Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, МАХН-ын Гүйцэтгэх товчооны ХЭГ-ын дарга Н.Уламбаяр нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
МАХН-ын дарга Н.Энхбаяр МАХН-аас шинэ Засгийн газарт хандан гаргасан зөвлөмжүүд бүхий Мэдэгдлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулав.
Уг Мэдэгдэлд коронавирусын цар тахалыг богино хугацаанд устган арилгах бодитой арга болсон вакцинжуулалтад иргэдээ яаралтай хамруулах шаардлагатай байгаа талаар зөвлөмж орсон тухай ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газар энэ зөвлөмжтэй санал нэг байгаагаа илэрхийлээд вакцинжуулалтыг сар шинийн баяраа эхлүүлж, энэ оны 7 сарын 1-нээс өмнө нийт 2,0 сая иргэнийг хамруулан хийхээр төлөвлөж үүнд чиглэгдсэн бэлтгэл арга хэмжээ авч эхэлснийг мэдэгдэв.
МАХН шинэ Засгийн газраас жижиг дунд бизнесийг дэмжих талаар тодорхой арга хэмжээ авах, тухайлбал саяхнаас хэрэгжиж эхэлсэн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн хуулийг эргэн харж хэрэгжилтийг нь хойшлуулах, хэмжээг нь бууруулах санал илэрхийлэв.
Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Монголын талд үр ашиг муутай “Оюу толгойн ХОГэрээ”-г өөрчлөн сайжруулах, “Дубайн гэрээ”-г хүчингүй болгох талаар нийт Монголчууд санал нэгдэн эрх ашгаа хамгаалах нь зүйтэй гэсэн санал илэрхийлэв. Үүний тулд НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс хэлэлцэн баталсан 1962 оны тогтоолд дурдсанчлан тухайн улс орны ард түмэн нутаг дэвсгэртээ байгаа байгалийн баялагийг захиран зарцуулах бүрэн эрхтэй гэсэн зарчимд тулгуурлан “Оюу толгойн ХОГэрээ”, “Дубайн гэрээ”-г өөрчлөн сайжруулах, хүчингүй болгох асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх боломжтойг анхааруулан зөвлөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газар МАХН-ын баримталж ирсэн “Оюу толгойн ХОГэрээ”, “Дубайн гэрээ” зэрэг бичиг баримтууд Монголын талд үр ашиг муутай гэдэг саналтай ижил байр суурь баримталж байгаагаа илэрхийлж, гэрээнүүдийг өөрчлөн сайжруулах асуудалд хамтран ажиллахаа илэрхийлэв. Ерөнхий сайд “Дубайн гэрээ”-г цуцлах асуудал нэн тэргүүний ажил болохыг онцлоод ингэснээр эдийн засагт гарах үр өгөөж хэрхэн нэмэгдэх боломж бүхий судалгааны дүнг танилцуулав. Мөн Оюутолгойн ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүдийг оруулж байгаагаа илэрхийлж, Улсын Их Хуралд суудалтай намын хувьд хамтран ажиллахыг уриалав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-аас шинэ Засгийн газарт хадан гаргасан зөвлөмжүүд бүхий Мэдэгдлийг хүлээн авахдаа зөвлөмжүүдтэй анхааралтай танилцаж ажил хэрэг болгох талаар санаачилгатай ажиллахаа илэрхийлж, цаашид ч энэ мэтээр ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлэхдээ бэлэн байна гэсэн байр суурьтайгаа мэдэгдэв.
Тухайлбал МАХН-ын олон нийтэд санал болгон санаачилсан, иргэдийг орон сууцжуулах ажлын хүрээнд ипотекийн зээлийн хүүг бууруулах, арилжааны зээлийн хүүг жилийн 3 хувь болгох зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэлээ. Шинэ Засгийн газар энэ ажлын хүрээнд 2,0 их наяд төгрөгийн эх үүсвэр гаргах болж байгаагаа танилцуулж, эдгээр төлөвлөсөн ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хүнд суртлыг арилгах талаар тодорхой зарчим нэвтрүүлэхээр судалж байгаагаа мэдэгдэв.
МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ковид-19-ийн цар тахал, түүний сөрөг нөлөөллийн уршгаар иргэдийн ахуй амьдрал эрс муудсан зэрэг хүндрэлийг цаг алдалгүй даван туулахын тулд шинэ Засгийн газар улс төрийн намууд, иргэдийн байгууллагуудын саналыг сонсож, хамтран ажиллахын чухалыг онцлон тэмдэглэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газар хойшид авч хэрэгжүүлэх ажил, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ МАХН-тай хамтран ажиллахад бэлэн гэдгээ дахин илэрхийлж хамтарсан ажлын хэсэг байгуулж, бүтээлч байдлаар хамтран ажиллах боломжтой талаар байр сууриа илэрхийлэв.
Мөн Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс үндэсний аюулгүй байдлын орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллах эрхзүйн орчин бүрдвэл үндэсний нэгдмэл үнэт зүйлс бүрдэж, үндэсний эв нэгдэл хангагдахад чухал болох талаар харилцан санал солилцжээ.
Эх сурвалж:www.polit.mn