Т.САЙХАН
УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр сайдад нэр дэвшигчид салбартаа ямар ажил хийх тухай байр сууриа илэрхийлж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: -Засгийн газар нэн тэргүүнд цар тахлыг даван туулахын төлөө хичээж ажиллана. Энэ хүрээнд хамгийн түрүүнд вакцин оруулж ирэх тал дээр анхаарна. Засгийн газрын эхний 100 хоног дотор вакцин оруулж ирэх зорилт тавьсан. Вакцин ороод ирвэл амьдралын хэмнэлд өөрчлөлт орж, ААН-үүдийн зогсонги байдал өөрчлөгдөнө. Цар тахлыг амжилттай даван туулах цогц хөтөлбөр гаргана. Энэ хөтөлбөрийн хүрээнд гаднын мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж, эрүүл мэндийн салбараа онцгой анхаарна. Гадаадад байгаа иргэдээ үе шаттай авчирна.
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч Ц.Нямдорж: -Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах санал надад тавьсан. Тийм учраас би долоон сарын дараа энд сууж байна. Шүүх, хуулийн байгууллагад хянагдаж байгаа хэргүүдийн тухай олон нийт ойлгохгүй байгаа нэг л асуудал бий. АТГ, бүх шүүгч нар, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг хууль зүйн сайд, Засгийн газар томилдоггүй.Энэ дөрвөн газар хийгдэж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн сайд хөндлөнгөөс оролцох эрхгүй. Сая УИХ хууль гаргаад АТГ-ын даргыг өөр газраас томилдог болголоо. Эрдэнэтийн 49 хувьтай асуудал ч мөн адил. Тодорхой асуудал шийдэгдсэн ч цаашаа явахгүй байна.Цаашид Засгийн газар, Х.Нямбаатар сайд энэ асуудалд онцгой анхаарах ёстой гэдэг хувийн байр суурьтай байгаа. Томилогдвол хуулийн түвшинд эдгээр асуудлыг ярина.
Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Л.Халтар:- 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт зам тээврийн салбарт орсон онцлох ажлуудын дунд хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох ажил орсон. Үүний нэг нь яах аргагүй хэвтээ тэнхлэгийн 124.5 километр зам байгаа. Бидний төлөвлөснөөр энэ ажил 2022-2024 оны хооронд хийгдэнэ. Нийт санхүүжилт улсын төсвөөр гэсэн төсөөлөл байна. 123 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан.
БШУ-ны сайдад нэр дэвшигч Л.Энх-Амгалан: -Боловсролын салбараас болж ядуурал, ажилгүйдэл, нийгмийн тэгш бус байдал бий болдог. Энэ бүхэн боловсролын салбарын өнгөрсөн 30 жилийн үр дүн гэж харж байна. Боловсролын салбарын шинэчлэл зөвхөн МАН-ын асуудал биш. Үндэсний зөвшилцлийн хүрээнд хийдэг юм байна. Боловсрол хамаагүй өрх, Монгол хүн гэж үгүй. Тиймээс боловсролын салбарын шинэчлэлийг цаг алдалгүй үндэсний зөвшилцлийн хүрээнд хийнэ. Шинэчлэл хийнэ гэж яарч болохгүй. Боловсролоор тоглох бүр аюултай. Тиймээс бидний өмнө тулгамдаж байгаа асуудлуудын нэг нь ковидоос болж бичиг үсэггүй, сургуулийн танхимд орж үзээгүй 2, 3-р ангийн хүүхдүүд бий болж байна. Энэ сэтгэл эмзэглүүлсэн асуудлыг цаг хугацаа, бодлогын эрэмбээр УИХ-д танилцуулна.
Сангийн сайдад нэр дэвшигч Б.Жавхлан: -Эдийн засгаа сэргээх хүрээнд гаргасан УИХ-ын тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтэд анхаарна. Аж ахуйн нэгжүүд, ЖДҮ-ийн ажлын байрыг хамгаалах тал дээр мөнгөний бодлого, төсвийн бодлого онцгой уялдаж ажиллана. Одоогийн эдийн засгийн хямрал буруу бодлогоос болоогүй. Энэ бол цар тахлаас улбаатай. 2019 он хүртэл төсвийн сахилга бат сайжирч ирсэн. Гэвч дэлхий нийтээр хүнд сорилттой тулгарлаа. Бидний бай бол Ковид юм. Удахгүй вакцин гарч ирээд биднийг аварна гэж хүлээгүйгээр цар тахлыг сөрж гарах хэрэгтэй. Амны хаалтаа зүүгээд халдвар хамгааллын дэглэмийг сайн сахиж, аж ахуйн нэгжүүдээ нээж, эдийн засгаа босгоно. Иймээс зөвхөн УОК биш хүн болгон дор бүрнээ хариуцлагатай ухамсартай байх цаг ирсэн. Ковидоос зугтаж биш сөрж амьдрах цаг ирсэн. Эдийн засгийн цусны эргэлт зогсчихоод байна. Төв банкинд хуримтлагдсан 8 их наяд төгрөгийг эргэлтэд оруулах төсөв мөнгө татварын бодлогыг уялдуулж ажиллахад анхаарна. Эдийн засгийг цаашид сэргээх тал дээр энэ Засгийн газар сайн ажиллана гэдэгт найдаж байна.
Соёлын сайдад нэр дэвшигч Ч.Номин: -Энэ салбар бол цар тахал нэрвэгдээд маш их асуудалтай байна гэж ойлгож байна. Манай Засгийн газрын мөрийн хөтөлбөрт музей, номын сан зэрэг барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ. Өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлэн авч явна гэж бодож байна. Засгийн газрын бодлого тогтвортой байх ёстой гэж би боддог. Урлагийн байгууллагын ажилчдын нийгмийн асуудалд хамгийн түрүүнд анхаарал тавьж ажиллана гэж бодож байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn