Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.
-Өнгөрсөн хугацаанд нийт хэчнээн аж ахуйн нэгж, иргэд ЖДҮХС-гийн зээлд хамрагдсан бэ. ЖДҮХС-гийн зээлийн үр дүн ямар байна вэ?
-ЖДҮХС 2009 онд байгуулагдсан. Ингээд 2009-2019 оны хооронд нийт 688 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлсэн. Үүнээсээ 7900 иргэн болон аж ахуйн нэгжид зээл олгосон. Эдгээрийн 2100 орчим нь шинээр үүсгэн байгуулагдсан үйлдвэр байна. 5000 гаруй аж ахуйн нэгж нь зээлийн үр дүнгээр үйлдвэрээ өргөтгөсөн. Эргэн төлөлтүүд нэмэгдсээр одоогийн байдлаар 986 тэрбум төгрөгийг зээлсэн байна. Энэ хөтөлбөрүүдийн үр дүнд нийт 50 мянган ажлын байр шинээр бий болсон. 35 мянган ажлын байр хадгалагдсан байна. Ер нь дэлхийн бүх улс орны хамгийн гол ажил олгодог салбар бол ЖДҮ юм. Манай Засгийн газар ч сүүлийн үед ЖДҮХС-д анхаарал хандуулаад дэмжин ажиллаж байгаа. 2020 онд ЖДҮ-ийн агентлагийг байгууллаа. ХХААХҮЯ-наас мөн адил ЖДҮХС-г сайн дэмжин ажиллаж байна.
-Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авдаг асуудал байсан. Одоо тийм боломжгүй гээд байна. Үүнийг эрх зүйн үүднээс хэрхэн зохицуулсан бэ?
-Бид 2019, 2020 онд төсөл сонгон шалгаруулахдаа АТГ-тай хамтран ажиллаж байна. Төрийн дээд албан тушаалтнууд гэр болон найз нөхөд хамаатан садангаараа дамжуулан зээл авах гэж байна уу гэдгийг шалгадаг болсон гэсэн үг. 2019 онд албан тушаалтанд хамааралтай төсөл ирээгүй. Харин 2020 онд ирсэн. Түүнийг нь бид олж тогтоогоод хасчихсан. АТГ-аас төсөл сонгон шалгаруулалтын өмнө, дараа нь зөвлөмж авч ажиллаж байгаа. Үүнээс хойш энэ журмаар явахад төрийн өндөр дээд албан тушаалтантай холбоотой хамаарал бүхий этгээдүүд зээл авахгүй гэдгийг хууль журмаараа хаачихсан, боломжгүй болгосон гэсэн үг.
-ЖДҮХС-д ирж байгаа зээлийн төслүүдийн стандарт, чанарын шаардлага хэр хангагдсан байдаг вэ?
-Ерөнхийдөө төсөл бичих нэг өөр, төслөө амьдрал дээр хэрэгжүүлэх нэг өөр. Бид аль алийг нь харгалзан үзэж байгаа. Манай төсөл сонгон шалгаруулах хороо долоон гишүүнтэй. Түүний гурав нь төрийн төлөөлөл, дөрөв нь ТББ-ын төлөөлөл байдаг. Анх удаа бид 2019 онд журамдаа ТББ-ын төлөөллийг олонх болгож оруулахаар тусгасан. Үүнд төслийн удирдлагын хүрээлэн гэдэг ТББ-ын төлөөлөл ордог. Энэ хүрээлэнгээс хэдэн жилийн өмнө төслийн стандартыг боловсруулаад Стандарт хэмжилзүйн газраар батлуулсан. Энэ стандартаа барьдаг. Мэдээж төсөл бичихэд зах зээлээ судлах, хэдэн жилийн судалгаа зэрэг наад захын стандарт заавал ордог. Эхний сонгон шалгаруулалтаас төсөл дээрээс нь бүгд харагддаг. Төслийн шаардлага хангасан нь гуравдугаар шатандаа ороод, газар дээр нь буюу нарийвчилсан шатны үнэлгээнд орж, Зээл төслийн хэлтсийн алба хаагчид маань 21 аймаг, нийслэлд биечлэн шалгаж байж бодит үнэлгээ гарч байгаа юм.
-Ер нь бизнес эрхлэгч, төсөл ирүүлэгчид юуг анхаарах шаардлагатай байна вэ?
-ЖДҮ-ийн салбарынхан бодит амьдрал дээр төрөөс гарч байгаа бодлого шийдвэрийг төдийлөн хүлээж авч чаддаггүй. Түүн дээрээ боловсруулалт хийгээд, төслөө бичихдээ хуулийг нь уншихаа болъё гэхэд ямар журамд нийцүүлэн төсөл бичих билээ гэдгээ харчих хэрэгтэй. Журам дээрээ “Төсөл бичихэд ийм шаардлагуудыг хангах ёстой” гээд маш тодорхой заачихсан байдаг. Түүнийг ч уншихгүйгээр төслөө бичээд өгчихсөн аж ахуйн нэгж олон байна. Энэ нь нэг талаас бид төрийн байгууллага мэдээлэл өгөх суваг, арга хэлбэрээ өөрчлөх ёстой юм байна. Нөгөө талаас энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс төрийн бодлого шийдвэрийг цахим руу ороод ямар шрифтээр бичих билээ гээд журмаа харчих хэрэгтэй.
-ЖДҮ-ийн газар энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
- ЖДҮ-ийн газар дэргэдээ Бүртгэл мэдээлэл, нэг цэгийн үйлчилгээг дэргэдээ байгуулсан. Энэ хэлтэс нь нэгдүгээрт 63 мянган ЖДҮ эрхлэгчийн жил тутам өөрчлөгддөг орлого болон хүний нөөцөд бүртгэл, дүгнэлт хийх, ялгамжтай бодлогоо явуулдаг байх, зөвлөх үйлчилгээг иргэн байсан ч мэдээлэл өгдөг болж байна. Одоо мэдээлэл өгөх цахим суваг нээхээр ажиллаж байна. Үүгээрээ ойр зуурын шаардлагатай мэдээллийг өгнө. Төсөл бичих, зээл хүсэх зөвлөгөө авахаар ирвэл иргэдэд үйлчлэх танхим нээхээр төлөвлөж байна. Иргэд тэр танхимаар зөвлөгөө авч, анхан шатны зөвлөгөө аваад, санхүүгийн тооцоолол, зах зээлийн судалгааг хэрхэн хийх талаар мэдээлэл аван үйлчлүүлэх боломжтой болно гэсэн үг. ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийг 2017 онд С.Ганбаатар нарын гишүүн санаачилсан. Үүнээс хойш 20-30 манайхтай адил төстэй Ази, Европын орнуудын туршлагыг нэлээдгүй судалж байж энэ хуулийг оруулж ирсэн. Үүнээс харахад дээр хэлээд байгаа асуудлуудыг шийдвэрлэх ийм бүтэц, үйл явцыг мэдчихсэн учраас тэр жишгээрээ хуулиа амьдрал дээрээ хэрэгжүүлээд явж байгаа гэж ойлгож болно. Бидний судалснаар, түүнийгээ хуульдаа тусгаад явбал манай улсын ЖДҮ-ийн салбар богино хугацаанд босох боломжтой гэж харж байгаа.
-Зээлээ хугацаандаа төлөөгүй олон аж ахуйн нэгж байгаа гэж ЖДҮ-ийн газраас мэдээлж байсан. Төлөхгүй удвал бизнес эрхлэгчдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах хүртэл арга хэмжээг авна гэсэн. Ийм хэчнээн аж ахуйн нэгж байна вэ?
-Ийм байдалтай 364 аж ахуйн нэгж байна. Зээлийн хэмжээ нь 70 гаруй тэрбум төгрөг болно. Бүтэн өгсөн зээлээр бодвол 119 тэрбум төгрөг болж байна. Энэ аж ахуйн нэгжүүдийг бид хэр хугацааны хэтрэлттэй байна вэ, хоорондоо холбоо хамаарал бүхий аж ахуйн нэгж байна уу, эргэн төлөлтийн боломж ямар байна вэ, эзэн холбогдогчийг нь тогтоолгох шаардлагатай байна уу, үгүй юу гэдгийг олон талаас нь судалсан. Олон янзын тохиолдол гарч байгаа. Түүнийг нь ангилж байгаад тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа. Мэдэгдэл хүргүүлээд заасан хугацаанд зөрчлөө арилгуулаагүй тохиолдолд хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах арга хэмжээг хийхээр төлөвлөөд эхнээсээ хийгээд явж байна. Хууль хяналт, прокурорын байгууллагад хандсан. 60 гаруй аж ахуйн нэгжийн мэдээллийн прокурорын байгууллагад хүргүүлсэн. Энэ тохиолдолд зарим хуулийн зүйл заалтууд шинээр хэрэгжиж эхэлж байгаа. Тухайлбал, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах ажилд үр дүн гарч байна. 2019 онд зөрчилтэй аж ахуйн нэгжээс 6.6 тэрбум, энэ 12 тэрбум төгрөг орж ирсэн. ЖДҮ-ийн газарт Хууль, тусгай активын хэлтсийг байгуулсан. Энэ хэлтэс нь 6-7 хүнтэй. Тэд дээр дурдсан 300 гаруй аж ахуйн нэгжийн араас хөөцөлдөж байгаа. Үүн дээр бид аян зарлаж үзсэн, албан хаагчдаа явуулж үзлээ. Хойшид ч сайжруулах зүйлс ч харагдаж байна.
-COVID-19 цар тахлыг дотоодод алдчихлаа. Үүнтэй холбоотойгоор ЖДҮ эрхлэгчдэд хандан юу гэж хэлмээр байна?
-COVID19-ийн үед ЖДҮ эрхлэгч 800 мянган хүн халдвар хамгааллын дэглэмийг баривал тархалт багасаад орлого, эдийн засагт үзүүлэх нөлөө нэмэгдэнэ. Энэ үеийг хамтдаа зөв давж гаръя. Нөхцөл байдал арилсны дараа дараагийн боломжууд гарч ирнэ. ЖДҮ-ийн газрын зүгээс ЖДҮ эрхлэгчдийн төлөө өөрсдийн боломж нөхцлөөрөө ажиллана. Санал хүсэлтээ бидэнд цахимаар болон утсаар хэлж болно. Одоохондоо агентлаг маань шинэ байгуулагдсан учраас алба хаагчид маань 3-4 газарт хуваагдан ажиллаж байна. Энэ нөхцөл байдал арилж, нэг байранд орох байх. Тэгэхээр үйл ажиллагаа маань жигдрээд, түргэн шуурхай болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.21 ДАВАА № 243 (6468)