С.САРУУЛ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ “Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” буланд ярилцлага өгөхдөө “Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, хариуцлагын нэгдсэн тогтолцоог хэрэгжүүлэх, иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахад дэмжлэг үзүүлнэ. Өмгөөлөгчид дөрвөн кредит цагийн сургалтад хамрагддаг байсныг Хуульчдын холбооноос цар тахалтай холбогдуулан гурав кредит цаг болгосон бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өмгөөлөгчид ямар сэдвээр сургалтад хамрагдах талаар цахимаар судалгаа авч байна. Өмгөөлөгчдөд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг хугацаагүй олгохоор хуульд заасны дагуу хэвлүүлсэн. Харин өмгөөлөгчийн үнэмлэхийг нэг жилийн хугацаатай гаргасан нь сошиалд багагүй шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Гэвч аливаа зүйл хоёр талтай. Өмнө нь Улсын дээд шүүхээс олгосон өмгөөлөгчийн үнэмлэхийг хугацаагүй олгож байсантай холбоотой багагүй зөрчлүүд байсан. Учир нь хуульчийн эрх нь хүчингүй болсон цөөн тооны этгээдүүд Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийг бусдад үзүүлж иргэдийг хохироож байгаа зөрчлүүд гарч байна. Гэтэл сөрөг тал нь эрх нь хүчингүй болсон хүн үнэмлэхээ авчирч өгдөггүй. Хууль хяналтын байгууллагууд ч хүчинтэй эсэхийг нягталдаггүй учраас хуульчийн эрхгүй хүн өмгөөлөл үзүүлж байгаа тохиолдол одоо ч гарсаар байна. Тиймээс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхээр үйлчлэхгүй гэсэн албан бичгийг хуулийн байгууллагуудад явуулж байна. Үүнтэй холбоотой хуульгүй замбараагүй явж ирсэн энэ хугацаанд үүссэн зөрчлүүдийг цэгцлэх зайлшгүй шаардлага тулгарсан учраас 2021 онд олгож буй өмгөөлөгчийн үнэмлэхийг хугацаатай олгож байгаа бөгөөд яваандаа энэ асуудлыг нэгмөр цэгцэлнэ. Тиймд өмгөөлөгчид бухимдах шаардлагагүй. Шинэ хуулиар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах бол ажлын байр, банкны харилцах данстай байхыг хуульчилсан. Цаашдын чиг хандлагыг харвал өмгөөлөгчид ганцаараа өмгөөлөл хийх нь хумигдаж, багаар ажиллах нь илүү үр дүнтэй гэж үздэг болсон. Багаар ажиллах нь тухайн хэргийг харах өнцөг, гаргалгаа хайх, үйлчлүүлэгчдээ давуу байдал үүсгэх зэрэг онцлог тал ихтэй. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээг 160 граммын үнэт цаасан дээр нууцлалын өндөр зэрэглэлтэй, бар кодтой хэвлэсэн. Үнэт цаас, эрхийн гэрчилгээний дугаарууд дахин давтагдахгүй учраас хуурамчаар үйлдэх боломжгүй. Өмгөөлөгчийн үнэмлэхийг бар кодтой болгоно. Бар кодыг уншуулангуут Холбооны сайтаас тухайн өмгөөлөгчтэй холбоотой бүх мэдээллийг харуулдаг болох юм. Мөн шүүх хуралд орох, аль нэг газар байцаалттай байхад шууд харагдах боломжтой. Ингэвэл өмгөөлөгч шүүх хурлыг хойшлууллаа гэдэг асуудал ч цэгцэрнэ” гэж ярилаа.
Эх сурвалж: www.polit.mn