Т.САЙХАН
МАХН-ын Гүйцэтгэх товчооноос хууль, шүүхийн байгууллагын ёс зүйгүй үйлдэл, шударга бус схемийн асуудалд яаралтай арга хэмжээ авч ажиллахыг шаардаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдэл хүргүүллээ. Энэ талаараа өнөөдөр /03.12/ мэдээлэл хийв. Хэвлэлийн хуралд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Гүйцэтгэх товчооны гишүүн О.Буяннэмэх нар хүрэлцэн ирж байр байр сууриа илэрхийлэв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр: -Манай намаас хууль шүүхийн байгууллага, ҮАБЗ-ийн ажлын албаны хэмжээнд гарч байгаа ноцтой баримтуудтай холбогдуулж тодорхой мэдэгдэл шаардлагыг гаргаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд өнөөдрийн хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хараад үнэхээр эмзэглэж байна. Ийм байж болохгүй . Монголын төр засаг ингэж хямарч болохгүй, хууль шүүхийн байгууллага ингэж завхарч болохгүй. Монгол хүний эрх чөлөө Үндсэн хуульд зүгээр нэг тунхаглалын шинж чанартай болоод бодит амьдрал дээр хүн болгон ямар ч эрхгүй, эрх нь хамгаалагдахгүй байна. Энэ байдал гүнзгийрч, улс орны аюулгүй байдал тусгаар тогтнол алдагдах хэмжээнд очиж байна. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Тэгэхээр УИХ үүргээ биелүүлж төрийн эрх барих дээд байгууллага гэсэн заалтынхаа дагуу болж байгаа үйл явдлыг нэн даруй шалгах ёстой юм. Хэдийгээр намар, хаврын чуулган завсарладаг ч гэсэн байнгын ажиллагаатай парламент байдаг учраас байнгын хороо ажиллаж байгаа учраас үндэсний аюулгүй байдалтай холбоотой, хууль шүүхийн байгууллагатай холбоотой ноцтой баримтуудыг яаралтай шалгаж, үнэн зөвийг тогтоож, алдаа гаргасан бол үүнийг засаж, нэг нэгнийгээ гүтгэсэн байвал таслан зогсоох байдлаар энэ асуудалд цэг тавих ёстой гэж үзэж байна. Тэгэхгүй бол ард түмэн маань гайхаад, гадаадын байгууллагууд үүнийг ашиглаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хариуцдаг зөвлөл нь хуралдахгүй байгаа юм байна гэдгийг мэдээд үндэсний аюулгүй байдлын ажлын албаар нь дамжуулж үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг гартаа оруулах юм байна. Юу дуртайгаа хийлгэх аюултай байдал үүсч магадгүй юм байна гэсэн үүднээс бид ард түмэндээ гарч ирж байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй байна.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга: - Бид өмгөөлөгч Б.Баасанцогтоос олдсон зарим баримтыг судалж үзлээ. Ингэхэд олны анхаарал татсан, дуулиан шуугиантай хэргүүдийг төлөвлөсөн байна. Шүүхийн шийдвэрүүдийг мөн судлаад үзэхээр харамсалтай нь бүх шийдвэр яг энэ төлөвлөгөөний дагуу хэрэгжсэн байна. Энэ бол олон жил яригдсан шүүхийн хонгил гэдэг зүйлийн нотолгоо болж байна. Үүнээс илүү баримт, нотолгоо гэж байхгүй. Гэтэл ийм баримт нотолгоо гарчихаад байхад ШЕЗ гэдэг байгууллага нь энэ шүүгч нараа өмгөөлж хамгаалж, шүүгчийн эрхэд халдаад байна гэх мэдэгдэл хийгээд сууж байгаа нь мөн л шударга бусын хонгил бүх түвшинд баталгаатай байгаагийн нэг том жишээ юм. Энэ хонгилын түлхүүрийг атгаад сууж байгаа хүн нь яах аргагүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүхдээ үүрэг өгдөг. А.Гансүх нь Баасанцогтдоо үүрэг өгдөг. Баасанцогт нь Болдбаатар, Идэр гэсэн нэр бүхий шүүгчиддээ үүрэг өгдөг. Ийм байдлаар хууль, шүүхийн байгууллагыг завхруулж болохгүй гэлээ.
МАХН-ын гүйцэтгэх товчооноос УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн шаардлага бүрэн эхээрээ
Монгол Улсын Үндсэн Хуульд “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, “шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдэлнэ” гэж тунхаглан тогтоосон байдаг билээ.
Гэтэл сүүлийн үед нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, ҮАБЗөвлөлийн ажилтнууд эрүү, иргэний хэрэг, маргааныг шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлдөг, цаашлаад хууль бусаар нөлөөлөхөөр төлөвлөсөн зэргийг нотолсон баримтууд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтэд ил тод болсон нь шударга ёсны төлөө тэмцэж буй МАХН-ын гишүүд, дэмжигчид болон Үндсэн хуулинд заасан эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй Монгол хүн бүрийн анхаарлыг татаж, хууль, шүүхийн байгууллага, тэдгээрт ажиллагсадын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Хараат бус шүүх тогтолцоонд ноцтой хор уршиг учруулахуйц гэмт хэргийн шинжтэй эдгээр үйлдэл нь сүүлийн 10 жилийн турш яригдаж буй олигарх бүлэглэлийн гар хөл болсон “захиалгын шүүх”, “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлдэг шүүх”, “шударга бусын хонгилын шүүх” бодитоор оршин байгаагийн бодитой илрэл мөн гэж үзэж байна.
МАХН сүүлийн 10 жилийн хугацаанд хууль, шүүхийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчдөг тухай удаа дараа баримттайгаар мэдэгдэж энэ бусармаг ажиллагааг таслан зогсоохыг тууштай шаардсаар ирсэн юм. Гэхдээ МАХН хууль, шүүхийн байгууллагад ажиллагсад бүгдээрээ Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчдөг хэмээн тэдгээр байгууллагад ажиллагсадыг бүгдийг нь хавтгайруулан шүүмжилдэггүй бөгөөд харин тэнд МАНАН-гийн тодорхой даалгавартайгаар томилогдсон этгээдүүд энэхүү хууль бус үйл ажиллагаа явуулдагийг нэртэй нь тодорхой баримттайгаар илчлэн олон түмэнд мэдэгдэж байсан билээ. Тухайлбал, тухайн үед Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан С.Соёмбо-Эрдэнэ гэгч этгээд МАНАН-гийн захиалгаар Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчин хууль бус шийдвэр гаргаж байсан, ингэснийхээ төлөө шагнагдаж албан тушаал дэвшсээр байгаад саяхан одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон нь хууль, шүүхийн байгууллагад МАНАН хэмээх үзэгдэл, тэдний гар хөл болсон этгээдүүд шургалан шигдсэн хэвээр байгаагийн нотолгоо мөн хэмээн үзэж байна. МАХН С.Соёмбо-Эрдэнэ мэтийн этгээдүүд хууль, шүүхийн байгууллагад одоо ч ажилласаар, албан тушаал дэвшсээр байгааг цаашид ч илчлэн илрүүлж олон түмэнд мэдээлж байх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Мөн түүнчлэн “ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-д учир битүүлэг айлчлал хийж 20 сая доллар ачиж ирлээ” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ.
Үүний хариуд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх: “Ерөнхийлөгч, хуучин Ерөнхий сайд нарын дунд зөрчил үүсээд байгаа энэ зөрчилтэй үед ҮАБЗ хууль бус үйл ажиллагаа хийхгүй. Хийдэг ч үгүй. Хил хамгаалах, гааль, тагнуул, цагдаа бүгд Засгийн газрын байгууллагууд. Энэ байгууллагуудыг даваад их хэмжээний мөнгө оруулж ирэх боломжгүй. Ийм тэнэг үйлдэл хийхгүй. Энийг хэн хийдэг вэ гэвэл эрх мэдэлтнүүд хийдэг. Дээрх байгууллагуудыг удирдаж байгаа эрх бүхий хүмүүс, улс төрийн хүчийн ийм юм хийдэг” гэж мэдэгдлээ. Түүнчлэн тэрээр “ҮАБЗ-ийн 2 гишүүн ҮАБЗ-ийн хуралдаа ирж оролцохгүй байгаа” гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Энэ бүхнээс дүгнэхэд дээр нэр дурьдагдсан байгууллагын удирдлагуудын хууль бус үйл ажиллагааг ҮАБЗ-ийн ажлын алба мэддэг атлаа хууль, хяналтын байгууллагаар шалгуулдаггүй, эсхүл дээрх байгууллагуудын эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга гүтгэж байна гэсэн таамаглал өөрийн эрхгүй төрүүлж байна. Мөн Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудлыг хариуцдаг байгууллага өнөөдөр ажиллахгүй байгаа гэсэн туйлын ноцтой мэдээллийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга өөрийн амаар албан ёсоор өгсөн нь гадаадын улс орнууд, тэдний холбогдох байгууллагын анхааралд өртөж, ингэснээр Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул занал учирч байна гэж үзэхээс өөр аргагүй байдал бий болсон нь Монгол хүн бүрийн санаа сэтгэлийг эмзэглүүлж байна.
Иймд хууль, шүүхийн байгууллага, ҮАБЗ-ийн үйл ажиллагааг хуулийн дагуу, шударга байлгах үүднээс доорх шаардлагуудыг хүргүүлж байна.
1.Улсын Их Хурлаас баталсан шүүхийн шинэчлэлийн багц хуулийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг байгуулж нэр бүхий шүүгч, өмгөөлөгч, ҮАБЗ-ийн ажилтан нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоох ажлыг нэн даруй эхлүүлэх,
2. Дээр дурьдсан гэмт хэргийн шинжтэй хуйвалдаанд нэр холбогдсон шүүгч, өмгөөлөгч нарын оролцоотой хэрэг, маргааны шийдвэрийг “шинэ нөхцөл байдал үүссэн” үндэслэлээр дахин хянуулах ажлыг зохион байгуулах,
3. Шүүгч нарын гэмт хэрэг, ёс зүйн зөрчлийн шинжтэй үйлдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгэнт цацагдсан байхад “холбогдох гомдол, мэдээлэл ирээгүй” хэмээн шалтаглан хууль бус үйлдлийг хаацайлан хамгаалж байгаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийг бүрэн бүрэлдхүүнээр нь огцруулах
зэрэг шударга ёсны зарчимд нийцсэн хууль эрх зүй, нийгэм, улс төрийн цогц арга хэмжээг нэн даруй авч, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэхийг шаардаж байна.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн мэдэгдэлд дурьдагдсан зүйлс үндэслэл бүхий гэж үзвэл дээрх байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, эсхүл А.Гансүх нь гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг санаатайгаар тараасан бол үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардаж байна.
Сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа үйл явдлууд нь хэдэн албан тушаалтнуудын хоорондын маргаан мэтгэлцээн гэхээсээ илүү улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, Монгол Улсын иргэний Үндсэн хуулийн дагуу баталгаатай эдлэх ёстой эрх, эрх чөлөө ноцтой аюул заналд учирч байгааг нотолсон баримт мөн хэмээн үзэж, эдгээр асуудлыг төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд яаралтай шалган алдаа завхралыг нэн даруй илрүүлэн засах арга хэмжээ авахыг шаардаж байна МАХН-ын гүйцэтгэх товчоо гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn