Х.ОЮУНБОЛД
Герман улсыг хоёр болгон хувааж олон улсын хөгжил дэвшил, ертөнцөөс тусгаарлаж байсан Берлиний хана 30 жил сүндэрлэжээ. Энэ том бетонон ханаар хуучны ЗХУ-ын коммунизмыг дэмжсэн Бүгд найрамдах Герман улс, нөгөө талд нь АНУ-ын капитализмыг дэмжсэн Холбооны бүгд найрамдах улсыг зааглаж байсан аж. Гэхдээ энэ хана босгох санаа эх орны II дайн дуусах үеэр Германыг Их Британи, АНУ, ОХУ, Франц хувааж авснаас эхэлсэн байна. Энэ ханыг барих болсон шалтгаан нь зүүн Германд амьдарч байсан олон хүн баруун Герман руу нүүсэнтэй холбоотой аж. Тиймээс Германыг хоёр болгож хуваасан ханыг босгох шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар албан ёсны эх сурвалжийн онцолсноор ойролцоогоор 2.7 сая хүн коммунист Германыг орхиж капиталист Германд очиж суурьшжээ. Мөн өөр нэг шалтгаан нь дүрвэсэн хүмүүсийн 50 хувь нь залуучууд байсан учраас тухайн үед Бүгд найрамдах ардчилсан Герман улс нийгэм, эдийн засгийн хувьд хямралын ирмэгт тулаад байсан аж. Тиймээс 1961 оны наймдугаар сарын 13-нд Бүгд найрамдах ардчилсан Герман 155 км урттай төмөр утсан хана барьжээ. Цаг хугацаа өнгөрөхөд Берлин хотод 45 км нь баригдсан хана нь 1200 км үргэлжилсэн бетонон хана болсон аж.
Гэхдээ энэ ханыг барихын тулд ойр орчмын бүс нутгийн бүх барилга, байгууламжийг нураасан байна. Харин хотод үлдсэн бусад иргэн энэ ханаар зааглагдсан Берлинд үлдсэн аж. Мөн хотын тээвэр явахаа больжээ. Хэдийгээр төмөр замын шугам ажиллаж байсан ч галт тэрэг коммунист Германы талд зогсохгүй болсон аж. Энэ ханыг барьж дууссаны дараа Герман улс хоёр хуваагдсанаар олон гэр бүл 28 жил уулзаагүй байна. Хоёр хуваагдсан Германы хооронд өрнөсөн улс төр, цэргийн мөргөлдөөний улмаас 100 гаруй иргэн амь үрэгджээ. Олон жил нэг улсыг хоёр болгож заагласан ханатай холбоотой мэдээллээс сонирхуулахад энэ ханыг нэг шөнийн дотор барьжээ. Тодруулбал, 1961 оны наймдугаар сарын 13-нд Бүгд найрамдах ардчилсан Германы офицерууд ханыг барьж эхэлснээр 160 км газарт хана босгоход 24 цаг зарцуулсан аж.
Хэдийгээр энэ ханыг босгосон ч хоёр Германы иргэд хананы цаад талд гарахыг зорьж байсан аж. Гэвч тэднээс цөөхөн хүн л зорьсондоо хүрч чадсан байна. Тухайлбал, социалист Германд фашизмаас хамгаалах, нөгөө Германд нь шившгийн хана гэж нэрлэдэг байсан Берлиний хананы цаана гарахыг зорьсон 100 мянган хүнээс зөвхөн 5000-10 мянган хүн нь хүссэнээ биелүүлж зорьсондоо хүрсэн байна. Харин ганц хоёр Германыг биш Европыг бүхэлд нь бусад улс орноос зааглаж байсан бетонон ханыг босгосноос хойш 28 жилийн дараа 1989 оны арванэгдүгээр сарын 9-нд нурааж Герман улс дахин нэгджээ. Ингэхэд нь ЗХУ-ын улс төрийн бодлогод өөрчлөлт орсон болон Австри, Унгар улс хилээ нээсэн нь нөлөөлсөн аж. Гэхдээ 1990 оны долдугаар сарын 1 хүртэл энэ хананы дэргэд ажиллаж байсан хяналтын цэгүүд байсаар байжээ.
Эх сурвалж: www.polit.mn