Б.ДОЛЖИНЖАВ
Хорвоо дээр орших долоон тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа Монголын урлагийн салбарын хамгийн нэр нөлөөтэй дуучин Ука болон Америкийн алдарт дуучин Beyonce нарыг онцоллоо.
Дуучин Ука Соёл урлагийн их сургуульд сурч жүжигчин болохыг хүсдэг байсан ч ээж, аавынхаа зөвлөгөөг дагаж "Орхон" дээд сургуульд хэлмэрч, нарийн бичгийн дарга мэргэжлээр суралцсан тухайгаа хэвлэл дөгсөн ярилцлагадаа дурсан ярьсан байдаг. Дуулахаасаа гадна тэрээр “Нэгүн” студийн анхны бүрэн хэмжээний “Hi Honey” уран сайхны кинонд тоглож байв.
Дуучин болохоосоо өмнө үсчин, гоо сайханч мэргэжилтэй байсан түүний хувьд “Хэрвээ би дуучин болоогүй байсан бол биеийн тамирын багш, ер нь спортын талын л хүн болох байсан байх” хэмээн ярьжээ. Хамгийн олон фентэй түүний “Маргаашийн нар луу хамт аялах уу”, “Do It”, “Don’t stop” дуунууд нь Youtube-д хамгийн олон хүн үзсэн дуугаар шалгарсан юм.
28 удаа Грэмми-гийн шагнал авсан Beyonce
Харин түүнтэй бараг нас чацуу дэлхийн хэмжээний од, Америкийн алдарт дуучин,хөгжмийн зохиолч, жүжигчин Beyonce 1981 оны есдүгээр сарын 04-нд Техас мужид төрсөн. Хүүхэд байхаасаа дуу болон бүжгийн олон тэмцээнд идэвхтэй оролцдог байсан түүний нэр хүнд 1997 оноос гялалзаж эхэлсэн. Тэрээр жүжигчний кареерээ 2006 онд The Pink Panther, Dreamgirls киноноос эхлүүлсэн. Түүний цомог дэлхийд 118 сая хувь борлуулагдсан. Тэрээр энэ онд Grammy-гийн шагнал авснаар 28 удаа энэ шагналыг авсан бүх цаг үеийн анхны эмэгтэй дуучин болсон юм.
Тодруулбал, Beyoncе "Black Parade" дуугаараа 28 дахь Грэммигийн шагналаа авснаар бүх цаг үеийн эрэгтэй, эмэгтэй ялагчдын амжилтыг эвдсэн юм. Энэ тухайгаа тэрээр “Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Энэ бол маш том нэр төрийн хэрэг юм. Хүнд хэцүү ч гэлээ тухайн цаг үеийн бодит байдлыг харуулах нь уран бүтээлч миний болон манай хамт олны үүрэг юм. Намайг дэмжиж, үргэлж урам зориг өгч байсан бүх хүнтэй энэ баярт мөчийг хуваалцахыг хүсч байна” гэж ярьжээ.Үүнээс өмнө Beyonce өөрийн есөн настай охин Blue Ivy Carter-тэй хамтарч дуулсан "Brown Skin Girl" дуугаараа хамгийн шилдэг клипний шагналыг авч, түүний охин бүх цаг үеийн хамгийн залуу “Grammy Awards“-ийн шагналтан болж байв.
Эх сурвалж:www.polit.mn