Т.САЙХАН
“Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” буландаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаярыг урьж, ярилцлаа. Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- 1979 оны ЗХУ-ын Одесса хотын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн дээд сургуульд хуваарилагдаж, тэнд зургаан жил суралцсан. Аав, ээж маань Хэнтий аймгийн Биндэр сумын сургуульд насаараа багшилсан хүмүүс. Намайг цэргийн албанд татагдахад, энэ замыг сонгоход ямар нэгэн хориг, саад хийсэнгүй. Өөрийн хувь заяа, зам мөрөөр л ардын армийн бие бүрэлдэхүүнд орж, өдийг хүртэл явсан даа.
- Тухайн үед ЗХУ-д манайхаас гадна социалист чиг баримжаатай улсууд болох Араб, Африкийн олон орны оюутнууд суралцаж, нэгэн үеийн давлагаа болж байлаа. Яг миний суралцаж байсан сургуульд л гэхэд 20 гаруй орны залуучууд суралцаж байсан. Багш нар маань ч их туршлагатай. Вьетнам, Арабын дайнуудад оролцсон. Дайны үеийн хатуу, хөтүүг туулсан ийм хүмүүс байсан.
- Ажилласан жил, туршлага дээр тулгуурлаж цэргийн албан хаагч хүн албан тушаал ахиж, цол нэмдэг. Бас нэг талаар ажил мэргэжлийн үзүүлэлт юм. Хүнд урам зориг нэмэхийн зэрэгцээ хариуцлагажуулна. Мөн шударгаар өсөн дээшлэх боломжийг олгож байдаг даа.
- Дараа нь би академийн шалгалтад орж, тэнцээд ОХУ-ын Тверь хотын Цэргийн академид гурван жил суралцсан. Тухайн үед намайг үнэлсэн дарга нартаа одоо ч баярлан талархаж, сайнаар дурсаж явдаг даа. Тэр үед залуучуудаа дэмждэг, ажлын үзүүлэлтүүдийг их хардаг сайхан цэргийн дарга нар олон байсан. Ингэж би хоёр дахь удаагаа 1989 онд ЗХУ-ыг зорьж байлаа.
- -Агаарын цэрэг Монголын нисэх хүчний түүхтэй салшгүй холбоотой. Монгол Улсад анх 1925 онд ЗХУ-аас хоёр нисэх онгоц ирж байсан үеэс түүх эхэлсэн гэж ярьдаг. Ингээд 1930-аад оноос ерөнхийдөө хөгжил явагдсан. Эх орны дайн болон Халх голын чөлөөлөх дайнд Монголын нисэх хүчин оролцож байсан түүхтэй.
- Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн өртөг 100 хувь гэж үзэх юм бол тэр өртгийн 60-70 орчим хувийг нь агаарын цэргийн зэвсэглэл, техникийн өртөг эзэлж байдаг бол үлдсэн 30 хувийг нь бусад цэрэг эзэлдэг. Агаарын цэрэг цөөхөн бие бүрэлдэхүүнтэй мөртлөө, үнэтэй зэвсэг техник хэрэглэх шаардлага үүсдэг. Тийм учраас улс эх орны эдийн засагтай шууд холбоотой. Манайх хангалттай хэмжээнд үнэтэй зэвсэг хэрэгслүүд авч чадахгүй байгааг нуух аргагүй.
- Бид нэгдүгээрт, өөрт байгаа техник хэрэгслээ арчилж, тордож ашиглах. Хоёрдугаарт, өөрсдийнхөө оюун ухаанд тулгуурлаад чадах чинээгээрээ сайжруулж, хөгжүүлэх асуудал байна. Гуравдугаарт, нэг далайлтаар бүхнийг шийдэхгүй учраас бага багаар улс эх орны эдийн засгийн чадамжид тулгуурлаад шинэ техник нэвтрүүлэх асуудал бий.
- Дэлхийн том гүрнүүд агаарын гэлтгүй сансрын орон зайн төлөө өрсөлдөж эхэллээ. Манай улсын хувьд хоёр хөршийнхөө дунд байгаа орон зайг зөв хяналтад байлгаад, шаардлагатай бол тодорхой хэсгээ хамгаалалтад аваад цомхон, чадварлаг байх ёстой. Сүүлийн үед аюулгүй байдлыг алдагдуулахад сансар огторгуй гэхээсээ илүү ойрхон хажууд байгаа нисгэгчгүй хэрэгсэл хүнийг зовоодог болж байна. Ялангуяа бүс нутгуудад болж байгаа зэвсэгт мөргөлдөөний асуудлаас үүнийг харж болно.
- Өнөөдрийн Зэвсэгт хүчин миний анх ажиллаж, зүтгэж байсан тэр үетэй харьцуулахын аргагүй хөгжсөнд дотор нь ажиллаж байгаа генералаас илүү иргэн хүнийхээ хувьд баярладаг.
- Аливаа зүйлийг мэддэг, чаддаг, үлгэрлэдэг байх хэрэгтэй. Үгүй бол дандаа даргалаад, захираад байвал ажил явахгүй. Араас тань даган дуурайгаад, өгсөн үүрэг даалгаврыг чинь биелүүлээд явах хүнд итгэл төрүүлэх хэрэгтэй. Бага албан тушаалаас эхлээд олон шат дамжин ажиллаж байгаад өндөр албан тушаалд очсон хүн доор ажиллаж байгаа хүнийхээ зовлон жаргалыг илүү мэддэг юм даа.
Эх сурвалж:www.polit.mn