Контемпорари бүжиг ба байгаль орчныг хослуулсан нь...

2021-01-18
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Цуцашгүй, тасралтгүй, уйгагүй хөдөлмөр л хүнийг амжилтад хүргэх цор ганц жим гэдгийг салбар бүрийн манлайлагч, нэр нөлөө  бүхий хүмүүс туулсан амьдралынхаа тухай бичсэн ном бүтээлдээ тунхагласаар хэдэн арван жил өнгөрлөө.

Үүний үр дүнд сэтгүүлч бид алдрын оргилд хүрсэн хэн нэгнээс “Таны амжилтад хүрсэн нууц юу вэ” хэмээн асуух шаардлагагүй болсон юм. Урлаг, спорт, анагаах ухаан, хэвлэл мэдээлэл, бизнес аль ч салбарын хүнтэй уулзсан “Миний амжилтад нууц зүйл байхгүй ээ. Урдаа байгаа ажлаа хамгийн сайн хийж гүйцэтгэхийн төлөө нойр хоолоо хасан олон жил хөдөлмөрлөсөн. Олон ч удаа алдаж, бүтэлгүйтэж, урам хугарч, шалдаа буусан. Гэвч зорилгодоо хүрэхийн төлөө бүдэрч унасан ч  өвдөгнийхөө шороог арчаад л ажлаа үргэлжлүүлсэн. Юу ч тохиолдсон бууж өгөөгүй” гэсэн нэгэн ижил хариултыг өгдөг. Тиймээс бид энэ удаа сурах мэдэх, өөрийгөө хөгжүүлэх их эрмэлзлийнхээ үр дүнд АНУ-д шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалж, НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрүүдэд зөвлөхөөр ажиллаж байгаа Монголын балетын хөтөлбөрийн үүсгэн байгуулагч, захирал Д.Оргилтуяагийн “Амьдралын тойрог”-оор уншигчдаа “аялуулах”-аар шийдсэн юм.

Өдгөө таван хүүхдийн ээж, хоёр хүүхдийн эмээ болсон ч байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлийг залуу үеийнхэнд өвлүүлэх юмсан гэсэн хүсэл, зорилгоо үл орхиогүй зүтгэсээр л байгаа түүний туулсан бүхэн дардан байгаагүй юм билээ.

Украйны Днепропетровскийн их сургуулийн Биологи-экологийн факультет суралцаж байсан үе.

Украйны Днепропетровскийн их сургуулийн Биологи-экологийн факультет суралцаж байсан үе.
 

МАСТЕРЫН ЗЭРГЭЭ ХАМГААЛАХААР АНУ-ЫГ ЗОРИВ

Эх орон нь ардчилсан тогтолцоонд шилжээд нэг их удаагүй байхад  гурван хүүхэдтэй, 31 настай нэгэн монгол эмэгтэй гэр бүлийн хамтаар шинжлэх ухааны мастер хэмээх хэн бүхний амар хялбар даваад гарчихдаггүй хүндхэн давааг гэтлэхээр АНУ-ыг зорьжээ. Нэгдсэн үндэсний байгууллага хэмээх дэлхийн хэмжээний их “айл”-ын байгаль орчны томоохон төсөлд орчуулагч, захиргааны ажилтан, нягтлан бодогч хийсэн арвин туршлага түүнд байлаа. Гэвч дэлхийд тэргүүлэгч их гүрний нэртэй сургуульд шинжлэх ухааны мастерын зэрэг хамгаална гэдэг төсөөлсөн шиг тийм амар “тоглоом” байсангүй.

Англи хэлний мэдлэг хэнд ч гологдохооргүй сайн ч, хими ба биологийн хичээлийг Зөвлөлтөд сурч байхдаа үзэж байсан ч химийн элементүүд байгальд бохирдол үүсгэхдээ ус, агаар, хөрсөнд задран хүний эрүүл мэндэд, байгальд хэрхэн нөлөөлж хувирдаг тухай маш нарийн тооцоолол хийх, эдгээрийг зохицуулах байгаль орчны хуулиудыг гуравдагч хэл дээр судалж үзэх нь тийм ч хялбар биш байв. АНУ-ын Колорадогийн их сургуульд байгаль орчны шинжлэх ухааны мастерын зэрэг хамгаалах 2.5 жил түүний хувьд хамгийн их бэрхшээлтэй үе байсан аж. Багшийн заасныг ойлгож, гэрийн даалгавраа хийхийн тулд хичээл тараад яаран сандран номын сандаа очно. “Энэ 3-4 асуултад хариулах хэрэгтэй байна” хэмээн номын санчдаа хэлэхэд 10 гаруй ном өгдөг байв.  Өнөөх хэдэн асуултын хариултыг олоход энэ номнуудыг бүгдийг нь ‘цааш нь харуулахаас’ өөр арга байхгүй. Ийнхүү англи хэл дээр шинжлэх ухааны ном уншиж сурна, гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэнэ, хүүхдүүдээ асарна, англи хэл сурч байгаа тэдний хичээлд туслана гэсэн завгүй амьдралын хэв маягтай түүнд унтаж амрах дөрвөн цаг л олддог байлаа. Нөхөр нь олон цагаар ажиллана. Дөнгөж Монголоос очсон  тэдэнд Америкийн бургер хоол болохгүй. Нөхөр хүүхэддээ өглөө болгон тогоо дүүрэн хоол хийгээд гэрийнхэн нь өдрийн хоолоо савлаж аваад ажил, сургуульдаа явна. Их сургуулийн дэргэдэх цэцэрлэгт хоёр настай бага охиноо өгөөд өөрөө тэнд багшийн туслахаар ажилладаг байв. Олон ч удаа даалгавраа цагт нь өгч амжихгүй шөнөжин сууж, ядарж, туйлдаж, Монголд байгаа аав ээж, дүүгээ санаж уйлна. Гэвч боловсрол эзэмшиж, чадвараа нэмэгдүүлэхээр нэгэнтээ зорьж ирсэн түүнд шантрах эрх байсангүй. Уг нь тэр шинэ “цэрэг” биш, ангийнхаа дөнгөж бакалавр төгсөөд орж ирсэн америк залуучуудыг бодвол гурван хүүхдэдтэй “хөгшин” оюутан. ОХУ-ын Эрхүү хот, Украйны Днепропетровскийн их сургуулийн Биологи-экологийн факультетэд суралцаж байгаад 1990-ээд оны эхээр анхны хүүхдээ гаргаад эх орондоо эргэж ирсэн. Ирсэн даруйдаа МУИС-ийн дэргэдэх Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн орж амжилттай дүүргэсэн. Эрүүл мэндийн яамнаас ажлын гараагаа эхэлж, Европын холбооны ТАСИС хөтөлбөр, НҮБ-ын байгаль орчны төсөл дээр ажиллаж байгаад АНУ-ыг зорьсон амьдрал үзсэн, хашир туршлагатай оюутан байв.

Мастерын зэргээ хамгаалчихвал эх орондоо очоод байгаль орчны төслүүдэд зөвлөхөөр  ажиллах боломж бүрдэх тул тулгарсан саад бэрхшээл бүрийг давж, 2.5 жил сураад мастерын бүх хичээлээ үзэж дуусгалаа. Гэхдээ хамгийн том даваа нь судалгааны ажил хийж, сургуулиа албан ёсоор төгсөх байв. Тиймээс өөрийн орныхоо тухай судалгаа хийхээр шийдэж “Дорноговь аймгийн Их Нартын байгалийн нөөцийн газрын менежментийн төлөвлөгөө” гэсэн сэдэв сонгожээ. Ийн мастераа хамгаалж, дадлагаа ч хийж дуусгаад эх орон руугаа буцахад бэлэн болоод байв.

Гэвч тэр үеэр Канадын нэгэн уул уурхайн компани Дорноговьд уурхайн ажил эхэлж, байгаль орчны асуудлыг нь АНУ-ын “ТетраТесн” компанийг сонгожээ. Харин тухайн компани нь Монголын байгаль орчны асуудлыг сайн мэддэг мэргэжилтний эрэлд гарав. Тийн танил хүнээс нь сураг сонсож, нийтлэлийн эзэн Д.Оргилтуяа руу ярьснаар тэрээр Колорадо мужийн нийслэл Денвер хотын өндөр барилгуудын  нэгэнд байгаль орчны эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах боллоо. Хэдэн жил нойроо хасан, завгүй хичээлээ судалсны үр дүнгээ тэр ийн хүртсэн юм. Энэ тухайгаа Д.Оргилтуяа “Тэр үед өөрөөрөө их бахархсан. Долоо хоног бүрийн хурал дээр олон америк геологич, гидрогеологичид нь эрэгтэй, төслийн удирдагч бид  хоёр эмэгтэй. Тухайн компанид ажиллахдаа олон зүйл мэдэж авч, их хөгжсөн. Америкийн корпорейт байгууллага олон жилээс тогтсон амьдралын нөхцөл бүрт нийцсэн олон дүрэмтэй. Цалин мастерын зэргийн нэмэгдэлтэй. Тэнд амьдраад байвал бүх юм цэгцрэх шинжтэй. Гэвч Засгийн газрынхаа тэтгэлгээр суралцаж, их мэдлэгийг хуримтуулсан учир нөхөр бид хоёр нутаг буцахаар шийдсэн. Сурсан мэдснээ Монголдоо хэрэгжүүлж, улсаа хөгжүүлье гэж бодсон. Гурван хүүхэдтэй ирсэн бид таван хүүхэдтэй болоод, хоёул магистрын зэргээ хамгаалаад, Америкийн томоохон компанид мэргэжлээрээ ажиллаад зорилгоо 200 хувь биелүүлээд буцсан” хэмээн сэтгэл дүүрэн ярьсан юм.

“Гурван хүүхэдтэй ирсэн бид таван хүүхэдтэй болоод, хоёул магистрын зэргээ хамгаалаад, Америкийн томоохон компанид мэргэжлээрээ ажиллаад зорилгоо 200 хувь биелүүлээд буцсан” хэмээн сэтгэл дүүрэн ярьсан юм.
ОРЧУУЛАГЧААС “ХУУЧИН” МЭРГЭЖИЛДЭЭ ШИЛЖСЭН НЬ

Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр АНУ-д мастерын зэргээ хамгаалахаар явсан түүх нь их сонин бас бахдам. Түүний хамгийн анх суралцаж байсан мэргэжил нь микробиологич. Украйны дөнгөж нээлттэй болсон Днепропетровск хотод 1989 онд очсон 13 монгол оюутны нэг нь Д.Оргилтуяа юм. Үүний өмнө нь ОХУ-ын Эрхүү хотод хэлний бэлтгэлд нэг жил өнгөрөөсөн. Гэхдээ угаас зөвлөлтийн арван жилийн сургууль дүүргэсэн, орос хэлэндээ сайн учир тэрээр Эрхүүгийн бэлтгэлийн 300 гаруй монгол оюутан болон орос багш нарын  хооронд ойлголцоход тусалдаг байв. Мөн Днепропетровскд байхдаа монгол оюутнуудаа хариуцаж байв. Нөхөртэйгөө танилцаж, анхны хүүхдээ гаргахаар Монголдоо буцаж ирлээ. Нэг нийгмээс нөгөөд шилжиж, бүх зүйл ховордсон 1990 оны эхээр тэр том охиноо төрүүлсэн. Нийгмийн байдал ороо бусгаа хэцүү үед ямар ажил хийж, хүүхдээ яаж тэжээх бодолд автав. Орос сургуулийн суурь англи хэлний мэдлэг дээр Украйнд сурж байхдаа хичээлийнхээ хажуугаар англи хэлний ангид нь сайн дураараа сууж хэлээ сайжруулж байсан нь хэрэг болж ажилчдаас МУИС-ийн англи хэлний ангид шалгалт өгөөд хамгийн өндөр оноог авч тэнцлээ. Түүнийг элссэн намар энэ сургууль Олон улсын харилцааны дээд сургууль болон өргөжсөн юм. Оюутан байхдаа Монголын нэрт зохиолч Э. Оюун гуайн зохиол “Би эндээс явахгүй” киноны гол дүрд тоглож амжив. Энэ нь анх урлагтай ойртож очсон сонирхолтой туршлага байлаа.

Социализмаас ардчилал руу дөнгөж шилжээд байсан тэр үед англи хэлтэй мэргэжилтнүүдээр  төрийн бүх байгууллага “цангаж” байсан үе. Насаараа дипломатаар ажилласан хүмүүс тэдэнд хичээл зааж, төгссөнийх нь дараа яамдууд  болон төрийн дээд байгуулагууд хуваан авлаа. Ийн Д.Оргилтуяа ЭМЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газар төрийн албан хаагч болов. Гэвч хэдхэн сарын дараа шалгалт өгч Европын холбооны хөтөлбөрт ажиллах боломж гарсан. Английн Манчестерийн их сургуулийн хэрэгжүүлсэн “Монголын эдийн засгийн боловсролыг шинэчлэх” төслийн менежерээр ажиллаж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн сургалтын агуулгыг шинэчлэх төсөл байв. Энэ төсөлд ам.доллараар цалинжиж гэр бүл, аав ээждээ туслах боломжтой болсон учир тэр маш их баяртай байлаа. Хоёр жилийн дараагаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт шалгалт өгч тэнцээд тэр үеийн Монголд хэрэгжиж байгаа байгаль орчны хамгийн том төсөлд орчуулагчаар орж цаашдаа захиргааны ажилтан, нягтлан бодогч хавсран хийж, авдаг цалингаа ч нэмэгдүүллээ. Энэ үед байгаль орчноо хамгаалах тухай суралцаж хамгааллын ач холбогдол, байгаль орчны олон нийтийн боловсролд өөрийн сэтгэл, цагаа зориулах болсон. Үндсэн мэргэжилтэйгээ дахин “учирсан” нь энэ юм. Энэ талаар Д.Оргилтуяа “Амьдрал их сонин. Өөр мэргэжил сонгон ажилласан ч анхнаасаа суралцаж байсан байгаль орчны мэргэжилтэйгээ дахин холбогдсон юм” гэж ярьсан.

ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙГ НЬ ДЭЛХИЙ ҮНЭЛЭВ

Тэрээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс зүүн гурван аймагт хэрэгжүүлсэн ховор амьтад, ургамлыг хамгаалах “Дорнод Монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах” төсөлд ажиллахдаа тухайн газар нутгийн алийг нь тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлагатайг судалж, олон тусгай хамгаалалттай газрын захиргааг байгуулсан. Манай улсын нийт газар нутгийн 30 хувь нь төрийн тусгай хамгаалалтад байхаас өнөөдрийн байдлаар 20 хувьд хүрсэн нь тэдний хэрэгжүүлсэн төслийн үр шим юм. Зүүн бүс бол дэлхийд ховордсон ан амьтдын өлгий нутаг. Энэ утгаараа тэдний хэрэгжүүлсэн монгол судлаачдын 30 гаруй судалгааны ажил олон улсын судалгааны нэртэй сэтгүүлд нийтлэгдэж эхлэв. Нэр хүнд, ач тус ихтэй төсөлд ажилласан нь түүнийг англи хэлний бичгийн өндөр чадвартай болгожээ. Учир нь төслийнхөө бүхий л албан бичиг хэргийг хариуцаж гадаад, дотоодын мэргэжилтнүүдийг холбох, судалгааны материалуудыг нь орчуулах, хянах гэсэн их хичээл зүтгэл шаардсан үүргийг тэр хариуцна. Үүнийхээ шимийг хүртэж, орчныг хамгаалах, хэрхэн хайрлах талаар өргөн мэдлэгийг өөртөө шингээж, байгаль орчны ажилдаа дурлаж эхэллээ. Тиймээс энэ салбарт үргэлжүүлэн ажиллахыг хүссэн ч мастерын зэрэг цол хэрэгтэй байсан учир АНУ-ыг тэр зорьсон.

Суралцах хүсэл тэмүүлэл байсан ч үүнийгээ хэрэгжүүлэх тийм хялбар зүйл биш байлаа. Хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудад элсэн орох шаардлагуудыг хангасан ч төлбөр мөнгө нь олдсонгүй. Тиймээс тэтгэлэг эрчимтэй хайв. Тэр үеийн тэтгэлэг санал болгож байсан бүхэнд шалгалт өгч шалгалтын “мастер” болохоо шахсан хэмээн Д.Оргилтуяа дурсаж байв. Түүний хувьд 2000 он сэтгэлээр унасан жил байсан юм. Учир нь хөхүүл хүүхэдтэй байхдаа нурууны хагалгаанд орсон. Гэвч уйгагүй хүнийг амьдрал шагнадаг гэдэг шиг 2001 онд Байгаль орчны яамнаас тэтгэлгийн шалгалтаараа нэгдүгээрт гарч ирэв. АНУ руу ниссэн түүх нь ингэж эхэлжээ.

Монголын балетын хөтөлбөр нь бүжгийн урлагаар дамжуулж олон нийтийн байгаль орчны боловсролыг түгээж буй хөтөлбөр юм. Ийнхүү балетад дуртай хоббигоо тэрээр мэргэжилтэйгээ холбожээ.
ХОББИГОО АЖИЛТАЙГАА ХОСЛУУЛСАН ТУХАЙ

Байгаль орчны үндэсний зөвлөхөөр ажилладаг ч Монголын балетын хөтөлбөрийн захирлаар ажилладаг тухай нийтлэлийн эхэнд дурдсан. Ховор ан амьтан, ургамлыг хамгаалж, хөдөлмөрөө гадаад оронд үнэлүүлсэн түүний балетын урлагтай холбогдсон түүх бас их “амттай”. Д.Оргилтуяагийн таван хүүхдийн хоёр  дахь охин нь балетын бүжигчин. Америкт сурч байхдаа охиноо дөрвөн настайгаас нь төгөлдөр хуураас эхлээд олон төрлийн бүжгийн сургалтад хамруулснаар тун сайн бүжиглэдэг болж өсчээ. Тиймээс Монголдоо 2010 онд буцаж ирээд охиноо Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид оруулав. Оюутан байхаасаа идэвх зүтгэлтэй, бусдыгаа удирдаж байсан тэрээр охиныхоо ангийн эцэг эхийн зөвлөлийн даргаар ажиллаж, олон цагийг сургууль дээр нь өнгөрүүлдэг байсан учир балетын талаар чамгүй мэдлэгтэй болж эхэлсэн юм. Мөн энэ үед Денверийн Колорадогийн Балетын компанийн зуны эрчимжүүлсэн сургалтыг олж мэджээ. 2000 онд Денвер, Улаанбаатар хоёр эгч дүүс хот болсон ба үүний ажлын хүрээнд Денвер хотод Улаанбаатарын нэрэмжит парк байгуулахаар болсон юм. Энэ ажилд гар бие оролцож явсан бөгөөд эгч дүү хотууды зөвлөлд гишүүнээр ажиллаж байсны ачаар Монголд элэгтэй олон америк хүнтэй танилцаж байлаа.

Колорадогийн их сургуулийн монгол оюутнуудын зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Оргилтуяа Колорадогийн балетын эрчимжүүлсэн сургалтад Монгол хүүхдүүдээ авчирч сургах ямар боломж байгаа талаар зөвлөлийнхөнтэйгөө ярилцжээ. Ийн өөрт нь туслах, дэмжих, санхүүжүүлэх ямар хүн, байгууллага байгаа эсэхийг хайсны эцэст тухайн үеийн Соёлын сайд Ц.Оюунгэрэл, АПУ компани, АНУ-ын Элчин сайдын яам болон бусад хүн, байгууллагын дэмжлэгээр дараагийн жилүүдэд олон залуу бүжигчнийг сургалтад хамруулжээ. Ийн Монголын балетын хөтөлбөр үүссэн юм. Хөгжим бүжгийн сургуулийн 30 орчим хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдан Америкийн балетын туршлагаас суралцсанаас тэдний тал хувь нь Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа бүжиглэж, монголчуудын оюуны мэлмийг баясгаж байгаа аж. Энэ тухай Д.Оргилтуяа “Хүүхдийн төлөө ажил гэдгээс гадна олон газраар уйгагүй явсны үр дүнд санхүүжилтээ бүрдүүлэн жил бүр 4-6 хүүхдийг эрчимжүүлсэн сургалтад хамруулдаг байлаа. Сүүлдээ олон газар биднийг таньдаг болсон. Олон хүн, байгууллагын дэмжлэгээр хөтөлбөр амжилттай хэрэгжсээр байна” хэмээв. НҮБ-ын зөвлөхөөр ажиллахынхаа сацуугаар тэрээр маш чухал, асар их сэтгэл шаардсан ажлаа амжуулдаг юм. Жилдээ 2-3 байгаль орчны төсөл дээр зөвлөхийн ажлаа хийнэ. Зун нь бүжгийн хүүхдүүдээ Колорадо руу явуулна. Өвөл нь тэдний санхүүжилтийг бүрдүүлнэ. Хавар нь сурагчдаа шалгаруулна гэсэн завгүй амьдралын хэв маягтай байлаа. Монголын балетын хөтөлбөр нь бүжигчдийн чадварыг дээшлүүлэх гадаадын бүжгийн маэстронуудын мастер сургалтад хамруулах зорилгоо өдий хүртэл сайн биелүүлж байна. 

Ингээд 2017 оноос шинэ техник, арга барил эзэмшсэн бүжигчид оролцсон модерн, комтемпорари бүжгийн анхны тоглолтоо олон түмэнд толилуулав. Монголын балетын хөтөлбөр нь байгаль орчны гол амин судас болсон агаар, ус, хөрсний бохирдол, дэлхийн дулаарал, хог хаягдал гэсэн сэдвийг сонгон балетаар дамжуулан байгаль орчны мэдлэг олгож, хайрлах сэтгэлийг өдөөх юм. Тухайлбал, анх 2017 онд усны хамгааллын тухай “Амьдралыг тэтгэгч-H2O” модерн балетыг Номадик балеттай хамтран хүргэсэн.

Тоглолтоороо дан ганц бүжиг биш ус хэрхэн хомсдож байгаа, хэрхэн хамгаалах ёстой вэ гэсэн шинжлэх ухааны мэдээллийг хүргэсэн. 2019 онд эх, хүүхдийг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалах “Амьдралыг тэтгэгч-O2” модерн балетыг НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хүргэснийг эрхэм уншигч мэдэж буй за. Монголын балетын хөтөлбөр нь бүжгийн урлагаар дамжуулж олон нийтийн байгаль орчны боловсролыг түгээж буй хөтөлбөр юм. Ийнхүү балетад дуртай хоббигоо тэрээр мэргэжилтэйгээ холбосон юм.

Хамгийн анхны “Амьдралыг тэтгэгч-H2O” балетын тоглолт тайзан дээр ус гоожуулан, усан дор 20 бүжигчдийг бүжиглүүлж тухайн үедээ үзэгчдийг шуугиулж, нүдийг нь баясгаж байлаа. Үүнээс хойш тэрээр орчин үеийн контемпорари балетыг хөгжүүлэхэд зүтгэж яваа билээ. Агаарын бохирдлын асуудлыг хөндсөн “Амьдралыг тэтгэгч-O2” тоглолтынхоо үеэр орчин үеийн балет, реп, чөлөөт бүжиг, дижитал медиа, уран зураг, инстоляцийн урлаг гэсэн урлагийн олон хэлбэрийг хослуулсан нь залуусын сонирхлыг ихээр татаж, балетыг зөвхөн элитүүд ойлгож, үздэг гэсэн хэвшмэл сэтгэлгээг халж илүү залуучуудад сонирхолтой хэлбэрээр хүргэж байгаа юм. Ийн тэрээр Монголын урлагийн зөвлөлтэй хамтран орчин үеийн балетыг Монголд хөгжүүлэх олон улсын наадмыг зохион байгуулах чухал ажилдаа ханцуй шамлан орсон юм билээ. Энэхүү наадмыг нээж Монголынхоо нэрт “Уран Хас” классик балетыг орчин үеийн контемпорари балет болгож байгаадаа баяртай байгаагаа ярьсан юм.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

2021.1.18 ДАВАА № 12 (6489)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин