 7.5 сая тун вакцины нөөц үүсгэчихээд байхад иргэд нь хамрагдахгүй хүлээгээд байдаг. Гэтэл есдүгээр сард эхний ээлжийн вакцины хугацаа дуусах учраас худалдах уу, устгах уу гэсэн асуудал яригдаж байна. Энэ мэтээр цар тахлын нөхцөл байдал, түүнтэй тэмцэж авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ улс орнуудад янз бүр байна.

Цар тахлын үеэр улс орнууд өөрсдийгөө “Хэн бэ” гэдгийг танилаа. Асуудал тулаад ирэхэд ямар хариу үйлдэл үзүүлж байгаа, мөн вакцины үйлдвэрлэл хангамжийн асуудал улс орнууд хоорондоо өрсөлдөхөөс гадна хурдан ойлголцож, хамтарч байгаа нь ажиглагдлаа. Вакцин дээр үйлдвэрлэгч, хэрэглэгч байх уу гэдгээр хөгжлийн ялгаатай байдал гарч ирлээ шүү дээ. Нэг үгээр хэлбэл, нийгэм, улс төр, эдийн засаг, хамтын ажиллагаа гээд улс орнуудын мөн чанарыг харуулж, зураглалыг илүү тодруулж өгч байна. Цар тахалтай тэмцэх улс орнуудын бодлого бүгд оновчтой байсангүй. Алдаа оноотой л туулж байна.Эдийн засаг, улс төр зэргээр хадгалж хамгаалах шаардлагатай нарийн төвөгтэй зүйлс ч их байсан байх. Хамгийн чухал нь “COVID-19” хүн төрөлхтөнд хэвийн амьдрал ямар үнэ цэнэтэй,  түүнийгээ хадгалж хамгаалахад ямар хичээл зүтгэл гаргаж, хариуцлагатай байхыг ойлгууллаа.

-Энэтхэг эм хангамжийн системээрээ нэлээн нөлөөтэй. Гэтэл халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол? 

-Үйлдвэрлэл, хүн амын тоог бодолцох ёстой. Энэтхэг бол маш сайн үйлдвэрлэгч, экспортлогч. Хамгийн олон хүн амтай Хятад, Энэтхэг хоёул Ази тивд оршиж байна. Тэрбум гаруй хүн амтай, хамгийн сайн ардчилалтай гэгддэг Энэтхэгийн хувьд дэд бүтцийн бололцоо, хүчин чадал, техник, боловсон хүчний хүртээмж хүн амынхаа тоонд хүрэхгүй боллоо. Цар тахлын одоогийн нөхцөл байдал хурцадмал байгаа ч иргэд нь Засгийн газрынхаа мэдээлэлд итгэхгүй байгаа, тэр хэрээр хөдөө тосгодод төвөгтэй нөхцөл байдал үүсэх мэдээлэл цацагдаж байна. Тиймээс дэлхий нийтээрээ тусламжийн гараа сунгаж байна. Тэр дунд Хятад Энэтхэгийн харилцаа  сайн биш байгаа учраас цаашид хэрхэн үргэлжлэх вэ гэдэг нь чухал боллоо.  

Энэтхэгийн эмийн үйлдвэрлэл, цар тахалтай тэмцэх асуудал бол тусдаа зүйл гэж ойлгож болно. Гэхдээ эмийн үйлдвэрлэл нь цар тахалтай тэмцэх ажил руу шилжиж, доголдоод ирвэл дэлхий нийтэд эм хангамжийн асуудал үүсч магадгүй. Гэхдээ магадлал бага. Эмийн үйлдвэрлэл хумигдаж байгаа ч үргэлжилнэ. Доголдсон ч гэсэн олон хувилбар, үйлдвэрлэгч бий шүү дээ. Харин эсрэгээрээ цар тахлын давалгааны энэ их мэдээлэл дунд маш чухал сэдвүүдээ орхиж байна. Тухайлбал, улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө маш тод илэрч байна. Сүүлийн хагас жилд гэхэд Тайваньд айхтар ган гачиг болж төвд нь  байдаг маш том хиймэл нуурын гуравны нэгнийх нь ус ууршиж алга болж ёроол нь үзэгдсэн байх жишээтэй. Урьдчилж таамаглах боломжгүй, гэнэтийн үзэгдэл болж байна. Австралид ган болж оготно, харх хэдэн зуун саяараа гарч ирлээ. Бид ч гэсэн хотын амьдралаар бүхнийг төсөөлөөд байтал ургамлын бүтцийн өөрчлөлт, хөрсний үржил шим, усны ундарга хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ мэтээр хүн бүрийн багахан оролцооноос хамаарч, бодлогын түвшинд ч анхаарал сулруулж, мартаж болохгүйг харуулж байна. Төр нь цар тахалтай тэмцэхэд хамаг анхаарлаа хандуулж, иргэд нь гэрээсээ гарахгүй жил тойрч байна. Мөн АНУ-аас эхлэлтэй Азиудыг үзэн ядах, ялгаварлан гадуурхах байдал газар авсан. Өөрөөр хэлбэл, Ази төрхтэй байсныхаа төлөө эрүүл мэндээрээ хохирч, эрх нь зөрчигдөж байна. Цар тахлыг дарлаа гэхэд дараа нь олон асуудал гарч ирнэ гэдгийг анзаарах шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.27 ПҮРЭВ № 107 (6584)

 

Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

1 цаг 24 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 48 мин
Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татжээ

Гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлахгүй байх хуулийн төслөө буцаан татаж байгаагаа мэдэгдлээ

3 цаг 20 мин
МХБХ энэ онд 11.127.300.000 төгрөгийн бодит орлого төвлөрүүлжээ

Монголын хөлбөмбөгийн холбооны техникийн хэлтсийн ажилтан, мэргэжилтнүүд

3 цаг 44 мин
“Цагаан хаалга” хотхоны байр ашиглалтад оролгүй долоон жил болж захиалагчдыг хохироож байна

"Бүрэн -Өргөө" ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар "Цагаан хаалга" хотхоны

4 цаг 58 мин
Мэдэгдэл

Мэдэгдэл

7 цаг 27 мин
Орхон аймгийн 2024 оны онцлох хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт

Орхон аймаг, Эрдэнэт хот Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг о

12 цаг 14 мин
Байгаль орчны салбарт амьдралынхаа 50 жилийг зориулсан гавьяат Д.Цэндсүрэн

“Зууны мэдээ” сонины “Амьдралын тойрог” булангийн маань энэ удаагийн дугаарт

12 цаг 14 мин
Хар PR-аар утуулсан Баялгийн сангийн “нээлт”

Ер нь бол манайд баялгийн тэгш бус хуваарилалт цадигаа алдчихсан.

12 цаг 14 мин
Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

23 цаг 58 мин