Ч.ОЛДОХ
УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуутай Оюутолгойн гэрээний эргэн тойронд ярилцлаа.
-Монгол Улс Оюутолгойн гэрээг зурснаас хойш 10 жилийн дараа л Олон улсын шүүх дээр асуудал үүсч, түүнийг нь хэлэлцэх гэж байна. Гэрээ зурах үед УИХ-ын гишүүн байсан хүний хувьд та юу хэлэх бол?
-Юуны өмнө танай хамт олонд болон уншигч олон түмэнд энэ өдрийн амгаланг айлтгаж, эрүүл энх, сайн сайхныг хүсье. Бид цар тахал гэгч өвчин зовлонтой, хөл хорионд голдуу жил тойрлоо. Миний хувьд, төр, бизнесийн салбарт олон жил ажилласан, хамгийн сүүлд УИХ-ын гишүүнээр сонгогдож дөрвөн жил 76 дотор сууж юу болдог, яадаг юм байна гэдгийг дэргэдээс нь харсан. Одоо бол өөрийн үг, саналыг цахим хуудастаа товчхон бичиж суудаг болсон.
Тэр үед юу болсон бэ гэвэл, Оюутолгойн гэрээг С.Баярын Засгийн газар байгуулж, Сү.Батболд Ерөнхий сайд болоод УИХ-аар батлуулсан. Тухайн үед “Монголд ашиггүй гэрээг баталж болохгүй” гэж эсэргүүцэж байсан анхны зургаан гишүүний нэг нь би. “Зууны мэдээ” сонин биднийг “Эх оронч түшээ” гэж тодруулж, би хоёр удаа тэр өргөмжлөлийг хүртэж байлаа. Бид бол Оюутолгойн гэрээг засч сайжруулах ёстой, гэрээний нөхцлийг сайжруул. Монголд ашиггүй гэрээг баталж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Түүнээс битгий, боль гээгүй. Сайжруул, Монголд ашигтай болго гэж шаардсан. Харамсалтай нь бид хэчнээн шаардлага тавьсан ч нөхцлийг сайжруулалгүй олонхийн саналаар гэрээ батлагдсан. Гэрээгээ батлуулчихлаа гээд саарал ордон хөл хөөр болж, С.Баярцогт нар ам.доллараар тоологдох том тоо тавьсан цаасан самбар барьж зураг хөргөө татуулж байхад сэтгүүлчид тал талаас нь сурвалжлага хийж байсан, тэр дотор өөрөө бас ярилцлага авч, нийтлэл бичээд гүйж явсан сэтгүүлчдийн нэг шүү дээ. Тэгэхээр анх юу болсон, цаашаа ямар үйл явдал хөвөрснийг өөрөө сайн мэдэх байх.
-Тухайн үед Оюутолгойн гэрээний төслийг зургаан сараар хойшлуулж байсан шүү дээ?
-Оюутолгойн гэрээний төсөл 2009 оны намар УИХ-д орж ирсэн. Гэрээний төслийг сайжруул гэж шахаж шаардаж, Монголд ашиггүй бол баталж болохгүй гэж эсэргүүцэл үзүүлж байхад дундуур нь манай урвагчид бужигнуулаад зургаан сараар хойшлуулсан. Тэр нь анх гарсан хөрөнгө оруулалтын гэрээний тухай УИХ-ын 57 дугаар тогтоолыг өөрчлүүлэхгүй бол болохгүй гэж үзсэн байдаг. Тогтоолын гол агуулга нь 1997, 2004 оны үед шинэчлэгдсэн Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд хийсүгэй гэсэн утгатай. Түүнээс засах, сайжруулах тухай “А” үсэг ч байгаагүй. Тэр 57 дугаар тогтоолыг засах гэж зургаан сар хойшлуулсан. Түүнийг хийсэн хүн нь ХЗДХ-ийн сайд байсан Ц.Нямдорж, мөн энэ асуудалд маш хариуцлагагүй хандсан хүн бол УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл, Эрдэс баялгийн сайд байсан Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг тэргүүтэй нөхдүүд. Н.Алтанхуяг одоо л шударга хүн болж дүр эсгээд, би “Хонгил”-оор явсан гэж хашгираад байгаа болохоос тухайн үед Оюутолгойн гэрээг байгуулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Тэргүүн Шадар сайд шүү дээ. Түүнийг нь хүмүүс ч мартсан шиг билээ. Сэтгүүлч та бүхэн санахгүй байгаа бол, архив сөхөөд харчихна биз. Н.Алтанхуяг “Та нар ингэж болохгүй, гэрээг сайжруул” гэж зөв дуугарч байсан бол ийм зүйл болооч уу, үгүй ч үү. Ц.Элбэгдорж ч тэр үед байж л байсан.
Энэ мэт ороо, бусгаа нөхдүүд тухайн үед тийм зүйл хийгээгүй бол Оюутолгойг 250 сая ам.долларын дэнчинд тавьж алдахгүй байсан. Түрүүнд хэлсэн дээ, Төрийн ордны их танхимд “Айвенхоу Майнз”-ийнхан 250 сая ам.доллар гэж тоо тавьсан хурдан морины пайз шиг самбар гардуулсныг манайхан хөл нь газар хүрэхгүй авч зураг хөргөө даруулж бөөн хөл болсон нь тийм учиртай. Тэр үед “Оюутолгойгоо тавьж туулаа шүү” гэж одоогийн С.Ганбаатар шиг ганцаараа орилж байсан ч, хэн ч тоогоогүй. Уг нь тухайн үеийн УИХ-д боломж байсан. Гишүүд эхлээд зургаан хүн эсэргүүцсэн нь нэмэгдсээр бас ч гэж ихэнх нь “Гэрээгээ сайжруул” гэж дуугардаг болоод байсан цаг шүү дээ.
-Тэр үед гэрээг баталчихвал Монгол Улс 78 хувийг нь эзэмшинэ, гэрээ батлахгүй байгаагаас өдөрт олон сая доллар алдаж байна гэсэн тархи угаалт их явсан. Тэр нь ч их нөлөөлсөн байх, гэрээг зурахад?
-Тэгж хуурч байгаад танай улс 34 хувийг эзэмш, 250 сая ам.долларыг зээл гээд хүүтэйгээр өгчихсөн. Тэр нь явсаар Монгол Улс дааж давшгүй өрөнд орсон. Биднийг маргалдаж байх хооронд аль хэдийнэ ил уурхайг арилгаад аваад явчихсан. Тэгээд гүний уурхай руу орох болсон чинь Ч.Сайханбилэгийн “Тоглоом”-ын Засгийн газар гарч ирээд Дубайн гэрээ гэгчийг зурчихсан. Тэр нь гэрээ ч биш Засгийн газрын тогтоол, эсвэл хамтарч ажиллах захирамж маягийн юм байна уу гэж би ойлгосон. Тиймээс Арбитрт хандах юм уу, олон улсын шүүхээр яваад буцааж авахад хэцүү болсон. Яагаад гэвэл олон орон, тэдгээрийн банк санхүүгийн байгууллага оролцчихсон. Нэг ёсондоо дэлхийн санхүүг баздаг 127 хүний гарт орчихсон. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн алуурчид гартаа оруулчихсан. Авах нэг л арга бий.
-Тэр нь юу билээ ...?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав яг нэг хүн шиг байгаад “Бид алдчихжээ, буруу юм хийжээ” гэж хойд, урд хөршдөө үнэнээ хэлж тэдний тусламжийг авах хэрэгтэй. Хоёр хөршийнхөө тусламжийг авахгүйгээр хийнэ гэвэл яагаад ч бүтэхгүй. Ийм гарц шийдэл ярихгүйгээр боломжгүй. С.Ганбаатар гишүүн ганцаараа мянга хашгираад нэмэргүй. ҮАБЗ-ийн гурван гишүүн яг нэг санаатай байж л шийдлийг олно. Ер нь бол анхнаас нь “Эрдэнэт”-ийнхээ бэлэн жишээн дээр хийж болох л байсан, 49:51 хувь гээд. Хэлээгүй биш хэлсэн, яриагүй биш ярьсан. Нэг биш эрдэмтэн судлаачид бидэнтэй нэгдэж санал дэвшүүлсэн, төр засаг маань тоогоогүй. 17 төрлийн татвар авах ёстойг хэлээд мөн л авч хэлэлцээгүй. Сүүлдээ урвагчдын гайгаар 11 төрлийн татвар болж өөрчлөгдсөн. Би Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн байхдаа Ажлын хэсэг ахалж захирамж гаргуулаад “Гэрээгээ аваад ир” гэхэд ямар ч орчуулгагүй англи хэл дээр дөрвөн боть авчирч өгч байсан. Геологийн мэргэжлийн орчуулагч манайд байдаггүй юм байна лээ. Хүнээр хальт орчуулуулаад харахад 34 хувь гэдэг дээр манайхан хахууль авсан юм байна гэж би ойлгосон. Эх орон, ард түмнээ боддог хүмүүс байсан бол “Бушуу туулай борвиндоо...” гэгчээр бид тэгж яаран сандран гэрээ хийх шаардлага байгаагүй. Манай хахуульчид авлига авах гэж яараад өчнөөн цоорхой гэрээ баталсан. Тэр байтугай манай дарга нар “Манай Айвенхоу Майнз” гэж яриад бөхөлзөөд байсан шүү дээ. Тэрний ард “Рио Тинто” байсан юм билээ. Ингэж бид Оюутолгойгоо тавьж туусан. Сүүлдээ манай “Фортуна” Н.Батбаяраас өгсүүлээд сайд болоод дуугарахаа ч байчихсан. Ер нь Оюутолгой тойрсон үйл явдлаас ямар дүгнэлтэд бид хүрч байна вэ гэвэл, Монгол орны газрын доорх баялаг арвин их юм. Түүнд эзэн суух гэсэн элдэв бүлэглэлийн улайрсан шунал, тэмцэл явсаар ирлээ, өнгөрсөн 30 жилд.
-Одоо ч баялгийн төлөөх тэмцэл, талцал сошиалд газар авчээ?
-Хэрүүлийн алим болсон ертөнц юм. Хэн нэгнээ доромжилж байдаг талбар, тэр дотроос зарим улстөрч хождог шиг байгаа юм. Улстөрчдийн хэрүүл нь ч гудамжны маргаан болж шившиг болж дууслаа. Бүх юмыг “корона” нэрээр хаагаад, тайлан, тооцоо бодох, хөтлөх , санхүүгийн сахилга бат, мөнгөний бодлого байхгүй болж дээ. Ингэж явж болохгүй л дээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.POLIT.MN