Б.НАМУУНТАМИР
Цар тахлын дэгдэлттэй холбоотой аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ чанд сахих чухал үед ирээд байна. Хатуу хөл хорионы арга хэмжээ бизнесүүдийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж буй тул дижитал, онлайн хэлбэрээр харилцагчидтайгаа холбоотой байх шаардлагатай болж байна. Бид цар тахлын үеэр аж ахуйн нэгжүүдэд бизнесийн холбоо харилцаагаа таслахгүйгээр авч үлдэх боломжийг олгож буй үйлчилгээнүүдийг онцолж байна.
ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Өдгөө манай улсад татварын системд бүртгэлтэй 108 мянган аж ахуйн нэгж бий. МҮХАҮТ-аас хийсэн судалгаагаар, аж ахуйн нэгжүүдийн 66 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд, 10 хувь нь зайнаас, үлдсэн хоёр хувь нь хэвийн ажиллаж буй юм.
Цар тахалтай холбоотойгоор хоол хүнс, хувцас хэрэглэл тэргүүтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаанд хүргэлтийн үйлчилгээ санал болгох явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн билээ. Мэдээллийн технологийн хялбар шийдлүүд бий болсноор дэлхий дахинд хүргэлтийн үйлчилгээний трэнд болж, хэн ч хаана ч гэрээсээ хүссэн бүхнээ захиалах боломж бий болсон.
ОНЛАЙН ХУДАЛДАА
Дэлхий дахинд зөвхөн өнгөрсөн онд гэхэд 1.8 тэрбум хүн онлайнаар худалдаа хийсэн гэх тоо бий. Олон улсад хамгийн өндөр үнэлгээтэй компаниуд болох "Amazon", "Alibaba" зэрэг онлайн худалдааны аваргууд цар тахлын үеэр иргэд төдийгүй бизнесүүдийн үйл ажиллагааг хэвийн явуулахад туслах хамгийн чухал платформ болоод байна.
Цар тахал, хөл хорионоос үүдэлтэй онлайн худалдааны эрэлт огцом өсөж, "Amazon" компанийн орлого 47 хувиар өсөөд байна. Тус компани зөвхөн нэг өдөрт 1.6 сая хүргэлт хийдэг ажээ. Манай улсын хувьд одоогийн байдлаар 600 гаруй интернэт худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй байгууллага байдгаас өдгөө 100 орчим нь хөл хорионы өмнө идэвхтэй ажиллаж байв.
ХОЛБОО ХАРИЛЦААНЫ ШИЙДЭЛ
Хөл хорионы тусгаарлалт нь интернэт худалдаа, хүргэлтийн үйлчилгээ, гар утасны төлбөр тооцоо зэрэг алсын зайн үйлчилгээний эрэлтийг эрс нэмэгдүүлж буй. Хэрэв тухайн бизнес хүргэлт хийдэг, утсаар захиалга авдаг эсвэл борлуулалтын ажилтнуудтай бол холбоо харилцааны дэвшилт шийдлийг ашиглан цар тахал нүүрлэж, хөл хорио тогтоогоод буй энэ цаг үед бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжууд бий юм.
Тухайлбал, "Юнител" групп бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зориулан хэрэглэгчдээс ирж буй дуудлага бүрийг алдалгүй хүлээн авах “One call” үйлчилгээг санал болгож буй юм. “One call” үйлчилгээ нь нэг байгууллагын дугаарын ард 20 хүртэлх дугаар холбож, хэрэглэгчээс ирсэн дуудлагыг бусад холбосон дугаарууд руу шилжүүлэх эсвэл бүх дугаарт зэрэг дуудлага очих, цагийн тохиргоогоор дуудлага авах зарчмаар ажилладаг байна. Тус үйлчилгээг нэвтрүүлснээр борлуулалт, захиалгыг нэгдсэн нэг дугаарт зангидах, дуудлага алдахгүйгээр харилцагчтайгаа холбогдох боломжтой аж.
АЖЛЫН ОРЧНЫ ШИЙДЭЛ
iPhone болон iPad төхөөрөмжөөс хамгийн их татсан буюу App Store-ийн энэ оны хамгийн шилдэг апп-ийг Zoom зүй ёсоор тэргүүлсэн билээ. Цар тахлын улмаас бизнесүүд зайнаас уулзалт, хурал хийх эрэлт хэрэгцээ ихсэж, онлайн харилцааны платформууд трэнд болсоор буй. Үүлэн технологид суурилсан онлайн видео хурлын платформ болох Zoom апп-ий хувьд энэ онд 300 сая гаруй хэрэглэгчтэй болжээ. Зайнаас ажиллахад туслах Google Meet, Skype, ClickMeeting, Microsoft Teams зэрэг программ бизнесийн байгууллагуудын ажлын онцлогт тохирсон шинэ шийдлүүдийг санал болгосоор байна.
Эх сурвалж: www.polit.mn