З.Батцэцэг
-Жорж, энэ жил та бусдын адил гэртээ их цагийг өнгөрөөсөн. Таны хувьд энэ жил ямар болж өнгөрөв?
-Би хүүхдүүдээ хараад баярлаж, сэтгэл хөдөлж суулаа. Энэ зун Элла, Александр хоёр дугуй унаж сурсан. Би 1996 онд Лос-Анжелест байшин худалдаж авсан байсан. Тэндээ карантины бүх хугацааг өнгөрүүлсэн. Би дэлхийн олон сайхан газар үл хөдлөх хөрөнгөтэй ч (Жорж Италийн Комо арал дээр том байшин, Мексикийн Кабо-Сан-Лукаст, Англид Темза мөрний эрэг дээр томоохон эдлэнт газартай), энэ байшинг хүчээ сэлбэх газар гэж боддог. Энд унтлгагын гурван өрөө, ажлын өрөө, зочны өрөө, теннисний талбайтай, тэрийгээ одоохондоо дугуйн талбай болгосон байгаа. Ажлын өрөөгөө хүртэл ихрүүдэд өгч хүүхдийн өрөө болгосон. Тэгээд би зочны өрөөний цонхоор хүүхдүүд дугуй унаж сурч байгааг харж байсан. Хурдаа авч их хурдаг сурсан ч, зогсож сурах гэж нэлээн юм болсон.
-Цар тахал таны сэтгэл зүйд яаж нөлөөлсөн бэ?
-Бүх хүний хувьд аймшигтай жил боллоо. Аймшигтай эхлээд, аймшигтай үргэлжлээд, төгсгөлд нь жаахан найдвар төрлөө. Гэхдээ надад гомдоллох эрх байхгүй, би азтай хүн. Миний карьер, санхүү амжилттай байна (2017 онд Клуни өөрийн текила үйлдвэрлэлийн компаниа амжилттай зарсан). Карантины үед ч зарим хүнтэй харьцуулахад хангалттай орон зайд байлаа. Бид гуравдугаар сараас эхлээд хаашаа ч яваагүй, учир нь манай хүү астматай. Хүүхдүүд бага өвдөж байгаа гэсэн ч юмыг яаж мэдэх вэ? Зуун хувь дүгнэлт хийхэд дэндүү бага хугацаа өнгөрлөө.
-Таны амьдрал эхнэр аваад өөрчлөгдсөн. Үл итгэгчдэд хүртэл хэлчих муу үг олдохгүй байх шиг байна.
-Би өөрийгөө гэрлэнэ гэж бодож байгаагүй, тэр тусмаа хүүхэдтэй болно гэж. Нээрээ итгэж байгаагүй. Би ажил ихтэй, сайхан найзуудтай, амьдрал дүүрэн амьдарч байгаа юм шиг санагдаж байсан. Амальтай учирч гэрлэх хүртлээ би амьдрал минь дүүрэн биш байсныг ойлгоогүй, буруу бодож байж. Би амьдралдаа анх удаа хэн нэгний амьдрал, ажил үйлс минийхээс илүү чухал байж болдог гэдгийг ойлгосон. Тэгээд дараа нь хоёр жижигхэн хүн гарч ирээд, тэднийг өсгөх шаардлагатай.
-Та Амальтай танилцсанаа яагаад дандаа нуудаг юм бэ?
-Би Комо нуурын эрэг дээрх гэртээ амарч байтал манай найз танилтайгаа зочилж ирнэ гээд. Тэд хамтдаа Канны фестивальд оролцох гэж байсан юм. Тэр үед манайд ээж, аав, хэдэн найзууд байсан. Тэгээд би мэдээж хүрээд ир л гэсэн. Бид шууд бие биедээ таалагдсан. Ямар ч байлаа гэсэн надад түүний гоо сайхан, ухаан, хошигнол шууд таалагдсан. Бид бүхэл шөнөжингөө юм ярьсан. Гэхдээ дараа нь болзоогүй их удсан. Хэдэн сараар бие биедээ захиа бичиж байсан. Дараа нь би Лондонд ирлээ. Ажлаар. Тийм ээ надад Амаль таалагдаж байсан ч, би шууд энэ харьцаанд шумбаж орохыг хүсээгүй. Хамгийн түрүүнд насны зөрүүгээрээ би түүнд тохирохгүй гэж бодсон. 17 жил гэдэг чинь бага биш. Түүний нүдэнд би өвгөн болж харагдаж байгаа ч юм бил үү хэн мэдэх вэ?
-Үнэмшсэн юм шиг л байя...
-Нээрээ шүү (инээв). Би Лондонд өөрийн киноны дууны бичлэгт орохоор ирсэн. Тэгээд тэрээр хүний эрхийн хуулийн талаархи хүнд хэцүү ажлын дараа студид ирлээ. Би мэдээж сэтгэгдэл төрүүлэлгүй яахав: домогт студид хөгжмийн оройг өнгөрөөснөөр түүний сэтгэл сэргэсэн. Үүнээс хойш бид бараг салаагүй. Хэвлэлийн нүүрэн дээр гарахаасаа өмнө бие биеэ сайн таньж мэдэхийн тулд бид их нуугдсаан. Английн папарацчууд миний мэдэхийн хамгийн мундаг нь.
-Гэрлэх санал тавихдаа бас эргэлзэж байсан уу?
-Бид энэ тухай үнэхээр ярилцаж байгаагүй. Би үнэхээр аз таарна гэж бодоогүй, ямар ч бэлтгэлгүй гуйсан. Миний зөв байсан. Амаль за гэж хэлтэл 20 мин би сөхөрч суусан (инээв). Би бас яаруулсаан, үе өвдөөд байна хурдлаарай гэж. Энэ тухайгаа Амалийн ээж аавд хэлтэл “Үе мөч нь өвддөг юм уу? гэж их санаа нь зовж асуусан шүү”.
-Хүүхдийн талаар мэдээж бодоогүй л биз дээ?
-Үгүй. Ямар ч байсан энэ тухай ярьж байгаагүй. Хэсэг хугацааны дараа энэ тухай ярилцсан. Дараа нь эход харуулах гээд эмч дээр очтол “хүүтэй болох нь” гэж хэлсэн. Би ч гайхалтай, хүү гэтэл эмч “хүлээж байгаарай энд бас нэг хүүхэд байна” гэсэн. Би ер нь нэг л хүүхэд гэж бодож очсон. Би чинь хөгшин хүн, гэтэл шууд хоёр хүүхэд. Би дуугаа хураах тохиолдол бараг байдаггүй. Тэр үед би 10 мин орчим хэлэх ч үг олдоогүй (инээв). Ингэж л миний хүүхдүүд төрсөн юм даа. Би ийм юм болно гэж төсөөлж ч байгаагүй болохоор үнэхээр гайхалтай байсан.
-Түрүү жил таны хүзүү өвдөж мөн хагалгаанд орсон...
-Тийм ээ. Эмч нар нуруунаас олж илрүүлсэн зүйлтэй харьцуулахын бол хүзүү юу ч биш. Би хэлээд байна шүү дээ, хөгширнө гэдэг чинь онцгой “таашаал”. Энэ асуудал их эрт 15 жилийн өмнө үүссэн. “Сириана” кино зураг авалтын үеэр цохилтын үед миний сууж байсан сандал унаад. Тэр үед нугастай холбоотой нэг бүрхүүл нь урагдсан гэсэн. Товчоор хэлбэл нугасны шингэн нь хамарнаас гоожиж эхэлсэн...
-Та хэлэхдээ их хүчтэй өвдөж байсан болохоор үхмээр санагдаж байсан гэсэн?
-Тийм ээ. Тэгээд дараа нь “өвдөлт-залуу” нэртэй гайхамшигтай хүн дээр очсон. Ямар ч хүчтэй эмгүйгээр тус болдог.... Тэр өвдөлтөд өөрөөр хандуулж сургасан: энгийн үзэгдэл гэж. Гол утга нь өөрийн өвдөлтийн босгоо тогтоодог. Яагаад гэвэл бид голдуу өвдөлт эхлэхээс өмнө сандарч эхэлдэг... Удаан бэлтгэл хийсний эцэст миний бие өвдөлтгүй болоход би жинхэнэ таашаалыг мэдэрсэн. Үнэхээр бодитоор өвдлөө ч тэвчиж болохоор байлаа.
-Гэвч таны мотоциклд дуртай зангаасаа болж дахин бэртэхээ дөхсөн?
-(санаа алдав). Тийм ээ хэдэн жилийн өмнө Сардинид “Catch 22” сериалын зураг авалттай байсан. Би маш хурдтайгаар хаанаас ч юм гараад ирсэн машиныг мөргөсөн. Нээрээ шүү, бидэнд бичлэг нь байгаа. Би чадах бүхнээ хийгээд, эргээд гар өвдөгөөрөө тулж унасан. Өөрөөр унасан бол шууд шарсан талх. Газар унаад бүх шүд үүрмэг болсон гэдэгт итгэлтэй байсан. Гэвч энэ нь хагарсан шил байж... Олон жил мотоцикл унаж байгаа болохоор машинтай мөргөлдөөд хүзүүндээ бэртэл авахад тахир дутуу болдог гэдгийг би мэднэ. Тэгээд хоёр долоо хоног хэвтээд хэзээ мэдээгүй болох бол гэж айж байсан. Хүзүү, өвдөгний бэртэл аваад гайгүй өнгөрсөн...
-Энэ үед амьдрал нүдний чинь урдуур өнгөрсөн үү?
-Голдуу эхнэр, хүүхдээ харахгүй болох нь дээ гэж бодож байсан. Тэрнээс хойш эхнэр мотоцикл унахыг хориглосон. Би энэ хориог зөв зүйтэй гэж хүлээж авсаан... Гэхдээ би нэг зүйлд гайхсан. Би ганцаараа байгаагүй, миний найз, бизнесийн хамтрагч, кино зохиолч, продюсер Грант Хеслов хамт байсан. Сэрээд өвдөөд хашгирсан. Үнэхээр бодитоор хашгирсан. Грант бүгдийг нь түргэн дуудаарай гэж орилоод, гэтэл хүмүүс машинаасаа буугаад утсаа гаргаад бичлэг хийгээд эхэлсэн...Намайг хөгийн хүн гэж битгий бодоорой. Би аль болохоор амьдралыг эерэгээр харахыг хичээдэг... Гэхдээ тэр үед миний толгойд амьдралын сүүлийн мөч минь зөвхөн хүмүүсийг баясгах л боломж болоод дуусах нь дээ гэсэн бодол орж ирсэн....Дараа нь бүх юм зүгээр болсон үед дахиад эрч хүчтэй Клуни болсондоо баяртай байгаа.
-Карантины үеэр таныг зүгээр сууж байсан гэж төсөөлөхгүй байна.
-Мэдээж, үгүй. Өөрийн сүүлчийн “Шөнө дундын тэнгэр” киног редакторлосон. Өөрийнхөө болон хүүхдүүдийхээ үсийг зассан, хог шүүрдэж, тоос соруулж, юм угаасан. Бас аяга тавагнуудаа угаагч машинд хийсэн. Ээж минь өглөөнөөс орой болтол яаж биднийг халамжилдаг байсныг мэдэрсэн. Тэр яахав бүр нэг удаа ээж яагаад хөхний даруулгаа түлснийг хүртэл мэдсэн.
-Хошин хүн шүү.
-Үгүй ээ, тоглоогүй байна (инээв). Гэрийн ажлаас болж галзуурах юм билээ. Азаар би найзуудтайгаа чаттай. Үе үе бие биенийгээ зүгээр байна уу гэж шалгаж байсан. Харин бүх ажлын эд зүйлсээ, барааг зочны өрөөнд нүүлгэж оруулсан нь надад таалагдаагүй. Гэхдээ би урьдчилаад хэдэн текила зөөлөн бамбаруушанд нууж амжсан, үе үе юу ч болоогүй юм шиг нааш цаашаа явж байсан. Тиймээс заримдаа дарс, лаа компьютерийн урд тавиад найзуудтайгаа сайхан оройн зоог барьж байсан. Амаль харин хүүхдүүдээ харахын хажуугаар томоохон олон улсын шүүхэд бэлдэж байсан. Тэрээр өчнөөн олон ухаантай хүмүүстэй яриа өрнүүлдэг, би энэнээс нь аль болохоор хол байхыг хичээдэг...
-Сүүлийн “Шөнө дундын тэнгэр” киноны талаар та продюсер, найруулагч, жүжигчнээр ажилласан. Ганц бие одон орон судлаач эрдэмтэн дэлхийн сүйрэл болсны дараа ганцаараа амьд үлдсэн гэж бодож байтал одон орон судлаачдын багтай тааралддаг...
-“Таталцал”, ”Амьд үлдэсэн нь” кинонуудтай төстэй. Үнэндээ энэ кино эрт орой хэзээ нэгэн цагт хүн харамсдаг талаар өгүүлсэн юм. Энэ кино гунигтай ч, миний өөдрөг үзэл түүнд ажиглагдана. Би уг киног урам зоригтой кино болно гэж бодож байсан. Учир нь анхнаасаа л би сайн утгаараа бид бие биедээ зориулж юу хийж чадах талаар кино хийе гэж бодож байлаа. Гэтэл цар тахал гараад. Би яг постпродакшн үе дээрээ явж байсан. Тэгээд нэг зүйлийг ойлгосон. Бид гэртээ, ойр дотныхонтойгоо, хайртай хүмүүстэйгээ үргэлж холбоотой байхыг хүсдэг.... Гэвч үүнийгээ мартчихдаг юм шиг.... Амьдралдаа хайртай хүнтэй байх ямар сайхан...
-Та кинонд тоглох нь ховох болж. Энэ кино, “Catch 22”сериал, ингээд л болоо. Сүүлийн жилүүдэд таныг өөр дэлгэцнээ харахгүйнь ээ?
-Би их сургуулиа хаяад, сэтгүүлч болох хүслээсээ татгалзаад Лос-Анжелес явахад манай аав “боловсорлоосоо дэмий татгалзлаа даа” гэж хэлж байсан. Мэдээж аавын зөв. Одоо өөрөө аав болчихоод харж байхад хүүхдүүддээ урьдчилж юу ч таамаглаад хэрэггүй гэдгийг ойлгосон. Тэр тусмаа би тэднийг хэн болгохыг хүсэж байгаагаа тулгах хэрэггүй. Бүтэхгүй зүйл. Тиймээс ихрүүд надад хэзээ нэгэн цагт өөрсдийн хамгийн тэнэг шийдвэрээ хэлэхэд “Өөрсдөө мэд. Өөрсдийн алдаагаа өөрсдөө хий” гэж хэлж чадах байх гэж найдаж байна.
-“Түргэн тусламж” сериал их амжилтад хүрсэн ч их удаан хугацаанд таныг муу жүжигчин гэж байсан?
-Тийм. 1999 онд “Гурван хаан”кино зураг авалтын үеэр найруулагч Дэвид О.Рассел “Чи авьяасгүй тоглож байгаадаа санаа зовохгүй юмаа” гэж хэлж байсан санагдаж байна. Тэр илүү бүдүүлэг үгээр хэлсэн л дээ. “Түргэн тусламж”-ийн зураг авалтын үеэр Стивен Спилберг ирээд “Чи од болъё гэж бодож байгаа бол толгойгоо битгий сэгсрээд бай” гэж эелдгээр зөвлөсөн (инээв). Спилбергийн зөв байсан. Тэр ямар утгатай юм хэлсэн гэхээр. Заримдаа муу бичигдсэн хэсгийг аврахын тулд байдаг чадлаараа хэт хичээх хэрэггүй, зүгээр өөрийхөөрөө бай гэсэн. 12 жилийн турш жижиг дүрд тоглож байгаад арай гэж кинонд тоглох боломж олдмогц юу чаддагаа харуулахыг хичээдэг. Тэгээд л янз бүрийн зүйл үзүүлж өгнө.
-Та дур булаам муу дүрд сайн тоглодог. Тарантиногийн “From Dusk till Dawn”, Родригосын кинонууд зэрэг...
-(инээв). Санал болгосон бүх киноны муу дүрд тоглосон. Дахин, дахин.
-Тиймээс та өөрөө кинозохиолч найруулагч, продюсер болохоор шийдсэн үү?
-Найруулагч бол зураач. Жүжигчид бид бол зүгээр өнгийн будаг. Өөрийн дуртай ажил, бизнес рүү өөрөөр яаж гүн орж болох уу? Би 60 хүрчихээд студийн босс, залуу найруулагчид юу гэж хэлэх бол гэж санаа зовмооргүй байна. Би өөрөө энэ процесст оролцмоор байна. (2006 онд Клуни “Сириана” киногоор анхны Оскараа авсан. Тэр үед өөрөө кино зохиол бичээд эхэлсэн байсан).
-Хүүхдүүдээ том болтол үзүүлэх кино танд их байхгүй..... “Оушены 11 найз” байж болох юм. Та өөрийн багаа хэзээ бүрдүүлсэн бэ?: Питт, Деймон, Жулиа Робертс...
-Анхны ангийг хийх мөнгө ердөө 85 сая байсан. Харин одуудыг тоглуулахад их мөнгө хэрэгтэй. Бүх мөнгөө тэдний цалинд зарцуулаад л дуусна. Хүрэх ч үгүй байсан байх. Питт, Деймон хоёрыг ятгаж чадсан. Жулиа Робертсыг тэр үед таньдаг ч үгүй байсан. Гэхдээ хямдхан тоглуулах гэж түүнд хандах арга хэрэгтэй байсан л даа. Тэр үед Жулиа нэг кинонд тоглоод 20 саяыг авдаг байсан. Гэхдээ бид түүнийг тоглуулахыг их хүссэн. Тэгээд би түүн рүү кинозохиолоо 20 доллартай явуулсан. Дугтуйд хийгээд “Чамайг кинонд тоглоод хорийг авдаг гэж сонслоо” гэсэн бичиг хийгээд явуулсан (инээв).
-Амжилттай. Та найз Питт, Деймон нараар яаж тоглоом хийдэг талаар Холивудад домог болсон яриа байдаг. Харин 2017 онд таны найз Рэнди Герберийн (Синди Кроуфордын нөхөр) ярьсан үнэн үү? Та өөрийн 14 найзаа дуудаад бүгдэд нь сая доллар бэлэглэсэн гэж? Та энэ тухай үгүйсгээгүй, батлаагүй...
-Үнэн. Тэр үед би гэр бүлгүй байсан. Амальтай танилцсан байсан ч, хайр сэтгэл, гэр бүл зохиох бүр болоогүй байсан үе. Би 50 нас жаахан гарсан. Бид бүгд хөгширдөг. Миний ихэнх найз нар надаас ах. Тэр жил “Таталцал” кино гарах ёстой байсан. Продюсерууд уг киног амжилт биш, дампуурал хүлээж байгаа гэдэг итгэлтэй байлаа. Тэгээд бид цалин биш, орлогын хувь авья гэж тохирсон. Харин кино минь амжилттай гараад, бид бүгд муугүй мөнгө олсон. Тэгээд би бодсон л доо “Миний найдваргүй ажилд намайг 35 жил дэмжсэн найзуудаас өөр надад юу байгаа билээ?”.Ххэцүү үед би найзуудаасаа мөнгө авч байсан, гэрт нь буйдан дээр нь хонож байлаа. Мэдээж би тэдэнд тусалж байсан л даа. Гэхдээ тэдэнгүйгээр энэ өндөрлөгт хүрэхгүй байсан. Гэнэт маргааш автобусанд дайруулаад үхвэл миний гэрээслэлд тэд бүгд бий. Гэхдээ автобусанд дайруулахаа хүлээгээд байх ямар шаардлагатай юм?
Гол даалгавар бол 14 саяыг бэлнээр олох байлаа. (инээв). Өөрийн хамгаалагч, туслах хоёроос өөр хэнд ч хэлээгүй. Тэр хоёр үхтлээ айсан. Дараа нь 14 ижил чемодан аваад, мөнгөө хийсэн. Найзуудаа дуудлаа. Карт гаргаж ирээд тэдний ачаар хаана очиж байснаа заасан. “Би та нарт яаж талархах вэ?Энэ боломжгүй. Сая ногоон өгвөл ямар уу?”. Хамгийн инээдтэй нь энэ явдал 2013 оны есдүгээр сард болсон. Жилийн дараа есөн сарын 27-нд би гэрлэсэн. Ийм тохиолдол эсвэл дохио юу?
-Гайхалтай түүх байна. Дээрмийн киноны зохиол юм биш үү?
-(инээв). Бас нэг инээдтэй юм бий. Лас-Вегаст нэг баян новш бий. Хамаагүй баян. Тэр надаас яагаад ийм юм хийсэн юм гэж асууж байна. Би хариуд нь “Чи харин яагаад тэгдэггүй гайхал вэ?” гэж асуусан.
-Зул сараар ярих түүхтэй боллоо. Баяраа яаж тэмдэглэсэн бэ?
-Санта-Клаустай ярьж байна гэж дүрсэлсэн.
-Юу?
-Элла, Александр хоёрыг чимээгүй суулгах гэж их хичээл зүтгэл ордог. Баярын өдрөөр ядаж чимээгүй байлгах арга олсон юм. Жишээ нь тэр хоёр сэрээд хэрэлдээд эхэлмэгц үүдэнд нь очоод “Сайн уу, Санта” гэхэд л чимээгүй нам болчихдог. Эргэж хараад Сантагийн хоолойгоор “О-хо-хо” гээд л үглэнэ. Дараа нь өөрийн хоолойгоор “Санта чи энд юу хийж байгаа юм бэ?” гэхэд Санта “Хүүхдүүд дүрсгүйтээгүй биз гэж шалгаж явна”. Хүүхдүүд шууд л “Санта, бид дүрсгүйтээгүй. Бид сайн хүүхдүүд” гэнэ. Үүний дараа хүүхдүүд нам гүм. (инээв). Улаан өндөгний баяраар харин мэдэхгүй л байна шүү. Энэ баярын туулай ямар хоолойтойг төсөөлөхгүй байна (инээв).
Эх сурвалж: 7дней.ру