Ч.ЗОТОЛ
Хүний эрхийн форумаас Төрийн банкийг хувьчлахыг эсэргүүцэж, үүний оронд “Ядуурлыг бууруулах, ашгийн бус” банк болгон өөрчлөн байгуулах замаар чинээлэг давхаргаас бусад бүх иргэдээ ядуурлаас хурдан хугацаанд гаргахыг шаардаж Ерөнхий сайдад хандахаар болжээ.
Албан бичигт “Бид ядуурлаас гарах иргэний хөдөлгөөн өрнүүлж төр, засагтай хамтарч ажиллах хүсэлтэй байна” гээд хэд хэдэн үндэслэл, судалгааг гаргаж тавьжээ. Үүнд:
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 5.4 дэх “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэж заасныг үндэслэн, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хэрэгжүүлэхээр амласан НҮБ-ын “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн гол зорилго болох хөгжлөөс “хэнийг ч орхилгүй” ядуурлыг тэглэж, дэлхийн хэмжээнд 5,3 тэрбум дундаж орлоготой иргэдийг бий болгох уриалгыг сануулан, “Covid– 19” цар тахлын өмнө Монгол Улсын хүн амын 28 хувь ядуу, 15 хувь ядуурах өндөр эрсдэлтэй байсан бол цар тахлын нөлөөгөөр ядуурал улам өргөжин, гүнзгийрсэнийг тэмдэглэн, МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх Засгийн газрын 2020-2024 мөрийн хөтөлбөрийн суурь үзэл баримтлалын дагуу “амьдралын чанар ба дундаж давхарга” хэмээн үзэж нийгмийн бүх салбарт тэгш бус байдлыг багасгаж, ядуурлыг арилгах, дундаж орлоготой иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой сорилт тулгарч байгааг анхааруулж байна.
Энэ цаг үед төрийн өмчийн 600 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжээс 300 гаруй нь алдагдалтай ажилласан гэсэн үндэслэлээр хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлэхээр төлөвлөж, үүнд, Төрийн банк оржээ. Уул шугамандаа төрийн өмчит компанийн алдагдалтай ажиллаж байгаа уг үндсийг тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь олон нийтийн өмнө ил тод байлгах зэрэг олон алхам байгаа ч үүний оронд хувьчлалыг сонгож байгааг бид буруутгаж байна. Өмнөх гашуун туршлагаас харахад хувьчлал ард түмний тун цөөнх болох эрх мэдэлтэй чинээлэг давхаргын хөрөнгийг улам зузаатгаж, иргэд өмч хөрөнгөгүй, ажлын байраа алдаж олон зуугаараа ядууралд орсон билээ.
Төрийн банк нь хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, экспортыг дэмжиж ажилладаг бөгөөд энэ нь ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг арилгахад онцгой нөлөөтэй. Төрийн банк нь аймаг, сум бүрт салбартай тул “Ядуурлыг бууруулах, ашгийн бус” банк болгон өөрчлөхөд тохиромжтой дэд бүтэцтэй. Тус банкыг ядуурлыг бууруулах, ажлын байр хадгалах, нэмэгдүүлэх чиглэлд хүүгүй болон маш бага хүүтэй зээл олгодог байдлаар өөрчлөн байгуулах бүрэн боломжтой хэмээн үзэж байна. Үйл ажиллагааны ил тод байдал, олон нийтийн хяналтыг бий болгох, компанийн засаглалыг сайжруулах замаар гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломжтой. Мөн одоогийн алдагдалтай ажилласан гол шалтгааныг бодитой тогтоож, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх нь энэ байдал дахин давтагдахгүй байх гол хүчин зүйл болохыг анхаарах шаардлагатай.
Бид “Ядуурлаас гарах иргэний хөдөлгөөн” өрнүүлж төр засагтай хамтарч ажиллах хүсэлтэй байна. Иймд бидний төлөөллийг хүлээн авч уулзах боломж олгох, шаардлагад 15 хоногийн хугацаанд хариу ирүүлнэ үү” гэжээ.
Хүний эрхийн форумын гишүүн ТББ-ууд маргааш Төрийн ордны үүдэнд очиж албан бичгээ ЗГХЭГ-т гардуулж өгнө гэв.
Эх сурвалж: www.polit.mn