Б.БАРС
Хэдхэн хоногийн дараа Бразилд хөлбөмбөгийн ДАШТ эхэлж, бүтэн сарын турш хүн төрөлхтөн энэ спортоор “өвчлөх” нь. Тус тэмцээнд хөлбөмбөгийн энэ цагийн одод бараг тэр чигтээ хуран чуулж шилдгүүдээ тодруулна. Мэргэжлийн хөлбөмбөгчид үргэлжийн бэлтгэл, цугларалт, тэмцээн уралдаантай байдаг ч хүн л болсон хойно өөр өөрийн сонирхол, хоббидоо цаг зав гаргадаг байна.
Өнгөрсөн жилийн шилдэг хөлбөмбөгчний “Алтан бөмбөг” шагнал хүртсэн Мадридын “Реал”, Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду хаана ч тоглосон тухайн орны сугалааг заавал худалдан авдаг нэгэн. Хэдийгээр тэрээр сугалаагаар их хэмжээний мөнгө хожоогүй ч азтай, азгүй бүх сугалаагаа нандигнан хадгалсаар чамгүй цуглуулгатай болжээ.
Үүнээс гадна Криштиану Роналду давгүй хоолойтой бөгөөд багын найз нар нь түүнийг бөмбөг хөөгөөгүй бол давгүй поп дуучин болох байсан гэж үздэг ажээ. Үнэхээр ч тэрээр дуулах хоббитой бөгөөд зав гарангуут л найз нартайгаа караоке орж, хэдэн цагаар дуулчихдаг гэнэ. Үүгээр ч барахгүй гэрийнхээ нэг өрөөг дээд зэрэглэлийн караоке-бар болгон тоногложээ.
Харин түүний мөнхийн өрсөлдөгч, “Барселон” болон Аргентины довтлогч Лионель Месси нэлээд гэрсэг хүн бөгөөд чөлөөт цагаараа гэрээсээ цухуйх нь ховор. Тэрээр компьютерийн “Playstation” тоглоомын хамгийн сүүлийн хувилбаруудыг гарангуут нь худалдан авдаг бөгөөд өдөр шөнөгүй тоглосон ч уйддаггүй гэнэ.
Үүнээс гадна тэрээр Аргентин төдийгүй дэлхий даяар амтат дарсаараа алдартай Мендоса мужаас гаралтай бөгөөд дарс нэрэхдээ муугүй аж. Иймээс ч тэрээр гурван жилийн өмнөөс өвөрмөц энэ хоббигоо ажил хэрэг болгон өөрийн “Leo” брэндийн дарс үйлдвэрлэж эхэлжээ. Түүний дарс Аргентины аль ч хотын дэлгүүрийн лангуунд уддаггүй гэнэ лээ.