С.Алтантуяа: Эрсдэлээ удирдах чадвараа хөгжүүлэхийг сануулсан сорилтын жилүүд болж байна

2020-11-25
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

“Бизнес, хөгжил” буландаа “Монголий Вояж” ХХК-ийн  ерөнхий захирал, бизнес удирдлагын магистр, удирдахуйн ухааны докторант, судлаач С.Алтантуяатай ярилцлаа. 

 

-Танай компанийн үүсэл, үйл ажиллагааны чиглэл, хийж хэрэгжүүлсэн ажлууд, төсөл хөтөлбөр юу байна?

-COVID-19 цар тахлын энэ үед бизнесийн сайн сайхан ололт амжилт, хөгжлийн талаар ярихад жаахан тохиромжгүй хэдий ч өдий хүртэл туулаад ирсэн, цаашид ч шантралгүй хүнд үеийг даван туулна гэж итгэж, зүтгэж яваа бизнесийн үйл ажиллагааныхаа талаар товчхон танилцуулъя. “Монголий Вояж” компани 1997 онд байгуулагдсан.1992 оноос Монголын аялал жуулчлалын салбарт европын жуулчдад Монгол орноо тайлбарлан,аялж туршлага хуримтлуулсны үндсэн дээр бусад орчуулагч нарын жишгээр албан ёсны компаниа байгуулж аялал жуулчлалын бизнест хөл тавин өнөөдрийг хүртэл гадаадын олон орны жуулчдыг аялуулах, байршуулах, зохион байгуулах хариуцлагатай ажилд зүтгэж явна. 2007 оноос байгууллагаа өргөжүүлэн “Мөнхтэнгэр” гурван сүлжээ кэмп байгуулахаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2017 оноос гадаад руу аялуулах зах зээлийн судалгааг хийж эхэлсэн. Гадны жуулчдыг Монголдоо аялуулах, байршуулах чиглэлийн бизнес эрхлэн 20 гаруй жил болж байна.

Түүнчлэн бид хуримтлуулсан онол, туршлага дээрээ тулгуурлан Монголынхоо тухай хэд хэдэн хэл дээр гарын авлага, таниулан сурталчлах баримтат кинонууд бүтээн гаргаж, 21 аймгаа тойрч байгаль, экологи, өв соёл, аяллын маршрутын судалгаа хийх, аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах, цогц төслүүдийн багт орж ажиллалаа. Бүтээн байгуулалтын хувьд аялал жуулчлалын “Мөнхтэнгэр-2” Богд  бааз дээрээ “Алунгоо хатан” өргөө рестораныг барьж ашиглалтад оруулан төлөвлөсөн ажлуудаа хийж гүйцэтгэсэн гээд чамлахааргүй ажлыг хийсэн.

- Танай компанийн хэтийн зорилго, алсын хараа мөн нийгмийн хариуцлагын хүрээнд юу хийдэг вэ?

-Манай компанийн эрхэм зорилго бол байгаль, экологи , өв соёлоо дээдэлсэн, чанарыг эрхэмлэсэн, улс эх орноо дэлхийд таниулах, Монголынхоо хөгжилд хувь нэмэрээ оруулах. Алсын харааны хувьд аз жаргалыг хамтдаа бүтээж, аялуулан, олон улсын стандартыг хэрэгжүүлсэн манлайлагч байгууллага болох.  Нийгмийн хариуцлагын хувьд манай компани эхний 10 жилд хувь хүн, ажилчид руугаа хандсан хандив, тэтгэмж, буцалтгүй тусламж өсч байсан, цаашид ч хийнэ. Манай хамт олон ирээдүй хойч үеийнхээ боловсрол, хүмүүжил, өв соёл, байгаль орчноо хамгаалах чиглэлээр “Алунгоо-экологи” сэтгүүл, “Алунгоо хатан” олон улсын сан, “Монголын ногоон уламжлал сан” гэсэн төрийн бус байгууллагаараа дамжуулан “Алунгоо -урлаг соёлын наадам” эвент, ногоон уламжлалын аянууд, холбогдох эрдэм шинжилгээний хурлууд, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж уламжлал болгон ажиллаж байна. Энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг Хөвсгөл, Өвөрхангай аймагт эко, өв соёлын танхим байгуулах, байгаль орчноо хамгаалах аян болон оюун ухааны таван төрөлт тэмцээнийг зохион байгуулах гэсэн бодит ажлыг өөрийн хөрөнгөөр тогтмол хийсээр ирлээ. Бид хүүхэд, залуусыг багаасаа эх оронч үзэлтэй, эх нутаг байгаль, өв соёлоо сайн таньж мэдэх, улс орноо удирдах алсын хараатай ухаалаг иргэд болж төлөвшихөд нь анхаарч хувь нэмрээ оруулж явна. Мөн залууст манлайллын хичээлийг зааж, бие даан хувийн бизнесээ явуулахад нь урам зориг, заавар, зөвлөмж өгдөг.

-Цар тахлын хүнд үед танай бизнест ямар хүндрэлүүд учирч байна. Та бүхэн салбараа төлөөлөн төрд дуу хоолойгоо хүргэв үү?

-Банк, санхүү, уул уурхайгаас бусад бүх бизнесийн байгууллага, баялаг бүтээгчдэд, тэр тусмаа аялал жуулчлалын бизнесийнхэн 90-100 хувь зогссон байна. Бид улирлын хязгаарлалтаас гарах, жилийн дөрвөн улиралд ажиллах хотын хажууд ойрхон кэмпдээ шинэ бүтээн байгуулалт хийхээр бизнесийн зээл авч хөрөнгө оруулалт хийсэн байсан. Бизнес төлөвлөлтийн дагуу 2019-2020 онд бүх ажил маань жигдрэн жуулчны компаниудтай гэрээ хийн, жуулчдаа хүлээж авахад бэлэн байлаа. Гэвч цар тахлын улмаас хил хаагдан бизнес үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл гэнэт тэг зогсолт хийсэн нь хүчтэй шок, хүлээгээгүй эрсдэл болсон. Бараг жилийн турш энэ хугацаанд өөрсдийн бүх дотоод нөөцийг шавхан үйл ажиллагаагаа зогсоохгүй, ажлын байраа авч үлдэх, ажилчдаа  цалинтай, ажилтай байлгах, дэмжих гэж хичээж ажилласаар ирлээ. Цаашид ингэж үргэлжлэх боломжгүй болж байгаа учраас манай салбарынхан анх удаа төрдөө хандан, нам харгалзалгүй, олон улсын жишгээр бизнесийн байгууллагууддаа анхаарлаа хандуулна уу хэмээн дараах хүсэлтийг гаргасан. Ингэхдээ бизнесийн зээл болон зээлийн хүүг даруй царцаах эсвэл хил нээгдтэл хойшлуулах, хил нээгдтэл холбогдох бүх татвар, ашиглалтын зардал ялангуяа, хотын ойр жуулчны бааз, амралтын газар, зочид буудлууд байгальд ээлтэй уурын зуух барилгүй, агаар бохирдуулахгүй цэвэр цахилгаанаар  халаалтаа шийдэж байгаа газрын цахилгааны төлбөр буюу бусад хуримтлагдсан төлбөрийг хойшлуулах, шөнийн тарифт хамруулах тухай хүсэлтээ илэрхийлсэн.Мөн шаардлагатай, хүнд байдалд орсон байгаа компаниудад  бага хувийн хүүтэй нэмэлт зээлийг зээлтэй байгааг харгалзалгүй, хүндрэлтэй бус нөхцлөөр олгох. Түүнчлэн Монголын аялал жуулчлалын холбоонд нэгдэн 150 орчим компанийн 10 гаруй ажилтан сарын 200 мянган төгрөгийг шийдэж өгөх. Ингэснээр салбарын мэргэжлийн хүний  нөөц, мэргэжилтнүүдээ авч үлдэх  гэсэн чухал асуудлуудад бодлогоор дэмжүүлэх хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд хамтарч дуу хоолойгоо гаргасаар байна.

“Oxford еconomics” байгууллагын өнгөрсөн сарын судалгаагаар дэлхийн эдийн засаг  энэ онд 4.4 хувиар агшиж, ирэх онд 5.4 хувиар өсөхөөр гарсан. Гэхдээ цар тахлын өмнөх 2019 оны сүүлийн улирлын ДНБ-ий түвшинтэй харьцуулахад  энэ оны III улирлын ДНБ-ий үзүүлэлт дөрөв гаруй хувиар доогуур байгаа. Энэ нь дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үеэр ч ажиглагдаагүй том уналт гэж тус байгууллага онцолсон байна.Мэргэжлийн байгууллага, хүмүүсийн хувьд дуугүй суух үе биш болохоор дуугарч байна.

-Энэ хүнд үеийг давж гарах эрсдэлийн төлөвлөгөө юу байж болох вэ?

-Цаашид дэлхий дахин, бүгд өөрчлөгдөх нь тодорхой болсон болохоор манай байгууллагын хувьд ч өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай болж байна. Бүх том групп компаниуд эрсдлийн сантай байдаг. Харин ЖДҮ болон улирлын чанартай бизнес эрхлэгчид тэр тусмаа ямар нэгэн бүтээн босголт, бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид аж ахуйн нэгжүүд эрсдэлийн санг сайн бүрдүүлж чаддаггүй. Өндөр хүүтэй богино хугацаатай зээлээс зээлийн хооронд тогтвортой бус байх тохиолдол байдаг. Төлөвлөлтийн дагуу бус гэнэтийн тэг зогсолт ихэнх компанид эрсдэлийн менежементийг сайн судалж, хэрэгжүүлэх том хичээл, сургамж болж байна. Цаашдын хөгжлийн төлөвлөгөө эндээс эхлэх нь дамжиггүй. Бизнест уналт, саатал үзүүлж болохуйц хүн болон байгалийн сөрөг хүчин зүйлээс болж учрах эрсдэлийг үнэлдэг систем  болох “BIA” гэж байдаг. Үүнд хэвийн ажиллагааг эвдэж болохуйц ямар зүйлс бизнест тулгарах вэ гэдгийг жагсаан, сэргээн босгох бололцоог олж, аль нөөцийг ашиглах вэ гэдгийг тодорхойлдог. Бизнесээ хөгжүүлэх үед учирч болох эрсдэлийг дутуу тооцоолсноос алдагдал учирдаг.  Жишээбэл, бизнесээ тэлэх зорилгоор өөрсдийн  өмчлөл, эзэмшлийн үл хөдлөхүүдээ зарж, өөр хэсэгт хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө гаргаж эрчимтэй эхэлсэн ч цагийн менежементийн мэдлэггүй /бизнест цаг хугацаа асар үнэ цэнэтэйг ойлгохгүй/, хийхээр тохирсон бизнесээ эргэж буцан, өөр юм ярьж хариуцлагагүй хандсанаас бидний төлөвлөсөн урт хугацааны төлөвлөгөө нуран унаж, дараа дараагийн цаг хугацаатай төлөвлөсөн ажлууд бүгд зогссон төдийгүй энэ хугацаанд банк, ББСБ-ын зээлийн хүү өсч бизнес төлөвлөлтөд хүнд нөхцөл үүссэн. Мөн харилцан  тохирсны үндсэн дээр хийсэн албан ёсны баталгаатай гэрээ, тохиролцоо олон улсад төдийгүй Монгол Улсад ч хүчин төгөлдөр гэрээний заалтууд үйлчилдэг гэдгийг олон нийтэд ойлгуулах, мэдлэг олгох бизнесийн байгууллагууд мэргэжлийн хуулийн зөвлөхтэй, мэдлэгтэй байхыг энэ үед улам ихээр сануулмаар байна. Цаашид бидний хувьд төлөвлөж байгаа хоёр том нөөц төсөл байна. Түүнийгээ хөдөлгөөнд оруулах шаардлага байна.

Бид хамтарч нэгдэн эрсдэлийн сан  эсвэл хөрөнгө оруулалтын санг бий болгож ажиллах нэн шаардлагатай болж байна. Венчур капитал /venture capital/, риск капиталыг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм.

-Аялал жуулчлалын салбарын ирээдүй, хөгжил COVID-19-ийн дараа ямар байх бол?

-Аялал жуулчлалын салбарын ирээдүй, хөгжил цаашид эрч хүчтэйгээр хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Энэ цаг үе бол дэлхий дахинд том сорилтын цаг үе гэж хэлж болно. 2019 онд Монголд 577мянган жуулчин, 609 сая ам.долларын орлого оруулсан. Ойрын 2-3 жилд цар тахал бүрэн дууссаны дараа 2030 оноос олон улсын аялагчдын тоо төлөвлөсөн 1.8 тэрбумаас ч илүү өсөх магадлалтай. Дагаад Монгол орныг чиглэх жуулчдын тоо, орлого ашиг өснө. 2050 он дэлхийн хүн ам 10 миллиард хүрч, аялал жуулчлал э-жуулчин хэлбэрт орох нь тодорхой. Гэвч энэ хүртэл тусгай сонирхлын олон төрлийн аялал жуулчлалын хөгжил биднээс олон талын мэдлэг, боловсрол, мэргэжил, бодлого, төлөвлөлт шаардах ба үүнд  туршлагатай мэргэжлийн  баг, экспертүүд чухал үүргийг гүйцэтгэх болно.

Мэдээж цар тахал, алдаа оноо, уналт, босолт гээд зовсны эцэст жаргана, удахгүй эрүүл саруул, энх тунх, ажил хөдөлмөр, бизнес нь оргилж, буцалсан сайн сайхан он цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол хүн бүр алсын хараа, эрсдэлийг удирдах ухаанаа сайн хөгжүүлэхийг сануулж байна.Тиймээс шантрах бус улам тэвчээртэй, зоригтой байж,  COVID-19-ийн ард гарч, тогтвортой зөв хөгжлийн замд орох сайхан ерөөлийг өргөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.25 ЛХАГВА № 226 (6451)

 

Mash saihan yriltslag bolj Amjilt husey
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

1 цаг 26 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

2 цаг 22 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

4 цаг 29 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

Өчигдөр 06 цаг 00 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

Өчигдөр 06 цаг 00 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

Өчигдөр 06 цаг 00 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

Өчигдөр 06 цаг 00 мин